Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2023/00182

 

 

 

 

 

 2023       02        17                                             151/ШШ2023/00182                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, ...... сум, ....... дугаар багт оршин суух .... овогт Санжийн Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, .... сум, ..... баг, .... дугаар хэсэг, ....... тоотод оршин суух ..... овогт .......... Ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үхэрний үнэ 6,040,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Адъяабат,

Хариуцагч: М.И,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: М.Солонго

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б нь М.Ид холбогдуулан үхэр худалдан борлуулсан 6,040,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“С.Б би 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байж байтал Засаг даргын орлогч И Бгуай үхэр авъя гэсэн. Би таньж мэддэг дарга хүний хувьд итгэж эр үхрээ тухайн зах зээлийн дундаж ханшаар бодож 1 килограммыг 11 мянган төгрөгөөр бодож харилцан тохиролцоод “Их ундарга Майнинг” ХХК хуулийн этгээдийн тэнд хүргэж өгөөд тэгээд тооцоогоо хийе гээд асуухад сар бүрийн 15, 30-ны өдөр шууд орно дансаа үлдээгээд яв гэсэн тэгээд 4 хоногийн дараа утасдаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уурхайд хурдан үхрийн мах хүргэж өгөө уурхайд хоолны мах дуусаж байна. Тэгээд би олон нийтийн ажил алдагдуулж болохгүй гээд шууд дахин үхэр гаргаж өгсөн. Тэгээд мөнгөө хүлээгээд ахиж нэхээд өнөөдөр хүртэл ... иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адъяабат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үхэр авна гэх зүйлийн Б.И хэлсэн. Тэрний дагуу Их Ундарга Майнинг ХХК-ийн хашаанд үхэр хүргэж өгөөд тухайн махны дундаж үнийн дүнг бичиж авсан цаас нь байгаа. Тухайн үед би байгаагүй учраас тэр талаар асуудлыг мэдэхгүй байна. Хоёр удаагийн давтамжтай 6,040,000 төгрөгийн мах аваачиж өгсөн. Миний бодлоор Их Ундарга Майнинг ХХК-тай Засаг даргын орлого ч Б.И ямар нэгэн байдлаар ойр дотны харилцаа холбоотой. Тиймээс өөрсдөө тэр махыг компанид хүргэж өг гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэлэхдээ өгсөн мах нь дууссан байна нэг мах хүргэж өг гэсэн. Тухайн өдөр тэнгэр хангай эвгүй байсан. Аавын сэдэл санаа нь дээр тулгуурлаад өөрийн ажлын нөхцөл байдлыг уяалдуулана өөрийн эрх ашигт тохируулана ажилласан байна гэж харж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэжээ.

2. Хариуцагч М.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2022 оны 5 дугаар сард Төмстий багийн иргэн С.Б нь 3 тооны үхрийн мах борлуулах хүсэлтэй байгаагаа миний албан өрөөнд ирж амаар гаргасныг бүртгэлжүүлж авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа тус суманд үйл ажиллагаа явуулдаг "Их ундарга майнинг” ХХК-иас сумын малчдаас үхрийн мах авах тухай хүсэлт ирсэн тул мах борлуулах хүсэлтэй иргэдийн жагсаалтын нэгдүгээрт бүртгэгдсэн Тосон багийн иргэн А.Оюунбадрахтай ярихад үхэрээ борлуулсан гэх хариу өгсөн учир дараагийн хүсэлт ирүүлсэн иргэн С.Бад уг хүсэлтийг уламжлахад зөвшөөрсөн тул "Их Ундарга майнинг" ХХК-ийн нярав болох Цэцэгмаагийн 95394727 гэх утасны дугаарыг С.Бад өгч та бүхэн махны үнэ, тоо зэрэг зүйлсийг хоорондоо харилцан тохиролцоод аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Үүнээс хойш С.Б нь тус оны зун, намар 2-3 удаа үхрийн махны төлбөрөө нөгөө компани өгөхгүй байна гэж надтай холбогдсон тул "Их Ундарга майнинг" ХХК-ийн захирал Ц.Ундрах (утасны дугаар 99102299), захирлын туслах Лхагважаргал (утасны дугаар 99125165) нартай 3 удаа утсаар, захирал Ц.Ундрах, нягтлан бодогч н.Мягмарсүрэнтэй (утасны дугаар 95002298) фэйсбүүкийн чатаар тус тус холбогдон махны үнийг барагдууж өгөх талаар хэлсэн. Иймд танай байгууллагаас ирүүлсэн тус сумын Засаг даргын орлогчийг хариуцагчаар татсан Заамар сумын Төмстий 2 дугаар багийн иргэн Санжийн Бын гаргасан "Зээлийн төлбөр 6,040,400 (зургаан сая дөчин мянга дөрвөн зуун) төгрөг гаргуулж авах тухай" нэхэмжлэлийг гардан авч дээрх үндэслэлээр тайлбар гаргаж хүлээн зөвшөөрөхгүй буюу миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан субьект биш ба орон нутгийн малчдыг дэмжих бодлогын хүрээнд нэг талаас малчин, нөгөө талаас аж ахуй нэгжийн хүсэлтийг уламжилсан. Тус нэхэмжлэлийн хариуцагч нь үхрийн мах худалдан аваад одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа "Их Ундарга майнинг" ХХК гэж үзэж байна” гэжээ.

2.1. Хариуцагч М.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би малчидтайгаа нэг зарчмаар ярьдаг. Үнийн дүн ийм байна та өөрөө очоод уулзах юм бол үнийн дүн нь дээш доош болж магадгүй. Тэр асуудлыг та нар өөрсдөө яриарай гэж хэлдэг. Хоёр дахь удаагийн махны асуудал дээр би яриагүй. 2,3 хоногоос дахиад мах авах байх тэр талаар ярилцаарай гэж хэлсэн болохоос шууд аваачиж өг гэдэг асуудлыг хэлээгүй. Мах борлуулах хүсэлтээ малчид өөрсдөө өгдөг. Би тухайн айл мах борлуулах хүсэлттэй байгаа гэдгийг би мэдэхгүй. С.Б өөрөө хүсэлтээ албан ёсоор манай өрөөнд орж ирж тавьсан. Тухай гаргасан хүсэлтийг би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж аваад дараалал дагуу хүмүүстэй холбогдож энэ ажлын зохион байгуулдаг энэ ажлыг би 2017 оноос хойш хийж байгаа энэ талаарх бүртгэл мэдээллийг хавтаст хэрэгт бүрдүүлэн өгсөн. Хардаж байгаа явдал дээр гайхаж байна” гэв.

3. Нэхэмжлэгчээс “Их ундарга майнинг” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орлогын баримтын хуулбар (хх-3) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас үхэр борлуулах дэвтрийн хуулбар (хх-14), мессэнжир чатын хуулбар (хх-15-19), Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай №18 дугаар гэрээний хуулбар (хх-20-23), Байгаль орчныг хамгаалах,, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай №13 дугаар гэрээний хуулбар (хх-24-27), Уул уурхайн аж ахуй нэгжүүдэд малчдаас үхэр борлуулсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн судалгааны хуулбар (хх-28), 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үхэр борлуулсан судалгааны хуулбар (хх-29) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх С.Бын нэхэмжлэлтэй М.Ид холбогдох Үхэрийн үнэ  6,040,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6,018,400 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2..Нэхэмжлэгч С.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

С.Б би 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байж байтал Засаг даргын орлогч И Бгуай үхэр авъя гэсэн. Би таньж мэддэг дарга хүний хувьд итгэж эр үхрээ тухайн зах зээлийн дундаж ханшаар бодож 1 килограммыг 11 мянган төгрөгөөр бодож харилцан тохиролцоод Их ундарга Майнинг ХХК хуулийн этгээдийн тэнд хүргэж өгөөд тэгээд тооцоогоо хийе гээд асуухад сар бүрийн 15, 30-ны өдөр шууд орно дансаа үлдээгээд яв гэсэн тэгээд 4 хоногийн дараа утасдаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уурхайд хурдан үхрийн мах хүргэж өгөө уурхайд хоолны мах дуусаж байна. Тэгээд би олон нийтийн ажил алдагдуулж болохгүй гээд шууд дахин үхэр гаргаж өгсөн. Тэгээд мөнгөө хүлээгээд ахиж нэхээд өнөөдөр хүртэл ... иймд миний хохирлыг барагдуулж өгнө үүгэв.

3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: 

“Манай байгууллага 2017 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх сүү цагаан идээ, ажиллах хүчин зэрэг иргэдэд чиглэсэн эрэлтийг холбох үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байна.

Мах борлуулах хүсэлтээ малчид өөрсдөө өгдөг. С.Б өөрөө хүсэлтээ албан ёсоор манай өрөөнд орж ирж тавьсан. Тухай гаргасан хүсэлтийг би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж аваад дарааллын дагуу хүмүүстэй холбогдож энэ ажлын зохион байгуулдаг болохоос биш би махны үнийг авдаг хүн биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

“Их ундарга майнинг” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орлогын баримтын хуулбарт “2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр С.Б үхрийн мах, гэдсийг нийт 2946400 төгрөгөөр борлуулсан” гэх бичилт (хх-3), үхэр борлуулах дэвтрийн хуулбарт “Б 3 ширхэг үхэр” гэх бичилт (хх-14), мессэнжир чатын хуулбар (хх-15-19), Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай №18 дугаар гэрээний хуулбарт “...Уурхайн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн ... мах, сүүний хэрэгцээг 100 хувь хангана...” гэх бичилт (хх-20-23), Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай №13 дугаар гэрээний хуулбар (хх-24-27), Уул уурхайн аж ахуй нэгжүүдэд малчдаас үхэр борлуулсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн судалгааны хуулбарт “...Уурхайн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн ... мах, сүүний хэрэгцээг 100 хувь хангана...” гэх бичилт (хх-28), 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үхэр борлуулсан судалгааны хуулбар (хх-29) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нь Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээнүүдийг 2020 он, 2021 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Их ундарга майнинг” ХХК-тай байгуулан тухай сумын иргэдийн малыг худалдан борлуулдаг байсан нь тус гэрээнүүдийн хуулбар, (Уул уурхайн аж ахуй нэгжүүдэд малчдаас үхэр борлуулсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн судалгааны хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үхэр борлуулсан судалгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. (хх-20-29)

4.1. Дээрх тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй байна.

5. Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай №18, №13 дугаар гэрээнүүдээр сумын иргэдийн малыг худалдан борлуулах тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ бус харин худалдах, худалдан авах гэрээ юм.

6. Тодруулбал талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг хэрхэн төлөхөө тохиролцоогүй зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна худалдан авагч нь зээлээр худалдан авч байгаа бол нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

7. Худалдах худалдан авах гэрээний нэг онцлог нь маш олон төрлийн харилцаатай бөгөөд хиймэгц биелэгдэх ахуйн шинжтэй харилцаа заавал бичгээр гэрээ хийхийг шаарддаггүй онцлогтой.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдаа худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С.Б нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. 

9. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үхрийн мах, гэдэс нийлсэн 3,072,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн үхрийн мах болон гэдсэнд орлогын баримтаар 2,946,400 төгрөгийн мах болон гэдэс зэргийг хариуцагч М.Игийн хүсэлтээр “ Их Ундарга Майнинг” ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

10..Хариуцагч М.И Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ нэхэмжлэгч С.Бын үхрийн махыг би аваагүй, “Их ундарга майнинг” ХХК авсан тул тус компани төлөх ёстой гэж маргасан.

11. Үүнээс дүгнэвэл Төв аймгийн Заамар сумын Засаг дарга болон Тамгын газар нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компниудтай гэрээ хийж тухайн гэрээний дагуу малчдаас мах худалдан борлуулах санал авч компанид нийлүүлдэг болох нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №18 тоот гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №13 тоот гэрээнүүдийн 3.2.1-д зааснаар Уурхайн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр: Мах, сүүний хэрэгцээг 100% хангана гэж тус тус зааснаар нотлогдон тогтоогдож байна. (хх-н 20-27-р хуудас)

12. Мөн хариуцагч М.И нь анх үхрийг худалдан борлуулах санал тавьж, дарааллын дагуу малчдад санал тавьж мах худалдан борлуулах үүрэг гүйцэтгэдэг болох нь үхэр борлуулсан судалгаа болон түүнийг бүртгэж авсан жагсаалт зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-н 28-29-р хуудас)

13..Нэхэмжлэгч С.Б нь засаг даргын орлогч М.Игийн хүсэлтээр тухайн “Их Ундрага майнинг” ХХК-д мах нийлүүлсэн өөрөөр тухайн компанийг мэдэхгүй гэж тайлбар гаргасныг хариуцагч М.И нь үгүйсгээгүй бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөөгүй болохыг талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна.

14. Нэхэмжлэлийн шаардлага үхрийн үнэ нийт 6,040,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг авагдсан “Их Ундрага майнинг” ХХК-ний орлогын баримтаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийт 2,946,400 төгрөгийн мах болон гэдэс хүлээн авсан талаарх орлогын баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 22,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

15. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М.Игоос 6,018,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Игоос  111,244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Игоос 6,018,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Игоос  111,244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгосугай.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ