Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/227

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа

Улсын яллагч Б.Ундармаа

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Э-д холбогдох 2516000790255 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны **** сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, ****, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ****, ам бүл ***, ***** хамт **** аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, ***** ургийн овогтой Ж.Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ж.Э нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ***** аймгийн **** сумын **** хорооны **** тоотод байх А.Ч-н гэрт орж шар өнгийн домбо 1 ширхэг, ширээн доогуур байсан хайрцагтай бэлгүүд, хувцасны шкафан дээр байсан жижигхэн угаалгын машин /оймс угаадаг/, хөөрөгний даалинд байсан бэлэн 200,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.Ч-д 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Шүүгдэгч Ж.Э-н мэдүүлэг өгнө гээд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Нөхөр нь манай дүүгийн хүүхэд юм. Манай хойд талын хашаанд байдаг. Би очиж хонож байгаагүй. Намайг найранд оч гээд очиж байсан. Махаа авах гээд очсон цоожтой байсан. Ч-н ээж нь машинтай миний хажуугаар өнгөрсөн  намайг таниад зогссон. Хашаа руу нь ороод хойд талын айл руу орох гээд тэгсэн цоожтой гэсэн чинь хүүхэд нь гараад ирсэн. Хүүхэд нь манай цоож зүүлгээтэй байдаг гэхээр нь ороод аав ээж чинь хаашаа явсан юм бэ гэсэн удалгүй хүрээд ирсэн. Мөнгө авъя гэсэн маргааш ир гэсэн. Маргааш нь ороод мөнгийг өгөхөөр нь өгье гэж бодоод авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Хохирогч А.Ч-ийн “...Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед манай нагац эгч Д над руу яриад манай гэрийг цэвэрлээд өгөөч эгч нь 20,000 төгрөг өгье гэхээр нь би тэгье гэж хэлээд нөхөр А 2 бага хүүхэдтэй хамт очиж нагац эгч Д-н гэрийг цэвэрлэж дуусаад орой 22 цагийн гэртээ ирсэн юм. Гэртээ ороод галаа түлчихээд хойшоо хоймор руугаа харсан чинь хойд мөлхөө тавилган дээр байсан шар өнгийн домбо, ширээн доогуур байсан хайрцагтай бэлгүүд, хувцасны шкафан дээр байсан жижигхэн угаалгын машин /оймс угаадаг/, хөөрөгний даалинд байсан бэлэн 200.000 төгрөг алга болсон байхаар нь алдагдсан эд зүйлс болон мөнгөө олохоор цагдаад өргөдөл гаргаж байна. Тухайн өдөр манай гэрт манай нөхөр А, 2 жаахан хүүхэд /4 болон 2 настай/ бид 4 байж байгаад айлын гэр цэвэрлэх гээд явсан юм. Бид дөрвийг байхад гаднаас хүн ирээгүй юм. Гэртээ ороход хаалганы цоож зүүлттэй зүгээр байсан. Гэртээ орж галаа түлчихээд гэрт байсан эд зүйлс алга болсныг мэдсэн юм. Сэжиглэж байгаа хүн байгаа. Би 2025 оны 02 дугаар сарын 17-нд Э гэх хүнээс ямааны гулууз, тэмээний шулаа мах 7 кг-ыг 150,000 төгрөг бодож авсан юм. Тэгээд 02 дугаар сарын 20-нд хүүхдийн мөнгө буухаар өгье гэж хэлээд өгч чадалгүй байж байтал 02 дугаар сарын 22-ны өдөр манайд ирээд ах нь мөнгөө авъя гэсэн юм. Өнөөдөр хагас сайн өдөр, банк ажиллахгүй байна. Надад одоо мөнгө алга байна. Би танд маргааш юм уу 1 дэх өдөр мөнгийг чинь егье гэсэн чинь за гэж хэлчихээд манайд байж байгаад явсан юм. Явахдаа миний ***** гэсэн дугаарыг аваад явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад над руу залгасан байсан юм. Би айлын гэр цэвэрлэж байгаад утсаа дуугарахыг сонсоогүй байсан. Орой гэртээ ирчихээд гэрт байсан эд зүйлс алга болсон байхаар нь тэр хүнийг ирээд явсан байна гэж хардаад ******* гэсэн дугаар луу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би энэ Э гэх хүнийг сэжиглэж байна. Э нь манай нөхөр А-н авга ах байгаа юм. Улаанбаатар хотоос захиалгаар 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Домбо /халуун сав/-ыг 260,000, угаалгын машиныг 60,000 төгрөгөөр худалдаж авч байсан бүгд шинээрээ байгаа. Улаанбаатар хотод байхдаа захын хажуу талын И мартаас 530,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дотор нь хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом-6ш, эмэгтэй куртик, хайрцагтай хундага, стаканы ком 12 ширхэгтэй-2ш, эрэгтэй фудволк-10 ш, өмд, цамц зэргийг тоймчилж санаж байна өөр бусад жижиг бэлгүүд байгаа. Манай нөхөр А, Д эгч, Хаан банкин дээр очиж 200,000 төгрөгийг 5,000 төгрөгийн дэвсгэртээр задлуулж авсныг А эгч мэдэж байгаа. Э манайд ирэхдээ харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дахь тал/,

3. Хохирогч А.Ч-ийн дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Ж.Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй. Ж.Э нь хөдөөгөөс ирэхдээ манайхаар орж гардаг юм. Манай нөхөр А-н авга ах байгаа юм. Манай гэрийн цоож эвдэрхий байсан заримдаа зүүгээд, заримдаа зүүлгүй гэрээ онгорхой үлдээчихдэг юм. Тухайн үед яг яаж орхисноо мартсан байсан. Гэртээ юм хийж байгаад эд зүйл алга болсон байсныг мэдсэн. Ж.Э бид нар садан төрөл хүмүүс байгаа юм. Миний хохирлыг Э бүрэн барагдуулж дууссан тул ямар нэгэн гомдол байхгүй байна. Э манайхаар орж гарж байх ёстой хүмүүсийн нэг байгаа юм. Надаас авах ёстой мөнгөө авах гэж байгаад манай гэрээс хэлэлгүй эд зүйл аваад явсан байна. Манай гэрийн хаалга цоожийг эвдэж ороогүй байсан. Би тухайн үед гэрээ онгорхой орхиод явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дэх тал/,

4. Гэрч Б.А-н “...Тухайн үед Ч өөрөө хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байсан. Би аймаг руу явлаа гээд ярихад манай байгаа газраас аймаг руу жаахан юм аваад яваач гэхээр нь тэр айлд нь очиж домбо, жижиг угаалгын машин, хогийн том хар ууттай юм, айргийн царын халбага зэргийг авчирсан. Өөр том зүйлсийг машинд багтахгүй гээд үлдээсэн. Намайг нэг ярихад Ч цагдаагаар явж байна гэсэн. Юу хийж явж байгаа юм гэхэд чамаар хотоос өгч явуулж авчруулсан юмнуудаа алдсан цагаан сараар бэлгэнд өгөх гэж байсан задлуулаад тавьсан мөнгө төгрөгөө алдсан гэж байсан. Яг хэзээ алдсанаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дахь тал/,

5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-925-911965 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-54 дэх тал/,

6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ж.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Ч-д шинжээчийн дүгнэлтээр 750,000 төгрөг, бэлэн мөнгө 200,000 төгрөг, нийт 950,000(есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан, хохирогч А.Ч нь “Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Ж.Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг өгсөн /хх-ийн 38-39 дэх тал/ байх тул шүүгдэгч Ж.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Э-н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол 950,000(есөн зуун тавин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** ургийн овогтой Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Ж.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай. 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол 950,000(есөн зуун тавин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА