Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч:Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д-гийн С-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535001190186 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журамаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,…..-нд Увс аймгийн ….. суманд төрсөн, … настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл …… хамт амьдардаг, Увс аймгийн …. сум, 2 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, мөн тус шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсүүдэд зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Д-гийн С-, (регистрийн дугаар: ......);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С- нь 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн .......... сумын …. дугаар багт байрлах иргэн Д.Д-гийн гэрт “ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Г-г хөл болон гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун, зүүн бугалга, баруун тохойн хонхор, зүүн хөх, дал, шуу, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.С- нь 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн .......... сумын … дугаар багт байрлах иргэн Д.Д-гийн гэрт “ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Г-г хөл болон гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлын хувьд эцэг эх нь эмчийн хяналтанд байдаг, тэдгээрийг асран хамгаалж байгаа талаар баримт хэрэгт авагдсан. Иймд хүлээлгэх хариуцлагыг ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг

3. Шүүгдэгч Д.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Надад хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С- нь 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн .......... сумын … дугаар багт байрлах иргэн Д.Д-гийн гэрт “ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Г-г хөл болон гараараа цохиж, зодсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал);   

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-08 дахь тал);  

3. Хохирогч Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд нөхөр Д.С-ын хамт .......... сумын …-р багт байх хадам аав Д.Д-гийн гэрт очсон. Тэгээд хадам ээжтэй юм ярьж байгаад урдны асуудлыг тодруулахаар би нөгөө хүнтэй яриад асуугаад ирлээ, намайг танайхыг хөлсөөр мал хариулдаг энэ тэр гэж хэлээгүй гэж байна гэхэд манай хадам ээж тэр хүн чинь надтай утсаар ярьлаа, тэрнийг үг болгох юу байна гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би хадам ээжид, та хөгшин хүн байж, наантай цаантай баймаар юм, ичихгүй юу гэхэд манай хадам ээж над руу битгий солиор авгай минь гэх зэргээр уурлаж, гэрийн гадна хашаан дотор яваад байсан. Тэгтэл намайг хадам ээжтэй хэрэлдээд гэрийн гадна хашаан дотор сандал дээр сууж байтал манай нөхөр Д.С- өөрийн ээж Д.Н-ыг өмөөрч над руу ирээд намайг сууж байтал үснээс гараараа татаад хөлөөрөө толгой болон гар луу өшиглөсөн. Тэгээд газар унахад миний дээрээ пүүз өмсчихсөн байсан хөлөөрөө миний хөл, гар, цээж рүү дээрээс дэвссэн юм. Тэгтэл манай хадам аав Д.Д- намайг салгаж авсан юм. Манай нөхөр Д.С- намайг ээжтэй хэрүүл маргаан хийж хэрэлдлээ гээд ээжээ өмөөрч намайг зодсон. Намайг зодож байхад хадам ээж Д.Н, хадам аав Д-, хүргэн Д.Б-, Д.С-ын төрсөн дүү н.Б- нар байсан юм. Манай нөхөр урд нь 2020 онд нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг зодож шүүхээр баривчилгаа авч байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа нөхөр бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй, хэргийг хурдан шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 33-34, 36-37 дахь тал);

4. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх .......... сумын ..-р баг … тоот хашаанд хадам аав Д.Д-тэй айл байдаг юм. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим байх эхнэр Б-ийн хамт гэр лүү гаднаас орж явахад хадам аавын гэрийн гадна бэр Б.Г- хадам ээжтэй маргалдаад хэрэлдээд сууж байсан. Маргалдсан шалтгаан нь миний мэдсэнээр манай хадам аав Д.Д- өөрийнхөө хамаатны айлд очоод н.Б-ийн зарж байсан барааны мөнгөө өгмөөр байна гээд хэлчихсэн чинь түүнээс болоод Б.Г- хадам аавыг хамаатан садангаасаа очиж мөнгө нэхсэнээс болоод хэрүүл маргаан үүссэн гэсэн. Хадам ээж Д.Н-, бэр Б.Г- нар маргалдаж байхаар нь эхнэр хүүхдээ аваад гол руу яваад 1 цаг орчим болоод буцаад гэртээ ирэхэд Б.Г- нөхөр Д.С-тай хамт явчихсан байсан. Тэгээд дахин Б.Г- нөхөр Д.С-тай ирээд Б.Г- хадам ээжтэй хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад Б.Г- манай гэрт орж ирээд Д.С- намайг зодлоо миний толгой руу цохисон унагааж байгаа л дэвслээ гэсэн. Д.С- надад хэлэхдээ би эхнэр Б.Г-г нэг удаа алгадсан гэж байсан. Би эхнэр н.Б-тэй гэртээ байсан учир яг юу болсныг хараагүй, харин Б.Г-, Д.С- нараас сонссон зүйлээ хэлж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 38 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал);

6. Шүүгдэгч Д.С-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай: “Үзүүлэгч Б.Г-гийн биед баруун, зүүн бугалга, баруун тохойн хонхор, зүүн хөх, дал, шуу, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун, зүүн бугалга, баруун тохойн хонхор, зүүн хөх, дал, шуу, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба нийлээд гарын алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-2 хувь талбайг хамарсан байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам’’-ын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)-ээр хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Г-гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлжээ. 

Шүүгдэгч Д.С-, хохирогч Б.Г- нар нь 2015 онд гэр бүл болсон нь хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.С-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.С- нь эхнэр Б.Г-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж, өшиглөж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

10. Шүүгдэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биендээ хүндэтгэлтэй хандах харилцаа хандлага дутмаг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

Хохирогч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд “Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.С-ад  Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагч 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг гаргаж байна. Ялын хувьд улсын яллагчийн гарсан саналыг дэмжиж байгаа ч хугацааны хувьд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хугацаагаар оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Д.С- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Д.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.С- нь хувийн байдлын хувьд 1992 онд төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Түргэн сум, 2 дугаар багт оршин суудаг, 158 тооны малтай, хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын бүртгэлтэй зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 73-76, 94-102 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С-ын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 44-45 дахь талд авагдсан гэрч болон төрсөн эцэг Д.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний ууган хүү Д.С- нь хүний үгнээс гардаггүй, тусархаг, төлөв даруу нийтэч, бусадтай харилцаатай сайн, ах дүү, хамаатан садны дунд нэр хүндтэй, хир баргийн зүйлд уурлаж уцаарлан хүмүүстэй маргалдаад байхыг хүсдэггүй, хань ижил, эцэг, эх, үр хүүхэддээ халамжтай. 2023 онд төрсөн эх Д.Н- тархины хагалгаанд орсноос хойш буюу сүүлийн 2 жил огт архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Увс аймгийн ……. сумын … дугаар багт мал маллаж амьдарч байна. 3 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд том хүү нь 2016 онд төрсөн, охин нь 2018 онд төрсөн, бага охин нь 2024 онд төрсөн. Д.С-ын гэр бүлийн амьжиргааны эх үүсгэвэр нь мал аж ахуйгаас олж буй орлого бөгөөд эхнэр Б.Г- нь зуны улирал сүү цагаан идээ боловсруулж зах зээлд борлууллаг, Д.С- өөрөө гэрийн унь, хана хийж, малчин иргэдэд зарж ахуй амьдарлаа авч явдаг. Тэднийх 8 ханатай болон 5 ханатай эсгий монгол гэртэй, …… улсын дугаартай автомашинтай, адуу-18. үхэр-48, хонь-54, ямаа-38 тооны малтай, …….. сумын … дугаар багт өвөлжөөний хашаатай, .......... сумын …. багт 1500м2 гэр хашааны зориулалттай газартай” гэх мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.С- нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, мөн тус шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсүүдэд зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.С-ыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 77, 80-91 дэх тал);

6. Иймд шүүгдэгч Д.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн хохирол гомдолгүй гэх хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Д-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ад 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Шүүгдэгч Д.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.С-ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                              

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ