Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/03284

 

 

 

2023 оны 10 сарын 19 өдөр                     Дугаар  183/ШШ2023/03284                          Улаанбаатар хот

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Холбооны Бүгд Найрамдах Герман Улс,  16 тоотод оршин суух, С /РД:*******/,

Нэхэмжлэгч: Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, 16 тоотод оршин суух, А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 117 тоотод оршин суух, Б овогт Э.З /РД:******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56 000 евро буюу 214 526 480 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.К, А.К нар нь Э.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 000 евро буюу 214 526 480 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Э овогтой З нь Герман улс,16 тоотод оршин суугч А.К, С.К нараас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 34 782 евро, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100 000 евро нийт 134 782 евро аваад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 77 474 евро буцаан төлсөн. 2022 онд Хан-Уул дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч хариуцагч нь шүүх дээр ирээгүй 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 00149 тоот баримтаар эвлэрүүлэн зуучлалаас татгалзсан хариу авсан. Нэхэмжлэгч А.К хавдар өвчний улмаас эмчилгээ хийлгэж биеийн байдал сайн биш байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгснөөс хойш 20 000 000 төгрөгийг авсан. Одоо 56 000 евро буюу монгол мөнгөөр ханш 3830 төгрөгөөр тооцож, 214 526 480 төгрөг төлөх үлдэгдэлтэй, зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөгдөх хүүтэй байсан боловч өгсөн мөнгөө хариуцагчаас гаргуулж авахыг хүсч байна. Иргэн Э.З нь гадаад иргэнээс их хэмжээний мөнгө зээлэн итгэл эвдэж, одоо төлөх мөнгө алга гэх бөгөөд Өмнөговь аймгийн Цагаан хад боомтод үйл ажиллагаа явуулдаг компанитай гэх ба мөнгийг бага багаар цувуулан хэдэн төгрөг төлөх тал дээр ч тохиролцохыг хүсдэггүй, нэхэмжлэгчдийг хохироон өдий хүрч байгаа болно. Иймд зээлийн үлдэгдэл 214 526 480 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. А К бол Герман хүн. С гэх Монгол хүнтэй гэрлэсэн. 2017 оноос эхлэн хариуцагч нь нэхэмжлэгч нараас мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьж байсан. Эхлээд 34 782 евро зээлсэн. Энэ мөнгөө гэрээ байгуулаагүй өгсөн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100 000 еврог зээлийн гэрээ байгуулан хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр 133 000 евро гэсэн байгаа. Энэ мөнгөнөөс еврогоор буцаан төлж байсан баримтуудыг өгсөн. Нийт 73 000 евро төлсөн байсан. 56 700 гаруй евро үлдсэн. Манайхаас 56 000 евро болгон нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 3 830 төгрөгөөр тооцож 214 526 480 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хугацаанд хоорондоо ярилцдаг, чатаар харилцдаг байсан. Мөнгийг төлнө, эвлэрнэ гэдэг боловч өгөөгүй. Эвлэрэх саналыг анх манай тал тавьсан. Өнөөдрийг хүртэл эвлэрэх саналаа тавьсаар л байсан. Графикийн дагуу 100 000 еврогоо 171 843 евро болгон төлөх ёстой байсан. Манай тал энэ хүүнээс нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч хорт хавдартай болсон. Биеийн байдал нь маш хүнд байгаа. Хариуцагчид хэлж байгаад 30 000 000 төгрөг авсан. 71 843 төгрөг нь хүү бөгөөд энэ мөнгөө нэхэмжлэхээ больё гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээрээ он гараад эхний улиралд төлж барагдуулна гэвэл манайхаас эвлэрэх боломжтой. Манай тал хүүгээ нэхэмжлээгүй, мөн хохирол байсан ч нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч нар Монгол хүнд мөнгө зээлсэн мөн хэрэг маргааныг Монгол улсын шүүх шийдвэрлэж байгаа учраас нэхэмжлэл гаргах үеийн ханшаар монгол мөнгөөр нэхэмжилж байгаа. Тиймээс нэхэмжлэгч нарын нөхцөл байдлыг харгалзан зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл болох 56 000 еврог монгол мөнгөөр тооцоод 214 526 480 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь тухайн зээлийн гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн, мөн ханшийн зөрүүнээс манайд ч хохирол учирсан, хүүгээ ч манайх нэхэмжлээгүй байгаа гэв.

 

 2.Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд С К болон А К-ээс нараас хандан Э.З-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 000 евро буюу 214 526 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э.З миний бие нь нөхрийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Таван толгой ХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2019 оны 12 дугаар сар хүртэл хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч С.К болон А.К нараас нийт үнийн дүнгээр 2018 оны 3 дугаар сард 134 000 евро буюу тухайн үеийн ханш 2954-аар 395 836 000 төгрөг зээлийн гэрээ байгуулан авсан нь үнэн болно. Харин 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн дэлхий нийтэд тархаад буй Сovid-19 Короновирусын улмаас Монгол улс хилээ хааж дотооддоо хөл хорио тогоосноос болж тухайн төслийн үйл ажиллагаа доголдож зогсож өнөөдрийг хүртэл манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар өдийг хүргэсэн болно. Энэ нөхцөл байдал нь нийтэд илэрхий болсон гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болсон тул гэрээний хариуцлагаас хуулийн дагуу чөлөөлөгдөх зохицуулалттай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Э.З миний бие нь өөрийн бүхий л нөөц боломжийг ашиглан 78 000 евро буюу 230 412 000 төгрөгийг эргүүлэн төлөөд байна. Үлдэгдэл төлбөр болох 56 000 еврог өнөөдрийн вальютын ханшаар 3836 төгрөгөөр 214 526 480 төгрөгөөр бодсон нь хэтэрхий өрөөсгөл байгаа бөгөөд дээр дурьдсан шалтгааны улмаас төлбөр төлөхөд нилээдгүй хүндрэлийг үзүүлж байна. Иймд Э.З миний бие нь валютын ханшийн зөрүүг харилцан тохиролцож дундаж ханш бодож эвлэрлийн гэрээ байгуулан график гаргаж хувиарын дагуу төлөх саналтай байна гэжээ.

 2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрч байгаа, эвлэрч болно. Мөнгө зээлсэн, эргүүлэн төлсөн, одоо үлдэгдэл нь 56 000 евро байгаа талаар маргаангүй. Харин еврогоор зээлсэн мөнгөө яагаад монгол мөнгөөр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Авсан мөнгө өгсөн мөнгө дээрээ ямар нэгэн маргаан байхгүй учраас 56 000 еврог өгч болно. Гэтэл нэхэмжилж байгаа 56 000 еврогоо монгол мөнгөөр нэхэмжилсэн. Тухайн зээл өгсөн үеийн ханшаар бодож нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээ хийх үед евро 2 730 төгрөг байсан байх. Тэр ханшаар нь нэхэмжлэх нь зүйтэй. Зээл өгөх үеийн ханшаар тооцохоор 152 745 218 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүн дээр эвлэрэхэд хариуцагч талд татгалзах зүйлгүй, төлье гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбарууд, Зээлийн гэрээ, мөнгө авсан өгсөн баримтууд, Л.С-д олгосон итгэмжлэл /хэргийн 3-29-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Ц.Т-т олгосон итгэмжлэл /хэргийн 43, 53-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Э.З-тай зээлийн гэрээ байгуулж, нийт 134 782 еврог зээлсэн бөгөөд 77 474 евро, 20 000 000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэх 56 000 еврог өгөөгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 56 000 евро буюу 214 526 480 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч А.К, С.К нартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, 77 474 евро, 20 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 56 000 еврог буцаан өгөөгүй байгаа талаар маргаагүй, уг 56 000 еврог зээлийн гэрээ байгуулах өдрийн еврогийн ханш болох 2 730 төгрөгөөр тооцож 152 745 218 төгрөгийг буцаан төлнө, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ханшийн зөрүү гарч байна гэж үгүйсгэсэн.  

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч С.К, А.К нар нь хариуцагч Э.Зд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 34 782 еврог зээлж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 100 000 еврог 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 103 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, төлөвлөгөө, дансны хуулга болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.

 

5.Талууд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаараа маргаагүй, үлдэх 56 000 еврог нэхэмжлэл гаргах үеийн эсхүл зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар төлөх талаар маргаж байна.

6.Нэхэмжлэгч нар нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 34 782 евро, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний дагуу 100 000 еврог хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч нь дээрх 134 782 еврог хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

6.2.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Зд шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл мөнгөн хөрөнгийг хүлээн аваад 56 000 еврог буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй, хариуцагч нь мөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно.

 

6.3.Нэхэмжлэгч нь 56 000 еврог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу Монгол банкны ханшийн лавлагаагаар 3 830,83 төгрөгөөр тооцож, нийт 214 526 480 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь 56 000 еврог зээлийн гэрээ байгуулагдсан үеийн 2017 оны ханшаар буюу 2730 төгрөгөөр тооцож 152 745 218 төгрөгийг төлнө гэж маргасан.

 

7.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь 56 000 еврог нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 5 сарын ханшаар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.  

7.1.Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байх бөгөөд “үүрэг үүсэх үеийн ханш” гэж талуудын хооронд гэрээ байгуулах үеийн ханш гэж ойлгох боловч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа буюу төлбөр гүйцэтгэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчийн зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 56 000 еврог 2730 төгрөгөөр тооцож төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

 8.Иймд хариуцагч Э.З-аас зээлийн гэрээний үүрэгт 56 000 евро буюу 214 526 480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.К, А.К нарт олгохоор шийдвэрлэв.

 

 9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.К, А.К нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 230 582 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 230 582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.К, А.К нарт олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа өмгөөлөгчтэй оролцох байсан байна гэсэн боловч тус дүүргийн шүүхээс хариуцагч Э.З-д нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргуулж, эрх үүргийг тайлбарласан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-т хэргийн оролцогч нарын эрх үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нээлттэй байсан, уг эрхээ хэрэгжүүлээгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.З-аас зээлийн гэрээний үүрэгт 214 526 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.К, А.К нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.К, А.К нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 230 582 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 230 582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.К, А.К нарт олгосугай.

                                                                                                              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН