| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/02784/И |
| Дугаар | 183/ШШ2023/01087 |
| Огноо | 2023-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/01087
2023 оны 04 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2023/01087 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 6 дугаар хороо, байр, 1-7 тоотод оршин суух, Б овогт Ц С /РД:ЧЕ********/-гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 10 дугаар хороо, төв ААТҮГ /РД:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Ч.О, С.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч ИНҮ төв ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Ц.С нь ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албанд 2015 оноос эхлэн Захиргаа, санхүүгийн хэсгийн Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй билээ. Улмаар миний бие хүнд өвчний улмаас мэс засалд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөө 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл албан ёсоор чөлөө авсан болно. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу намайг чөлөөтэй байх хугацаанд И Н ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн
батлах тухай" А/135 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан тул 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Б.У” мэдэлд шилжин ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна гэх агуулгатай мэдэгдэх хуудас гаргасан байх бөгөөд тус өдөр намайг “Б.У” ОУН буудлын захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилж, Б/61 тоот тушаал гаргасан байдаг. Ингэж тушаал гаргахдаа надад урьдчилж огт мэдэгдээгүй болно. Иймд намайг өөр албан тушаалд хууль бусаар буюу хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүй ажпаас шилжүүлсэн гэж үзэж байх тул миний урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг ИНҮ төвд холбогдуулан гаргасан бөгөөд нэхэмжлэгчийг эмчилгээ хийлгэж байх хугацаанд буюу ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажлаас нь чөлөөлж, харилцан тохиролцоогүй өөр ажилд томилсон байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтныг эрүүл мэндийн магадлагаатай байхад нь ажлын байрыг нь хэвээр хадгалах байхад хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо мөн 80.4-д зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд бичгээр мэдэгдэх гэснийг зөрчсөн байна.
Хэдийгээр өөр ажилд томилсон гэж байгаа боловч энэ талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгчийг чөлөөний хугацааг дуусгаад ажилдаа ирэхэд нь хөдөлмөрийн гэрээ, ажил хүлээлцэх актанд гарын үсэг зуруулсан байдаг. Хариуцагч энэ ажил албан тушаалын талаар мэдэгдсэн гээд байгаа баримтууд нь ажилд томилсон тушаалаас хойно гарсан байдаг бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон талаар маргаж байхад түүнийг дахин чөлөөлж эрхийг нь зөрчсөн байгаа. Гэхдээ бид 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 тоот тушаалын талаар л маргаж байгаа бөгөөд уг тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэдэг боловч мэргэжилтний орон тоо нь хэвээрээ хадгалагдаж байгаа болох нь баримтаар нотлогдож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэсэн байхад мэргэжилтний орон тоог нь санал болгохгүй, харилцан тохиролцоогүй түүний ажлын байрны чиг үүргээс өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажилд буюу ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгохоор гаргаж байгаа бөгөөд хэрэв ажил олгогч нь ажлын байр нь хасагдсан гэж үзвэл адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар харилцан тохиролцсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход 1 сарын дундаж цалин нь 1 503 480 төгрөг, 1 өдрийн цалин 69 930 төгрөг, нийт 327 хоногоор тооцоход 22 867 110 төгрөгийг гаргуулахаар, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардаж байгаа болно гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М С.У нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Ч.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Тус байгууллагад өмнө Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байсан ба шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах И Н ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/18 дугаар тушаалаар орон тооны бус комисс шинэчлэн баталсан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.С хөдөлмөрийн маргаантай холбоотой хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр гараагүй, маргаан таслах комисс хуралдахаар цугласан боловч хурлын шийдвэр гараагүй. Дахин хуралдахаар Ц.С дуудахад утсаа огт авахгүй, ирээгүй дахин холбоо бариагүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2.-д заасныг үндэслэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэсэн.
2.2.Хариуцагчаар ИНҮ төвийг төлөөлөн оролцож байгаа, бид нэхэмжлэлийг гардан авсан хариуцагч гэдэг дээр маргахгүй, газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь манай салбар юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 тоот тушаалаар бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал буюу захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болж хасагдсан. Тиймээс бид Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д зааснаар ажилтны ажлын байр хасагдсан тул ажилтнуудтай харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, дахин бүгдийг нь өөр ажилд томилсон байдаг. Нэхэмжлэгч Ц.С энэ талаар өөрт нь мэдэгдээгүй гэсэн боловч түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Гэтэл өөрөө харилцан тохиролцож ажлаа хүлээн авсан байж холбогдохгүй ажлаа хийхгүй алга болсон тул хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гээд дуусгавар болгож цуцласан байгаа. Мэргэжилтэн болох юм уу гэхэд өөрөө ирээгүй, харин Буян-Ухаа ОУН буудалд захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилохыг зөвшөөрсөн, энэ талаар мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулаагүй, удаа дараа ажлын санал тавиад Б.Уг өөрөө сайн дураараа зурсан, орон тоо хасагдсан гэдгийг мэдэж байсан, 2022 оны 5 сарын 20-нд ажилдаа ирээд өөрөө ажлаа хүлээн авсан тул харилцан тохиролцсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны мэдэгдэх хуудас, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй ажилтнуудын нэрс, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/163 дугаар Ц.С чөлөөний хугацааг сунгах тухай тушаал, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар Ц.С д чөлөө олгох тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/201 дүгээр Ц.Сд буцалтгүй тусламж олгох тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 дүгээр Ц.С ажилд томилох тухай тушаал, ИНҮ төвийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар Ажилтнуудтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ц.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Ц.С иргэний үнэмлэхний хуулбар, Ц.С Т.М олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Ц.С хүргүүлсэн албан бичиг, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2022/012 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хэргийн 3-20-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас И Н ерөнхий газраас Ц. олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, И Н ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/18 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаал, ИНҮ төв ААТҮГ-с З.Т, Ц.Ц, С.У нарт олгосон итгэмжлэл, Ц.Ц Б.М нарт олгосон итгэмжлэл, Б.У ОУН буудлын сургалтын мэргэжилтний ажил хүлээлцсэн байдал, Б.У ОУН буудлын захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Ц.С той харилцаж байсан тухай тэмдэглэл, Б.У ОУН буудлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10-15/325 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, бичиг бүртгэлийн дэвтрийн хуулбар, ИНҮ төвийн хуулийн этгээдийн гэрчилгээ, /хэргийн 24, 29-32, 129-р хуудас/, ИНҮ төв ААТҮГ-ын Ч.От олгосон итгэмжлэл, И Н ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам 12 дахь хэвлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны №000005896 дугаар салбарын гэрчилгээ, ИНҮ төвийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/126 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны журам, И Н ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/135 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, №02/02 дугаар Хөдөлмөрийн гэрээ, БУОУНБ/2022/130 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба ТӨААТҮГ-ын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар Ажилтнуудтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авах тухай тушаал, хавсралт, ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба ТӨААТҮГ-ын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/163 дугаар Ц.С чөлөөний хугацааг сунгах тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар Ц.С д чөлөө олгох тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/201 дүгээр Ц.С д буцалтгүй тусламж олгох тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 дүгээр Ц.Солонгыг ажилд томилох тухай тушаал, ИНҮ төвийн гэрчилгээ, Б.У ОУНбуудлын даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ц.С той байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 дүгээр Ц.С ажилд томилох тухай тушаал, БУОУНБ-2022/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/359 дүгээр Зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны Санал хүргүүлэх тухай албан бичиг, И Н ерөнхий газрын Үйлдвэрчний эвлэлийн хороон 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар Комиссын төлөөллийн нэрс хүргүүлэх тухай албан бичиг, И Н ерөнхий газар түүний харъяа байгууллагуудын ҮЭ-ийн хорооддын төлөөллийн хурлын тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 06/957 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/1037 тоот Өргөтгөсөн хурлын тэмдэглэл ирүүлэх тухай албан бичиг, БУОУНБ-06 тоот Ажлын байрны тодорхойлолт, Албан тушаалын тодорхойлолтын маягт, Б.У ОУНбуудлын тодорхойлолт, И Н Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/02 дугаар албан бичиг /хэргийн 43-72, 79-80, 89-125, 141-151-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Ц.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-өвчний учир ажил үүргээ гүйцэтгээгүй чөлөөтэй байхад мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн тул өмнө эрхэлж байсан ажил болох Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох,
-ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах,
-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.
3.Хариуцагч ИНҮ төв ААТҮГазар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авахаар гаргасан тушаал үндэслэлтэй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг мэдэгдэж, нэхэмжлэгч Ц.Сотой харилцан тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлсэн, өмнө эрхэлж байсан ажил албан тушаал нь бүтцээс хасагдсан тул эгүүлэн тогтоох боломжгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч ИНҮ төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/06, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/163, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №Б/201 дугаартай тушаалууд болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.2.ИНҮ төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 дугаартай “Ажилтнуудтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж ажилд авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2, 50 дугаар зүйлийн 50.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.4, И Н ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дэх заалт, И Н ерөнхий газрын даргын Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2022 оны А/135 дугаар тушаал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны журмын 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тус албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтад дурдсан ажилтнуудтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтад дурдсан ажилтнуудтай мөн өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авсугай” гэжээ.
Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй ажилтнуудын нэрс гэсэн нэгдүгээр хавсралтад “...Хоёр.Захиргаа, санхүүгийн хэсэг, 2.Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ц С гэсэн байх ба Б.У ОУН буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/61 тоот “Ц.С ажилд томилох тухай” тушаалаар Ц.С Б.У ОУНбуудлын Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтнээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай” гэсэн байна.
4.3.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн тухай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч уг хороо нь байгуулагдаагүй, байгууллага дээр маргаан таслах комисст хандах боломжгүй гэж мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан, өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэгчийг хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн буюу хөдөлмөрийн маргаан таслах комисс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №А/18 дугаар тушаалаар байгуулагдсан байхад шүүхэд хандсан гэж маргасан боловч нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хандсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 337 тоот албан бичгээр тогтоогдож байх ба хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал авах тухай, комиссын төлөөллийн нэрс хүргүүлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 66, 2022 оны 5 дугаар сарын 12-ны 15, 2022 оны 5 дугаар сарын 30-ний 73, 2022 оны 6 сарын 17-ны 80, 2022 оны 5 сарын 27-ны 06/957, 2022 оны 6 дугаар сарын 08-ны тоот албан бичиг, 2022 оны 5 сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж, шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй, мөн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23/02 дугаар албан бичгээр “...Ц.С гаргасан гомдлыг шийдвэрлээгүй болно” гэсэн байх тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэв.
5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцлаж, өөр ажилд шилжүүлсэн талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа хэн аль нь маргаагүй болно.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй ажлын байр нь хэвээр хадгалагдах байхад түүнд мэдэгдээгүйгээр орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцласан, мөн харилцан тохиролцоогүй өөр ажилд шилжүүлсэн нь эрх зөрчсөн гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсны улмаас нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан, нэхэмжлэгчид мэдэгдэж, харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
6.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” бол ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.
6.2.И Н ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №А/135 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар газрын тусгай үйлчилгээ, шатахуун, хангалтын албаны зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байх бөгөөд уг тушаалын хоёрдугаар хавсралт “Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны орон тоо”-нд “...Хоёр.Захиргаа, хүний нөөцийн хэсэг, дүн 13 орон тоотой, албан тушаалын нэр мэргэжилтэн захиргааны-2, мэргэжилтэн хүний нөөцийн-1, мэргэжилтэн баримт, бичиг боловсруулалт, хяналт дотоод ажил хариуцсан-1, мэргэжилтэн албан хэрэг хөтлөлт хариуцсан-1” гэж орон тоог баталсан байна.
6.3.Хэрэгт авагдсан ИНҮ төвийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №А/359 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байсан бөгөөд уг тушаалын хоёрдугаар хавсралт “Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны орон тоо”-нд “...Гурав.Захиргаа, санхүүгийн хэсэг, дүн 25 орон тоотой, албан тушаалын нэр, мэргэжилтэн Захиргаа, хүний нөөцийн ахлах-1, мэргэжилтэн хүний нөөцийн-1, мэргэжилтэн хууль гэрээ эрх зүйн-1, мэргэжилтэн захиргааны-1, мэргэжилтэн сургалт судалгааны-1” гэсэн орон тоотой ажиллаж байжээ.
Хэдийгээр хариуцагч нь орон тоо хасагдсан буюу захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн гэх орон тоо хасагдсан гэх боловч зохион байгуулалтын бүтцээс харахад нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шинэчлэн баталсан бүтцэд байх бөгөөд орон тоо мэргэжилтэн 5 байхад энэ орон тоо хасагдаагүй зөвхөн ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаал нь бүтцээс хасагдсан байна.
6.4.Хариуцагч нь И Н ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №А/135 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсан тул энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар ажилтнуудтай харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож, өөр ажилд шилжүүлсэн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч хэрэг авагдсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны мэдэгдэх хуудсанд “...орон тоо хасагдсан тул Б.У ОУН буудлын мэдэлд шилжин ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байх тул хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.5.Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэж цуцалж байгаа бол мөн хуулийн 80.4-д “ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаараа хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, энэ талаарх баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй болно.
6.6. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална”, 60.1.2-д “донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай” гэж заасан.
ИНҮ төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/06 дугаар Ц.С д чөлөө олгох тухай тушаалд “...Захиргаа, санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлан мэргэжилтэн Ц С гаргасан хүсэлтийг харгалзан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын цалингүй чөлөө олгосугай”, ИНҮ төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/163 дугаарт Ц.С чөлөөний хугацааг сунгах тухай тушаалд “...Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны захиргаа, санхүүгийн хэсгийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ц С гаргасан хүсэлтийг харгалзан чөлөөний хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгасугай” гэжээ.
Мөн ИНҮ төвийн даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №Б/201 дугаар Ц.С д буцалтгүй тусламж олгох тухай тушаалд “...Ц.С нь өвчний улмаас мэс засал, эмчилгээ хийлгэсэн тул төлбөрийн баримтыг үндэслэн 4 523 150 төгрөгийн буцалтгүй тусламж нэг удаа олгосугай” гэсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №Б/30 дугаартай тушаалыг гаргах үед эрүүл мэндийн магадлагаатай буюу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл чөлөөний хугацаатай ажил үүргээ гүйцэтгээгүй байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.
6.7. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож түүнийг Б.У ОУНбуудлын Захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтэнээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шилжүүлсэн гэж тайлбарлаад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №БУОУНБ-2022/130 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Б.У ОУН буудал болон Ц.С нар харилцан тохиролцож байгуулсан, ажил хүлээлцсэн баримтад хүлээн авсан Ц.С гэж гарын үсгээ зурсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б.У ОУН буудлын сургалтын мэргэжилтний ажил хүлээлцсэн байдал болон Б.У ОУН буудлын захиргаа, хууль эрх зүйн хэлстийн сургалтын мэргэжилтэн Ц.С той харилцаж байсан тухай тэмдэглэлээр нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн, харилцан тохиролцсон гэдэг нь нотлогдоно гэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж заажээ.
Гэвч нэхэмжлэгч нь харилцан тохиролцоогүй, Б.У ОУН буудлын сургалтын мэргэжилтнээр томилж байгаа талаараа мэдэгдээгүй, 2022 оны 5 дугаар сарын 19-нд чөлөөний хугацаа дуусаад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирэхдээ мэдээд гарын үсэг зурсан, ажил хүлээн авсан гэж мэтгэлцсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон, удаа дараа ажлын санал тавьсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Хариуцагч өөр ажлын байранд томилох талаар мэдэгдсэн буюу нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан Б.У ОУН буудлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, уг албан бичгийг 2022 оны 6 дугаар сарын 10-нд нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг ажилд томилохоос өмнө уг албан тушаалд томилох талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Иймд нэхэмжлэгч Ц.С ИНҮ төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Захиргаа, хүний нөөцийн хэсгийн ахлах мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 503 486 төгрөг / 9сар 1 382 100+11сар 1 700 310+12сар 1 428 050=4 510 460 төгрөг:3=1 503 486 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны хүртлэх 10 сар 15 хоногийн цалин нийт 16 059 960 төгрөгийг /1 503 486 х10=15 034 860 төгрөг, 12сар-22 хоног, 11 сар 22 хоног, 9 сар 22 хоног, нийт 66 хоног, 4 510 460:66 хоног=68 340 төгрөг, 68 340х15хоног=1 025 100 төгрөг, 15 034 860+1 025 100=16 059 960 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч ИНҮ төв ААТҮГазарт нэхэмжлэгч Ц.С нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 249 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Ц.С ИНҮ төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны захиргаа санхүүгийн хэсгийн захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ИНҮ төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Ц.С урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 059 960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.С нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНҮ төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгасугай.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ИНҮ төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 238 249 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН