Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01899

 

 

 

 2023 оны 06 сарын09өдөр Дугаар  183/ШШ2023/01899     Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  оршин суух, Б овогт Т.Б /РД:**********/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, байрлах, А ХХК /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үүргээ гүйцэтгээгүй алданги, учирсан хохирол нийт 50 670 936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.В,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А ХХК -д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үүргээ гүйцэтгээгүй алданги болон учирсан хохирол нийт 50 670 936 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би өөрийн ээж болох О-тэй хамт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн борлуулалтын менежер Ө.М-тэй орон сууц захиалгын гэрээг 2020 оны 2 дугаар улиралд багтааж бүрэн ашиглалтанд оруулах нөхцөлтэй байгуулж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 28 650 600 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэн 100-н хувь бүрэн төлөлтөөр Х дүүргийн  28,94 метр квадрат байрыг худалдаж авсан. Гэсэн хэдий ч орон сууц маань одоог хүртэл ашиглалтанд ороогүй ба ашиглалтанд оруулах хугацаанаас хэтрээд 898 хоног болж байна. Хариуцагч намайг 1 метр квадрат тутамд 800 000 төгрөг буюу нийт 23 152 000 төгрөг нэмж төл гэсэн санал 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явуулсан. Миний зүгээс тус саналыг зөвшөөрөх боломжгүй талаараа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захиалагч нарыг хүлээж авч уулзсан өдөр Хариу хүргүүлэх тухай гэсэн албан бичгээр бусад захиалагч нарын хамт хариуг өгсөн болно. Гэрээнд зааснаар хариуцагчийн төлж барагдуулах алдангийн нийт дүн 25 728 238 төгрөг үүссэн. Хариуцагчийн барьж буй төсөлд санхүүгийн асуудал үүссэн гэж өөрөө мэдээллэж байгаа ч тэр дор нь мэдэгдэж асуудалд хамтдаа шийдэл олох болон гэрээний хугацаа сунгах талаар санаачлага гаргаагүй, ирээдүйд үүсэх асуудлуудыг үл тоомсорлосон байдал нь энэ бүгдийн шалтгаан болсон гэж итгэж байна. Орон сууц маань ашиглалтанд орохгүй өдийг хүрсэн нь надад их хэмжээний шууд болон шууд бус хохирол учруулсан. Надад болон миний гэр бүлд өөрийн гэр гэх зүйл байхгүй тул бидний амь насанд аюулгүй байдал бүрэн хангагдах боломжгүй болсон байдаг. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрээний алданги болох 14 325 300 төгрөгийг А ХХК -аас гаргуулж өгнө үү.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, учирсан хохирол болон гэрээний үүргийн алданги болох 50 670 936 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хариуцагчтай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ болон орон сууц захиалгийн гэрээг хийсэн. Энэ гэрээн дээр 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох үндсэн нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлбөрийг хариуцагчид 100 хувь төлсөн. Манай хариуцагч маш хариуцлагагүй хандаж энэ төслийг дуусгах нь одоог хүртэл эргэлзээтэй байна. 1000 хоногоор хойшилсон байна. Анхдагч шаардлага болох орон сууц нь өнөөдрийн байдлаар ашиглалтанд орчихсон надад бичиг баримт өмчлөлийг шилжүүлэх нөхцөл бүрдчихсэн байгаа. Би өөрөө энэ гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Гэрээний үүргээ би зөрчсөн тохиолдолд хариуцагч миний шаардлагыг эсэргүүцэх эрхтэй гэж үзэж байна. Алдангийн хувьд гэрээнд зааснаар орон сууц 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглалтанд орно гэсэн. Энэ хугацаанаас тооцогдож байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 976 орчим өдөр байгаа. Тиймээс 14 325 300 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилсэн. Олох ёстой байсан орлого буюу гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол нь 26 179 136 төгрөг байгаа. Энэ нь 2020 оны 09 дүгээр сараас эхлэн 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд олох ёстой байсан түрээсийн орлого. Би энэ худалдан авч байгаа орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлээд олох ёстой байсан орлого байгаа юм. Цалингийн хувьд 11 сард ковид туссанаас хойш ажилдаа очиж чадаагүй 2 сар болсон. Миний сарын цалин 3 000 000 төгрөг байдаг. Цалин 6 000 000 төгрөг дээр нь энэ нэхэмжлэлийг гаргаж хэргийг шийдвэрлүүлж байгаа хугацаанд ажил хийгээгүй, хэргийн талаар судалгаа хийж, хуралдаа бэлтгэсэн хугацааг 3 000 000 төгрөгөөр тооцож байгаа. Би энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд ажлаасаа гарсан байгаа. Тиймээс нийт 9 000 000 төгрөг болж байна. Миний бие Өмнөговь аймгийн Цагаанхад суманд засварын координатор хийдэг байсан. Манай ажил 36 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан. Мөн хохиролд байрны мөнгө, цахилгааны мөнгө орсон. Энэ нь бас миний олох ёстой байсан орлого, миний захиалсан үл хөдлөх хөрөнгө яг цагтаа ашиглалтанд орсон байсан бол би байраа түрээслүүлээд байрны мөнгөө хэмнээд цахилгааны төлбөрөө хэмнэх бүрэн боломжтой байсан. Байрны мөнгө 2020 оноос 2021 он хүртэл 960 000 төгрөг болж байгаа. Улсаас ковидын хүнд нөхцөл байдлын үед ард иргэддээ байрны мөнгийг улсаас төлсөн байдаг. Энэ нь миний олох ёстой орлого байсан. Мөн цахилгааны төлбөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 206 500 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү, нотлох баримтаа шүүхэд өгсөн энэ нь хэрэгт авагдсан олох ёстой байсан орлогын тооцооллоор нотлогдоно, мөн миний бие хариуцагч нарт боломж олгож нотлох баримт гаргуулах талаар удаа дараа хүсэлт өгч байсан боловч өгөөгүй тул хариуцагч нар буруугүй гэдгээ нотлоогүй. Уг орон сууц нь барьцаанд байгаа гэдгийг мэдлээ, гэвч энэ нь хариуцагч нарын өөрсдийн буруутай, хариуцлагагүй үйлдэл учраас өмчлөгчөөр тогтооход нөлөөлөхгүй гэж үзэж байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Т.Б 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 191002/**тоот орон сууц захиалгын гэрээний дагуу захиалсан 28.94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алданги, хохирол 50 670 936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Бид нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК нь 2019 оны 6 дугаар сараас Х дүүргийн Орон сууцыг барьж 2020 оны 2 дугаар улирал дотор багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Бид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 6 давхарын карказ угсралтын ажлыг дуусгасан байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард Дэлхий дахинд Ковид 19 цар тахал дэгдэж Улсын онцгой комисс 01 дүгээр сарын 25-ны өдөр хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ хугацаанаас барилгын үйл ажиллагаа доголдож эхэлсэн  бөгөөд манай компанитай гэрээ байгуулсан бараа материал нийлүүлэгчид болон туслан гүйцэтгэгчдийн ажил зогсонги байдалд орсон. БНХАУ хилээ хааж ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болсон. Үүнийг Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрүүд нотолж байгаа. Улмаар 2020-2021 он тэр чигтэй ковид 19 цар тахлын улмаас оффисын 10 хүртэлх ажилтныг ажиллуулж бусад нь зайнаас цахимаар ажиллаж, тээврийн үйл ажиллагааг хязгаарлаж барилгын ажил тэр чигтээ зогссон. Энэхүү нөхцөл байдлын улмаас барилга хугацаандаа орох боломжгүй болоод зогсохгүй энэхүү өөрчлөлтийн улмаас барилгын материалын хомсдол үүсэж барилгын материалын үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Бид Захиалагч нартай байгуулсан гэрээний үнийн дагуу тус 16 давхар барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Ковидын улмаас зогсонги байдалд орсноос хойш 2021 оны 5 дугаар сараас үргэлжлүүлэн барилгын ажлаа явуулж С захиалагчид ФБ группт ажлынхаа явцын талаар байнга мэдээллэж мэдэгдэл хүртэл явуулж байсан. Хавсралтаар баримтуудыг хүргүүлэв. Гүйцэтгэгч компаниуд үнэ хөлсөө нэмж, барилгын материалын үнэ нэмэгдсэн байсан бөгөөд бид барилгыг ашиглалтад оруулахын тулд бүхий л боломж бололцоогоо ашиглаж барилгыг явуулж байсан. Дээрх нөхцөл байдлын улмаас бид нэмэлт санхүүжилт татаж /зээлээр/ барилгыг барьж дуусгасан бөгөөд барилгын өөрийн баригдсан өртгийг үндэслэн Захиалагч нартай байгуулсан гэрээний үнэд зайлшгүй өөрчлөлт оруулж үнийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан юм. Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт захиалагч нарт үнэ нэмэгдэх нэмэгдэл хүргүүлсэн бөгөөд бид үнээ нэмэхдээ 1 м.кв-ын үнийг 100,000-800,000 төгрөгийн хооронд нэмэгдүүлж нийт захиалагчдыг бүгдийг 1 790 000 төгрөгт барьсан юм. Энэ бол зөвхөн барилга баригдсан өртөгийг л тооцсон дүн юм. Гэрээний 5.3 дугаар зүйлд Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр, тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. /Энэхүү заалт нь орон сууц захиалгын төлбөрийг 100% төлж захиалга хийсэн захиалагчид хамаарахгүй болно/ .... гэсэн хэдий ч энэ заалт нь Давагдашгүй хүчин зүйл, Хүнд нөхцөл байдал үүсээгүй, хэвийн үнийн өсөлттэй холбоотой заалт юм. Бидний гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн Корона цар тахал, нийгэм, эдийн засгийн уналт нь энэхүү гэрээний заалттай холбоогүй, энэ заалтнаас давсан гэнэтийн болон тааварлашгүй давагдашгүй, хүнд нөхцөл байдлын хүчин зүйлийн нөлөө юм. Нэхэмжлэгч Т.Б- орон сууцны өртөгийн нэмэгдэл үнэ 223 152 000 төгрөг бөгөөд мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид нөхцөл байдал хэвийн байх үеийн гэрээний үнээр орон сууцыг шилжүүлэх боломжгүй байх тул тус өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Т.Б захиалагч талд баримт материал гаргуулах хүсэлт өгсөн бөгөөд бид хэрэгт хамааралтай шаардлагатай үнэн зөв баримтуудыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй юм. Юуны түрүүнд барилгын төсөв, төсвийн гүйцэтгэл , мөн давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөл байдал тогтоосон гэрчилгээ гарган өгч байна. Талуудын урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүссэнд талууд тус бүр хариуцлагатай, бодитой дүгнэж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Бид боломжит хамгийн доод үнээр нэмсэн бөгөөд одоо шинэ орон сууцны хамгийн доод үнэ нь 2,5 сая төгрөг байна. Бид 1 790 000 төгрөг хүртэл нэмсэн, зөвхөн өртөг тооцсон дүн юм. Мөн Т.Б нэхэмжилсэн алдангийн үнийн дүн Иргэний хуулийн 232.4 “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтыг зөрчсөн байна. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч Т.Б гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба шүүх хурал хүртэл манай талаас эвлэрэх санал хүсэлтийг сонсох эвлэрэх хэлэлцэх боломжийг бүрдүүлэх болно.

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгийн гэрээ хийсэн. 28.94 мкв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулах үед нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвийн байсан. Гэрээ байгуулах үед компани барилгын ажлаа эхлүүлсэн төлөвлөгөөний дагуу явж байсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд барилга 6 давхартаа явж байсан. 2020 оны 01 дүгээр сард БНХАУ-д ковид-19 цар тахал дэгдээд Хятад улс хилээ хаасан. Монгол улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос 1 дүгээр сарын 25-ны өдөр хилээ хаах буюу гамшгийн тухай хуульд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил хэвийн явагдах боломжгүй болж ирсэн. Барилгын ажлын бараа материалыг бөөнд нь авчирдаггүй. Бараа материалаа захиалаад захиалагын дагуу төлөвлөгөөт хугацаандаа ирээд барилга баригддаг. Хятад улсаас бараа материалаа авбал хямд байдаг гээд Хятад улсын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлэлцээр хийгээд ажиллаж байсан. Барилгын материал оруулж ирэх ямар ч боломжгүй болсон. Хятадын аж ахуйн нэгжүүдээс хугацаанд нь нийлүүлж чадахгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Цар тахал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байсан. 2020, 2021 он тэр чигтээ өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хориотой байсан. Энэ хугацаанд бид нар завсар зайгаар нь бага багаар нь ажлаа явуулж байсан. Ингэж явуулсаар байгаад хугацаандаа оруулж чадаагүй. Энэ байдлыг судлан тогтоохоор Монгол Улсын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимд хандаж давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг А ХХК -д олгосон. Гэрчилгээг бүх захиалагч нар дээр авах боломжгүй, ямар үүргийн гүйцэтгэл дээр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон юм бэ гэдэг дээр авдаг. Бид нар 2 захиалагчийнхаа гэрээг судлуулаад гэрчилгээг авсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдаад 2022 оны 04 сар хүртэл Хятад улсын хил хаалттай байсан. 2022 оны 05 сараас хэвийн болоод 2020 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд 80 хувийн гүйцэтгэлтэй дууссан. Энэ нь тийм чамлахаар үр дүн биш. Бидний зардал асар ихээр өссөн. Үүнтэй холбоотойноор тодорхой хувийг захиалагч нараасаа гаргуулах зорилгоор 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлийг захиалагч Т.Б-д хүргүүлсэн боловч захиалагч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Манай талаас 1 мкв 200 000 төгрөгөөр нэмэх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл зөвшөөрөөгүй учраас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийг давагдашгүй хүчин зүйлд өртсөн учир төлөх боломжгүй. Харин олох байсан орлого буюу түрээсийн төлбөр, цахилгааны төлбөрийг манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олох ёстой орлого гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Олох ёстой орлого гэдэг нь яг тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг дэлгүүр гэх мэт зүйл байгаад манай буруугаас болоод хаагдсан тохиолдолд нэхэмжлэх боломжтой, бид төлж болно. Гэтэл худалдан авсан орон сууцаа түрээслэх байсан гэж байна. Гэтэл түрээслэх гэрээ байхгүй, манай талаас нэхэмжлэх хуульд заасан хохирол гэж үзэхгүй байна. Энэ нь бодит хохирол биш, түрээслэх байсан гэж байгаа болохоос биш бодитой хохирсон зүйл байхгүй байна. Цахилгааны төлбөр орон сууцны төлбөрийг өөрөө аваагүй хохирсон гэж байгаа нь ойлгомжгүй, цалингийн хувьд нэхэмжлэгч ковидыг уулзалтнаас авсан эсэх, өөр газраас авсан эсэх нь тогтоогдохгүй байна. Хурлаас авсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир манай талаас шаардах хохирол биш гэж үзэж байна. Хэрэв тухайн уулзалтаас болж авсан байвал энэ талаараа хэзээ авсан талаарх баримт ч байхгүй байна. Мөн манай орон сууц нь банкны барьцаанд байгаа, энэ талаар маргахгүй банкийг оролцуулах шаардлагагүй гэв.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч О.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Бий гаргасан нэхэмжлэл нь хохирол, алданги, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байгаа. Хохиролтой холбоотой шаардлагын тухайд хэргийн материалд нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд нотлохгүй байгаа учраас энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Алдангийн хувьд хариуцагч 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтанд оруулах байсан боловч тухайн үед ковид-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орсон гэрчилгээ гаргаж өгсөн. Энэ гэрчилгээ хавтас хэрэгт байгаа. Гүйцэтгэгчийн гэм буруутай үйлдлээс болж хугацаа хойшлоогүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэл үүсээгүй байна. Өмчлөгчөөр тогтоолгох тухайд А ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэ нэмэх мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор үнэ нэмэхийг зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 220.4 дэх хэсэг, 209 дүгээр зүйлд зааснаар өмчлөгчөөр тогтоохоос татгалзаж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, хавсралт, мөнгөн шилжүүлгийн баримт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт, ЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗТ17-116/***дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шалгалт тохируулгын УЭЛ-046:**** дугаартай шалгалт тохируулгын гэрчилгээ, Т ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07/** дугаартай үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай албан бичиг /хэргийн 2-11,75-76, 89-94 дүгээр хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Р.Бт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/142 тоот албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/99 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/542 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/716 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, А ХХК -ийн захиалгаар баригдах 128 айлын орон сууцны барилгын ажлын төсөв, Төсвийн гүйцэтгэл P P хаягнаас S town-*A block оршин суугчдын группд оруулсан нийтлэл, Б ХХК-ийн үнийн саналд өөрчлөлт оруулах тухай тоот, Э ХХК үнэ нэмэх мэдэгдэл, Т ХХК хугацаа хойшлуулах хүсэлт, 2019 оны шинэ орон сууцны үнийн мэдээлэл, 2023 оны шинэ орон сууцны үнийн мэдээлэл, Барилга, хот байгуулалтын яамны Барилгы хөгжлийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/*** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, А ХХК -ийн санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан /хэргийн 15-16, 35-76, 96-100 дугаар хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн 8*******9 дугаартай samsuns S8 гэх утсаар оршин суугчдын групп болох  С таун блокны оршин суугчдын группын фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 86-87, 89-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, алданги болон хохиролд нийт 50 670 936 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч А ХХК -тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, С таун орон сууцанд  байрлах 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, гэрээний үнэд нийт 28 650 600 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

-үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги 14 325 300 төгрөг гаргуулах,

-үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд түрээсийн төлбөр 26 179 136 төгрөг, байрны мөнгө 960 000 төгрөг, цахилгааны төлбөр 206 500 төгрөг, цалин 9 000 000 төгрөг, нийт 36 345 636 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Б-тэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний явцад цар тахал буюу корона вирусийн халдварын улмаас хил хаагдаж, үйл ажиллагаа зогсож, хөл хорио тогтоосон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүсэж, компаниас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас нэмэлт зардал гарч, төсөвт өртөг нэмэгдэж гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул алдангийг төлөх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь гэрээний үнэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй, хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

 4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А ХХК -тай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №191002/** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х дүүрэгт баригдаж буй С таун нэртэй  байрлах 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцын үнэд 28 650 600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч алданги, хохирол шаардсан, нэхэмжлэгч барилгын төсөвт өртөг нэмэгдсэн байхад гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйгээс өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна, харин талууд орон сууц захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны үнэд 28 650 600 төгрөг төлсөн, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.

 

6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний дагуу Х дүүргийн  баригдаж буй С нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхон  байрлах 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэ болох 28 650 600 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 04-нд төлсөн болох нь гэрээний хавсралт, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

 6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн Орон сууц захиалгын гэрээний зүйл болох орон сууцны барилга нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй, барилгын ажил эхэлж байсан талаар зохигч маргаагүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.  

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байна.

 

6.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч А ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

6.3.Хариуцагч нь орон сууцны төсөвт өртөг цар тахлаас шалтгаалж өссөн буюу нэмэгдсэн байхад нэхэмжлэгч нь гэрээндээ өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийг төлөхгүй гэж байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч гэрээндээ гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон буюу Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.2-д “1м.кв-ийн үнийг 990 000 төгрөгөөр, нийт 28,94 м.кв, нийт орон сууцны үнэ 28 650 600 төгрөг” гэж харилцан тохиролцсон, мөн 3.1-д “гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” байхаар тохиролцжээ.

6.4.Зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 5.3-д “Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй” гэж заасан боловч энэ заалт нь 100 хувь бэлнээр орон сууц захиалгын төлбөрөө хийсэн захиалагчид хамаарахгүй болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг төсөвт өртгийн нэмэгдлийг төлөхгүй гэж байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэсэн нь үндэслэлгүй болно.

 

6.5.Мөн хариуцагч нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу цар тахлаас шалтгаалан барилгын төсөвт өртөг 7 253 879 643 төгрөгнөөс 14 638 863 063 төгрөг болж нэмэгдсэн болох нь хэрэгт авагдсан “А” ХХК-ийн захиалгаар баригдах 128-н айлын орон сууцны барилгын ажлын төсөвт “...төсөвт өртөг 7 253 879 643 төгрөг”, төсвийн гүйцэтгэл С таун-1-д “...нийт дүн 14 638 863 063 төгрөг” гэснээр, мөн барилгын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болох нь Э ХХК-ийн 2020 оны 5 сарын 11-ний 20/39, Б ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 20/07, Төгс их хайрхан ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ний өдрийн 21/25 тоот, А ХХК -ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлангаар нотлогдоно гэсэн.

Гэвч төсвийн гүйцэтгэлд барилгын ажлын төсөв нь хэрхэн нэмэгдсэн болох нь тодорхойгүй, барилгад оруулсан бараа, материалын үнэ, ажлын төсөвт өртгийн үнэ гэрээ байгуулах үед хэд байсан болон тухайн үеээс 15 хувиас дээш өссөн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл талууд гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон, гэрээний үнэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн буюу барилгын төсөв өөрчлөгдсөнөөс 1м.кв үнэ хэрхэн нэмэгдэж байгаа талаарх баримтгүй байна гэж үзэв.

6.6.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байна гэсэн түүний тайлбар нь үндэслэлтэй болно.

6.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх 2020 оны 9 сарын 11-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2******4 дугаарт А ХХК -ийн өмчлөлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Х ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцаалбартай барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ тус тус бүртгүүлсэн гэсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, барьцааны гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаас хойш байгуулагдсан нь тогтоогдож байх ба хэн аль нь банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.4-д “...захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхдээ ямар нэгэн доголдолгүй орон сууцыг шилжүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. 

 

6.8.Иймд нэхэмжлэгч Т.Б-ийг Х дүүргийн  нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор  байрлах 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан “2020 оны 2 улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 3.3-д “хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж зааснаар алданги 14 325 300 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

7.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь  хариуцагч А ХХК -иас гэрээний үүргийг биелүүлэхийг, үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан боловч хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.

7.2.Хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №02/*** тоот Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №02/*** тоот, 2021 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн №02/*** тоот  Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ зэрэг баримтаар дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд хариуцагчийг Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун-1 128 айлын орон сууцны цогцолбор хотхоныг барьж гүйцэтгэх явцад цар тахалтай холбоотой хариуцагчийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан болох нь  нотлогдож байна.

 

7.3.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 6.3-д заасан нөхцөл буюу цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан өвчний улмаас тогтоосон хорио цээр, эрх бүхий байгууллагаас зарласан онцгой нөхцөл байдлаас барилгын ажил хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй, баримтаар тогтоогдож байх тул гэрээний 5.2-д гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн, үүнийг захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөхөөр байна гэж дүгнэв. 

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 36 345 636 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2020 оны 9 сараас 2023 оны 2 дугаар сарыг хүртлэх олох ёстой байсан түрээсийн орлогоо алдсан хохиролд 26 179 136 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хүртлэх хугацааны байрны мөнгө 960 000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх цахилгааны төлбөрт 206 500 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ковид туссан, шүүх хуралдаанд бэлтгээд ажил хийх боломжгүй байсан тул цалин 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэгт авагдсан хохирлын тооцоо, Тэнхлэг зуучийн үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай албан бичиг, цахилгааны хөнгөлөлт эдлэх, цар тахлын үед авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээллээр нотлогдоно гэсэн.

8.1.Хариуцагч нь үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нь баримтаар нотлогдохгүй, мөн манай буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэхгүй гэж маргасан.

8.2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” 227 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

8.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг түрээслэж орлого олох байсан, түрээсийн орлого нь хүлээлтийн хохирол буюу орон сууц нь төлбөрийн хэрэгсэл болох байсан гэж тайлбарлаад Тэнхлэг зуучийн түрээсийн дундаж үнийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч орон сууцыг түрээслэж орлого олох бодит нөхцөл байдал байсан болохыг баримтаар нотлоогүй, зайлшгүй орох байсан орлого гэж үзэх боломжгүй байна.

8.4.Мөн байрны мөнгө, цахилгааны төлбөрийг цар тахалтай холбоотойгоор улс хөнгөлж, чөлөөлсөн тул дээрх төлбөр нь олох байсан орлогод тооцогдоно гэсэн боловч энэ нь нэхэмжлэгчээс гарсан зардалд тооцогдохгүй, эд хөрөнгийн алдагдал гэж үзэхгүй, зайлшгүй олох байсан орлогод тооцогдохгүй гэж дүгнэв.

8.5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас Ковид тусаж ажлаа хийж боломжгүй болсон гэсэн боловч энэ талаар баримтаар нотлоогүй, Ковид туссан талаарх эмнэлгийн тодорхойлолт, мөн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны улмаас ажлаа хийх боломжгүй болсон гэсэн боловч энэ талаарх баримтыг буюу ажлаас гарсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаарх тушаалыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан хохирлын тооцооллоор хохирол учирсан болох нь нотлогдоно гэсэн боловч уг тооцооллыг үндэслэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

9.Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар, мөн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэдгийг баримтаар нотлоогүй тул хохиролд 36 345 636 гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Бий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569 256 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад дутуу төлсөн 301 200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 301 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б овогт Т.Б /РД:********/-ийг Х дүүргийн байрлах С таун нэртэй  байрлах 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 50 670 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Бий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569 256 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 301 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч А ХХК -иас 301 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнд олгосугай.

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН