| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/215 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүгдэгч И.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт И-ийн Б-т холбогдох эрүүгийн 2535001050164 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ………-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ……. хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын ……….. багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт И-ийн Б-, (регистрийн дугаар: ………);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б- нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн .......... сумын 04 дүгээр багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Б-тай “зугаалж явлаа” гэж шалтаглан маргалдаж, улмаар баруун, зүүн чих тус газар нь гараараа тус бүр 1 удаа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Б- нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн .......... сумын 04 дүгээр багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Б-тай “зугаалж явлаа” гэж шалтаглан маргалдаж, улмаар баруун, зүүн чих тус газар нь гараараа тус бүр 1 удаа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал);
2. Хохирогч Д.Б-гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал);
3. Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орой 18,19 цагийн үед цэцэрлэгийн хүүхдийн баяр болох гээд юм бэлдэх гээд явсан. Тэгсэн чинь миний нөхөр И.Б- надруу залгаад хаана яваад байгаан хүн юм хийж байхад машины түлхүүр багаж аваад явчлаа гээд уурласан. Тэгээд би гэртээ очтол нөхөр уурлаад бид хоёр гэр дотроо маргалдаад намайг зугаалж явлаа гээд гараараа баруун, зүүн талын 2 чихрүү 11 удаа алгадах шиг болсон 1 нэг хэсэг ухаан ороход хөлрүү өшиглөж байсан. Би чи яагаад намайг цохиж байгаан бэ? эрүүл хүн байж гэж хэлсэн. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тэр оройдоо хэвтэж хоночоод маргааш нь эмнэлэг дуудаад сумын мэс заслын эмч О эмч ирж үзээд зодуулснаасаа болж халуурч байна. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна рентгенээр зураг аваад ясандаа гэмтэлгүйн байна аймаг орж нарийн шинжилгээд ор гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сумаасаа орж ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн чихний хэнгэрэг хагарсан гэж хэлсэн тухайн үедээ цагдаад хэлээгүй бие хаа өвдөж байсан болохоор гайгүй болчих байх гэж бодоод хэлээгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
4. Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний нөхөр намайг гэр бүл болсноосоо хойш хэл амаар доромжилж, ёс бус үгээр харааж ах дүү нарыг маань ч гэсэн доромжилдог надтай хэрүүл хийж таарамж муутай байдаг. Харин сүүлд 2025 оны 5 дугаар сарын 19-нд намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Өмнө нь зодож цохидоггүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);
5. Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “Шинжээч эмчийн 2025.06.04-ний өдрийн 180 дугаартай дүгнэлтэд бичигдсэн миний хоёр нүдний дунд хэсэг, хамар хөхөрсөн, зүүн эгэм тус газар хөхөрч хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлийг миний нөхөр И.Б- нь уг үйл явдал болсон гэх 2025.05.19-ний өдер гараараа цохиж учруулсан. Харин хоёр бөөр тус газарт үүсэн хехрөлт гэмтэл нь би нехер И.Б-аар цохиулж хойшоо унахдаа орны урд талын ирмэгт нүүр хэсгийг нуруугаараа цохиж унасаны улмаас үүссэн.
Уг хэрэг үйл явдал болохоос урд өмнө нь миний чихний хэнгэрэгийг өрөвсөлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж эмч үзээд зөвлөгөө өгч байсан бөгөөд бие ядрах, дархлаа сулрах үед хааяа чих шуугиж өвдөг байсан ба хэнгэрэг нөхөх хагалгаанд орох гэж байсан. Тухайн үед буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нөхөртөө цохиулж гэртээ хоёр өдөр өвчин намдаах эм ууж хэвтсэн бөгөөд сүүлдээ биеийн дархлаа муудаж /2025.05.21/ чих шуугиж, халуурсан болохоор эмнэлэгт дуудлага өгч эмчид үзүүлсэн. Эмч надаас ямар зовуурь байгаа талаар асуухад биед үүсээд байгаа зовуурийг хэлсэн.
И.Б- нь намайг алгадах үед миний толгой манарсан, хамар хэсэг хехерсен. Харин чихэнд ямар нэгэн гэмтэл өөрчлөлт буюу чих шуугих, дүнгэнэх, орчны дуу сонсдохгүй байх зэрэг зовуурь мэдрэгдээгүй. Т.О эмч миний чихэнд үзлэг хийгээгүй, чих шуугиж зовуурь хэзээнээс эхэлсэн талаар асуугаагүй. Миний чихний хэнгэрэг ягаад өрөвсөн, цоорсон эсэхийг би мэдэхгүй. Миний чихнээс хааяа хааяа шингэн зүйл гараад байдаг байсан болохоор би нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд чихний хэнгэрэг өрөвсөлтэй цоорсон байна, эмчилгээ хийлгэ хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Ерөн хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж эмчлүүлэх бодолтой байсан бөгөөд 2025 оны 07 дугаар сард Улын 2 дугаар төв эмнэлэгт эмчлүүлсэн. Сүүлийн хэдэн жил чихний хэнгэрэг нөхүүлэх талаар эмч зөвлөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133 дахь тал);
6. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвөөс: 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 529.7 онош, “тус сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламж дуудаж үзүүлсэн” 56.350 төгрөг /тавин зургаан мянга гурван зуун тавин төгрөг/, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгээс: 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 506.00 онош, “бэртэл гэмтлийн улмаас амбулаторийн үзлэг оношилгоонд хамрагдсан” 73.750 төгрөг /далан гурван мянга долоон зуун тавин төгрөг/ зардлыг гаргуулсан байна. Миний үзэж байгаагаар Д.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт G44.3 буюу Гэмтлийн дараах архаг толгой өвдөлт оношоор амбулаторын үзлэгт хамрагдсан нь гэмтэл бэртэлийн улмаас үзүүлсэн гэж үзэж байна.
Гэмт хэргийн улмаас Д.Б-д үзүүлсэн эрүүл мэндийн дээрх тусламж үйлчилгээний төлбөрүүдээс 56.350 төгрөгийг И.Б- гэх иргэн төлсөн байсан ба үлдсэн төлбөрийг хохирогч Д.Б- болон бусад хүнээс төлөгдөөгүй. Шууд Эрүүл мэндийн даатгалын сангаас Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тусламж үйлчилгээний зардал болгож өгсөн байна. Иймээс энэ зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргасан.
Хохирогч Д.Б- нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр авсан амбулаторын үзлэг Н66.1 буюу хэнгэрэг сонсголын гуурсны гаралтай дунд чихний архаг идээт үрэвсэл оношоор, амбулаториор К29.6 буюу ходоодны шарх оношоор хяналтын үзлэгт хамрагдсан. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт Н66.3 буюу хэнгэрэг сонсголын гуурсны гаралтай дунд чихний архаг идээт бусад үрэвсэл оношоор амбулаторийн үзлэгт хамрагдсан. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр .......... сумын Эрүүл мэндийн төвд 643.0 буюу мэдрэлийн оношоор, М54.2 буюу нугалам хоорондын зээрэнцэгийн эмгэгээс улбаалсан цервикалги оношоор сэргээн засах тусламж үйлчилгээ авсан. 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цагаан Уул эмнэлэгт №70.0 буюу эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, оношилгооны багцад хамрагдсан.
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улсын 2 дугаар төв эмнэлэгт Н72.0 буюу Хэнгэрэг хальсны төвийн цоорол оношоор амбулаторийн үзлэг оношилгооны шинжилгээний багцад хамрагдсан. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын 2 дугаар төв эмнэлэгт Н72.0 буюу Хэнгэрэг хальсны төвийн цоорол оношоор мэл засал хийлгэсэн байна. Эдгээр авсан тусламж үйлчилгээнүүд нь архаг өвчний улмаас авсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношын хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ” нэртэй тогтоолыг баримталж зардлыг тооцдог” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал);
7. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Д. Б- гэх эмэгтэй дуудлага өгсний дагуу очиж биеийг нь үзсэн. Үзлэг хийхэд хамар, зүүн нүд хэсэг хөхрөлттэй, зүүн суганы урд хэсэгт хөхрөлттэй эмзэглэл ихтэй, зүүн бугалга хэсэг, баруун ташаа хэсэг хөхрөлттэй, зүүн хэнгэрэг хагарсан байдалтай байсныг үзэж рентгенээр үзэхэд ясны хугарал бол байгаагүй тул өвчин намдаах эм тарьж гэрээр эмийн эмчилгээ хийж аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийхийг зөвлөсөн юм. Би асуухад Б- миний нөхөр И.Б- зодсон өчигдөр би гайгүй бай гээд хэвтсэн. Тэгээд өнөөдөр өглөө халуураад болохгүй байхаар нь эмч дуудсан юм га хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал);
8. Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16:05 цагт Д.Б- ирж үзүүлэхэд цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Харин Б.О-ийн дурьдсан гэмтлүүд байгаагүй. Яагаад гэвэл үйлчлүүлэгч хүн маань 14 хоногийн дараа шинжээч эмчид үзүүлсэн болохоор тэр хооронд гэмтлүүд эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайн өдөр үзүүлэхэд байсан гэмтлүүдийг би дүгнэлтэд тусгасан. Би тухайн үед үзлэг хийхэд зүүн чихний хэнгэрэг цоорхой байсан. Уг цоорхой нь архаг өөрчлөлт байсан учраас би дүгнэлтэд тусгаагүй. Хэнгэрэг хальс цоорох нь дан ганц гэмтлийн улмаас үүсэхгүй, голлох шалтгаан нь дунд чихний архаг үрэвсэл байдаг юм. Тэгэхээр туайн цоорхой нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал);
9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 395 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 142-143 дахь тал);
11. Шүүгдэгч И.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
13. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай: “...Үзүүлэгч Д.Б-гийн биед тархи доргилт, цээжний зүүн урд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үүсчихсэн байсан талаар амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн байна.Шинэ гэмтэл байсан байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр хохирогч Д.Б-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Б- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Б-гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд архины шилээр цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Б-, хохирогч Д.Б- нар нь эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч И.Б-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч И.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Д.Б-тай “зугаалж явлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч И.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
15. Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр маань тухайн үед уучлалт гуйж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж хагалгаанд оруулсан. Одоо бие маань сайжирч байгаа тул бид хоёр 4 хүүхдээ бодоод цаашдын амьдралаа бодоод эвэрлэсэн. Хүүхдүүд маань бүгд сургуульд орсон. Нөхөр бид хоёр хувиараа мал маллаж амьдардаг. Хөдөө төв хоёрын хооронд явж ирнэ амьдардаг. Нөхөр маань өвөлд хөдөө мал дээрээ гардаг юм. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул И.Б- оногдуулах ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 82 дахь тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 103,940 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Төрийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (хавтаст хэргийн 85, 152-153 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч И.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч И.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч И.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч И.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч И.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч И.Б- түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч И.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
8. Шүүгдэгч И.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч И.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч И.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ