Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 14/2023/0002/З |
Дугаар | 114/ШШ2023/0005 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 114/ШШ2023/0005
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2023/0002/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* би ******* сүмийн хуучин дархан цуглаан шашны байгууллагын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сүмийн хуучин дархан цуглаан шашны байгууллагаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн газрын эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01А/14 захирамжаар сэргээсэн байсан бөгөөд бид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцсан. Нэхэмжлэгчийн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01А/14 захирамжаар хангагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* сүмийн хуучин дархан цуглаан шашны байгууллагаас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу “Хариуцагч нь нэхэмжлэгчийн газрын эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01А/14 захирамжаар сэргээсэн байсан ба энэ захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцаж мэдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01А/14 захирамжаар хангагдсан” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч ******* сүмийн хуучин дархан цуглаан шашны байгууллагын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2023/0002/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Христийн хожмын гэгээнтнүүдийн сүмийн хуучин дархан цуглаан шашны байгууллагаас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА