| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0393/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/415 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.А*********аа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б*****н А*******аад холбогдох эрүүгийн 2538002860538 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С**н овогт Б*****н А*******аа, 1970 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, зээ охины хамт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *********дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А*********аа нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт В.С*******аа, Т.Х****н нарыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А*********аа нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт В.С*******аагийн бие эрх чөлөөнд нь халдаж, В.С*******аагийн биед нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, тархинд доргилт бухүий гэмтэл учруулсан, тухайн цаг үед В.С*******аагийн тэвэрт байсан насанд хүрээгүй Т.Х****нгийн биед баруун эгэм орчим зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулж үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.С*******аагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, хохирогч В.С*******аагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15,17 тал/, гэрч М.Т******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Ч.Б******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 27 тал/, гэрч М.С*******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл /хх-ийн 88, 93 тал/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусалмж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 96 тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 46-47, 59-60 тал/, шинжээч эмч Р.Н*****ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 тал/, шүүгдэгч Б.А*********аагийн хохирогч В.С*******аагийн Хаан банкны *** дугаартай дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 98 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.А*********аа нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч В.С*******аа, насанд хүрээгүй Т.Х****н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шижээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А*********аа нь хохирогч В.С*******аагийн Хаан банкны ******* дугаартай дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 98 тал/-д, хохирогч В.С*******аа нь “...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/-д тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.А*********ааг энэ шийтгэх тогтоолоор хохирогч, насанд хүрээгүй хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.С*******аад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирогч В.С*******аагийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 149.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Х****нгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 646.800 төгрөг нийт 795.800 төгрөгийг шүүгдэгч Б.А*********аас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.А*********аа нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 795.800 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.А*********аагаас 795.800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А*********ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.А*********аа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.А*********аа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С**н овогт Б*****н А*******ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б*****н А*******ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*********аад оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*********аа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.А*********аагаас 795.800 (долоон зуун ерэн таван мянга, найман зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А*********аа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*********аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН