Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгч: Л.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Лхайжавын Ц-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535001080180 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......-нд Увс аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..... хамт амьдардаг, Увс аймгийн ..... сумын .... багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Л-ын Ц- (регистрийн дугаар:.........);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц- нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ..... сумын ....... багийн нутаг дэвсгэрт байрлах “Шаламтын ам” нэртэй газарт хохирогч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, гараараа нүүр тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Ц- нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ..... сумын ...багийн нутаг дэвсгэрт Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргав.

2. Шүүгдэгч Л.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би малчин хүн. Эхнэр маань ганцаараа хөдөө мал дээрээ үлдсэн байгаа. Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж авч өгнө үү” гэв.

Эрүүгийн 2535001080180 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),

2. Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал);

3. Гэрч Б.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

4. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);

5. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

7. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ХОВ0825/105 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний” дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал);

8. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Ц- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Л.Ц- нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ..... сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэгт гараараа цохисон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),

-Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ..... сумын 9 дүгээр багт ах дүү нарын хамт гол дээр ямаа шарж байтал нутгийн ах болох Л.Ц- ирээд чи ах дүү нартайгаа том сууж байна даа гэхээр нь би сууж болох юм уу гэхэд Л.Ц- болохгүй гэсэн гэж хэлсэн үү гэж асуухаар нь би намайг цохиж магадгүй гэж бодоод босох гэтэл намайг Л.Ц- баруун гараараа миний хамар хэсэг рүү 1 удаа цохиход миний хамарнаас цус гарч хэсэг ухаан балартсан. Хэсэг хугацааны дараа босоод ирэхэд Л.Ц- явсан байсан. ...ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй. Тухайн үед С.Б-, Б.Б- гэх хүмүүс байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Намайг эмч нар хагалгаанд орж гэсэн. Л.Ц- намайг зодоогүй бол ийм асуудал болохгүй байсан. Би сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилнэ, тийм болохоор мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулна. Би эмнэлгээр явж байгаа яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмнэлэг болон учирсан хохирлын хэмжээ гарах үед мөнгө нэхэмжлэх болно. Л.Ц- надад 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг бэлнээр хохиролд өгсөн. Надад дахин нэхэмжлэх зүйл болон хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-24 дэх тал);

-Гэрч Б.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Б-гийн хажууд Л.Ц- суугаад ам зөрж байгаад нэг мэдэхэд Б.Б-г гараараа хамар орчимд нь нэг удаа цохих үед Б.Б-гийн хамраас цус гарч, ухаан балартсан. Харин Л.Ц- машинаа унаад явсан. Хэсэг хугацааны дараа Б.Б- нь ухаан ороод маргааш өглөө нь сумын эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

-Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... сумын 9-р багт Шаламтын ам гэх газарт агаарт гарч хоол унд болж, хорхог гаргаж байтал нутгийн залуу Л.Ц-, н.Б-ийн хамтаар машинтай эрүүл ирэхээр нь тойроод сууж байтал Б.Б-д хандаж нутагтаа ирсэн гоё байна уу гэсэн. Б.Б- Л.Ц- нар хоорондоо барьцалдаж авахаар нь тэнд байсан хүмүүс одоо больцоо гэж байсан. Би тэр үед хорхог гаргаж байсан тул юу болсныг хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал);

- Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед би хоол унд хийж байсан. Тэр үед Л.Ц- ирсэн юм. Хоол гаргаж байхад хүмүүс шуугилдаад эхэлсэн юм. Би очоод юу болсон талаар асуухад Л.Ц- гэх хүн Б.Б- ахыг цохичихоод яваад өгсөн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай:Б.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дэрэх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ХОВ0825/105 дугаартай “Хохирогч Б.Б-д гэмт хэргийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал);

- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Л.Ц- нь хохирогч Б.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед цээжний баруун ар доод хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Л.Ц- нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Ц-ийн хохирогч Б.Б-ийн хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон үйлдэл нь  хохирогчийн биед учирсан “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Ц-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын ёс суртахуун, бусадтай харилцах харилцааны доголдол нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Л.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2. Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд “Л.Ц- надад 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг бэлнээр хохирол өгсөн. Надад дахин нэхэмжлэх зүйл болон хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт: “Л.Ц- нь надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх нотариатчаар баталгаажуулсан тодорхойлолт, мөн шүүгдэгчээс Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 278,279 (хоёр зуун далан найман мянга хоёр зуун далан ес) төгрөгийг нөхөн төлсөн зэргийг үнэлж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Л.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Л.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Л.Ц- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Амьдрал хэцүү байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хэрэгтээ их гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус гаргав.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Л.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 2,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

-Шүүгдэгч Л.Ц- нь ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт амьдардаг, Увс аймгийн ..... сумын ... багт оршин суух хаягтай  урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 64-68, 82-90 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч Л.Ц-ийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 35-38 дахь талд авагдсан гэрч болох түүний эхнэр Г.О, төрсөн эгч Л.Ц нарын өгсөн: “Л.Ц нь аймгийн алдарт уяач хүн юм. Сум орондоо олон жил мал маллан хөдөлмөрлөж байгаа ба морь сонирхдог, сураар хазаар ногт зэрэг суран эдлэл хийдэг гарын дүүтэй хүн юм. Л.Ц- нь дуу цөөнтэй, төлөв даруу, хүний зовлонд хамгийн түрүүнд тус болж хандив цуглаанд хамгийн түрүүнд манлайлж оролцдог юм” гэх мэдүүлгүүдийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

- Шүүгдэгч Л.Ц- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц-ид урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 69, 73-79 дэх тал);

5. Иймд шүүгдэгч Л.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Л.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Л-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ид 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Шүүгдэгч Л.Ц- нь Эрүүл мэндийн даатгалын санд 278,279 (хоёр зуун далан найман мянга хоёр зуун далан ес) төгрөгийг, хохирогчид 2,000,000 (хоёр сая) төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч  Л.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                              

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ