| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04880/И |
| Дугаар | 183/ШШ2023/01389 |
| Огноо | 2023-04-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2023/01389
2023 оны 04 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2023/01389 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 305 тоотод оршин суух, А овогт Э М /РД:ДЮ**********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймаг, тоотод оршин суух, Б овогт Б Б /РД:ОР*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.М,
Хариуцагч Б.Б /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Б.Б тэй 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Б.Э 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж, мөн худлаа ярьдаг зангаас нь болж 2015 оны 2 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Б.Э нь энэ жил 3 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Э-т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Б.Б-тэй 2013 онд танилцсан, тэгээд намайг жирэмсэн байх хугацаанд нэг эмэгтэй залгаад эхнэр нь гэсэн. Тэгээд хамт амьдрах боломжгүй болж, тусдаа амьдарсан. Хариуцагчийн аав, ээж хоёр нь нэг ч удаа холбогдож байгаагүй. Би мөнгөгүй ч гэсэн хүүхэдтэйгээ уулзахаар хүрээд ир гэхэд хариуцагч ерөөсөө ирдэггүй. Хоолны мөнгөгүй байна гэхэд мөнгө өгдөггүй байсан. Манай эгч надад хэлсэн одоо хүүхдийн тэтгэмж ав гэсэн бөгөөд би 7-8 жил мөнгө нэхэмжлэхгүй, өөрөө л болгож явсан. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, одоо хүүхэд том болоод хэрэгцээ, зардал нэмэгдэж байна гэв.
2.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Надад очих сэтгэл байсан, хааяа очдог байсан. Тэгээд яагаад очихоо больсон бэ гэвэл өөр хүнтэй болсон гэж сонссон. Тэгээд би одоо хайгуулын ажлаа хийгээд явж байна. Гэтэл нэхэмжлэгч нь намайг алга болчлоо гээд байгаа нь үндэслэлгүй, хөдөө байнга яваад байгаа болохоор л гэртээ хаягтаа байхгүй байсан байх. Миний хүүхэд байгаа гээд санадаг, уулзана гэж бодож байгаа. Хүүдээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Б.Э-ийн эрүүл өсч бойжиж буй тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Э-ийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2-6-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.
3.ХариуцагчБ.Б нь хүү Б.Э-ийг өөрийн хүү мөн болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Э.М,Б.Б нар нь 2013 онд танилцаж, 2014 оноос 2015 оны хооронд хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан №11250009 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 5-р хуудас/
4.2.Нэхэмжлэгч нь хүү Б.Э-ийг өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь хүү Б.Э-ийн асрамжийн талаар маргаагүй.
4.3.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Э.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагчБ.Б-гээс шаардах эрхтэй, хариуцагч Б.Б нь хүү Б.Э-ийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
4.4.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Б-гээс хүү Б.Э-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
Хэдийгээр талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байгаа гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн аль нь хүлээх ёстой.
5.1.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.М нарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Эийг эх Э.Мгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б овогт Б Э 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.М-д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.М нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.М-д тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч Б.Б-гээс 70 200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН