Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/803

 

      2021           9            9                                            2021/ДШМ/803                                

 

 

     Г.Бад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бад холбогдох эрүүгийн 2108000000836 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

             Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” амралтын газарт иргэн Д.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү нь гараараа хоёр удаа цохиж, биед нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Баас 3,630,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн нотлох баримтаар үнэлсэн дээрх хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан Орбита эмнэлгийн гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх ба өөрөөр хэлбэл, хохирогч Д.Бгийнх гэдэг нь тус баримтаас харагдахгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж, нүд нь хүний чухал эрхтэн гэдгээр зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Тиймээс хохиролд 3,630,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгуулахаар шийдвэрлэсэн тогтоолын заалтад өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Учир нь, хохирогчийг анх эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад гарсан зардал 100,000 төгрөгийг төлсөн байдаг ба шүүх хуралдааны дараа хавтаст хэрэгт авагдсан /хх 51/ 130,000 төгрөгийг мөн төлсөн байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Цаашид гарах зардлыг хохирогч Д.Б нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх талаар тогтоолд зааж өгсөн. Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Г.Бын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байгаа ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө ч илэрхийлсэн байгаа бөгөөд тэрээр анх удаа тохиолдлын нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна. Тэгтэл анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдаагүй гэдэг үндэслэлээр Г.Бад Өршөөлийн хуулийг хэрэглээгүй нь шүүх хэтэрхий нэг талыг баримталж нүд чухал эрхтэн гэдэгт хэт автаж хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтыг үнэлж 3,500,000 төгрөг төлөөгүй, төлөхгүй гэснээр дүгнэлт хийсэн нь буруу болсон. Миний үйлчлүүлэгч Г.Б нь хохирлыг төлөхгүй гээгүй харин үндэслэлтэй баримтыг үндэслэж гарсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Г.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж түүний 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Б 3,500,000 төгрөгийн хагалгааны зардлыг 1 дүгээр эмнэлэгт үнэгүй хийдэг. “Үнэгүй эмчилгээний зардлыг заавал авах гэж байна” гэж ярьдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчимд нийцэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын асуудлыг шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2, 5.1 дүгээр зүйлд заасан зарчмыг хангасан байх ёстой гэж дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугийн хувьд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан хохирлыг нөхөн төлөх эсхүл нөхөн төлөхөө илэрхийлнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч Г.Бын хувьд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос гаргаж өгсөн 130,000 төгрөгийн бодит зардлыг төлсөн. Харин 3,500,000 төгрөгийг төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” амралтын газарт иргэн Д.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү нь гараараа хоёр удаа цохиж, биед нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Бгийн “... 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын өргөө” амралтын газарт 1 шил архи хамт уугаад сууж байтал Б намайг “Поос 25,000 төгрөгийн бараа зээлсэн байна” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Б намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдсан. Бид хоёрыг хэрэлдэж байхад Б зүүн гараараа миний баруун нүд рүү цохисон. Миний нүд хөхөрч хавдаад, цус гарахаар нь би эхнэрээ дуудаад удалгүй эхнэр намайг ирж авсан. ... Ухархайн дотор хана нөхөн сэргээх мэс заслын төлбөр 3,500,000 төгрөг болон эмнэлэгт шинжилгээ хийлгэж зарцуулсан мөнгийг Б гэх хүнээс нэхэмжилж байна. ...” /хх 7-8, 48/ ,

 

гэрч Д.Пын “... Б 23 цагийн орчимд ирээд намайг авч яваад хот орохдоо манай гэрийг мэдэхгүй, мөн би замдаа машинд унтчихсан байсан болохоор Б намайг буцаагаад “Хаадын өргөө” амралтын газарт аваачаад тэндээ хоносон. Өглөө нь бид дөрөв үлдсэн архиа уусан. ... тэгээд Б “Пүүжээгийн чамд өгсөн микро сайн байсан шүү” гэж хэлэхэд Б “би тэр машиныг авснаас хойш зөндөө юм нэмж хийсэн” гэж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед би Быг “чи одоо эндээс яв, би эндээ амарч байгаад удахгүй явна” гэж хэлэхэд Б гэрээс гарсан. Би их хэмжээний архи уусан байсан болохоор унтсан бөгөөд тухайн үед юу болсныг санахгүй байна. 18 цагийн үед сэрээд харсан чинь Б цус болчихсон байсан. ... би сэрээд юу болсон талаар асуухад Б Б нь цохисон, харин Э Бг хамгаалсан гэж ярьсан байсан. ...” /хх 20/,

 

гэрч М.Эийн “... архи ууж байхад найз Пыг дагаж ирсэн Баагий, Буянаа хоёр “манай найзын өгсөн микро автобус сайн, муу” гэх зэргээр хэрэлдээд байсан. Түүнээс болж хоорондоо зодолдсон. Би тухайн үед бие засчихаад орж ирэхэд Баагийгийн хамраас цус гарсан байхаар нь би “яагаад зодолдоод байгаа юм, боль” гэж хэлээд хоёр талын ор руу суулгасан. Баагий эхнэрээ дуудаад, эхнэр нь ирж гэмтлийн эмнэлэг рүү Буянаатай хамт аваад явсан. ...” /хх 72-73/,

 

гэрч Б.Бийн “... 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Б залгаад “би “Хаадын өргөө” амралтын газарт хүнд зодуулчихлаа, намайг ирээд авчих” гэхээр нь би явж очтол нөхөр Бгийн хамарнаас цус гарсан, нүд нь хавдсан байсан. ... тэгээд манай нөхрийг цохисон залуу над дээр ирээд “би танай нөхрийг цохичихсон юм, бүх буруугаа өөрөө хүлээнэ” гэж хэлэхээр нь би “манай нөхрийг очиж эмнэлэгт үзүүл” гэж хэлээд нөхөр Б болон нөхрийг зодсон эрэгтэй хүнтэй хамт гэмтлийн эмнэлэг орж компьютер томографикт харуулсан. Нөхрийг зодсон эрэгтэй хүн сорвины тос авч өгөөд, компьютер томографийн төлбөрийг төлөөд салсан. ...” /хх 79/,

 

Г.Бын яллагдагчаар өгсөн “... өөрийн тээврийн хэрэгсэлтэй Пыг авахаар “Хаадын өргөө” амралтын газарт очиход Б, П, Э нар архи уусан. ... Б, П, Э нартай хувааж уугаад хоорондоо юм ярилцаад сууж байтал Б миний унаж ирсэн тээврийн хэрэгслийг харчихаад “чиний унаж байгаа энэ машинд нэмж хийх юм байхгүй, гоё микро байсан юм, чи энэ машиныг хямдхан авчихаад баахан засвар хийчихсан байна” гэхээр нь би “энэ наймаа П бид хоёрын дунд болсон, одоо бид хоёрын асуудалд битгий оролцоод бай” гэж хэлсэн. ... хоорондоо маргалдаад байж байтал Б орноосоо босож ирээд намайг хөөж гүйгээд байхаар нь би зугтааж байгаад баригдсан. Тэгээд Б намайг заамдаж аваад, цохих гээд байхаар нь би Бгийн баруун нүд рүү нь зүүн гараараа нэг удаа цохисон. Намайг тавихгүй байгаад байхаар нь зүүн гараараа баруун хацар руу нь нэг удаа цохисон. Би ариун цэврийн өрөө орчихоод буцаад орж иртэл Бгийн хамраас цус гарчихсан, эхнэрээ дуудчихсан гэж хэлсэн. ... компьютер томографикт болон эмчийн бичиж өгсөн эмийн төлбөрийг төлөөд гэрт нь хүргэж өгөөд салсан. Одоо Бгийн хагалгаанд шаардлагатай эмчилгээний зардлыг барагдуулаагүй байгаа ...” /ххх 62-63/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4344 дугаартай “Д.Бгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 12-13/,

 

Хохирогч Д.Бгаас ирүүлсэн өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд /хх 51-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүдэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Харин анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг хохирогчид нөхөн төлөөгүй, улмаар хохирогчийн нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг нөхөн төлөхгүй, зөвхөн хохирогчид бодитой учирсан 130,000 төгрөгийг төлнө гэж маргасан нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзээд Г.Бын үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан 130,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, зөвхөн хохирогчоос нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “... учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...” гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохиролд 130,000 төгрөгийг төлсөн, цаашид үндэслэл бүхий баримттай хохирлын мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан “... анхан шатны шүүхээс хохиролд 3,630,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангасан төдийгүй “Орбита” эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон “... ухархайн дотор хана нөхөн сэргээх мэс засал шаардлагатай ...” эмчилгээ нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан “... баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт ...” гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчээс хагалгааны 3,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнхандын хохирлын мөнгөн дүнд өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шанхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ