Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01503

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр                         Дугаар 183/ШШ2023/01503                      Улаанбаатар хот

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 19 дүгээр хороо, 3б тоотод оршин суух, Д овогт С Ч /РД:НФ*********/-гийн,

Хариуцагч: Х дүүрэг, 3 дугаар хороо,  503 тоотод байрлах,  ХХК /РД:******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26 418 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х дүүрэг, 3 дугаар хороо, 503 тоотод байрлах, АН ХХК /РД:******/-ийн,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 19 дүгээр хороо, 3б тоотод оршин суух, Д овогт С Ч /РД:НФ********/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл 10 674 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.В,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч АН ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 26 418 150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.С.Ч би АН ХХК-ийн хэрэгжүүлж буй Х дүүргийн  нутаг дэвсгэрт баригдах орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 19004/0 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.  Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 7 давхрын 706 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 52 386 300 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд АН ХХК-ийн нэрийн Голомт банкны 129563 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “Гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” гэж заасан хэдий ч гүйцэтгэгч АН ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагч би гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй болно. Улмаар гүйцэтгэгч компани нь надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр “...гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж тантай байгуулсан гэрээний 1 мкв талбайн үнэ 990 000 төгрөгийг 800 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 790 000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг ирүүлснийг миний бие эс зөвшөөрч бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн. Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Монгол улсын хэмжээнд эрчим хүч, түлш, шатахуун, барилгын үндсэн матөриал /Жич: цемент, арматур, төмөр, тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн турба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш ессөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй.” гэж заасан хэдий ч уг гэрээ хэрэгжиж дуусах үе буюу 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, коронавирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “хэрэв гүйцэтгэгч гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас алдангид 1 хоногийн 52 836 төгрөг, нийт хугацаа хэтрүүлсэн 500 хоногийн алданги 26 418 150 төгрөгийг нэхэмжилж байна.

1.2.АН ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 194/01 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж гэрээний үнэ болох 52 836 300 төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн. Уг гэрээний дагуу орон сууц ашиглалтанд орох хугацаа нь 2020 оны 2 дугаар улирал байсан юм. Орон сууц захиалгын гэрээний үнийн тухайд бид АН ХХК-иас санал болгож буй үнийн дүнг зөвшөөрөөд л гэрээ байгуулсан. Тухайн үед Улаанбаатар хотод 100% төлөлтөөр захиалга авч буй орон сууцны үнэ ханш 880 000-аас 1 200 000 төгрөгийн хооронд л байсан. Тухайн үед энэ дүнгээр захиалга авч байсан яармагийн барилгын төслүүд болох Дээдсийн өргөө хотхон, Гарден вилла, Нүхт палас гэх мэт барилгын төслүүд бүгдээрээ л ойролцоо үнийн дүнгээр захиалга авч байсан. Одоо эдгээр компаниуд бүгд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж орон сууцны үнээ нэмэлгүйгээр оршин суугчдаа орон сууцандаа оруулсан. Миний хувьд АН ХХК-д итгэж найдан эдний компанийг сонгож гэрээ байгуулсандаа үнэхээр харамсаж байна. Тухайн үед бол байрны үнийг АН ХХК-иас санал болгосон дүнг зөвшөөрөөд л бид гэрээгээ байгуулсан ба гэрээнд м.кв тутмын үнийг 800 000 төгрөгөөр нэмэх ямар ч заалт байхгүй. Хэрэв үнийг нэмэх заалт байсан бол бид энэ компанийг сонгохгүй байсан. АН ХХК-иас гаргаж өгсөн гэрээний стандарт нөхцөлтэй танилцаад л гарын үсгээ зурсан байдаг юм. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол улсад анх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоосон байдаг. Үүнээс үзвэл АН ХХК ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоохоос өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын дотор орон сууцыг ашиглалтанд оруулах үүрэгтэй байсан. Иймд ковид-19 цар тахалаар далимдуулан элдэв янзын шалтаг тоочиж орон сууцны үнээ нэмэгдүүлэхээр улайран дайрч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.3.Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний нөхцөл байдлын хүрээнд талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар тухай ажлыг захиалагчид хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болдог, гэтэл өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалагч нь чанар стандартын дагуу баригдсан барилгыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахыг хүсэж байгаа. Захиалгын гэрээний үүрэг нь нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны гэрчилгээ гарснаар биелэгдэх, эсхүл гарах нөхцөл бүрдсэнээр биелэгдэх ёстой. Гарах нөхцөл бүрдэнэ гэдэг нь орон сууцыг барилгын ашиглалтад оруулах тогтоол гарснаар орон сууц ашиглалтад орж гүйцэтгэгч компани үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний 5.3-т зааснаар гэрээний үнэ нэмэгдэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон байна. Цар тахалтай холбогдуулаад баатарлаг зүйл хийгээд орон сууцыг ашиглалтад оруулсан мэтээр тайлбарлаж байна. 2019, 2020, 2021 онуудад Х дүүргийн  ганцхан танайх орон сууц бариагүй, 2019 онд өчнөөн компани орон сууцны захиалга аваад орон сууцаа ашиглалтад оруулаад үүргээ биелүүлсэн, гэтэл танай компани шиг маргаантай компани байхгүй. Нэгт төлөвлөгөө зохион байгуулалт муу, захиалагч нараас татан төвлөрүүлсэн мөнгөө зориулалтын бусаар ашигласан, бусад компаниуд үүргээ биелүүлээд дууссан. Цар тахал гэдэг нь тодорхой хэмжээнд үргэлжлээд хэвийн байдалд шилжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд давагдашгүй хүнд нөхцөл байдалд орсноо тодорхойлох ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хүнд нөхцөл байдал нь 2022 оны 6 дугаар сард дууссан гэж байна. Энэ хугацаанаас хойш 11 сар өнгөрөхөд хариуцагч компани үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл явж байна. Үүргээ биелүүлэх алдангиас чөлөөлөгдөх хугацаа өнгөрснөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алдангийг гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 2020 оны 1 дүгээр сараас цар тахлаас болоод барилгын үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан боловч 2022 оны 6 дугаар сард хэвийн үйл ажиллагаанд шилжээд барилгын компаниуд ажиллаж эхэлсэн. Нийт 14 сарын хугацаанд цар тахлын ажиллагаа үргэлжлээд дууссан. 2022 оны 8 дугаар сараас хойш хугацаа хэтэрч байна. Гэрээний үнийн дүнгээс тооцож алдангийг гаргаж өгнө үү. Нийт үнийн дүнгийн 0.1 хувтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хоног тутам тооцно гэж тохиролцсон байна. Давагдашгүй, хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр энэ хугацаа хэдий хүртэл үргэлжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тодруулах ёстой боловч тодруулж өгөөгүй. Барилын үнэ нэмэгдсэн гэж янз бүрийн үнэ гарч ирж байна. Мэргэжсэн төсөвчний үнэлгээгээр 7.253.879.000 төгрөг, өөрсдийнх нь гаргасан үнэлгээгээр 14.600.000.000 төгрөг, барилга хөгжлийн газраас 9 тэрбум орчин гэж гардаг, дахиад өөрсдөө болохоор 12 тэрбум төгрөгөөр барилга босгосон гэж байна. Яг энэ барилга хэдэн төгрөгөөр барьсан, барилгын материал хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаарх нотлогдох боломжтой зүйл. Гэтэл хариуцагч баримтаа гаргаж өгөхгүй болохоор та нарт энэ баримт байхгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн татгалзал тайлбараа бүрэн өгч нотлох баримтаар нотлох ёстой, хэрэгт ач холбогдолтой баримтаа хуулийн шаардлага хангуулж өгөх ёстой. Тиймээс гэрээний 5.3-т заасны дагуу нэхэмжлэгч төлбөрөө 100 хувь төлсөн учир ямар ч тохиолдолд гэрээний үнэ нэмэгдэхгүй гэх зохицуулалт орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн багасгасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.АН ХХК нь 2019 оны 6 дугаар сараас Х дүүрэг,  нутаг дэвсгэрт нийт 128 айлын орон сууцны зориулалт бүхий ” орон сууцыг барьж 2020 оны 2-р улирал дотор багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Бид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 16 давхарын карказ угсралтын ажлыг дуусгасан байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард дэлхий дахинд Ковид 19 цар тахал дэгдэж Улсын онцгой комисс 01-р сарын 25-ны өдөр хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ хугацаанаас барилгын үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд манай компанитай гэрээ байгуулсан бараа материал нийлүүлэгчид болон туслан гүйцэтгэгчдийн ажил зогсонги байдалд орсон. БНХАУ хилээ хааж ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болсон. Үүнийг Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрүүд нотолж байгаа. Улмаар 2020-2021 онд ковид19 цар тахлын улмаас оффисын 10 хүртэлх ажилтныг ажиллуулж бусад нь зайнаас цахимаар ажиллаж, тээврийн үйл ажиллагааг хязгаарлаж барилгын ажил тэр чигтээ зогссон. Энэхүү нөхцөл байдлын улмаас барилга хугацаандаа орох боломжгүй болоод зогсохгүй энэхүү өөрчлөлтийн улмаас барилгын материалын хомсдол үүсэж барилгын материалын үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Бид захиалагч нартай байгуулсан гэрээний үнийн дагуу тус 16 давхар барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Ковидын улмаас зогсонги байдалд орсноос хойш 2021 оны 5 дугаар сараас үргэлжлүүлэн барилгын ажлаа явуулахад Гүйцэтгэгч компаниуд үнэ хөлсөө нэмж, барилгын материалын үнэ нэмэгдсэн байсан бөгөөд бид барилгыг ашиглалтад оруулахын тулд бүхий л боломж бололцоогоо ашиглаж барилгыг явуулж байсан. Дээрх нөхцөл байдлын улмаас бид нэмэлт санхүүжилт татаж /зээлээр/ Барилгын гүйцэтгэлийг 98 хувьд хүргэсэн бөгөөд барилгын өөрийн баригдсан өртөгийг үндэслэн Захиалагч нартай байгуулсан гэрээний үнэд зайлшгүй өөрчлөлт оруулж үнийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан юм. Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт захиалагч нарт үнэ нэмэгдэх нэмэгдэл хүргүүлсэн бөгөөд бид үнээ нэмэхдээ 1 м.кв-ын үнийг 100 000-800 000 төгрөгийн хооронд нэмэгдүүлж нийт захиалагчдыг бүгдийг 1 790 000 төгрөгт барьсан юм. Энэ бол зөвхөн барилга баригдсан өртөгийг л тооцсон дүн юм. Гэрээний 5.3-р зүйлд Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр, тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. /Энэхүү заалт нь орон сууц захиалгын төлбөрийг 100% төлж захиалга хийсэн захиалагчид хамаарахгүй болно/ ....гэсэн хэдий ч энэ заалт нь Давагдашгүй хүчин зүйл, Хүнд нөхцөл байдал үүсээгүй, хэвийн үнийн өсөлттэй холбоотой заалт юм. Бидний гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн Корона цар тахал, нийгэм, эдийн засгийн уналт нь энэхүү гэрээний заалттай холбоогүй, энэ заалтнаас давсан гэнэтийн болон тааварлашгүй давагдашгүй, хүнд нөхцөл байдлын хүчин зүйлийн нөлөө юм. Нэхэмжлэгч нь гэрээний үнэ нэмэгдэх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд бид гэрээний үнээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд ихээхэн хохиролтой алдагдалтай байх тул тус өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас талууд хэн хэн нь хохирол хүлээсэн. Иргэний хууль, олон улсын гэрээ конвенцэд заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас талууд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болвол түүнээс үүссэн хариуцлагаас талууд чөлөөлөгддөг хууль болон гэрээний заалтууд байдаг. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч С.Чгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба бид шүүх хурал хүртэл холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх болно.

2.2.Манай компани нь С.Ч-тай 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 194/01 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Уг гэрээгээр Х дүүргийн баригдаж буй “,706 дугаартай, 53.37 мкв, 2 өрөө орон сууцыг 1 мкв-ийн үнийг 990,000 төгрөгөөр тооцож нийт 52 836 300 төгрөгөөр захиалсан. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу анхны төсвөөр тухайн байрны захиалгыг гүйцэтгэх боломжгүй болсон тул манай компаниас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 22/99 дугаартай албан бичгээр үнэд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн. Тус бичгээр үнэд өөрчлөлт оруулах гол шалтгаан нөхцлийг тодорхой дурдаж гүйцэтгэгчээс ажлын үр дүн болох захиалгат байрыг хүлээлгэн өгөх боломжтой нөхцлүүдийг дурдсан боловч хүлээн аваагүй тул доорх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

1.Гэрээ байгуулсанаас хойш талуудын хүсэл зориг хяналтаас гадуур болсон, урьдчилан тааварлах боломжгүй, нийгэм эдийн засгийн хүндрэл, гэнэтийн үнийн өсөлтөөс шалтгаалж гэрээний үүргээ биелүүлэхэд манай компанид ихээхэн алдагдалтай хохиролтой байх хүнд нөхцөл байдалтай болсны улмаас анх заасан гэрээний үнээр үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Тиймээс гэрээний үнийн дүнг хуульд заасны дагуу хэлэлцэн тохиролцохоор хамгийн доод үнэ 1 мкв 1 790 000 төгрөг буюу мкв тутмыг 800 000 төгрөгөөр нэмэгдүүлэх санал хүргүүлсэн боловч Захиалагч С.Ч саналыг хүлээн зөвшөөрөөгүй.

2.Гэрээг хэрэгжүүлэх явцад Ковид цар тахлын хорио цээр, түүнээс улбаалаад барилгын материалын хомсдол, материалын үнэ дээд цэгтээ хүртэл өссөн. Энэхүү нөхцөл байдлыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас судлан тогтоож АН ХХК-д Хүнд нөхцөл байдал /HARD SHIP/-ын гэрчилгээг олгосон байна.

3.Манай барилга 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлөвлөгөөний дагуу явж байсан бөгөөд барилга 6 давхартаа явж байсан. 2020 оны 4 сараас Ковидын хорио цээр суларч байх үед бага багаар барилгын ажлыг явуулж нийт 10 449 881 937 төгрөгийг зөвхөн барилгын зардал, гэрээний төлбөрт зарцуулж, компанийн үйл ажиллагааны зардал /маркетинг, цалин хөлс НДШ гэх мэт/ 2 241 108 153 төгрөг нийт 12 690 990 090 төгрөгийг зөвхөн С.Торон сууцны барилгын ажлыг явуулахад зарцуулсан байна. Үүний 6 147 106 094 төгрөг нь нийт захиалагчдаас авсан төлбөр юм. Компани энэ төслөөс нийт 6 543 883 996 төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

4. Өнөөдөр Х дүүргийн 7, 8 дугаар хороо Яармагт баригдаж байгаа шинэ орон сууцны 1 мкв-ын үнэ 2 500 000-аас 6 000 000 төгрөг байна. Бид зөвхөн өртөгөө тооцож м кв-ын үнийг  1 790 000 төгрөг болгож байгаа нь одоо зах зээлд байхгүй үнэ юм.

5. Захиалагч С.Ч захиалсан 39.27 м кв талбайн 1 м кв тутамд 800 000 төгрөг нэмэгдүүлж нийт 42 696 000 төгрөгийг АН ХХК-д төлсөнөөр орон сууц барьсан өртөгийнхөө алдагдлыг багасгах боломжтой. Гэрээ байгуулсанаас хойш талуудын тааварлах боломжгүй, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, нийгэм эдийн засгийн онцгой нөхцөл, ноцтой өөрчлөлтийн улмаас АН ХХК-д хэт хохиролтой байдлыг нэхэмжлэгч мэдсээр байж энэхүү үнэ нэмэх нөхцлөөс татгалзаж байгаа нь гэрээний нөгөө тал болох АН ХХК-ийн эрх ашгийг үл харгалзан өөртөө илүү ашигтай нөхцөлөөр асуудалд хандаж, гэрээний нөгөө талд илэрхий хохиролтой байдлаар шийдвэрлүүлэхийг хичээж байна. Иргэний хуулийн 220-р зүйл дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу С.Ч-гаас захиалан бариулсан орон сууц баригдсан өртөгийн нэмэгдэл үнэ 42 696 000 төгрөгийг АН ХХК-д төлөх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

            2.3.Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа төсөвт өртгийн нэмэгдэл 10 674 000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2020 оны 01-р сараас дэлхий дахинд корона вирус цар тахал тархаж улс орон хилээ хааж, хорио цээрийн дэглэм тогтоосноор орон сууцыг 2020 оны 2-р улиралд ашиглалтад оруулах боломжгүй болсон. Корона вирус цар тахлын хорио цээр тээвэрлэлт зогссоноор барилгын материалын хомсдол үүсэж барилгын материалын үнэ огцом өссөн. Үүний улмаас барилгыг захиалгын гэрээнд заасан үнээр барьж дуусгах боломжгүй болж нэмэлт санхүүжилт, зардал гаргаснаар барилгын өөрийн өртөг 12 тэрбум төгрөг болсон. Гэрээт ажлыг гүйцэтгэхэд нэмэгдсэн нийт өртөгийн 40 хувийг захиалагч нараас гаргуулах, үлдсэн 60 хувийн алдагдлыг компани хариуцахаар тооцож нэхэмжлэгч С.Ч-д санал тавьсан боловч 800 000 төгрөгийн үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул манай талаас шаардлагаа багасган захиалагчийн боломжит байдалд нийцүүлэн өөрчлөн нэхэмжилж байна. Захиалагч 53.37 м.кв талбай бүхий шинэ орон сууцыг 1 м.кв-ыг 1 190 000 төгрөгөөр авч байна гэсэн үг юм. Энэ бол 2019 онд ч байгаагүй доод үнэ 2023 он өнөөдрийн зах зээлийн ханшнаас даруй 3 дахин бага үнийн дүн юм. Гэрээний явцад талуудын зүгээс тааварлашгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнийг хэн хэн нь ойлгож аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг манай талаас эрмэлзэж байна. Энэхүү буулт нь гэрээний талуудын эрх тэгш байдал, хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 220.1, 193.1, 193.2-т заасныг үндэслэн шударга ёсны зарчимд нийцүүлэн манай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн.

            3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/99 тоот Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/14 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хэргийн 3-13-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Р.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/001 тоот Нотлох баримт гаргуулах тухай бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/142 тоот албан бичиг, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/5722 тоот албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дүгээр албан шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/99 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/542 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/716 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, АН ХХК-ийн захиалгаар баригдах 128 айлын орон сууцны барилгын ажлын төсөв, Puuma Puuma хаягнаас Smart town-1A block оршин суугчдын группд оруулсан нийтлэл, сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/828 тоот албан бичиг, Эвт чулуу ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20/39 тоот албан бичиг, Битубе ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20/07 тоот, Битубе ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнийн саналд өөрчлөлт оруулах тухай тоот, Анд ноён ХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлан /хэргийн 16-17, 24-25, 31-48, 65-83, 98-107-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х дүүргийн  дэвсгэрт байрлах С.Т гэх нэртэй 128 айлын, 16 давхар орон сууцны барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, тус барилгын 07 давхарын 706 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх лавлагаа, Барилгын хөгжлийн төвөөс АН ХХК захиалан Хөн ган өгөөж ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Х дүүргийн дэвсгэрт С.Т нэртэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны барилгын өртөг хэдэн төгрөг болох талаарх лавлагааг /хэргийн 49, 89-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, алданги 26 418 150 төгрөгийг болон хариуцагч АН ХХК-ийн төсөвт өртгийн нэмэгдэл болох 10 674 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч АН ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, С.Т-орон сууцны хотхоны 7 давхарын 706 тоот хаягт байрлах 53,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, гэрээний үнэд нийт 52 836 300 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 26 418 150 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Ч-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний явцад цар тахал буюу корона вирусийн халдварын улмаас хил хаагдаж, үйл ажиллагаа зогсож, хөл хорио тогтоосон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүсэж, компаниас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас нэмэлт зардал гарч, төсөвт өртөг нэмэгдэж гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул алдангийг төлөх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь гэрээний үнэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нь улс орон даяар үүссэн цар тахлын улмаас барилгын материалын үнэ өсөж, төсөвт өртөг нэмэгдсэн тул гэрээний 5.3-д гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж зааснаар төсөвт өртгийн нэмэгдэл болох 10 674 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу гэрээнд заасан 2020 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулсан бол цар тахал гараагүй байсан, гэрээг байгуулахад урьдчилан цар тахал гарна гэж мэдэх боломжгүй, барилгын материалын үнийн өсөлт болсон, энэ нь барилгын төсөв өртөгт нөлөөлсөн гэдгийг баримтаар нотлоогүй гэж няцаасан. 

 

6.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч АН ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр №19094/0 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х дүүргийн  баригдаж буй С.Т-нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 7 давхарын 706 тоот хаягт байрлах 53,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцын үнэд 52 836 300 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

7.Талуудын маргааны зүйл нь хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч алданги шаардсан, нэхэмжлэгч барилгын төсөвт өртөг нэмэгдсэн байхад гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйгээс өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна, харин талууд орон сууц захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны үнэд 52 836 300 төгрөг төлсөн, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.

 

8.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний дагуу Х дүүргийн  С.Т нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 7 давхарын 706 тоот хаягт байрлах 53,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ болох 52 836 300 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 04-нд төлсөн болох нь Хаан банкны гүйлгээний баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

 8.1.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний зүйл болох орон сууцны барилга нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй, барилгын ажил эхэлж байсан талаар зохигч маргаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхээр Ү-220074 дугаарт бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.  

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байна.

8.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч АН ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

 

8.4.Хариуцагч нь орон сууцны төсөвт өртөг цар тахлаас шалтгаалж өссөн буюу нэмэгдсэн байхад нэхэмжлэгч нь гэрээндээ өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийг төлөхгүй гэж байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч гэрээндээ гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон буюу Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.2-д “1м.кв-ийн үнийг 990 000 төгрөгөөр, нийт 53,37 м.кв, нийт орон сууцны үнэ 52 836 300 төгрөг” гэж харилцан тохиролцсон, мөн 3.1-д “гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” байхаар тохиролцжээ.

Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 5.3-д “Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй” гэж заасан боловч энэ заалт нь 100 хувь бэлнээр орон сууц захиалгын төлбөрөө хийсэн захиалагчид хамаарахгүй болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг төсөвт өртгийн нэмэгдлийг төлөхгүй гэж байгаа тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй болно.

8.5.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцны түлхүүрийг хүлээн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  тайлбар нь үндэслэлтэй.

 

8.7.Иймд нэхэмжлэгч С.Ч г Х дүүргийн дэвсгэрт баригдаж буй С.Т нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 7 давхарын 706 тоот хаягт байрлах 53,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 6/1311 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт “Х дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 1 гудамжны 6/2 тоот хаягт байршилтай орон сууц үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх 2020 оны 9 сарын 11-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-221934 дугаарт АН ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Хаан банк ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцаалбартай барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ тус тус бүртгэлтэй байна, 14 давхарын 1405 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй байна” гэжээ.

Зохигч талууд үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банк ХХК-ийн барьцаанд бүртгэгдсэн талаар хэн аль нь маргаагүй бөгөөд барьцааны гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаас хойш байгуулагдсан нь тогтоогдож байх ба хэн аль нь банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.4-д “...захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхдээ ямар нэгэн доголдолгүй орон сууцыг шилжүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. 

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан “2020 оны 2 улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 3.3-д “хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж зааснаар алданги 26 418 150 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

10.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь  хариуцагч АН ХХК-иас гэрээний үүргийг биелүүлэхийг, үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан боловч хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.

10.2.Хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №02/716 тоот Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №02/99 тоот, 2021 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн №02/542 тоот  Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ зэрэг баримтаар дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд хариуцагчийг Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С.Т-1 128 айлын орон сууцны цогцолбор хотхоныг барьж гүйцэтгэх явцад цар тахалтай холбоотой хариуцагчийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан болох нь  нотлогдож байна.

10.3.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 6.3-д заасан нөхцөл буюу цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан өвчний улмаас тогтоосон хорио цээр, эрх бүхий байгууллагаас зарласан онцгой нөхцөл байдлаас барилгын ажил хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй баримтаар тогтоогдож байх тул гэрээний 5.2-д гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн, үүнийг захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөлөгдөхөөр байна гэж дүгнэв. 

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар хариуцагчаас  үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 26 418 150 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

11.Хариуцагч АН ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 10 674 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т “Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй” гэж заасан гэж тайлбарласан.

 11.1.Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу цар тахлаас шалтгаалан барилгын төсөвт өртөг 7 253 879 643 төгрөгнөөс 14 638 863 063 төгрөг болж нэмэгдсэн болох нь хэрэгт авагдсан “АН” ХХК-ийн захиалгаар баригдах 128-н айлын орон сууцны барилгын ажлын төсөвт “...төсөвт өртөг 7 253 879 643 төгрөг”, төсвийн гүйцэтгэл С.Т-1-д “...нийт дүн 14 638 863 063 төгрөг” гэснээр, мөн барилгын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болох нь Эвт чулуу ХХК-ийн 2020 оны 5 сарын 11-ний 20/39, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2/023 тоот, Битубе ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 20/07, Төгс их хайрхан ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ний өдрийн 21/25 тоот, АН ХХК-ийн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хүргүүлсэн 2021 оны 1 сарын 18-ны өдрийн 21/03, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 22/08, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22/230 тоот хүсэлтүүд, АН ХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлангаар нотлогдоно гэсэн.

11.3.Мөн барилгын материалын үнэ өссөн, ашиглалтад орох хугацаа хойшлох талаар С.Т-1а блок оршин суугчдын групп гэсэн фэйсбүүкийн групп нийтэлж мэдэгдэж байсан, гэрээний 9.2-д гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаараа нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/147 тоот албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь дээр нийтлэгдсэн мэдээлэл болон албан бичигтэй танилцсан талаар маргаагүй.

 

11.4. Гэвч талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй талаар заасан хэдий ч орон сууцны барилгын ажлын төсөв нь 7 253 879 643 төгрөг байснаас 14 638 863 063 төгрөг болж нэмэгдсэн гэх боловч төсвийн гүйцэтгэлд барилгын ажлын төсөв нь хэрхэн нэмэгдсэн болох нь тодорхойгүй, барилгад оруулсан бараа, материалын үнэ, ажлын төсөвт өртгийн үнэ гэрээ байгуулахад хэд байсан, хэрхэн нэмэгдсэн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл талууд гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон, гэрээний үнэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн буюу барилгын төсөвт өөрчлөгдсөнөөс 1м.кв үнэ хэрхэн нэмэгдэж байгаа талаарх баримтгүй байна гэж үзэв.

11.5.Иймд хариуцагч АН ХХК-ийн нэхэмжлэгч С.Ч-д холбогдуулан гаргасан төсөвт өртгийн нэмэгдэл 10 674 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 172 төгрөг /422 131+290 041/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 371 430 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422 131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д овогт С Ч Х дүүргийн   байрлах С.Т нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 7 давхарын 706 тоот хаягт байрлах 53,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ гүйцэтгээгүй хугацааны алданги 26 418 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар хариуцагч АН ХХК-ийн нэхэмжлэгч С.Ч-д холбогдуулж гаргасан төсөвт өртгийн нэмэгдэл 10 674 000 гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 172  төгрөг, хариуцагч АН ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АН ХХК-иас 422 131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН