Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/219

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А, шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Н-н Н-ид холбогдох эрүүгийн 2535001500217 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,……….-нд Увс аймгийн …….. суманд төрсөн, …. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ……… ХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл …… хамт амьдардаг, ….. оршин суух хаягтай, одоо Увс аймгийн ……. түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй З овогт Н-н Н- (регистрийн дугаар: ...............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н- нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Увс аймгийн ……… сумын …… багийн нутагт Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ж-г бусадтай хардаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч Б.Ж- нь газарт унаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н- нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Увс аймгийн ……… сумын …. багийн нутагт орших Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ж-г бусадтай хардаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа нэг удаа цохисон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал); 

2. Хэрэгт эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал); 

3. Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 07 дугаар сарын 30-ны орой Увс аймгийн … жилийн ойн шоу болоод нөхөр бид хоёр манай найзуудтайгаа шоу үзэхээр гарсан. Нөхөр бид хоёр шоу үзээд хоёулаа тус тусдаа 4-5 ширхэг 500 граммын пиво уусан юм. Н.Н- шорлог зарж байхаар нь би хажууд нь аяны сандал дээр суугаад юм ярьсан. Харин манай нөхөр миний хажууд сууж байсан. Манай найз н.Н-гийн нөхөр болон түүний найзууд бид нарын хажууд байсан. Тэгтэл манай нөхөр гэнэт амандаа “ муу сайн пизда нар гээд үглээд байсан” ба би түүнийг нь нэг их тоогоогүй. Тэгж байтал гэнэт манай нөхөр намайг явъя гээд сууж байсан сандлаас татаж унагаагаад би нөгөө найзуудаасаа ичээд нөхрөө дагаад явж байтал манай нөхөр миний урд талд алхаж явж байснаа гэнэт эргэж хараад баруун гараараа миний толгой хэсэг рүү цохиход би санаандгүй нөхрийнхөө араас дагаж байсан учир нөхөр миний толгой руу гараараа цохихоор нь арагшаа савж шороон дээр унахдаа нэг хатуу зүйлийг дагз хэсгээрээ унахдаа мөргөчихсөн байсан. Босоод иртэл миний дагз хэсгээс цус гарч байсан. Манай нөхөр намайг зодсон шалтгаан нь манай найз н.Н-гийн нөхөр болон нөхрийнхөн найз залуучуудтай хардаж түүнээс болж уурлаад намайг зодсон байх. Би нөхөр Н.Н-той 2018 онд танилцсан ба үерхэж байгаад 2019 онд манай том хүү гарсан ба одоо 6 настай, бага охин 2 настай цэцэрлэгт байдаг юм. Нөхөр бид хоёр хамтран амьдраад 7 жил гаруй болж байгаа бид хоёр албан ёсоор гэрлээгүй. 2024 оны 11 сарын үед байх согтуу гэртээ ирээд мөн намайг хардаж миний гэдэс рүү өшиглөж байсан гэхдээ би энэ үйлдлийн талаар цагдаагийн байгууллага болон эмнэлэг, төр захиргааны байгууллагад мэдэгдэлгүй өнгөрөөсөн ба тухайн үед намайг зодож байхад бид хоёрын хажууд хүн байгаагүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн надад гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 38-43 дахь тал);

4. Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байх тэр өдөр Увс аймгийн … жилийн ойн баяр болж байсан ба орой шоу болоод би найз нартайгаа тухайн шоуг үзчихээд 2025 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар би гарч явтал Б.Ж-г түүний нөхөр Н.Н- нь хөөчихсөн гүйж байсан. Төв хаалгаар ороод Б.Ж-г бариад авсан. Тэгээд нөгөө хоёр маргалдаад зогсож байгаад Б.Ж-г түүний нөхөр Н.Н- нь түлхэх шиг болтол хойшоо саваад унах шиг болсон. Тэнд маш олон хүмүүс байсан. Болиоч гээд орилолдоод байх шиг байсан. Би холоос харж байсан ба ямар ч байсан Б.Ж- нь арагш толгойгоороо унах шиг болсон. Хүмүүс Б.Ж-гаас нөхрийг нь холдуулах хооронд Б.Ж- нь зугатаагаад явчихсан юм. Б.Ж- Н.Н- нар нь эхнэр нөхөр 2 юм. Энэ хоёр 2 хүүхэдтэй. 2024 оны 11 дүгээр сард байх бас хоорондоо хэрэлдэж маргалдаад над руу Б.Ж- яриад би гэрт нь очиход нөхөр Н.Н- нь эхнэр Б.Ж-г шатаар хөөгөөд буугаад ирэхээр нь би болиулаад хариу гэрт нь орж учрыг нь ололцуулсан юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 4-47 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал);

6. Шүүгдэгч Н.Н-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаартай: “Үзүүлэгч Б.Ж-гийн биед тархи доргилт, дагз хэсгийн хуйханд байрласан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөрийн хэлсэн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, дагз хэсгийн хуйханд байрласан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал)-ээр хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Н- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд гараараа цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байхаар хуульчилсан ба шүүгдэгч Н.Н-, хохирогч Б.Ж- нар нь дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч хүмүүс болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Н.Н-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Н- нь эхнэр Б.Ж-г хардалтын улмаас буюу гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт гараараа нэг удаа цохьсны улмаас хохирогч хойш нь савж унаад толгойгоо хатуу зүйлд цохиж, цус гарсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Н.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Ж- мөрдөн байцаалтын шатанд “Одоо миний биеийн байдал хэвийн байгаа надад манай нөхөр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн надад гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг, “Н.Н-ид гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 38-43, 52, 76 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.

3. Шүүгдэгч Н.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Н.Н-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Н.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Н.Н-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Н.Н-ид танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Н.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 8. Шүүгдэгч Н.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Н.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ