Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа

Улсын яллагч Б.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох 2516000000251 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ***** сарын ****-ний өдөр төрсөн, ****  настай, *****, **** боловсролтой, мэргэжилгүй, ****, ам бүл ****, ***** хамт ***** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн, ***** регистрийн дугаартай ***** ургийн овгийн Т.Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-г 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ***** сумын ***** багийн Нийлэгч гэх газарт нүүж суух асуудлаас болж маргалдан нүүр хэсэгт 3 удаа, хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсон, мөн 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эмнэг гүү сургах асуудлаас болж хөл, нуруу хэсэгт 2 удаа өшиглөж зодсон, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нуруу хэсэг рүү чулуу авч шидэн нуруу руу 2 удаа, хөл рүү 2 удаа өшиглөж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

-Хохирогч Г.Б-н “...2025 оны 05 сарын 21-ний өдөр ***** баг Нийлэгч гэх газар манайх байсан. Тэгээд тэр өдөр манай нөхөр нүүнэ гээд байж байхад манай хүр дүү болох Т.М малаасаа ирээд нүүнэ, нүүхгүй гээд манай нөхөртэй маргалдаж уурлаж, хэрэлдэж байгаад манай нөхөр чамд ямар хамаатай юм гөлөг минь гэж хэлээд босож ирээд нүүр рүү 3 удаа өшиглөж аваад гуя руу 2 удаа бас өшиглөсөн. Тэгээд тэрнээс хойш гайгүй байж байгаад 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр бид 2 хэрэлдэж муудалцаж байж байгаад манай нөхөр Т.Б намайг шууд үсдэж уруу нь дарж байгаад баруун хөлийн гуя болон ууц руу 2-3 удаа өшиглөж авсан. Тэгээд байж байхад манай нөхрийн ах Т.Д бид хоёрыг салгасан. Тэгээд би охиноо аваад дээд айлд очиж хоноод маргааш өглөө нь гэртээ ирсэн. Тэгээд хэд хонож байгаад 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр болох Т.Б, манай хүр дүү болох Т.М нар хоорондоо зодолдоод би гэрээс гарч ирээд салгасан чинь намайг хэл амаар доромжлоод чулуугаар ар ууц руу манай нөхөр цохиж авсан. Тэгсэн чинь манай хүр дүү босож ирээд намайг хэл амаар доромжилж, 2 удаа баруун гуя руу, 2 удаа ууц, нуруу руу өшиглөж авсан. Тэгсэн чинь манай хүр дүү чамайг ална гээд хүрз далайгаад намайг цохих гээд байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод охиноо дагуулаад доод айлд очоод шууд сум руу яваад сум дээрээс унаа олоод шууд аймаг руу ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 дахь тал/,

-Хохирогч Г.Б-н “...2025 оны 05 дугаар сарын 21, 2025 оны 07 дугаар сарын 15, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд манай нөхөр намайг хэл амаар доромжилж зодсон. Тэгэхдээ одоо эвлэрсэн тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дэх тал/,

-Гэрч Т.Д-н “...2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед *** сумын ***** баг ****** гэх газарт өөрийн дүү болох Т.Б, Т.М нарт эмнэг гүү барьж өгөөд наад гүүгээ сургаадах гэж хэлсэн юм. Тэгээд гадаа малын цаагуур явж байгаад буцаад ирсэн чинь манай дүү Т.Б эхнэр Г.Б нар хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгээд юу болсныг асуутал миний сургаадах гэж барьж өгсөн гүүний ам нь урагдсанаас болж хэрэлдэж маргалдсан гэсэн. “Тэгээд та нар боль гүүний ам урагдахад хэрэлдэж муудалцаад байхдаа яадаг юм” гэж хэлээд загнаад хөөгөөд явуулсан юм. Түүнээс хоорондоо зодолдож, цохиулсан барьсан асуудлыг нь би огт хараагүй. Өмнө нь цохиж зодсон асуудал би огт мэдэхгүй байна. Би аймагт тусдаа амьдардаг болохоор энд болж байгаа зүйлсийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дахь тал/,

-Зөрчлийн хэргийн холбогдогч Т.М-н “...2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай ах Т.Б манай бэр эгч Г.Б нар хоорондоо хэрэлдээд маргалдаад муудалцаад байх шиг байсан. Тэгээд манай ах Т.Б эхнэр Г.Б-ыг 2-3 удаа өшиглөөд авахаар нь би дундуур нь ороод ахыг салгасан. Дараа 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай ах Т.Д аймгаас ирээд манай ах Т.Б бид 2-т нэг эмнэг гүү барьж өгөөд сургаадах гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр 14 цаг өнгөрч байхад манай ахын эхнэр нөхөр лүүгээ адуу мал эвтэйхэн унахад яадаг юм гээд уурлаад болохгүй тэр 2 хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь манай ах уурлаад бэр эгчийг 2 удаа хөл нуруу руу нь өшиглөөд авсан. Манай бэр эгч сум болон аймаг руу явахаараа гэртээ ирэхгүй ахын уурыг хүргээд байдаг юм. Тэгээд би салгаад бэр эгчтэй жаахан хэрүүл хийж байгаад салсан. Дараа нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн төрсөн ах болох Т.Б-тай хэрэлдэж, маргалдаж байгаад бэр эгчийг гарч ирээд орилоод чарлаад байхаар нь би чи зүгээр хол бай гээд чамд ямар хамаатай юм гуйлгачин гичий минь гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөчихсөн юм. Тэгсэн чинь манай ах жижиг чулуу аваад араас нь шидчихсэн чинь нуруун дээр нь цохичихсон. Тэгсэн манай ах нуруу руу 2 удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөөд авсан. Тэгээд жаахан байж байгаад гэрт нь яваад ороход манай бэр эгч Г.Б араас орж ирээд охиноо аваад шууд гараад яваад өгсөн. Би тэгээд мал руугаа явсан. Орой гэртээ орж ирэхэд бэр эгч байхгүй сум явчихсан байсан. Тэгсэн чинь дараа нь сураг сонсоход сум ороод аймаг руу яваад аймагт очсон байна гэж дуулсан. Манай бэр эгч аймагт очихоороо гэртээ ирэхгүй гэртээ ирэхээрээ ахаас хэрүүл өдөөд хэрүүл маргаан хийгээд байдаг юм. Түүнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дахь тал/,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗТЭ/2025/ЗШ/579 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 85-93 дахь тал//хх-ийн 82-90 дэх тал/, 

-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/579 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 94-100 дахь тал/,

-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Д.Д-н 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “...Г.Б-н биед нуруунд зулгаралт, духанд зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх ГОА0725/334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Учир нь шүүгдэгч Т.Б хохирогч Г.Б нар нь эхнэр нөхөр болох нь хэрэгт байгаа гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.Б-г 3 удаа зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Т.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-н биед нуруунд зулгаралт, духанд зулгаралтын ором гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Т.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасан боловч шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг албадлагын арга хэмжээ нь хууль зүйн үр нөлөөгүй гэж үзэж түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах арга хэмжээ хэрэглэх  нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** ургийн овгийн Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харицаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай. 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА