| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/214 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-гийн Ө-ид холбогдох эрүүгийн 25350015100218 дугаартай хэргийг 2025 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ………-нд Увс аймгийн .... суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …… нарын хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын .... багт оршин суух (Увс аймгийн ..... сум, …. багт түр оршин суудаг), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Х овогт Б-гийн Ө- (регистрийн дугаар: .......);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Увс аймгийн ..... сумын … дугаар баг, ....... гол гэх газарт хохирогч Ч.Б-ын нүүр тус газарт чулуугаар нэг удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Увс аймгийн ..... сумын … дугаар баг, ....... гол гэх газарт хохирогч Ч.Б-ын нүүр тус газарт чулуугаар нэг удаагийн үйлдлээр цохисон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал);
2. Хохирогч Ч.Б-ын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал);
3. Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн ..... сумын ....... хамт амьдардаг юм. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 09-ний өглөө үүрээр .... аймагт очиж шугамын ажлын явц байдлыг харчихаад хариу тэр өдрөө гараад 2025 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчим .....д орж ирсэн. Тухайн үед би Б- гээд хамт ажилладаг хүнтэйгээ хамт явсан. Тэгээд гэртээ очиход хүн байгаагүй манайх зун ....... голд гэр барьсан ба би тэр гэр дээрээ очсон. Гэрт хүнгүй болохоор буцаад явж байтал нэг машины 2 хаалга нь онгорхой байхаар нь гэрэл тусгатал миний машин байсан тэгэхээр нь тэр машин дээр яваад очтол манай эхнэр жолоочийн суудал дээр харин нэг залуу машины арын суудал дээр өөр нэг залуу нь жолоочийн хаалга онгойлчихсон зогссон. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ цааш суу гээд нөгөө машины хаалга барьсан зогссон залуу түлхэж холдуулаад машиндаа суугаад хойш ухарч байтал нөгөө намайг зоддог Б.Ө- гэх залуу миний машины урд талын гуперийг өшиглөх шахсан тэгтэл надтай хамт явсан Б- тэр залууг болиулаад машинаас холдуулах гэтэл нөгөө Б.Ө-, Т.Э- гэх 2 залуу манай ажлын Б-тэй ноцолдоод зууралдаад эхлэсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход урдаас Б.Ө- гэх залуу нь орилж хүрч ирээд миний хамарлуу чулуутай гараараа байх цохисон юм. Би яг юугаар цохисоныг нь мэдэхгүй тэр залуу намайг цохихоос өмнө газар самарсан юм тэгэхдээ чулуу авсан байх. Тэгээд миний хамар луу тэр залуу цохисоны дараа миний хамараас цус гарч би машины алчуураар дараад машинтайгаа замруу гарч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж Б.Ө-, Т.Э- гэх 2 залууг авч явсан. Би эдгээр хоёр залууг урд өмнө нь таньдаггүй байсан. Харин сүүлд намайг зодоод надаас уучлалт гуйхаар ирэхэд нь нэрийн мэдэж авсан. Тухайн үед намайг Б.Ө- гээд тэр хоёр залуугийн арай өндөр туранхайн миний хамар луу цохисон нөгөө Т.Э- гэх залуу намайг зодсон зүйл байхгүй. Би чулуутай гараар цохисон гэж бодож байгаа. Намайг цохихыг манай эхнэр Д.А-, манай найз Б- нар харсан. Би тэр хоёр залууг цохиж зодсон зүйл байхгүй. ...Миний биеийн байдал хэвийн байгаа надад одоо өвдөж зовох зүйл байхгүй. Б.Ө- надаас уучлалт гуйсан. Одоо Б.Ө-ид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал);
4. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед байх манай найз Г- гэх эмэгтэй хотоос ирлээ уулзая гэсэн тэгэхээр нь би ....... голд байх гэрт өөрийнхөө машинаар ганцаар очсон. Тэгээд байж байтал араас миний танил залуу болох Т.Э- ирсэн намайг Г-гийн гэрт ороход Г- тал шил архи тавичихсан суусан ба тэр архинаас Т.Э- бид хоёр уугаагүй. Тэгээд Т.Э- дэлгүүр яваад 2,5 литрийн 2 том сав пиво, 1 шил 750 граммын архи авч ирээд тэр архи пиво бид нар хувааж уугаад юм ярьж байтал дахиад 1 шил архи авсан. Тэгээд тэр архиа уугаад сууж байтал Т.Э-ын садангийн гэх нэг залуу ирсэн ба сүүлд нэрийг нь мэдсэн ба нэрийг нь Б.Ө- гэдэг гэсэн тэр залуу орж ирээд бид нар 2025 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим байх би харих гээд машинтайгаа явах гэтэл намайг машинтай явуулахгүй гээд Б.Ө- машин дотор суучихсан харин Т.Э- миний суусан жолооч талын хаалган дээр байтал манай нөхөр хөдөөнөөс ирээд машинаас бууж ирээд намайг машинаас түлхэж буулгаад уурлаад угз таттал нөгөө Б.Ө- гэх залуу намайг өмөөрч түүнээс болоод манай нөхөр нөгөө Б.Ө- гэх залуутай маргалдаад хажуунаас нь манай нөхөртэй хамт явсан Б- орж ирээд маргалдаад барицалдаад эхэлсэн. Т.Э- тэд нарыг салгах гээд нөгөө хүмүүс барьцалдаад салж өгөхгүй тэгж байгаад Б.Ө- гэх залуу газраас нэг юм авах шиг болоод манай нөхрийн хамар луу цохиход манай нөхрийн хамраас цус гараад манай нөхөр машиндаа суугаад хамраас нь цус гарсанаа машины алчуураар дараад цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);
5. Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ..... суманд нүүж ирээд 3 жил орчим болж байна гэтэл 2025 оны 08 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим гэртээ байтал миний танил эгч болох Д.А- намайг дуудсан тэгэхээр нь би А- эгчийн байгаа газар буюу ....... голын дээд талд байх гэр дээр очсон юм. Намайг очиход Д.А- эгч нэг найзтайгаа суусан ба тэр хоёр 1 шил архи ууж байсан тэгээд тэрнээс нь би уулцаад сууж байгаад би дэлгүүр явж 2,5 литрийн 1 сав пиво авч ирээд ууж байгаад би садангийнхаа Б.Ө-ийг дуудахад Б.Ө- найзтайгаа машинтай ирсэн тэгээд дахин нэг шил архи авч ирээд тэр архиа бид нар ууж дуусаад байж байтал Д.А- эгчийн найз гэх эгч яваад өгсөн. Тэгтэл Д.А- эгч машинаа барьж явна гэхээр нь би бариулахгүй гээд машины жолооч талын хаалган дээр харин Б.Ө- машин дотор суусан тэгж байтал нэг машин ирээд Д.А- эгчийн нөхөр гэх хүн бууж ирээд Д.А- эгчийг нэг удаа алгадаад авахад манай найз Д.А- эгчийг өмөөрч та ингэж болохгүй гээд түүнээс болж маргаан үүсээд Д.А- эгчийн нөхөртэй хамт явсан Б- гэх ахтай Б.Ө- маргалдаад ноцолдоод эхэлхээр нь би очиж салгаад байж байтал араас Д.А- эгчийн нөхөр ирээд Б.Ө-тэй маргалдаад ноцолдож байгаад Б.Ө-, Ч.Б- ахын хамарлуу нэг зүйлээр цохих шиг болсон яг юугаар цохисныг нь би сайн хараагүй анзаараагүй. Тэгтэл Ч.Б- ахын хамраас цус гараад Ч.Б- ах эхнэрээ аваад машиндаа суугаад яваад өгсөн ба удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг авч явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал);
6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);
7. Шүүгдэгч Б.Ө- өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаартай: “Үзүүлэгч Ч.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн сарвууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжээч томилсон хүсэлтэд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)-ээр хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ө- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд гараараа хэд хэдэн удаа цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Шүүгдэгч Б.Ө- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Шүүгдэгч Б.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
13. Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд “Б.Ө- надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд би түүнд гомдолгүй. Цаашид нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй болно” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 85,000 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 90 дэх тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ө- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал)-аар тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч Б.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Б.Ө-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Б.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Ө-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Алтансүх түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Б.Ө-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
8. Шүүгдэгч Б.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ө-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ