| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/00718/И |
| Дугаар | 182/ШШ2023/02099 |
| Огноо | 2023-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2023/02099
2023 07 19 182/ШШ2023/02099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МСХ ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, байрны төлбөрт шилжүүлсэн 29,329,066 төгрөг, учирсан хохиролд 8,150,000 төгрөг, нийт 37,479,066 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Б нь гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байгаад хүүхдүүдийн ажил, сургуультай ойртох, ач зээгээ харах үүднээс Улаанбаатар хотод оршин сууж, амьдрах зорилгоор байр худалдаж авахаар шийдсэн. Ингээд Улаанбаатар хотод боломжийн байршил, үнэ ханштай байр хайж байгаад нийгмийн сүлжээ болох фэйсбүүк (facebook)-ээс “МСХ” ХХК нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Нисэхэд барьж буй 15 давхар, 66 айлын "Х****** апартмент" орон сууцандаа захиалга авч буй талаарх зар, мэдээллийг харж, үүний дагуу тухайн үед хотод байсан өөрийн том хүү Б.Л-г "Очиж уулзаад, орон сууцыг хараад ир" гээд явуулсан. Том хүү Б.Л нь "МСХ” ХХК-ийн менежер Болормаа гэх хүнтэй уулзсан бөгөөд Болормаа нь захиалга авч байсан өөрсдийн Барилгыг (дөнгөж баригдаж эхэлж байсан) бус хажууд нь баригдаж байсан, 4-5 давхар баригдсан байсан барилгын карказыг "Х****** апартмент” гэж танилцуулан, уг барилгад захиалга авч байгаа гэж худал хэлсэн байдаг.
Ингээд нэхэмжлэгчийн зүгээс тус байрыг худалдан авахаар шийдэж, хүү Б.Лд гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл олгож, 2021.06.28-ны өдөр “МСХ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн **-р хороонд байрлалтай "Х****** апартмент”-ын 6 дугаарр давхарт, 52,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 105,940,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг хариуцагчийн дансаар шилжүүлсэн. Мөн тус зүйлд гэрээний үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцсоны дагуу 2021 оны 07, 08-р сарын гэрээний төлбөр болох 2,864,666 төгрөг, 2022.07.29-ний өдөр 4,500,000 төгрөг, 2022.08.31-ний өдөр 1,964,400 төгрөгийг тус тус хариуцагчийн дансанд шилжүүлсэн.
Хариуцагч "МСХ” ХХК-ийн зүгээс 2021 оны 08-р сард утсаар холбогдон Ковид-19 халдварын улмаас барилгын ажил түр зогссон тул графикийн дагуух төлөлтөө хийхгүй байж болно, барилгын ажил эхлэнгүүт мэдэгдье гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс сар тутам хийх төлөлтийг хийхгүй байж байгаад 2022 оны 06-р сард хариуцагч компанийн менежер Б-тай уулзахад барилгын ажил хэвийн явж байгаа гэсний дагуу 2022 оны 7, 8-р саруудад төлөлтөө үргэлжлүүлэн хийсэн байдаг. Орон сууц захиалгын гэрээний 3.1.5-д зааснаар барилгыг 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулж, түлхүүр гардуулах боломжгүй, захиалга өсгнөөс хойш 1 жил 2 сарын хугацаа өнгөрч хариуцагч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Энэ хугацаанд бид удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзахад тус компанийн зүгээс барьж байгаа гэдэг хариу тайлбар өгдөг байсан ч, бодит байдал дээр хавар, зун, намрын саруудад ердөө 2, 3 давхар каркас цутгасан, барилга 20-30%-ийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд 2022.11.14-ний өдөр барилгын талбай дээр очиж үзэхэд барилгын ажил нь явагдахгүй бүрэн зогссон байдалтай байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2022.11.**-ны өдөр "Мэдэгдэл, шаардлага гаргах тухай" албан бичгийг "МСХ” ХХК-д хүргүүлж, гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулахаар шаардаж буйгаа илэрхийлсэн.
Хариуцагч компанийн зүгээс гэрээнээс татгалзах тухай уг мэдэгдэл, шаардлагыг хүлээн авсан боловч гэрээнд заасан 7 хоногийн хугацаанд ямар нэг тайлбар, хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах байдлаар гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг гэрээнд заасан хугацааны дотор хүлээлгэн өгөөгүйн улмаас нэхэмжлэгч нь эхнэр, хүүхдүүдийн хамт 2021.10.08-ны өдрөөс эхлэн 2023.03.03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод орон сууц хөлслөн амьдарч, нийт 18 сарын хугацаанд орон сууцны хөлсөлсний төлбөрт нийт 8,150,000 төгрөг төлж, нэмэлт зардал гаргаж хохироод байна. Хэрэв хариуцагч нь барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж, орон сууцыг бидэнд хүлээлгэж өгсөн байсан бол бид ингэж орон сууц хөлсөлж, нэмэлт зардал гаргаж хохирохгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анх 36,079,066 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны хөлс төлсөн 1,400,000 төгрөгөөр шаардлагаа ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар 37,479,066 төгрөг болгосон байгаа. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, байрны төлбөрт шилжүүлсэн 29,329,066 төгрөг, орон сууц хөлслөхөд төлсөн төлбөр буюу учирсан хохирол 8,150,000 төгрөг, нийт 37,479,066 төгрөгийг хариуцагч МСХ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас 2021.06.10-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2021.06.28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, хавсралт, 2022.11.**-ны өдрийн мэдэгдэл, 2021.10.08, 2022.12.28-ны өдрүүдийн орон сууц хөлслөх гэрээнүүд, 2014.12.30-ны өдрийн Д.Б-н нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.12.23-ны өдрийн итгэмжлэл, Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлгүүд, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, түрээсийн байрны гэрэл зургууд, Б.Л-н Хас банк ХХК-ийн дансны хуулгууд, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Л-н иргэний үнэмлэхний лавлагаа, СӨХ болон ашиглалтын зардал төлсөн баримтын жагсаалт, С.Э-н ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, С.Э-н Хас банк ХХК-ийн дансны хуулгууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
3.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МСХ ХХК-нд холбогдуулж гэрээнээс татгалзаж, байрны төлбөрт шилжүүлсэн 29,329,066 төгрөг, учирсан хохиролд 8,150,000 төгрөг, нийт 37,479,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч МСХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байрыг тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүй, цаашид ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй, түүнчлэн байр удахгүй ашиглалтад орох байсан учраас 18 сарын турш бусдын орон сууцыг хөлсөлж, түрээсийн төлбөр төлж, өөрөөсөө зардал гарган хохирсон, эцэст нь бид гэрээнээс татгалзсан учир, байрны төлбөрт шилжүүлсэн мөнгөө болон учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Б.Б нь 2021.06.10-ны өдрийн итгэмжлэлээр хүү Б.Лд Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад өөрийг нь төлөөлөн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргуулан авах, хүлээн авах зэрэг эрхийг 1 жилийн хугацаатай олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн хүү Б.Л нь аав Б.Бын өмнөөс хариуцагч МСХ ХХК-тай 2021.06.28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МСХ ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд барьж буй Х****** апартмент хотхоны 6 дугаар давхрын А тоот, 52,97 м.кв, 2 өрөө орон сууцыг 105,940,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг төлөх, үлдэх 85,940,000 төгрөгийг сар бүр тодорхой нөхцөлтэйгээр буюу 2021.07.15-ны өдрөөс эхлэн 2026.06.15-ны өдрийг хүртэл сар бүр 1,432,333 төгрөгөөр хуваан төлөхөөр, хариуцагч МСХ ХХК нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд барьж дуусган, ашиглалтад оруулж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг хүлээлгэн үүргийг харилцан хүлээжээ.
3.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаас илүүтэйгээр хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжид нийцэж байна.
Учир нь ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.Б нь орон сууц захиалгын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2021.06.28-ны өдөр хариуцагч МСХ ХХК-нд урьдчилгаа 20,000,000 төгрөг, тохиролцсон графикийн дагуу 2021.07.15-ны өдөр 1,432,333 төгрөг, 2021.08.15-ны өдөр 1,432,333 төгрөг, 2022.07.29-ний өдөр 4,500,000 төгрөг, 2022.08.31-ний өдөр 1,964,400 төгрөг, нийт 29,329,066 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч МСХ ХХК-ийн зөвшөөрлөөр, ковид-19 өвчин, цар тахалтай холбоотой төлөлт хийхээ зогсоосон байна.
Харин хариуцагч МСХ ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Б.Б удаа дараа шаардаж, 2022.11.14-ний өдөр барилгын талбайд очиж үзэхэд барилгын ажил бүрэн зогссон, ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй байдалтай байжээ.
5.Ийнхүү нэхэмжлэгч Б.Б нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.5, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч МСХ ХХК-нд 2022.11.**-ны өдөр “мэдэгдэл, шаардлага”-ыг хүргүүлж, тус мэдэгдэлд болсон үйл баримт болон шилжүүлсэн мөнгөө, хохирлыг хамт шаардахаа дурджээ. Гэвч хариуцагч МСХ ХХК нь тус мэдэгдэл, шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.
Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой боловч хуулийн дээрх зохицуулалтаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн байх, үүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй байх, үүний үндсэн дээр гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байх гэсэн урьдчилсан нөхцлүүд бүрдсэн байж, гэрээнээс татгалзах эрх хэрэгжинэ.
6.Нэхэмжлэгч Б.Бын хувьд гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөлүүд нэгэнт бүрдсэн, гэрээний харилцааг цааш үргэлжлүүлэх нь нэхэмжлэгчид ашиггүй, орон сууц хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болсон, үүнд хариуцагч МСХ ХХК буруутай бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх, холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч Б.Бт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны төлбөрт төлсөн 29,329,066 төгрөгийг хариуцагч МСХ ХХК-иас буцаан шаардах эрхтэй, хариуцагч МСХ ХХК нь 29,329,066 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт буцаан төлөх үүрэгтэй.
7.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МСХ ХХК-иас орон сууц худалдан авахтай холбоотой, сонгосон байраа ашиглалтад орохыг хүлээх хугацаанд 2021.10.08-ны өдөр иргэн Д.Балдандоржтой орон сууц хөлслөх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Д.Балдандоржийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити */** дүгээр байрны *-* тоотод байрлах, 20 м.кв нэг өрөө орон сууцыг 2022.12.31-ний өдрийг хүртэл хөлслөх, сар бүр 450,000 төгрөгийг өөрийн эсхүл хүү Б.Лут-Очир, бэр С.Эрдэнэцэцэг нарын эзэмшлийн данснаас төлөх, тус орон сууцанд өөрийн гэр бүл буюу эхнэр, хүү, бэр, ач нарын хамт амьдрахаар, иргэн Д.Балдандорж өөрийн өмчлөлийн байрыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
Энэхүү тохиролцооны дагуу нэхэмжлэгч Б.Б нь өөрийн гэр бүл буюу эхнэр, хүү, бэр, ач нарын хамт хөлслүүлэгч Д.Балдандоржийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити */** дүгээр байрны *-* тоотод байрлах, 20 м.кв нэг өрөө орон сууцанд амьдарч, байрны хөлсөнд 2021.09.14-ний 1,350,000 төгрөг, 2021.12.08-ны өдөр 1,150,000 төгрөг, 2022.03.08-ны өдөр 1,350,000 төгрөг, 2022.06.09-ний өдөр 1,350,000 төгрөг, 2022.09.02-ны өдөр 1,350,000 төгрөг, нийт 6,550,000 төгрөгийг бэр С.Эрдэнэцэцэгийн дансаар хөлслүүлэгч Д.Балдандоржийн данс руу шилжүүлэн төлсөн, мөн хугацааны байрны ашиглалтын зардлыг зохих газарт төлсөн байна.
Улмаар нэхэмжлэгч Б.Б нь 2022.12.23-ны өдрийн итгэмжлэлээр хүү Б.Лд орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зурах, тодорхой үйлдэл хийх эрхийг 1 жилийн хугацаатай олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн хүү Б.Л нь 2022.12.28-ны өдөр хөлслүүлэгч Д.Балдандоржтой орон сууц хөлслөх гэрээг 2023.01.01-ний өдрөөс 2024.01.01-ний өдрийг хүртэл өмнөх нөхцөлөөр дахин байгуулсан, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Батбаяр нь 2023.03.03-ны өдөр байрны хөлсөнд 1,400,000 төгрөгийг хөлслүүлэгч Д.Балдандоржид дансаар шилжүүлж, мөн хугацааны байрны ашиглалтын зардлыг зохих газарт тус тус төлсөн болох нь тогтоогдсон.
8.Өөрөөр хэлбэл, хариуцагч МСХ ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Б нь 2021.10.08-ны өдрөөс 2023.03.03-ны өдрийг хүртэл хөлслүүлэгч Д.Б-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити */** дүгээр байрны *-* тоотод байрлах, 20 м.кв нэг өрөө орон сууцыг гэр бүл, үр хүүхдийн хамт хөлслөн амьдарч, орон сууцны хөлсөнд нийт 7,950,000 /6,550,000 төг + 1,400,000 төг/ төгрөг төлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өөрөөсөө зардал гаргасан байх ба, уг зардлыг хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч МСХ ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч МСХ ХХК нь төлөх үүрэгтэй.
Тодруулбал, хариуцагч МСХ ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар Х****** апартмент хотхон буюу нэхэмжлэгч Б.Бын сонгосон 6 дугаар давхрын А тоотын 52,97 м.кв, 2 өрөө орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч Б.Бт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Б.Б нь дээр дүгнэсэн байдлаар бусдын орон сууцыг гэр бүлийн хамт хөлслөн амьдрах, орон сууцны хөлс төлж, өөрөөсөө нэмэлт зардал гаргахгүй байсан гэж үзэх бөгөөд энэхүү зардал буюу хохирол нь хариуцагч МСХ ХХК-ийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
9.Шүүх 2023.03.21-ний өдрийн 3531 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч МСХ ХХК, гүйцэтгэх захирал Т.Б-г шүүхэд албадан ирүүлж, 2023.04.06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан эрх, үүргийг нь танилцуулан, 2023.04.20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан, мөн 2023.06.02-ны өдрийн 7144 дүгээр шүүгчийн захирамжаар МСХ ХХК, гүйцэтгэх захирал Т.Б-г шүүхэд дахин албадан ирүүлж 2023.06.27-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардуулсан, тэрээр 2023.07.11-ний дотор тайлбар, холбогдох баримтыг ирүүлэх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч МСХ ХХК нь ямар нэгэн бичгийн тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Тиймээс хариуцагч МСХ ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч МСХ ХХК-иас байрны төлбөрт шилжүүлсэн 29,329,066 төгрөг, учирсан хохиролд 7,950,000 төгрөг, нийт 37,279,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10.Нэхэмжлэгч Б.Бын 2023.02.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 338,346 төгрөг, 2023.04.26-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөг, нийт 375,696 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МСХ ХХК-иас 344,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч МСХ ХХК-иас 37,279,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,696 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МСХ ХХК-иас 344,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА