Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01952

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01952

Улаанбаатар хот

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо,  Р төвд байрлах, Р ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүрэг, 0 дүгээр хороо,  00 тоотод байрлах, Х ХХК /РД:0000000/-д холбогдох

 

68,944,757 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Харуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р ХХК нь 68,944,757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Талууд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Тухайн гэрээгээр Р ХХК нь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 05-ын хайрга, 22,000,000 төгрөгийн үнэ бүхий дайрга, нийт 47,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг Х ХХК-нд хүлээлгэн өгөх, оронд нь 0-0 маркийн бетон авахаар харилцан тохиролцсон. Р ХХК гэрээнд заасан хайрга, дайргаа хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Х ХХК-нд 199,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон авахаар 8 удаа захиалга өгсөн боловч нэг ч удаа захиалгыг биелүүлээгүй. Үүнээс дүгнэж үзвэл Х ХХК цаашид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй юм байна. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 дах хэсэгт зааснаар 68,44,757 төгрөгийг Х ХХК-иас гаргуулахаар шүүхэд хандаж байна, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээг байгуулж, 47,000,000 төгрөгийн хайрга дайрга нийлүүлэх, төлбөрийг 100 хувь бараа материал буюу бетон зуурмагаар төлөхөөр харилцан тохиролцсон. Манай талаас гэрээг байгуулснаас хойших хугацаанд нийслэл болон орон нутагт бетон зуурмагийн хомсдол үүссэн. Энэ талаар манайхтай хамтарч цемент нийлүүлдэг, 4-5 компанийн бетон зуурмаг, цемент хомсдсон талаарх албан бичгийг манай дээр ирүүлсэн. Энэ компанийн буруутай үйл ажиллагаа биш нийслэлд цемент хомсдож, ганцхан манай бетон зуурмагийн үйлдвэр биш олон компаниуд байсан. Бид нар давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдэгдлээ харилцах компаниудад хүргүүлж байсан. Тооцоо нийлсэн баталгаан дээр 45,963,157 төгрөгийг талууд тооцоо нийлсэн. Манай компаний хувьд үндсэн төлбөр болох 45,963,157 төгрөгийн бетоныг өгөхдөө тус гэрээний дагуу бараа материал өгөхөөр харилцан тохиролцсон байгаа учраас бетоноор төлнө гэж нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлсэн боловч үндсэн төлбөрөө бэлэн мөнгөөр нэхэмжилж байгаа. Гэтэл гэрээнд төлбөрийг бараа материалаар төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй учир нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасан алдангийн зохицуулалт нь зөвхөн Захиалагчтай холбоотой зохицуулалт тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.05.26-ны өдрийн №00/00 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт №0, Р ХХК-ийн 2022.09.05-ны өдрийн 0/000 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Р ХХК-ийн 2022.09.15-ны өдрийн 0/000 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Р ХХК-ийн 2022.09.19-ний өдрийн 0/000 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Т ХХК-ийн албан бичиг, Ц ТББ-ын албан бичиг, Х ХХК-ийн албан бичиг, Т ХК-ийн албан бичиг, Х ХХК-ийн албан бичиг, М ХХК-ийн албан бичиг, А ХХК-ийн албан бичиг, Х констракшн ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Х  ХХК-д холбогдох Р ХХК-ийн 68,944,757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Х констракшн ХХК-д 47,000,000 төгрөгийн 0.5 хайрга болон 10-20 дайргыг тус тус Р ХХК нийлүүлж, хариуцагч гэрээний үнэд дүйцэх бетон зуурмагийг нийлүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд буюу 6 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хооронд манайх 199,000,000 төгрөгийн бетон авах захиалгыг хариуцагчид өгсөн. Гэвч хариуцагч тал захилагын дагуу бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч удаа дараа үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч мэдүүлэг хүргүүлсэн. Хариуцагч талаас зуны улиралд бетон нийлүүлэх боломжгүй, өвөл бетон нийлүүлье гэсэн өвлийн зуурмаг нэхэмжлэгчид шаардлагагүй гэдгээ хариуцагчид мэдэгдсэн. Иймээс төлбөрийг бараагаар авах боломжгүй, хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг нийлүүлсэн барааны үнээр шаардсан. Иймд үндсэн төлбөрт 45,963,157 төгрөг, алданги 22,981,620 төгрөг нийт 63,944,757 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ковидын улмаас цементийн хомосдол үүсч, бетон зуурмагийг нэхэмжлэгчид нийлүүлэх боломжгүй байсан. Гэрээний дагуу төлбөрийг 100 хувь бетон зуурмагаар төлөхөөр тохиролцсон тул мөнгөөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн үндсэн шаардлагын үнийн дүн болох 45,963,157 төгрөгийн тооцоололд маргахгүй. Гэрээгээр захиалагч алданги төлөхөөр тохиролцсон, хариуцагч алданги төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй тул алдангийг зөвшөөрөхгүй. Гэрээний үндсэн үүрэгт бетон зуурмаг нийлүүлж, төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн алданги болох 22,981,620 төгрөг нь илтэд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 22/01 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн үнэ бүхий 05-ын хайрга, 22,000,000 төгрөгийн үнэ бүхий дайрга нийт 47,000,000 төгрөгийн бетон зуурмагийн хөлсийг 100 хувь бараа материалаар төлөхөөр тохиролцсон ба энэ үйл баримттай талууд маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж талууд тайлбарлаж байх боловч гэрээний талууд нь тодорхой хөрөнгийг харилцан бие биенийхээ өмчлөлд шижлүүлэхээр тохиролцжээ.

Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасантай нийцэж байх тул талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ арилжааны гэрээний шинжийг илэрхийсэн, хүчин төгөлдөр арилжааны гэрээ байгуулаглагдсан байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч талд нийт 50,563,157 төгрөгийн хайрга, дайрга нийлүүлсэн бөгөөд тооцоо нийлсэн актаар 47,353,157 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-14 хуудас/

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас гэрээгээр тохиролцсон эд хөрөнгө буюу бетон зуурмагийг захиалагч хүлээн авах шаардлагагүй болсон байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно, 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны үнийн дүнгийн хэмжээгээр хохирсон хохирлоо мөнгөн төлбөрийн хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд ийнхүү мөнгөн төлбөрийн хэлбэрээр шаардлага гаргаж буйг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т захиалагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан талуудын гэрээний тохиролцоогоор Захиалагч алданги төлөхөөр заасан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлий 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээгээр гүйцэтгэгчээс анз шаардахаар бичгийн гэрээнд заагаагүй байх тул нэхэмжлэгч анз шаардах эрхээ алдсан байна

 

Дээрх үндэслэлээр гэрээний үүрэгт 45,963,157 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 22,981,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,797.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 387,766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 227 дугаар зүйлийн 227.1, 232.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-иас 45,963,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,981,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,797.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 387,766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ