Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Б, шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Э-ы С-д холбогдох эрүүгийн 2535000000230 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............-нд Увс аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник-технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш ургийн овогт Э-ы С-, (регистрийн дугаар: ............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд “Toyota corolla axio” загварын …… улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд “Toyota corolla axio” загварын …… улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6 дахь тал);

3. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Э.С-гийн согтуурал шалгасан тэмдэглэл /3,28% промиль/, гэрэл зураг, согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 7-9 дэх тал);

4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ГХЗ/49 дугаартай гүйцэтгэх хуудас, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/119 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 15-18 дахь тал);

5. Э.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 19 дэх тал);

6. Гэрч С.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 24-ний орой 20 цагаас 25-ны өдрийн 03 цаг хооронд Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 22 цаг өнгөрч байхад Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын замд .... улсын дугаартай гэрлээ асаагаагүй тээврийн хэрэгсэл явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Э.С- гэх эмэгтэй уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байдалтай байхаар нь цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгахад 3.28% промиллын согтолттой байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31 дэх тал);

7. Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цаг 30 минутаас 25-ны өдрийн 07 цаг 30 минутын хооронд замын цагдаагийн тасгийн шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 22 цаг өнгөрч байхад тус цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Л-ын хамт замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажиллаж байхад ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр гэр хорооллын замд ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрлээ асаагаагүй замын хөдөлгөөнд оролцож байсан тул тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Э.С- гэх эмэгтэй нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байдалтай байхаар нь цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгахад 3.28% промиллын согттолтой байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 33 дахьтал);

8. Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн найз болох Э.С-гийн хамт түүний ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй түүний машин дотор юм ярьж сууж байгаад дэлгүүр ороод 0.75 литрийн нэрийг сайн санахгүй байна нэг шил архи, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пивыг ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн хороонд гэр хороолол дотор зогсоод тухайн архи, пиво уусан. Тухайн үед би машины ард талын суудал дээр тасраад унтсан байсан бөгөөд нэг мэдэхэд цагдаа нар машиныг зогсоож шалгаж байсан. Э.С- жолооны ард сууж байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 35 дахь тал);

9. Шүүгдэгч Э.С-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Э.С- нь урьд “2025 оны 01 дүгээр сарын 11-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota corolla axio” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/119 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж,  2025 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, сүүлийн зөрчил үйлдэгдсэн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 5 сар 3 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Шүүгдэгч Э.С- нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний орой Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд “Toyota corolla axio” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARSC-0143” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Э.С-гийн амьсгал дахь спиртийн агууламж 3.28 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 09-12 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.С- согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Э.С- тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Э.С-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Э.С- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Э.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Прокуророос шүүгдэгч Э.С-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Э.С-д танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэмлэх нь зүйтэй.

7. Шүүгдэгч Э.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Э-ы С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай

6. Шүүгдэгч Э.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ