Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 189

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Мэндсайхан,

Шүүгдэгч Э.Мөнхбадрал, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гөрөөчин овогт Эрдэнэцэцэгийн Мөнхбадралд холбогдох эрүүгийн 201726020548 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1978 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 49 дүгээр байрны 79 тоотод амьдардаг, урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр 5 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 302-ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасч, үлдэх 5 сар 5 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Эрдэнэцэцэгийн Мөнхбадрал /РД:УО78093015/.

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Мөнхбадрал нь ялтай байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 016 дугаар байрны орчим иргэн М.Гэрэлцогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрлүү нь цохиж иргэн М.Гэрэлцогтын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Мөнхбадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй болно” гэв.

 

Хохирогч М.Гэрэлцогт мэдүүлэхдээ: “…2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим би ажлынхаа газрын Баярмагнай, Гандөл нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар сургуулийн зүүн талд 19 дүгээр байрны зүүн урд талд дуудлагаар айлруу явж байсан чинь урдаас нэг залуу хүрч ирсэнээ муу банди нар манай тогийг тасалчихлаа тогоо буцааж залга гэхээр нь би цахилгааны мөнгөө өгсөн юм уу дуудлагаа өгсөн юм уу гэсэн чинь уурлаад нүд сохлоно шүү гээд хуруугаар хацар дээр майжчихлээр нь би цааш нь түлхчихээд 016 дугаар байрны 01 тоотруу дуудлагын хаягруу ороод байж байсан чинь араас нөгөө залуу хүрч ирснээ намайг ажил хийлгэхгүй хэрүүл хийгээд надруу дайраад мөрлүү цохиж авсан. Тэр үед Гандөл, Магнай хоёр нөгөө хүнийг болиулаад байсан. Тэгээд 016-23 тоотруу дуудлагатай байхаар тэр хаягруу очсон чинь нөгөө маргалдаад байсан залуугийн гэр байсан. Тэгээд би орцонд нь тогийг залгаад гэрийнх нь хаалгыг тогшсон чинь нэг жаахан охин онгойлгохоор нь тог чинь ирсэн үү гэсэн чинь цаанаас нөгөө маргалдсан залуу хүрч ирсэнээ намайг нүүрлүү 2-3 удаа цохисон. Тэгэхлээр нь би зууралдаад миний цүнхний оосор тасарчихсан чинь нөгөө залуу цааш нь аваад орцоор гарахаар нь би араас нь цүнхээ авах гээд гарсан чинь орцны үүдэн дээр намайг гараараа миний нүүрлүү нэг удаа цохисон. Тэгтэл хамарнаас цус гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаадгийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Мөнхбадрал надад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ. /хх 13/

 

Гэрч П.Хишигдулам мэдүүлэхдээ: “..2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь 16 цагийн орчим манай том охин М.Сарнай /12 настай/ надруу утсаар яриад ээжээ аав хүнд зодуулчихлаа гэхлээр нь би хаана гэсэн чинь гэрийн гадаа гэсэн. Тэгэхлээр нь би ажлаасаа гараад шууд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 016 дугаар байрны 02 дугаар орцны гадаа яваад очсон чинь Мөнхбадрал нэг бүдүүн том биетэй залуутай барьцалдчихсан зогсож байсан. Тэгэхлээр нь боль гээд салгах гээд байж байсан чинь хоёр цагдаа ирсэн. Тэр үед би ажилруугаа яараад буцаад явсан...” гэжээ. /хх 14/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2542 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Гэрэлцогтын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. М.Гэрэлцогтын хамарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 16/ 

 

Шүүгдэгч Э.Мөнхбадралын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25, 27/

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоол /хх 42-47/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ялаас өршөөн хасах тухай 302-ө дугаартай захирамж /хх 48-49/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай 32 дугаартай захирамж /хх 50-51/

Хохирогч М.Гэрэлцогтод учруулсан гэмтлийн гэрэл зураг /хх 52/,

Хохирогч М.Гэрэлцогтын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст гаргасан “Э.Мөнхбадралтай сайн дураар харилцан зөвшилцөж эвлэрсэн тул хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт /хх 55/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Мөнхбадрал нь ялтай байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 07-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 016 дугаар байрны орчим иргэн М.Гэрэлцогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрлүү нь цохиж иргэн М.Гэрэлцогтын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Гэрэлцогт /хх 13/, гэрч П.Хишигдулам /хх 14/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2542 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16/, шүүгдэгч Э.Мөнхбадралын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25, 27/, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоол /хх 42-47/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ялаас өршөөн хасах тухай 302-ө дугаартай захирамж /хх 48-49/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай 32 дугаартай захирамж /хх 50-51/, хохирогч М.Гэрэлцогтод учруулсан гэмтлийн гэрэл зураг /хх 52/, хохирогч М.Гэрэлцогтын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст гаргасан “Э.Мөнхбадралтай сайн дураар харилцан зөвшилцөж эвлэрсэн тул хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт /хх 55/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

     Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд шалгагдсан байх тул шүүгдэгч Э.Мөнхбадралыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Э.Мөнхбадрал нь учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

     Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн хүсэлт /хх 55/ зэргийг харгалзан шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч М.Гэрэлцогт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гөрөөчин овогт Эрдэнэцэцэгийн Мөнхбадралыг ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Гөрөөчин овогт Эрдэнэцэцэгийн Мөнхбадралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Э.Мөнхбадрал нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч М.Гэрэлцогт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнхбадралын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ