Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/802

 

      2021           9           9                                      2021/ДШМ/802                                

 

 

     С.Мд холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжин,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/419 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мн өмгөөлөгч Ш.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор С.Мд холбогдох эрүүгийн 1811024160031 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “М” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “нүдний болор солиулах хагалгаа хийлгэнэ, сар бүрийн цалингаасаа суутгаж төлнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бодь цамхагийн 11 дүгээр давхарын 1100 тоотоос Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

             

                 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мг бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, оршин байгаа дүүргээсээ гарахгүй байх, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 39 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 10 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Мас 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “М” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Мн өмгөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М” ХХК-ийн ажилтан С.М нь тус компанийн захиргаанд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “нүдний болор солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул 2,500,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа болгон зээлж өгнө үү. Сар бүр цалингаасаа суутгуулах байдлаар төлж барагдуулах” тухай хүсэлтийг бичгээр гарган 2,500,000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг байгуулан зээлж авсан байдаг. Тус гэрээний дагуу цалингаас нь 500,000 төгрөгийг суутган авсан. ... Иргэн С.Мг бусдыг хуурч, залилан мэхэлсэн гэх үйлдлийг хянан шийдвэрлэхдээ үүссэн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулах, шинэ нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг явуулалгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажиллаагүй гэсэн үндэслэлээр бусдыг хуурч залилсан гэм буруутай гэж тооцож шийтгэл оногдуулжээ. Гэтэл С.М нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Орбита” нүдний эмнэлэгт, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Солонго” нүдний эмнэлэгт тус тус карт нээлгүүлэн үзүүлэхэд хоёр нүдэнд болорын мэс засал хийлгүүлэх шаардлагатайг түүнд зөвлөсөн байдаг ба зөвлөгөний дагуу дээрх зээлийг компанитайгаа зээлийн гэрээ байгуулан зээлж авсан байна. Шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийг С.Мас гаргуулж “М” ХХК-д олгохоор заажээ. Байгууллага, ажилтан хоорондын иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны асуудлыг Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулан хувь хүний хууль ёсны эрх ашгийг дордуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд С.Мн зээл авсан үйлдэл нь хуурч мэхлэх санаа зорилгыг агуулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Компанид ажилд орох үед эрүүл мэндийн үзлэгт орсон, тухайн үед миний нүдийг зүгээр байна гэж мэдэгдсэн. Болор цайх нь өрөө тасалгаанд хэвийн харагдаад гадаа нартай үед гялбаад юм харагддаггүй. Ажиллаа хэрхэн хийж байсан бэ гэхлээр Оюутолгой дээр хар шил зүүж байж ажилладаг байсан. Компьютер дээр ажиллахад хүндрэлтэй болсон учраас хагалгаанд орохоор болсон. Би ямар ч залилах санаа агуулаагүй. Энэ миний эмнэлэгт үзүүлсэн бичгүүд байгаа. Үүнийг захиралдаа үзүүлсэн. Гэрээ хийж албан ёсоор ажиллаж байсан. Гэрээ хийж зээл авч 500.000 төгрөгийн цалингаа суутгуулсан. Яагаад төлж чадаагүй бэ гэхлээр хөлөө гэмтээгээд Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлгээс гараад дахин эмчилгээ хийлгэсэн. Тэгээд нүдний эмчилгээнд орох мөнгө дутсан. Компанид ажил хийгээд төлж өгье гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан.” гэв.

 

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.М манай компанид ажилд ороод туршилтын 3 сарын хугацаанд захирлуудын итгэлийг олж авсан. Сая харуулж байсан бичиг баримтуудаа үзүүлээд хагалгаанд орно гэж хэлээд 2,500,000 төгрөг зээлж авсан боловч ажлаас хаяад тэр чигтээ ирээгүй. Ажлаа хаяж явахаас нь өмнө цалингаас нь 500,000 төгрөг суутгаж авсан. Манай компанид нэг ч удаа ажил хийж төлбөр төлөхөө илэрхийлээгүй. Мөнгө зээлж авснаасаа хойш эмнэлэгт үзүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлж байгаад гайхаж байна. Цэргийн эмнэлэгт хэвтсэн гэж тайлбар хэлдэг боловч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Ямар нэгэн төлбөр барагдуулах ажиллагаа хийгдээгүй. Цагдаагийн байгууллагаас зугтаасан. Оршин суугаа хаягаа байнга сольдог. 2018 оны 3 дугаар сараас хойш цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байнга хөөцөлдсөн. Гэр бүлийн хүмүүстэй нь холбогдсон. “...Наад хүн чинь угаасаа л тийм хүн. ...” гэж хамаатнууд нь хэлдэг. Шүүгдэгч С.Мд залилан мэхлэх санаа сэдэл байгаагүй бол байгууллагаасаа мөнгө зээлчхээд ядаж нэг удаа ирж уулзаад яагаад төлж чадахгүй байгаа шалтгаанаа тайлбарлаж хэлэх боломжтой байсан. Сар болгон цалингаасаа төлөөд байх боломж байсан. Шүүгдэгч С.М анхнаасаа зээлээ төлж барагдуулах ямар ч сонирхол байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

     Прокурор Г.Ууганбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “М” ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2,500,000 төгрөгийг нүдний хагалгаанд орох нэрийдлээр зээлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байна. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч С.Мн өөрийнх нь мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын удаа дараагийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.М нь 2018 онд нүдний хагалгаанд орох гэж байгаа гэсэн нэрийдлээр тухайн байгууллагаасаа мөнгө авсан. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх замаар авахыг ойлгодог. Мөн эд хөрөнгийг буцааж төлөх ямар ч хариу үйлдэл хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байгаа байдал нь залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаардаг. Шүүгдэгч С.Мн үйлдлийн залилах гэмт хэргийн шинжтэй уяалдуулан авч үзвэл   2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Орбита” нүдний эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Солонго” нүдний эмнэлэгт тус тус карт нээлгүүлэн үзүүлэсэн байдаг. Энэ нь хэрэг явдал болохоос бүтэн 2 жилийн өмнө эмнэлэгт үзүүлсэн байдлуудыг нотолж байна. Түүнээс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө авсан үйлдэлтэй эдгээр баримтууд холбоогүй байна. Халхавчлах байдлаар үйлдлээ гүйцэтгэсэн байдаг.Тухайн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх гэхээр 3 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байхад хохирол төлбөрийг барагдуулаагүй. Анхнаасаа зээлсэн гэх мөнгөө буцаан төлөх зорилгогүйгээр авсан байдаг. Энэхүү үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Аж ахуй нэгж ажилтан хооронд үүссэн маргаантай холбоотой асуудал гэж ярьж байна. Хэдийгээр гэрээ байгуулж зээл мэтээр авч байгаа боловч тухайн төлбөрийг төлөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, бусдын итгэлийг эвдэх аргаар залилсан байна. Анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “М” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “нүдний болор солиулах хагалгаа хийлгэнэ, сар бүрийн цалингаасаа суутгаж төлнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бодь цамхагийн 11 дүгээр давхарын 1100 тоотоос Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Оын “... 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нүдний болор солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул 2,500,000 төгрөг яаралтай шаардлагатай байна, цалингийн урьдчилгаа болгож зээл өгнө үү, цалингаасаа сар бүр суутгуулах байдлаар зээлээ төлж барагдуулна гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Манай компани нь С.Мн хүсэлтийг хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр С.Мн Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай данс руу 2,500,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Бодь цамхагийн 11 дүгээр давхарын 1100 тоотоос интернет банкиар шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш С.М нь нүдний болор солиулах хагалгаандаа ороогүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажиллаагүй, албан ёсоор хүсэлт гаргаж ажлаасаа чөлөө аваагүй. Мөн компаниас С.Мг ирж асуудлаа шийдвэрлэхийг мэдэгдсэн боловч огт холбогдохгүй алга болсон. 2,500,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг С.Мн цалингийн үлдэгдлээс суутгаж авсан тул хохирлын хэмжээ 2,000,000 төгрөг байна. ...” /хх 18-19/,

 

С.Мн яллагдагчаар өгсөн “... 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орчим нүд өвдөөд байхаар нь нүдэнд эмчилгээ хийлгэхээр 2,500,000 тгрөгийг цалингаасаа сар бүр хувааж төлөх нөхцөлтэйгөөр 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаарын дансаар авсан юм. Тухайн үед би эхлээд нүднийхээ болрыг солиулъя гэсэн боловч нүдний болор солиулахад зардал мөнгө нь их гарах болсон учир нүдний болор солиулаагүй, өөр зүйлд уг мөнгөө хэрэглэсэн юм. Мөн тухайн үед ажилдаа явна гэж бодсон боловч онгоцны нислэгээс хоцорчихоод ажилдаа явж чадаагүй учраас шууд ажлаасаа гарчихсан юм. ... Дээрх мөнгөнөөс 500,000 төгрөгийг миний цалингаас суутгаж авсан байсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр барагдуулах боломжтой юм. ...“ /хх 132-133/ гэсэн мэдүүлгүүд,

 

шүүгдэгч С.Мн “М” ХХК-ийн захиргаанд гаргасан “Цалингийн урьдчилгаа хүсэх тухай” өргөдлийн хуулбар /хх 95/, С.Мн Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 96/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 115-119/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

              Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

              Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь шүүхээс хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж буй ялтны хувьд хэрэглэх зохицуулалт байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохиролд 100,000 төгрөгийг төлсөн, цаашид сар бүр хохирлын мөнгийг нөхөн төлөхөө илэрхийсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Түүнчлэн, залилан мэхэлсэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийн үйлдэл, эхэлсэн, төгссөн нөхцөл байдлыг, бусдад тухайн эд хөрөнгийг зээлдүүлж байгаа харилцаа, шинж чанарыг зөв тогтоож, үндэслэлтэй дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.Мн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг түүний зээл авахыг хүссэн өргөдөл гаргасан өдрөөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр биш мөнгийг шилжүүлж авсан өдрөөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр гэж тооцох нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөж дүгнэлт хийсэн болно.

 

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг нь “... С.Мн бусдыг хуурч, залилсан гэх үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, түүний үйлдэлд бусдыг залилах санаа зорилго агуулаагүй тул дээрх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

 

                 Учир нь, залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “М” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “нүдний болор солиулах хагалгаа хийлгэнэ, сар бүрийн цалингаасаа суутгаж төлнө” гэж хэлээд, өөрийн дансаар 2,500,000 төгрөгийг авсан бөгөөд тэрээр нэг удаа 500,000 төгрөгийг цалингаас суутгуулж төлсөн, харин 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй, ажил олгогчтой дахин холбогдоогүй, зээлсэн мөнгөнөөс хугацаандаа эргүүлэн төлөөгүй зэрэг үйлдлүүд нь зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй байх санааг агуулсан гэж үзэхээр байх тул түүний үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч С.Мн өмгөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/419 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мн өмгөөлөгч Ш.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэхсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсгийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/419 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 39 хоногийн хугацаанд цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ