Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П- овогт Г-ийн Б-эд холбогдох эрүүгийн 2535000000223 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ............ажилладаг, ам бүл ............хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй П- овогт Г-ийн Б-, (регистрийн дугаар:........);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ......... сумын … дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын …… дугаар сургуулийн урд талын замд согтуугаар “Toyota ist” загварын …… улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ......... сумын ... дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн урд талын замд согтуугаар “Toyota ist” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-5 дахь тал);

3. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн “...Увс аймгийн ......... сумын 5 дугаар багийн нутагт Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. ...хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт 1,05%...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дахь тал);

4. Цагдаагийн ерөнхий газрын  жолоочийн мэдээлэл лавлагаагаар “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 25-аас 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасагдсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал);

5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/820 дугаартай шийтгэврийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ГХЗ/574 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 28-29, 42 дахь тал);

6. Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн эрх хасах шийтгэлийн тооцоо (хавтаст хэргийн 40-41 дэх тал);

7. Гэрч С.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 09 дүгээр сарын 15-ны орой 18 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ харихад манай гэрт нөхөр Г.Б- найз А-тэйгээ 750 граммын 1 шил архи хуваагаад уугаа дуусаж байсан. Тэгээд тэр архиа ууж дуусаад манай нөхөр согтоод унтчихсан. Найз А- нь манай гэрт хоносон юм. Тэгээд өглөө эрт бид нар босоод манай нөхөр өөрийн .. улсын дугаартай “Toyota ist” маркийн цагаан өнгийн машинаа бариад эхлээд намайг ......... сумын .... багт байх ...... цэцэрлэг дээр хүргэж өгөөд 3 хүүхдээ хүргэж өгөхөөр машинтайгаа явсан. Тэгээд би ажил дээрээ байтал манай найз Ц танай нөхөр машинтайгаа согтуу явж байгаад цагдаад баригдсан байна....Намайг машинд суухад машин араас тээш хэсэгт 500 граммын Ерөөл нэртэй архины шил байсныг Б-ийн гэрийн хажууд хаясан юм. Манай нөхөр өнөө өглөө надтай хамт явахдаа архи уугаагүй. Харин надаас салаад архи согтууруулах ундаа уусан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал);

8. Гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Увс аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Б-ын баталсан хуваарийн дагуу Увс аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл дуудлага мэдээллээр Увс аймгийн ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар арван жилийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн явж байна гэх дуулгаагаар уг газарт очиход .... улсын дугаартай тоёота ист маркийн тээврийн хэрэгсэл Увс аймгийн ... дугаар баг ...дугаар арван жилийн урд талын замаар замын хөдөлгөөнд орж байхад нь шалгахад Г.Б- гэх хүн уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд тухайн үед би өөрийн төхөөрөмжөөр шалгаж үзэхэд жолооч Г.Б- гэх иргэн жолоодох эрх хасагдсан байсан бөгөөд тухайн иргэнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан юм. Тэгээд цагдаа би тухайн иргэнийг цагдаагийн газар дээр авч ирж драгер багажаар согтуурлыг шалгахад 1,05% согтолттой байсан юм. Тухайн ...... улсын дугаартай тоёота ист маркийн автомашиныг уг Г.Б- нь жолоодож явсан бөгөөд тухайн үед хажуу талд нь нэг эрэгтэй хүн сууж явсан юм. Тухайн иргэн ......... сумын ...дугаар баг ....дугаар арван жилийн урд замаар .... улын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал);

9. Шүүгдэгч Г.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Б- нь урьд “2024 оны 9 дүгээр сарын 30-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  “Hyundai HD-120” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/820 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж,  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгоход 39 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ......... сумын ... дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн урд талын замд согтуугаар “Toyota ist” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARSМ-0531” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Г.Б-ийн амьсгал дахь спиртийн агууламж 1.05 промиль (%) байсан нь хавтаст хэргийн 6-8 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Прокуророос шүүгдэгч Г.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Г.Б-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцлүүдийг хангаж байна.  

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэмлэх нь зүйтэй.

7. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П- овогт Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай

5. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ