| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/218 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,
Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Дүүдэйн Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000159 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...............-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ......... хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-н А, (регистрийн дугаар:..........);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Э-тэй тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдаж, түүний нүүр рүү гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар, чих, чихний ар хэсэг, эрүүний доор, цээжний урд, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-тэй тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдсаны улмаас цохиж зодосны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргав.
2. Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн 2535000000159 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дахь тал);
2. Гэрч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Д.А нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Э-ийн гэрт архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохиж, зодсон болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал);
-Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.Б- эгч бид хоёрыг таксигаар манай гэрт хүргэсэн Д.А гэх залуу ороод ирсэн. Ганцаараа орж ирсэн ба 1 сав ундаа, 330 граммын нэг шил архи авч ирээд миний хажууд сууж, надтай юм ярьж байгаад миний нуруун дээр гараараа хүрээд байхаар нь би Д.А гэх залууг чи ямар даварчихсан залуу вэ манай гэрээс гар гэхэд Д.А сууж байгаад миний нүүрний баруун хэсэг рүү гараараа цохиход би ухаан алдсан байсан. Сүүлд Н.Б- эгчээс асуухад Д.А гэх залуу нүүр, толгой хэсэг рүү гараараа цохисон гэж байсан. Д.А-өөс өөр хүн намайг зодоогүй, бид хоёрын хажууд Н.Б- гэж хүн байсан. Д.А-өөр зодуулснаас болж 7 хоног гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс эмчлүүлсний 200,000 төгрөг би нөхрөөсөө авч өгсөн. Би хүргэлтийн хоол хийж хүмүүст зардаг, өдөрт 80,000-100,000 төгрөгний ашиг олдог. Би эмчилгээ болон бусад зардалд 3,2 сая төгрөг нэхэмжилж байна. Миний нүүр гар хөхөрсөн, гадуур явах боломжгүй, хүмүүстэй харьцаж хүргэлтийн хоол хийж зарах боломжгүй, эм тарианд одоогийн байдлаар 80,000 төгрөг зарцуулсан. Миний толгой эргээд өвдөөд байгаа учир би гомдолтой байна. Болсон асуудлаас болж миний сэтгэл санаанд хор уршиг учраагүй тул сэтгэл санааны хор уршиг нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дахь тал);
- Гэрч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Э-тэй таараад юм ярьж байгаад Б.Э-ийн гэр лүү очихоор болоод замаас такси бариад ........ сумын 3-р багт байрлах .......айлын хажуугийн 4 давхар цагаан 16 айлын орон сууцны орц руу ороод 1 давхарт өөдөөс харсан хаалга руу орсон. Д.А гэнэт Б.Э-ийн нүүр хэсэг рүү гараараа цохиод эхэлсэн, би хэд цохисныг анзаараагүй. Тэр хоёрыг маргалдаж зодолдож байхад надаас өөр хүн байгаагүй. Д.А Б.Э-ийг зодоход хамраас нь цус гарч, өмсөж явсан хувцас нь цус болсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 214 дугаартай: “Б.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар, чих, чихний ар хэсэг, эрүүний доор, цээжний урд, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01:00 цагт үүсчихсэн талаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн №3538 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. Тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар, чих, чихний ар хэсэг, эрүүний доор, цээжний урд, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Э-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар, чих, чихний ар хэсэг, эрүүний доор, цээжний урд, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.А хохирогч Б.Э-ийн нүүр хэсэгт гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн биед учирсан “тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар, чих, чихний ар хэсэг, эрүүний доор, цээжний урд, зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Д.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2. Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд “Д.А-өөр зодуулснаас болж 7 хоног гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс эмчлүүлсний 200,000 төгрөг би нөхрөөсөө авч өгсөн. Би хүргэлтийн хоол хийж хүмүүст зардаг, өдөрт 80,000-100,000 төгрөгний ашиг олдог. Би эмчилгээ болон бусад зардалд 3,200,000 төгрөг нэхэмжилж байна. Миний сэтгэл санаанд хор уршиг учраагүй тул сэтгэл санааны хор уршиг нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт хэрэгт авагдсан бөгөөд хэрэгт хохирол нэхэмжлэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
-Мөн шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,561,194 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
-Шүүгдэгч Д.А нь .... онд төрсөн, ... настай, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл .......... хамт амьдардаг, Гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөлийн 2 газар бүртгэлтэй, Toyota prius загварын автомашин бүртгэлтэй зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 74-81 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
-Шүүгдэгч Д.А-ийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 25-26 дэх талд авагдсан гэрч буюу түүний төрсөн эгч Д.С-ийн “Манай дүү Д.А нь хувиараа такс үйлчилгээнд явдаг ажилтай, эхнэр, 2-14 насны 4 охины хамт амьдардаг. Зан төлөвийн хувьд төлөв даруу, тусархуу, хүнтэй найзлаж нөхөрлөж чаддаг, ажилсаг, ямар нэгэн зүйлд тууштай хүн юм. Найз нөхдийн дунд зөв хүн гэдгээрээ хүндлэгдсэн, зөв үлгэр дуурайлалтай, илүү дутуу зан байхгүй, нийтэч, хүмүүстэй харилцаа сайтай” гэх мэдүүлгийнг хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
- Шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх баримт (хавтаст хэргийн 82 дахь тал);
5. Иймд шүүгдэгч Д.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг бүрэн төлснийг дурдаж, хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ