Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01043

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр                   Дугаар 183/ШШ2023/01043                            Улаанбаатар хот

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 26 дугаар хороо,  гудамж, 258 тоотод оршин суух, С С /РД:ЧН********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 15 дугаар хороо, , ХХК /РД:********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С дүүрэг    142010 хаягт байрлах,  ХХК /РД:********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.,

Хариуцагч Ж Г групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Э.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ж Г групп ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б дүүргийн 26 дугаар хороо, 30.71 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ж Г групп ХХК-тай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Уг орон сууцны 1  м.кв-ыг нь 2 539 889 төгрөгөөр буюу нийт 78 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдрөө Ж Г групп ХХК-ийн Хаан банкны 503800 тоот дансанд төлж, төлбөрийг 100% барагдуулсан. Гүйцэтгэгч Ж Г групп ХХК нь дээрх орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээж, орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн ба захиалагч миний эзэмшилд шилжүүлсэн юм. Харин өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхгүй хугацаа ихээр алдагдуулж байгаа бөгөөд миний бие орон сууцны үнийг 100 хувь төлсөн байхад гүйцэтгэгч талаас гэрээний 3.6-т заасан үүргээ зөрчиж, захиалагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Монгол улсын иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан тул худалдан авсан орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хандаж байна. Иймд С.С намайг Б дүүргийн,   258 тоот 30.71 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулаттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

1.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.От шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2020 ондоо орон сууцандаа орсон, эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байх тул нэхэмжлэл гаргасан. 2019 оны 6 дугаар сард орон сууцыг банкинд бүхэлд нь барьцаалуулсан байсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн буюу шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрээний үүргээ хариуцагч гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар үүргээ биелүүлээгүй тул улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн С.С 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулан тус гэрээний дагуу Б 30,71мкв 1 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн. Захиалагч С С ч мөн төлбөрөө 100% бүрэн төлсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсанаар ХХБ болон манай компанийн хооронд үл ойлголцол үүсч багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж Г Групп ХХК-ийн хэмжлэлтэй ХХБинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа юм. С С ийн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад ХХБны зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичиг шаардлагатай байгаа бөгөөд энэхүү бичигнээс бусад шаардлагатай материалыг манай компанийн зүгээс нэхэмжлэгч талд гаргаж өгсөн болно. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулан тус гэрээний дагуу Б дүүрэг, 26-р хороо,  30,71мкв 1 өрөө орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байна. Холбогдох бичиг баримт гаргуулахын хувьд бол уг байр маань Худалдаа хөгжлийн барьцаанд байгаа. Маргаан гарах үед бөөнөөр нь барьцаанд бүртгэлтэй байсан. Улмаар эрчилгээ гаргуулах ажил хойшилсон байгаа. Одоо төлөх төлбөргүй гэдэг асуудлаар маргаан гарч Сүхбаатар дүүрэг дээр маргаан гараад явж байгаа. Шийдвэр нь гарсан боловч давж заалдах шатны шүүхэд ажиллагаанд байгаа тул уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр захиалагч талд доголдолтой зүйлээ зарчлаа гэж харж байгаа боловч цаанаа нарийн асуудал байгаа юм. Чөлөөлөх бичгээс бусдыг нь манайхаас очоод авч болно гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа, хөгжлийн банк болон групп ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/149 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ХХК болон Ж Г групп ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗБ/149-21 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ  байгуулагдсан бөгөөд Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн хүснэгтэд заасны дагуу Барьцаалуулагч буюу  групп ХХК нь Б Дүүргийн 26-р хороо, 752 тоот хаяг (5,609.00 м.кв талбайтай) орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлд нь барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зээлийн барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, 41.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. Мөн Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Гэрээний 4.2-д заасан мэдэгдэлд хуанлийн 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах ажиллагааг эхлүүлнэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж, барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулах” гэж, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлдэгч барьцаагаар хангагдах шаардлагыг төлж барагдуулсан тохиолдолд барьцааны зүйлийн бичиг баримтыг барьцаалуулагчид хүлээлгэн өгч, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх” гэж тус тус заасан байна. Тодруулбал, хэрэв зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зээлийн гэрээнд тусгасан хугацаа, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Банк түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхтэй байна. Мөн зээлийн гэрээний үүрэг биелүүлэгдээгүй тохиолдолд банк барьцаалуулагчид барьцааны зүйлийн баримтыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй байна. Энэхүү хариу тайлбарыг гаргах өдрийн байдлаар Ж Г групп ХХК нь зээлийн гэр дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй,  хугацаа хэтэрсэн ангилалтай байгаа тул банкны хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнд тус тус заасны Ж Г групп ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөи холбоотой барьцааны эрхийг дуусгавар болгох, чөлөөлөх хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдэхгүй байгаа болно. Иймд, С Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Хэрэв Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр  С Сийг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг ... өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүрэг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд банк барьцааны шаардлага хэвээр үлдэхээр байна. Түүнчлэн, талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №ЗГ/149-"/ Зээлийн нэмэлт гэрээний 7 дугаар зуйлийн 7.1.15 дахь заалтад заасны дагуу хэрэв зээлдэгч нь зээлийн санхүүжүүлсэн, барьцаанд тавьсан барилгын борлуулалтын орлогын 90 хувиас доошгүй дүн банкан дахь харилцах дансаараа дамжуулсан, улмаар зээлд төлсөн тохиолдолд банк барьцаанаас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх боломжтой байна гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны барьцаанд байгаа буюу доголдолтой барааг хариуцагч шилжүүлсэн. С С нэхэмжлэгчийн хувьд ХХБ ХХК-иар бус Хаан банк ХХК-ийн дансаар төлбөрөө төлсөн. Банк бол зээлээ төл хэрвээ тэгэх юм бол барьцаанаас чөлөөлөөд өгнө. Ж Г групп ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №200320/6/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, С С ээс О.С олгосон итгэмжлэл олгосон итгэмжлэл,  /хэргийн 3-16, 49-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ж Г групп ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Л.Э олгосон итгэмжлэл /хэргийн 20-21, 26, 54-р хуудас/ гэсэн баримтуудыг,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  банк ХХК-иас У.Э, П.Н нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/149-7 тоот Зээлийн нэмэлт гэрээ, хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хэргийн 30-34, 39-46-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, уг орон сууцанд амьдарч байгаа боловч хариуцагч Ж Г групп ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөхгүй эрх зөрчиж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Ж Г групп ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, ХХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ байгаа учраас улсын бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй байсан гэж үгүйсгэсэн.  

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь орон сууц нь хариуцагч Ж Г групп ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн нэмэлт гэрээгээр орон сууцны үнийг манай банкинд байршуулаагүй, мөн манай банкны дансанд төлөөгүй гэж тайлбарласан. 

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С С нь хариуцагч Ж Г групп ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр №200331 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч С С нь Б дүүргийнорон сууцны барилгад 752 дугаар байрны 11 давхарт Е тоот 1 өрөө 30,71 м.кв талбайтай орон сууцыг / от 30,71 м.кв талбайтай 1 өрөө орон сууц/ 78 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж Г групп ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар байна, Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг хүлээн авсан талаар маргаагүй.

 

7.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С С нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №200331 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу Б дүүргийн  752 дугаар байр, 258 тоот 30,71 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөр болох 78 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж Г групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №200331 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2020 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

7.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж Г групп ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

Талуудын хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д “гэрээний 1.1.-д заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, гуравдагч этгээд ХХБны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

8.Хариуцагч Ж Г групп ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулахдаа ХХБтай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Хариуцагч Ж Г групп ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, банктай барьцааны гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг төлсөн захиалагч нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх талаар тохиролцсон, банк уг баримтыг гаргаж өгөөгүй, бусад баримтыг өгөхөд татгалзахгүй  гэсэн бөгөөд гуравдагч этгээд ХХБ ХХК нь нэмэлт гэрээний дагуу орон сууцны үнийг нэхэмжлэгч нь банкинд байршиж байгаа дансанд төлөөгүй, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг хариуцагч Ж Г групп ХХК банкинд шилжүүлээгүй гэж тайлбарласан.

8.1.Хариуцагч Ж Г групп ХХК нь ХХБ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 6.2.42-д “зээлдэгч нь захиалагчтай байгуулах орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон захиалгаар орон сууц бариулах гэрээнд худалдан авагчийн буюу захиалагчийн холбоо барих утас, албан ёсны хаягийг нь тусгаж тухайн гэрээ тус бүрийн хуулбарыг ХХБанкинд хүргүүлэх”, 6.2.44-д “зээлдэгч нь зээлээр санхүүжүүлж буй барилгын борлуулалтын орлого орж ирэх тухай бүрд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь үл харгалзан зээлд төлөх ба уг орлогоор шинэ барилгын ажлыг санхүүжүүлэхгүй байх”, 7.1.15-д “зээлдэгч нь зээлээр санхүүжүүлсэн, барьцаанд тавьсан барилгын борлуулалтын орлогын 90 хувиас доошгүй дүнг тус банкин дахь харилцах дансаараа дамжуулсан, улмаар зээлд төлсөн тохиолдолд Банк барилгыг барьцаанаас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх”-өөр харилцан тохиролцжээ.

8.2.Нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэ болох 78 000 000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн тооцооны баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн нэмэлт гэрээ нь нэхэмжлэгчийг орон сууцны төлбөрөө бүрэн төлж барагдуулснаас хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарыг орон сууцны төлбөрийг зээлийн дансанд төлөөгүй гэсэн гуравдагч этгээдийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

 

9.Иймд нэхэмжлэгч С С ийг Б дүүргийн  752 дугаар байрны 11 давхарт байрлах 258 тоот 30,71 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг хариуцагч Ж Г групп ХХК-нд даалгахаар шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 150 /547 950+70 200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж Г групп ХХК-иас 618 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт С С Б дүүргийн , хотхоны 752 байрны 11 давхарын 258 тоот 30,71 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай баримт бичгийг гаргахыг хариуцагч Ж Г групп ХХК-нд даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж Г групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 618 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН