| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч У.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт У-гийн У-т холбогдох эрүүгийн 2535000000216 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ……-нд Увс аймгийн ..... суманд төрсөн, …настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал аж ахуйн фермер мэргэжилтэй, .......ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл …. хамт амьдардаг, Увс аймгийн ..... сум, 12 дугаар багийн …. тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж байсан Ч овогт У-гийн У- (регистрийн дугаар: ..........);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний 05 цагийн үед Увс аймгийн ..... сумын …. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ .....” худалдааны төвийн урд хохирогч Б.А-гийн толгой тус хэсэгт гар утсаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний 05 цагийн үед Увс аймгийн ..... сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ .....” худалдааны төвийн урд хохирогч Б.А-гийн толгой тус хэсэгт гар утсаар нэг удаа цохисон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал);
3. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал);
4. Хохирогч Б.А-гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал);
5. Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 29-ний шөнө намайг гэрт байтал манай найз Э ..... суманд ирчихлээ уулзая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгааг нь асуухад …. нэртэй бааранд байна гэсэн тэгэхээр нь би ганцаараа шөнө 01 цагийн орчим байх ….. нэртэй бааран дээр очоод найз Э-той уулзаад байж байтал Н- гээд манай багын найз таарсан тэгэхээр нь Э-д хэлээд Н-тай уулзаад хаана суухуу гэхэд энд манай нэг найзын байр байгаа гэхээр нь баарны хажууд байх/ тухайн байр хэний ямар байрыг мэдэхгүй/ Шинэ-….төвийн байранд намайг Н-тай ороход У.У-, Б.Б- нар байсан ба тэд нартай хамт суусан. Энэ хүмүүстэй уулзахаас өмнө Э-той хамт байхдаа спиртийн агууламжгүй 330 граммын 2 сав пиво уусан байсан. Тэгээд нөгөө хүмүүстэй уулзаад 750 граммын архийг Н-, У.У-, Б.Б- нартай хувааж уусан намайг ороход Н-, У.У-, Б.Б- нар нь нэлээн согтчихсон байсан. Байран дотор архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд бид нар явахаар байрнаас гарахад У.У- түрүүлээд гарчихсан байсан ба нэг танихгүй залуутай юм яриад нэг машины хажууд зогсож байхаар нь би У.У- дээр очоод хоёр халаасандаа гараа хийгээд зогсож байтал У.У- нэлээн согтсон бололтой надруу пизда минь гэнэ үү юм яриад байж байснаа гэнэт миний толгойг 2 гараараа уургалж авахаар нь би эхлээд тоглож байна гэж бодсон. Тэгтэл тэр гараа тавихгүй чангалаад байхаар нь би тавиулах гээд тэмцэж байтал бид хоёр цугтаа цементэн зам дээр унасан ба тухайн үед У- нүүрээрээ би гар хөлөөрөө унаж шалбарсан. Тэгээд арай хийж У.У-аас салаад У.У-ыг согтсон байна гэж бодоод нэг цагаан өнгийн Камеры маркийн машинд суулгах гээд Б.Б- бид хоёр ноцолдоод арай хийж суулгасан ба суулгачихаад хаалгыг хаагаад буцаад эргээд явах гэж байтал У.У- нь араас гарч ирээд миний толгойн ар дагз хэсэгрүү хатуу зүйлээр цохисон ба тэгэхээр нь би доош суугаад толгойн ар хэсгийг гараараа тэмтэрч үзэхэд миний толгойн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд Б.Б- бид хоёрыг аваад эмнэлэг явсан юм. Тэгээд эмнэлэг дээр очиход 103-ын эмч цагдаад дуудлага өгсөн.
Би 2025 оны 08 дугаар сарын 29-ний шөнө У.У-аар зодуулчихаад эмнэлэг дээр очиж шархандаа оёдол тавиулж, цэвэрлүүлж боолт хийлгэсэн, мөн рентигенд үзүүлсэн, 2025 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд амралтын өдөр байсан тул гадуур хувийн эмнэлгээр боолт хийлгүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэгдсэн эмнэлгийн боолтын тасагт боолт хийлгүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгдсэн эмнэлгийн боолтын тасагт боолт хийлгүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэгдсэн эмнэлгийн боолтын тасагт боолт хийлгүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэгдсэн эмнэлгийн боолтын тасагт оёдлын утсаа авахуулсан ба өөр нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн зүйл байхгүй.
Миний биеийн байдал хэвийн байгаа надад одоо өвдөж зовох зүйл байхгүй. Би У.У-аас хохиролын мөнгө гэж 2 сая төгрөг авсан ба энэ нь миний өмсөж явсан хувцас цус болоод ашиглах боломжгүй болсон мөн эмчилгээний зардалын нийт дүн юм. У.У- надад уг мөнгийг дансаар шилжүүлж өгсөн болно. Одоо У.У-т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр хоорондоо эвлэрсэн ба У.У- надаас уучлалт гуйсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ..... сумын 7-р багт амьдардаг юм. 2025 оны 08 дугаар сарын 29-ний шене найзынхаа 58-54 УВС гэсэн дугартай цагаан өнгийн Камеры маркийн машинтай Шинэ-..... төвийн урдуур явж байтал манай найз У.У- нэг залуутай маргалдаад барьцалдчихсан байсан. Тэгэхээр нь би яваад очиход манай найз нөгөө залуугийн толгойны арын дагз хэсэгрүү нь утсаараа цохиод нөгөө залуугийн толгойн ар хэсгээс цус гарчихсан нөгөө залууг нь харахад манай сургуулийн нөгөө ангийг төгссөн Б.А- байсан. Тэгээд эмнэлэг дуудах гээд байж байхаар нь би эмнэлэг дээр хүргэж өгсөн ба миний машины ард сууж явсан учир арын суудал нэл цус болсон байсан. Намайг Б.А-, У.У- нар дээр очиход хоёулаа нэлээн согтуу байсан юм. Би У.У-, Б.А- нартай архи уусан зүйл байхгүй тэд нар намайг байсан гэж андуурч байгаа байх би сүүлд тэр хоёрыг барицалдаад ноцолдож зодолдож байхаар нь очиж салгах гээд очиход У.У- Б.А-гийн толгойн ар хэсэг дагзруу нь өөрийнхөө гар утсаар цохиод толгойг нь хагалаад цус гаргачихсан байсан. Тухайн үед У.У- нь хар өнгийн утсастай явсан ба маркийг нь мэдэхгүй. У.У-, Б.А- нар ямар асуудлаас болж маргалдсныг нь мэдэхгүй тэр хоёроос энэ талаар асуугаагүй болно. Намайг очиход У.У-ын нүүр нь хавдчихсан, улаачихсан байсан харин Б.А-гийн толгойн ар хэсэг дагзнаас цус гарсан өмд нь цус болчихсон цээж нүцгэн байсан ба тэр хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал);
7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал);
8. Шүүгдэгч У.У- өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаартай: “Үзүүлэгч Б.А-гийн биед дагзны зүүн дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн чихний урд дунд хэсэг, уруулын зүүн булан, зүүн хацарт, хүзүүний баруун хэсэг, баруун дал, бугалганы гадна доод хэсэг, сарвууны ар хэсэгт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 5-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дагзны зүүн дээд хэсгийн хуйханд язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-ээр хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч У.У- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхзулын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд гараараа хэд хэдэн удаа цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Шүүгдэгч У.У- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч У.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Шүүгдэгч У.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
13. Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд “Би У.У-аас хохиролын мөнгө гэж 2 сая төгрөг авсан ба энэ нь миний өмсөж явсан хувцас цус болоод ашиглах боломжгүй болсон мөн эмчилгээний зардалын нийт дүн юм. У.У- надад уг мөнгийг дансаар шилжүүлж өгсөн болно. Одоо У.У-т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр хоорондоо эвлэрсэн ба У- надаас уучлалт гуйсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 295,924 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 85 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч У.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч У.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч У.У-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч У.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч У.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч У.У- түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч У.У-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
8. Шүүгдэгч У.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт У-гийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч У.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ