| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0375/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/402 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/402
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Д.С******эй,
Шүүгдэгч Э.Ш*********лд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э******ийн Ш********дод холбогдох эрүүгийн 2438004020055 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х*****д овогт Э******ийн Ш********д, 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Арбулаг сумын 5 дугаар баг Тарган нуур, ** дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 50 дугаар байр, ** дүгээр орц, ** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*******) дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ш*********лд нь 2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С******эйн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438004020055 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Ш*********лд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Соёлын төвийн гадаа Д.С******эйн бие эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш*********лдын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С******эйгийн өгсөн: “...Арбулаг суманд 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө ийм зүйл болсон. Э.Ш*********лд бүгдийг нь ярилаа. Ярьж байгаа нь үнэн зөв байна. Манай гадаа үүдэн дээр эхнэр, хоёр ээжтэйгээ ирж уулзсан. Би залуу хүүхэд байна. Хоёулаа цуг хот явъя. Эмчид үзүүлээд хэдэн төгрөг гэх нь үү тэрийг чи эмнэлгийн данс руу шилжүүлчих. Тэгээд чи ажлаа бод гэсэн. Бид хоёр тохирсон. Хоёр хоногийн дараа явна гэж тохироход Э.Ш*********лд нэг өдрийн өмнө гарна гэсэн. Тэгээд хот ороод тэрнээс хойш уулзаагүй. Над руу нэг удаа 500,000 төгрөг шилжүүлчих үү гэсэн. Би яах юм бэ гэсэн. Эхлээд өөрийнхөө мөнгөөр хагалгаанд ороод дараа нь баримтаа гаргаж мөнгөө гаргуулж авна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С******эйгийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Арбулаг сумын соёлын төвийн үүдэн дээр Ш******ээ гэх залууд цохиулсан. Бид хоёрын хооронд маргаан, үг сольсон асуудал байхгүй. Намайг зогсож байтал 2 суга руу гараа хийхээр нь яаж байна дүү гэтэл хамар руу нэг удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад нөгөө хүн зугатаад явсан. Би уусан уугаагүйг мэдээгүй. Би эрүүл байсан. Урд би хамарны хагалгаанд орж байсан юм. Тэгтэл хамар руу цохиж хамар хугалж, амьсгалж болохгүй байна. Нүдний ухархай руу хөхөрөлт үүссэн. Гомдолтой байна...Би 2024 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Соёлын төв орж бүжиглэчихээд халууцаад байхаар нь гарч ирээд шатаар уруудаад буусан чинь урдаас нэг залуу хүрч ирээд хоёр суга орчмоос бариад авахаар нь би яасан гээд харсан чинь шууд баруун гараараа миний хамар руу нэг удаа цохьсон Тэгээд би хамраас цус гарахаар нь хойшоо ухарч алхаад гараараа хамраа дараад цусаа тоссон. Тэр залуу ч намайг нэг цохьчихоод юу ч хэлэлгүй шууд явсан. Би ч яасан овоо юм гээд нэг ухасхийх гэсэн чинь тухайн асуудал болох үед Соёлын төвийн үүдэнд зогсож байсан нутгийн зүс таних дүү Г****аа гэж дууддаг залуу боль боль ах, наад цус энэ тэрээ тогтоо гээд намайг хорьсон. Тэгээд би намайг цохьсон залуу руу дайраа ч үгүй тэндээ үлдсэн. Тэгээд би найз руугаа залгаад Соёлын төвөөс дуудаж гаргаж ирсэн. Манай найз Э*******р Соёлын төвөөс гарч ирээд яасан талаар надаас асуусан. Тэгээд Э*******р бид хоёр Соёлын төвийн үүдэнд байсан Г****аа болон өөр бусад хүмүүсээс намайг цохьсон залууг таних уу, хэн гэдэг хаанахын залуу вэ гэж асуухад “Мужаан М*******гийн банди, **хийдэг юм, **гэсэн” гэж надад мэдээлэл өгсөн. Тэгэхээр нь би Хөвсгөл аймгийн **газар руу залгаад нөхцөл байдлаа хэлээд дугаарыг нь асууж аваад Ш********лд гэдэг залуу руу залгаж яриад “ахын дүү яаж байгаа юм бэ, чи ирээд надтай уулз, чи миний хамрыг хуга цохьчихлоо ш дээ” гэсэн чинь утасны цаанааа чамтай уулздаг хүн биш, уулздаг газраа уулзана” гэж ярьчихаад утсаа салгаад дахиж залгахаар авахаа байчихсан. Тэгэхээр нь би дургүй хүрээд цагдаад гомдол гаргаж, дуудлага өгсөн. Тэрнээс би уг нь эр хүн юм чинь уулзаад яагаад цохьсон шалтгааныг нь асууж, ярилцъя гэж бодсон юм.
Намайг яагаад цохих болсныг би үнэхээр мэдэхгүй байна. Миний тухайд бол Ш********лдыг өмнө нь таньдаггүй байсан, тэр залуу ч намайг өмнө нь таньдаггүй байсан болохоор ямар нэгэн өс хонзон, өр авлагын харилцаа байхгүй. Би дараа нь уулзахад нь намайг яагаад цохиж байгаа юм гэж асуухад “би маш их согтсон байсан, үнэхээр санахгүй байна” гэж ярьж байсан. Би бол одоо эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Надтай уг асуудал болсноос 2-3 хоногийн дараа Ш********лд гэх залуу ирж уулзаад тохиролцъё, эмчилгээний зардал мөнгө өгье гэж ярьсан. Тэгээд эмчилгээний зардал мөнгө төлөхөөр тохироод би Улаанбаатар хотод очоод эмнэлэг орох болоод залгасан чинь очиж чадахааргүй боллоо гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Би өөрийн зардал мөнгөөрөө бага сага эмчилгээ хийлгэсэн. Одоо цаашдаа яс нь бэхжсэнээс хойш 2 сарын дараа дахин хамрын хагалгаа хийж мэс заслын аргаар янзалж эмчилнэ гэж эмч зөвлөсөн. Миний тухайд бол эмчилгээний зардал болон эмчлүүлэхээр явсан хугацаанд авах байсан цалин мөнгө, бусад зардлаа нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Миний хамар гэмтсэн байх үед бол надад хэсэг хугацаанд үнэхээр хэцүү байсан. Эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэхээс өгсүүлээд зөндөө чирэгдэл учирсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/67 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,
Гэрч Т.Э*******рийн өгсөн: “...Д.С******эйг бусдад зодуулсан талаар би мэдсэн. Өдрийг нь сайн санахгүй суманд шинээр баригдсэн Соёлын төвийн нээлт болоод бүжиг болж байхад С*********эй над руу залгаад Соёлын төвийн гадаа хүнд цохиулчихлаа гэхээр гарч очоод мэдсэн. Би хараагүй болохоор юугаар хаана нь цохисоныг мэдэхгүй байна. Намайг гарч очиход хамар нь мурийгаад хугарсан байдалтай харагдаж байсан. Би хаана нь ямар гэмтэл учирсан талаар мэдэх юм алга байна. Намайг харахад хамар нь гэмтсэн байдалтай харагдсан. Над руу С*********эй залгаад гараад очиход байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Гэрч Б.Г********ын өгсөн: “..Энэ өдөр манай Арбулаг сумын соёлын төвд бүжиг болж байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг бол анзаарч хараагүй. Соёлын төвөөс гараад гадна хашааны үүдний хэсэгт ирэхэд хоёр эрэгтэй хүн том, том дуугараад байхаар нь яваад очиход Ш********лд, С*********эй нар зодолдоод дуусчихсан бололтой бие биенээ заамдалцсан зогсож байхаар нь шууд дундуур нь ороод салгасан. Тэгээд салснаа бие бие рүүгээ том, том дуугаралцаж байхад тэнд байсан хүмүүс Ш********лд, С*********эй нарыг тус тусад салгаад л аваад явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хэн хэн хэнийг нь явч явсныг бол хараагүй. С*********эй, Ш********лдоос салсныхаа дараа энэ мужаан М*******гийн банди мөн үү асуугаад байхаар нь мөн гэдгийг бол хэлж байсан. Тэгээд л эргээд соёлын төв рүү орсон. Эргээд гарч ирэхэд бол гадаа зодоон цохион ахиж болоогүй л байсан. Ш********лд болохоор Арбулаг суманд 2 ангийн доод ангид сурч байсан гэдгээр нь танина. С*********эй болохоор манай нутгийн залуу гэдгээр л танина. Энэ хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Яг ямар шалтгаантай болохыг бол хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан салгасан чинь л хоёулаа ална шүү гээд бие бие рүүгээ дайраад байсан. Тэрийг ёстой анзаар хараагүй. Би өөрөө нэлээн уучихсан байсан болохоор сайн ажиглаагүй ш дээ. Дундуур нь ороод л салгасан. Архи уусан үгүйг нь мэдэхгүй байна. Нутгийн хүмүүс намайг Г****аа л гэж дууддаг. Ш********лд болохоор Арбулаг суманд 2 ангийн доод ангид байсан гэдгээр нь танина. С*********эй болохоор манай нутгийн залуу гэдгээр танина. Энэ хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Яг ямар шалтгаантай болохыг бол хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан салгасан чинь л хоёулаа ална шүү гээд бие бие рүүгээ дайраад байсан. Хэнийх нь биеийн аль хэсэгт ямар гэмтлүүд учирсан эсэхийг анзаарч хараагүй. Би өөрөө нэлээн уучихсан байсан болохоор согтуу байсан эсэхийг сайн ажиглаагүй, дундуур нь ороод л салгасан. Архи уусан үгүйг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Гэрч Б.Ш*********гийн өгсөн: “... Огт мэдэхгүй би тэр орой соёлын төвийн нээлт болж байна гэхээр нь манай багийнхан болон Ш********лд нь бид нартай цуг явсан тэр үед Ш********лд соёлын төвийн гадаа хүмүүстэй юм яриад үлдсэн бид нар харин дотогшоо орсон тэгж ороод бид бүжиглэж байгаад тэндээсээ гараад шууд байрлаж байсан газраа очсон Ш********лдыг бол хаана байсныг нь бол мэдэхгүй байна. Зодоон болсон талаар бол би огт мэдэхгүй тэгээд бүүр сүүлд Мөрөн суманд орж ирээд хүнээс мэдсэн. Би тэр зодоон болох үед нь бол хажууд нь байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 тал/,
2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, О.Э******гийн ******* дугаарын утаснаас илгээсэн мессеж /хх-ийн 151-152 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай: “. Д.С******эйгийн хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 369 дугаартай: “. Э*********ийн Ш********лдын биед гэмтэл тогтоогдсонгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 175-176 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДАР08251057 дугаартай: “Хохирогч С*********эй /****** /-н сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 189-190 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/,
Д.С******эйгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж, гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/,
Шүүгдэгч Э.Ш*********лдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Арбулаг сумын Соёлын төвийн нээлтийн волейболын тэмцээнд оролцож орой нь найзуудын хамт соёлын төвд болж байсан нийтийн бүжигт орж бүжиглэсэн юм. Тэгээд бүжиглэж байгаад соёлын төвөөс гарч хажууд нь байдаг жорлон орж бие засчихаад буцаад гурван найзын хамт соёлын төв рүү орох гэж явж байтал урдаас нэг дээлтэй өндөр залуу ирж миний мөр хэсэг рүү мөрөөрөө мөргөсөн. Тэгэхээр нь би тэр залууд хандаж чи замаа хараач гэж хэлсэн тэгсэн нөгөө залуу намайг чи өөрөө яаж яваад байгаа юм гээд миний урдаас тулж ирээд яах гээд байгаа юм гээд цохих гээд баихаар нь би түүнииг урдаас нь суга хэсэг рүү нь хоёр гараараа түлхэхэд нөгөө залуу миний зүүн чих рүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд нь би зөрүүлээд нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгэхэд бид хоёрыг манай найзууд хоёр талаас татаж аваад салгасан. Тэгээд 30 орчим минутын дараа миний утас руу нөгөө залуу залгаад би чамайг ална хүрээд ир гэхээр нь би чаддаг юм бол алаарай гэж хэлсэн чинь чиний дарга цэрэг рүү залгаж хэлнэ гэхээр нь би тэг тэг гээд салгасан. Цагдаагийн байгууллагаас дуудах үед нь хөдөө тайга руу ажлаар явсан байсан. Ирээд байж байхад хотоос дуудахад манай эхнэр төрөөд Улаанбаатар хот явах боломжгүй байсан тул дуудсан үед нь очиж чадаагүй. Хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа аймгийн төвд байхад би очиж уулзахад намайг танихгүй чи намайг цохисон юм уу гэж байсан би ч тэр залууг танихгүй тэгэхэд нэг нэгнийхээ нүүр царайг харсан. Тухайн үед бол 5 сая төгрөг өгчих тэгээд тохиролцъё гэж байсан тэрний дараагаар Улаанбаатар хот ороод хагалгаанд орно хагалгаанд орохоос өмнө 5 сая төгрөг өг хагалгааны дараа 10 сая төгрөг өг гэхээр нь би тухайн үед эмчилгээний зардалд эмчид үзүүлэхэд гарах зардлыг тухай бүрд нь над руу хэлчих би шилжүүлж байя гэж хэлэхэд үгүй би чам руу байнга залгана гэж юу байдаг юм одоо 10 сая төгрөг шилжүүл гэхээр нь би өгөөгүй хуулийн дагуу явъя гэж хэлсэн. Би хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Цаашид нэхэмжилсэн мөнгөн дүнгээс нь харж байгаад хохирол нөхөн төлнө мөн шүүхээс тогтоогдсон нөхөн төлбөрийг төлнө. Тухайн үед миний зүүн чих рүү алгадсан тэрний дараагаар миний чих өвддөг болсон. Надтай хамт явсан найзууд болох О.Э**********ай, Б.Ш********эн нараас мэдүүлэг авахуулмаар байгаа юм. Тэр залуу өөрөө эхэлж миний зүүн талын шанаа чих хэсэг рүү алгадаж авсанг нь энэ гэрчүүд харсан... Нэмж ярих зүйл бол тухайн үед намайг эхлэж С*********эй алгадсан юм тэрнээс хойш миний чих шуугих зовуурьтой болсон энэ дээрээ би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна.. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 133-134 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчийн Б.Оюун-Эрдэнийн гаргасан: “...Шүүгдэгч Э.Ш*********лд нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.С********эй үл ойлголцож маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохисон үйлдлийг хийсэн. Уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эдгээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Ш*********лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Ш*********лд нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.С******эй, гэрч Т.Э*******р, Б.Г*******х, Б.Ш******н нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДАР08251057 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш*********лдын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Ш*********лд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд Соёлын төвийн гадаа Д.С******эйн бие эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.С******эйгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Ш*********лдын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Ш*********лдын хохирогч Д.С******эйгийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ш*********лд нь Д.С******эйгийн нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.Ш*********лдын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Ш*********лдын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ш*********лдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Ш*********лдын гэм буруутай үйлдлийн улмаас Д.С******эйгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.С******эй нь эм эмчилгээний зардал 706.406 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Э.Ш*********лдоос нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж нотлох баримтыг /хх-ийн 178, 179 дүгээр тал/-д хэрэгт хавсарган ирүүлжээ.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас эм эмчилгээний зардалд хх-ийн 179 дүгээр талд авагдсан /147.000, 98.006, 51.400, 60.000, 350.000/ 706.406 төгрөг нийт 706.406 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Э.Ш*********лдоос гаргуулж хохирогч Д.С******эйд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 177.160 төгрөгийг шүүгдэгч Э.Ш*********лдоос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Ш*********лд нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 177.160 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Ш*********лдоос 177.160 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С******эй нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Ш*********лд нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С******эйн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2024 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө болсон байна.
Хохирогч Д.С******эйгийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулсан нь хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДАР08251057 дугаартай: “С*********эй /****** /-н сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлтийн дагуу хохирогч Д.С******эйгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол нэгдүгээр зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Д.С******эйгийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгааг дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хохирогчийн нас, түүний биед учирсан гэмтэл, шүүгдэгч Э.Ш*********лдын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.С******эйгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж буй байдал, цалин орлого зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Д.С******эйд гэмт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3.293.400 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна./ 660.000*4.99=3.293.400/
Тодруулдбал: шүүгдэгч Э.Ш*********лдоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3.293.400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С******эйд олгуулахаар шийдвэрлэв.
Иймд Д.С******эйгийн нэхэмжлэлийн шаардлагаас эм эмчилгээний зардал 706.400 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3.293.400 төгрөг нийт 3.999.806 төгрөгийг шүүгдэгч Э.Ш*********лдоос гаргуулж хохирогч Д.С******эйд олгож, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С******эй нь “..цаашид хамар ясны хугарал засах, амьсгал сэргээх, таславч тэгшлэх мэс заслын заалттай цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэх тайлбар гаргаж, хэрэгт эмчлэгч эмчийн дүгнэлт, гэрэл зураг бусад баримтыг хавсарган ирүүлсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ш*********лдоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ш*********лдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ш*********лдын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Хохирогч Д.С*******й сэтгэцэд энэ гэмт хэргийн улмаас нэг дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Дархан Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд хохирогч Д.С*******й сэтгэцэд учирсан нэг дүгээр зэрэглэлийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн хохирогч 706,400 төгрөгийн хохирлыг баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд 177,160 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэлд тогтоож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Шүүгдэгч Э.Ш*********лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш*********лд өөрөө өөрийгөө өмгөөлөх байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...санал хүсэлт байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ш*********лдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдлын байдал, орлого олох боломж зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш*********лдыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Ш*********лд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ш*********лдод тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ш*********лд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш*********лдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*****д овогт Э******ийн Ш********лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э******ийн Ш********лдыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш*********дод оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш*********лд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Ш*********лдоос 177.160 (нэг зуун далан долоон мянга нэг зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, шүүгдэгч Э.Ш*********лдоос 3.999.806 (гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Д.С******эйд олгож, хохирогч Д.С******эй нь шүүгдэгч Э.Ш*********лдоос цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ш*********лд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш*********дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН