Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01042

 

2023 оны 04 сарын 04 өдөр      Дугаар 183/ШШ2023/01042                    Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: С дүүрэгт байрлах, Э ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт   байранд байрлах, И ********ТҮГ /РД:**********/,

  Хариуцагч: Х дүүрэгт  байрлах И ********** Г /РД:**********/ нарт  холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс, алданги, хохиролд нийт 40 605 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагч И ********ТҮГ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч И ********** Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,

Гэрч Б.М, Х.Р, Г.Э,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч И ********ТҮГ , И ********** Г-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс, алданги, хохирол нийт 40 605 832 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1.1.Э ХХК нь ***************** зарласан 120 000 000 төгрөгийн төсөвтэй 2 багц тендерт оролцсон ба ***************** “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ багц:1 Бүх төрлийн хаяг хийх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгарсан талаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэл ирсэний дагуу худалдан авах ажиллагааны тасагтай уулзахад 75 000 000 төгрөг, 45 000 000 төгрөг, нийт 120 000 000 төгрөгний тендер зарлагдах байсан бөгөөд үүнээс 45 000 000 төгрөгийн тендер нь зарлагдаагүй тул 75 000 000 төгрөгт гадна хаяг солигдох ажил хийгдэх талаар тайлбарласан. Манай компани нь 120 000 000 төгрөгний тендерт оролцсон тул 75 000 000 төгрөгт багтаан тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хуулийн дагуу тендерийн баталгааг улсын орлогод үлдээж гэрээ байгуулахаас татгалзаж байгаа талаарх саналаа тухайн үед нь хэлээд буцсан. Гэвч Худалдан авах ажиллагааны тасгаас дахин дахин холбогдож /ХААТ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Хишигдэлгэр/ тендерийн даалгаврын зарим ажил дээр зохицуулалт хийж хуралдъя, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу техникийн тодорхойлолтын зарим заалт дээр болон гүйцэтгэх хугацааны талаар уян хатан байх боломжтой гэх мэтчилэн 2021 ондоо багтааж гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьсан. Үүний дагуу ТБОНӨХБАҮХАТ хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дах заалтыг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн огноотой “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр хийх тендерийн даалгаврын төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тул 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хамтран хуралдсан хурлын протоколд захиалагч болон төслийн менежерийн саналыг тусган зарим ажлын хэмжээг өөрчлөх өөрчлөлтийн төсвийг харилцан тохиролцсоныг үндэслэн манай компани захиалагчийн зөвшөөрлийн дагуу, “Чингис хаан ОУНБ”-ын нөөц буудал учир баруун талын хаягийг солихгүй хэвээр нь үлдээж, зүүн тийш харсан Англи үсгэн асдаг 1ш хаягийг h=1,8м өндөртэйгөөр, Монгол бичгэн асдаг 2ш хаягийг тендерийн даалгаварт алдаатай заасан хэмжээг нь томруулан 4,8м ба 3,2м урттайгаар хийж суурилуулсан, 60 ширхэг ган суурьтай тусгаарлах туузны зөвхөн туузыг “Буянт-Ухаа” ОУНБ-ын бичиглэлтэй болгон солих ажлыг, мөнгө хураах саравчны 2 талын тус бүр 1,2м х 21 м хэмжээтэй, асдаг 2 ширхэг хаягийг, 4м х 6м хэмжээтэй гэрэлт самбар дээрх 1ш асдаг хаягийг, Нисэх буудлын төв хаалганы дээрх алтлаг нерж үсгэн хаягийг хийж гүйцэтгэсэн. Энэхүү Буянт-Ухаа нисэх буудлын төв хаалганы дээр байрлах алтлаг шар металл үсэгтэй хаягийг хийх явцдаа тухайн хаягны арын хагарч цуурсан шилэн фонныг бүрэн сольж шинэчлэх, 4м х 6м хэмжээтэй гэрэлт самбарын арын фонн засварлах зэрэг ажлууд тендерийн даалгаварт төсөвлөгдөөгүй байсан хэдий ч зайлшгүй хийх шаардлагатай байсан тул нийт гүйцэтгэлийн үнийн дүн буюу 75 000 000 төгрөгийн төсөвт багтаан нэмэлтээр хийж гүйцэтгэсэн болно.

Тодруулбал, манай компани захиалагчаас өгсөн зөвшөөрлийн дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчаас тендер зарлахдаа алдаатай баталсан тендерийн даалгаврыг байвал зохих ёсоор залруулан нэмэлт ажилтайгаар, ажлын гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлаа хийхдээ бид захиалагчаас ямарваа нэгэн урьдчилгаа төлбөр аваагүй, манай компани өөрийн 100% хөрөнгөөр, зарим барааг зээлээр худалдан авч хийж дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд хил хаагдаж улс хоорондын бараа тээвэр бүрэн зогссон, юаны ханш өссөн зэргээс шалтгаалан хомсдол үүсч, түүхий эд материалын үнэ 80 гаруй хувиар өссөн. Бид зарим бараа материалуудыг хувь хүн болон барилгын материалын дэлгүүрүүдээс зээлээр худалдан авсан нь мөн хугацаанд удаа дараа нэхэгдэж байсан тул 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Х ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 40 000 000  төгрөгийг  гүйцэтгэх захирал Ц.Э-ын 9911 ** дугаарыг барьцаалан 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлж зарим өр төлбөрүүдийг төлсөн болно. Энэхүү зээлийг, Иргэний Нисэхийн Үндэсний Төвтэй байгуулсан гэрээний дагуу тухайн ажилд ажилласан ажилчдын цалин хөлсийг олгох болон ажилд шаардлагатай бараа материалыг бусдаас дараа төлөхөөр зээлээр худалдан авсан төлбөрийн нэн яаралтай удаа дараа нэхэгдэж байгаа зарим тооцоог барагдуулах зорилгоор зээлж авсан ба захиалагч тал төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 5 030 136.6 төгрөгний хүү төлж хохирсон тул Иргэний  хуулийн 227.1-т заасны дагуу хохирол шаардаж байна.

Захиалагч байгууллагын зүгээс гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл, үр дүнг цаг хугацаандаа хүлээн авч гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор санхүүжилтийг бүрэн олгосон бол энэхүү зээлийг авах хэрэгцээ шаардлага огт байгаагүй бөгөөд ББСБ-аас авсан зээлд одоог хүртэл хүү төлж хохирохгүй байсан юм. Зээлийн гэрээ, тооцоо нийлсэн баримтыг нотлох баримтаар хавсаргав.

Талуудын гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул захиалагч талд гүйцэтгэлийн үр дүнг хүлээж авах тухай буюу ажил хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн. Үүний дагуу захиалагч, ИНЕГ-н даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №А**** тоот тушаалаар ажил хүлээн авах комисс байгуулагдсан байдаг ба тухайн комисс 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ч одоог хүртэл тухайн ажлыг хүлээн авалгүй эс үйлдэхгүй гаргаж, бидний ажилд чирэгдэл учруулсаар байна.

Бид удаа дараа тухайн ажлыг хүлээн авч санхүүжилтийг олгож өгөх талаар мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй, ИНЕГ-ын дарга С.М бидний хандсан албан тоотуудад албан ёсоор хариу өгөөгүй бөгөөд бидний бусдаас зээлж авсан материалын төлбөр, ажилласан ажилчдын цалин байнга нэхэгдэх тул бид арга буюу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд удаа дараа дундын санхүүжилт авах хүсэлт гарган байж 2022 оны 9 сард 51 000 000 төгрөг авсан зэрэг нь Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авах, гэрээний хөлсийг төлөх үүргээ зориудаар зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчийн зүгээс ажлын үр дүнг хүлээн авах талаар удаа дараа мэдэгдсэн ч захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул мэдэгдэл хүргүүлсэн өдрөөр тухайн ажлыг хүлээн авсанд тооцох хуулийн зохицуулалттай байна.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний Тусгай нөхцөлийн ГЕН 10.21 Алданги гэсэн хэсэгт “...Захиалагчийн төлөх алдангийн хэмжээ нь хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% байна. Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10% байна ...” гэсэн тул алдангид 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, хохиролд 5 030 136.6 төгрөг, нийт 36 530 136.6 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш Х ББСБ-аас авсан 40 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн төлөлтийг оруулаад 4 220 365 төгрөгийн хүү нэмж төлсөн тул өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 4 220 365 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт хохиролд 9 250 501 төгрөгийг гаргуулахаар ихэсгэж байна.

1.3 Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хуулийн дагуу материалаа бүрдүүлээд зарласан тендэрт нь шалгарсан. Гэвч үнийн дүн нь 120 000 000 төгрөг биш 75 000 000 төгрөг болсон байсан учраас бид энэ дүнд ажлыг хийх боломжггүй талаараа мэдэгдээд татгалзсан. Гэтэл хариуцагч өөрсдөө байн байн гуйгаад бид энэ ондоо багтаж гэрээ байгуулахгүй бол Сангийн яамнаас санхүүжилт татах гээд байна гэсэн тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуусан. Гэрээний огноогоо хүртэл зарласан хугацаандаа батлуулахгүй бол болохгүй гээд хугацааг нь гэрээн дээр урагшлуулж бичсэн юм. Тэгээд бид ажлыг хүлээн аваад тендерийн материал, тодорхойлолт зааснаар мөн харилцан тохиролцсоноор бүгдийг хийж гүйцэтгэсэн. Угаасаа ажилд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцоод өөрсдөө бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд хурлын тэмдэглэлд хүртэл тусгасан. Уг хурлын тэмдэглэлд тусгасан, хэлэлцэн тохиролцсон бүхий л ажлыг бид сэтгэлээрээ чадлаараа чанартай хийж гүйцэтгэсэн. Гэтэл ажлаа дууссаны дараа хүлээн авах боломжгүй гээд хариу ч өгөхгүй, санхүүжилт ч өгөхгүй биднийг хохироож байна. Ажлаа хүлээн авах талаар санхүүжилт олгох талаар удаа дараа мэдэгдсэн, уулзсан гэтэл өөрсдөөсөө зайлуулаад хүлээж авах боломжгүй, хурлын тэмдэглэл бол өөрчлөлт хийх үндэслэл болохгүй гээд байдаг. Өөрсдөө тухайн үедээ бүгд л зөвшөөрөөд өөрчлүүлсэн, хүлээн аваагүй гээд байгаа боловч хийсэн ажлыг минь ашиглаад л явж байгаа. Хийсэн ажил маань хэнд ч харагдана, үнэхээр том тод сайхан болчихлоо гэж бүгд л хэлдэг. Бид хийсэн ажлынхаа мөнгөө авч чадалгүй 8, 9 сар болсон. Хохирлын хувьд зээлсэн мөнгөөр бид цалин тавьсан, мөнгөө оффис дээр тараагаад хэсэг тайван болсон. Гэрээний тусгай нөхцөл дээр заасан дундын санхүүжилтээ авсан боловч үлдэгдэл хөлсөө төлөхгүй гээд байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй. Тиймээс ажлын үлдэгдэл төлбөр, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги, үүнээс учирсан хохирол буюу ББСБ төлсөн хүүг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***************** ИНЕГ/2021******* дугаартай Буянт- Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цахимаар нээлттэй, 2 багцтай зарласан. Үүнд, Багц:1-Бүх төрлийн хаяг 75 000 000 төгрөг, Багц:2-Бусад ажил 45 000 000төгрөг. Нэхэмжлэгч Э ХХК нь Багц:1-Бүх төрлийн хаяг 75 000 000 төгрөг тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн гүйцэтгэгчээр шалгарсан тул Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10-1/*** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг шалгарсан тендерийн багц, гэрээ байгуулах үнэ зэргийг тодорхой тусган хүргүүлсэн байна. Ийнхүү Иргэний нисэхийн үндэсний төв, Э ХХК -иуд харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээний салшгүй хэсэг болох Техникийн тодорхойлолт /ажпын тоо хэмжээ/ нь талууд гэрээ байгуулахаас өмнө, тендер зарлах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр боловсруулагдаж, нээлттэйгээр цахим хуудсанд байршуулсан бөгөөд тендерт оролцогчид энэхүү техникийн тодорхойлолтыг зөвшөөрсөн тул сонгон шалгаруулалтад оролцсон. Э ХХК нь Техникийн тодорхойлолт /ажпын тоо хэмжээ/-ийг зөвшөөрөн сонгон шалгаруултад оролцож, гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулсан гээд байгаа, энэ нь хурлын тэмдэглэлд байгаа боловч тендерийн тухай хуулиар өөрчлөлт оруулах эрх байхгүй тул үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй гэсэн.  

  

  3.И ********ТҮГ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн үндэсний төвийн төлөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Нэмэлт нэг тайлбар хэлэх юм бол нийт захиалагчийг буюу комиссыг Иргэний нисэхийн ерөнхий газраас томилж байгаа нь бол Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны дүрмэн дээр 5.4.9-т заасны дагуу захиалагч байх эрхийг Иргэний нисэхийн үндэсний төв хэрэгжүүлдэг байсан одоо 2022 оны 3 дугаар сарын 30-наас захиалагчийн эрхийг Иргэний нисэхийн ерөнхий газар хэрэгжүүлдэг болсон учир ажил хүлээн авах комисс байгуулах тушаал гаргасан байгаа. Түүнээс гэрээний оролцогч буюу захиалагч нь Иргэний нисэхийн үндэсний төв тул манайд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БУ16-472/** тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨА******-ын гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Э ХХК -ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2112/23-**, 2203/23-**, 2204/27-**, 2205/02-01, 2205/11-01 тоот албан бичгүүд, О.О-ийн ХАБЭА сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар, хавсралтууд, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдийн №** тоот Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт, №** тоот Цахилгаан монтажын ажил хийсэн акт, хавсралт, И ********ТҮГ -ын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/1*** тоот Ажил хүлээн авах комисс байгуулах тухай тушаал, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын гадна хаяг солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай ажил хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Э ХХК -ийн 2206/09-**** тоот албан бичиг, гэрээт ажлын талаар нэмэлт тайлбар хүргүүлэх тухай, Э ХХК -ийн 2206/09**, 2206//21*** тоот албан бичиг, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04/*** тоот албан бичиг, Э ХХК -ийн 2206/21-03, 2206/23-02, 2206/23-03 тоот албан бичиг, Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨА***-ын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10-1/*** тоот албан бичиг, Э ХХК -ийн 2207/18-*** тоот, 2207/23-*** тоот албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2***********5 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б22/*** тоот Зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 7-453/*** тоот тодорхойлолт, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын гадна хаяг солих ажлыг гүйцэтгэх гэрээ, хавсралт, Э ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тендерийн урилга, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын гадна хаяг солих ажлын гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тендерийн урилгын хавсралт, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 5-163, 227-232-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч И ********ТҮГ -аас П.А, Б.Ц нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/** тоот Дүрэм шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн Үндэсний төвийн дүрэм, Б.Цд олгосон итгэмжлэл /1хх-ийн 169, 204-210, 2хх-ийн 28-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨ*******Г-аас Б.М, Н.Э нарт олгосон итгэмжлэл, С.У-д олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/***тоот Б.Мөнхзулд цалингүй чөлөө олгох тухай тушаал, хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10-1/**** тоот албан бичиг, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын гадна хаяг солих ажлыг гүйцэтгэх гэрээ, Буянт-Ухаа ОУНБ-ын гадна хаяг солих ажил /1хх-ийн 174, 176-198, 239-252-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.Х, Л.Г нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨААТҮГ-аас ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай тендэр зарлахад хийсэн маркетенгийн судалгааг, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Tender.gov.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 6-10, 12-25, 29-35, 36-38-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК -ийн хариуцагч И ********** Г болон И ********ТҮГ -т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 30 415 547 төгрөгийг хангаж, үлдэх 10 190 285 төгрөгийг, хариуцагч И ********ТҮГ -т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

-хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг бүрэн төлөөгүй тул ажлын хөлсний үлдэгдэл буюу үлдэх санхүүжилт 24 000 000 төгрөг,

-үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги 7 500 000 төгрөг,

-үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 9 250 501 төгрөг, нийт 40 605 832 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч тендерийн техникийн тодорхойлолтод зааснаас дутуу хийсэн, тендерт заасан ажлын тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд хуульд зааснаар л өөрчлөлт орох бөгөөд өөрчлөлт орсон бол гэрээ хийх тул хурлын тэмдэглэлээр өөрчлөлт орсон гэж үзэхгүй, үлдэгдэл санхүүжилтийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, алданги, хохирлыг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нь ажил гүйцэтгэх гэрээг Иргэний нисэхийн Үндэсний төв байгуулсан, тендерийн захиалагч бөгөөд манайх гэрээний нэг тал биш учраас үлдэгдэл санхүүжилт төлөх үүрэг үүсээгүй, нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Буянт-Ухаа ОУНБ-ын гадна хаяг солих /Улаанбаатар/ багц-2 бусад ажил 45 000 000 төгрөг, багц-1 бүх төрлийн хаяг 75 000 000 төгрөгний тендер зарлаж, тендер шалгаруулалтын дүнгээр багц-2 бусад ажил хасагдаж, багц-1 бүх төрлийн хаяг 75 000 000 төгрөгт Э ХХК шалгарсан болох нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлын гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, тендерийн дугаар ИНҮТ/ХО/НТШ/А-32/**, tender.gov.mn хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10-1/**** дугаартай “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичигт Тус төвөөс зарласан БуянтУхаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ багц:1-Бүх төрлийн хаяг хийх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ИНҮТ/ХО/НТШ/А-32/** дугаартай тендерт танай компанийн ирүүлсэн тендэр хамгийн сайн гэж үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгарлаа. Гэрээ байгуулах үнэ 75 000 000 төгрөг” гэжээ.

5.2. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх №ИНҮТ/ХО/НТШ/А-32/** тоот гэрээг нэг талаас Иргэний нисэхийн үндэсний төв /захиалагч/, нөгөө талаас Э ХХК /гүйцэтгэгч/ нар байгуулж, захиалагч нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/-г 75 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг өөрийн орлогоос санхүүжихийг үүргээр хүлээн зөвшөөрч, гэрээний үнэ нь НӨАТ орсон бөгөөд гэрээний явцад тохируулахгүй тогтмол байхаар, гүйцэтгэгч нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг 2021 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж дуусган хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь ажлын гүйцэтгэл буюу ажлын үр дүнг хүлээн авах, үлдэгдэл санхүүжилтийг төлөх талаар байна, гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна. 

 

7.Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч И ********** Г нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх №ИНҮТ/ХО/НТШ/А-32/** тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг харилцан тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч нар нь үлдэгдэл хөлс буюу санхүүжилтийг төлөөгүй гэж шаардах эрхтэй бөгөөд гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгасан, захиалагч нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг шинэчлэх ажилд өөрчлөлт оруулахаар хурлаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт зааснаар ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэсэн.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, дутуу хийсэн тул ажлыг хүлээн аваагүй, тендерийн техникийн тодорхойлолтод зааснаас дутуу хийсэн, хурлын тэмдэглэлээр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг шинэчлэх ажилд өөрчлөлт оруулах эрхгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”, 351.1.2”д “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүрэгтэй байна.

 

7.1. Нэхэмжлэгч Э ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2205/11-*** дугаартай “Ажил хүлээлцэх тухай” албан бичгийг ИНЕГазарт хүргүүлсэн, уг албан бичигт “...ажлаа гүйцэтгэж дууссан тул ажил хүлээн авах комисс томилж ажлыг хүлээн авна уу” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Цахилгаан монтажын ажил хийсэн акт, гадна хаягны цахилгаан схемны зурагнууд, гүйцэтгэсэн ажлын гэрэл зурагнууд, 2022 оны 5 сарын 10-ны Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын гадна хаяг, шинэчлэх ажлын гүйцэтгэлээр ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.  

7.2. 2022 оны 5 сарын 23-ны өдрийн №А/1** дугаартай Иргэний нисэхийн ерөнхий газрын “Ажил хүлээн авах комисс байгуулах тухай” тушаалаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх ИНҮТ/ХО/НТША/А-32/** дугаартай гэрээт ажлыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг томилж, гэрээнд заасан ажлын даалгавар, техникийн тодорхойлолтын дагуу ажлыг шалган хүлээн авах, дүгнэлт гаргах, санхүүгийн бүртгэлд тусгуулах 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор Хөрөнгө оруулагч, захиалагчийн албанд хүргүүлэхийг үүрэг болгожээ.

 7.3. 2022 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн №01 тоот Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх гэрээ ИНҮТ/ХО/НТШ/А-32/*** дугаартай ажлын ажил хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “...одоогийн гэрээ, техникийн тодорхойлолт хоёрын хүрээнд ажлыг хүлээн авах боломжгүй байна. Хийсэн ажлын хувьд чанартай болсон. Гол зөрүү хүлээн авахгүй болсон шалтгаан нь техникийн тодорхойлолтод заагдсан тоо хэмжээ дутуу учраас тус ажлыг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ” гэсэн байх бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10-15/**** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичигт “...Эй Уан консракшн дизайн ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.14.2, 28.14.3 дахь заалтыг баримтлан төслийн менежертэй 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг шинэчлэх ажлын өөрчлөлтийн төсвийг гаргасан хэдий ч Захиалагчаар батлуулаагүй, мөн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулсан гэх баримт бичгийн бүрдэл дутуу, нотлох баримт байхгүй байна. Иймд ажил хүлээн авах комисс гэрээнд заасан ажлын даалгавар, техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна” гэж ажлын үр дүнг хүлээн аваагүй гэж хариуцагч тайлбарласан болох нь нотлогдож байна.

1.Гадна хаяг хийх эскизийг баталж, тендерийн даалгаврын дагуу 1,5м-ээр биш, томруулж 1,8м үсэгтэй хуучин суурин дээр нь хийх. Улаан өнгийн нүүртэй, цагаан төмөр ханатай байх. Онгоцны талбай буюу баруун хаягийг буулгахгүй, хэвээр нь үлдээх. Хот руу харсан зүүн талын хаягийг Англи үсгээр 1,8м өндөртэй, монгол бичгэн хаягийг 1,5 м урттайгаар биш шрифтээр нь томруулан хийж байрлуулах,

2.Төв хаалганы дээрх алтлаг нерж хаягны зөвхөн Чингис хаан бичгийг Буянт-Ухаа болгон логоны хамт солих, бусад үсгийг өнгөлөөд хэвээр нь тогтоож, түүний оронд арын шилэн фонныг хагарсан хэсгийг нөхөн нийт шилэн фонныг буулган будгийг нь шинэчлэх, буцааж угсрах,

3.Шилэн хаалган дээрх фосфортой стикерийг нэмэх градустай дулаан болсон хойно наах,

4.Лавлах дээрх Чингис хаан гэсэн бичгүүдийг Буянт-Ухаа болгож солих,

5.Гэрэлт самбарын үсэг логог шинээр хийж байрлуулах,

6.Мөнгө хураах постны саравч дээр 2ш лого шинээр хийж, бусад үсгүүдийн гэрлийг солих, хагарсан эвдэрсэн зарим үсэгний нүүр, ханыг нь солих,

7.Ган суурьтай 60ш шонгийн, зөвхөн туузыг бичиглэлтэй болгож солих,

8.Даалгавар дахь 3ш мэдээллийн самбарыг энгийн байдлаар хийж өгөх,

9.Өөрчлөлтийн төсвийн тооцоог баталгаажуулах” гэжээ.

 

7.5.Хариуцагч нар нь хурлын тэмдэглэлээр ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй, гадна хаяг шинэчлэх ажлын өөрчлөлтийн төсвийг гаргасан хэдий ч захиалагчаар батлуулаагүй, мөн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулсан гэх баримт бичгийн бүрдэл дутуу гэж маргасан боловч Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд “...ГЕН 2.4.төслийн менежер. 2.4.1 Захиалагчийг төлөөлөн төслийн менежер Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дарга Л.О” гэж заасан байх бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Хуралд захиалагч талаас төслийн удирдагч Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын дарга Л.О нь оролцож, ажлын өөрчлөлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн, 2022 оны 1 сарын 28-ны өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг шинэчлэх ажлын өөрчлөлтийн төсвийг нэхэмжлэгч Э ХХК -ийн инженер Г.Э гаргаж, үүнийг төслийн менежер бөгөөд Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын дарга Л.О нар хянаж гарын үсгээ зурсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Мөн Гэрээний ерөнхий нөхцөлд “...1.1.2 Захиалагчийн төлөөлөгч гэж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлахаас бусад гэрээтэй холбоотой бүх асуудлаар гүйцэтгэгчтэй харилцах, хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй захиалагчийн томилогдсон этгээдийг”, 10.12 Талууд ажлын чанар, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ажлын ерөнхий гүйцэтгэлийн хүрээнд хамаарсан, техник технологийн хувьд боломжтой бөгөөд гэрээний хугацаа, үнэд нөлөөлөхгүй бол ажилд өөрчлөлт оруулж болно, 10.13 Гүйцэтгэгч болон Захиалагч өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрчлөлтийн төслийг гүйцэтгэгч гаргана” гэж харилцан тохиролцсон, хурлын тэмдэглэлээр ажлын чанар, үр ашгийг сайжруулах зорилгоор гэрэний хугацаа, үнэд нөлөөлөхгүйгээр ажилд өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийн төсөл, гүйцэтгэлийн хуваарийг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Э ХХК -ийн инженер М.З боловсруулсан болох нь хэрэгт авагдсан Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлын техникийн тодорхойлолт, гүйцэтгэлийн хуваариар нотлогдож байна.

7.6.Мөн гэрч Г.Х “...гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээний дагуу шинэчилсэн техникийн тодорхойлолт гарах ёстой. Гэрээ байгуулсны дараа н.О дарга гаргасан байх гэж бодож байна. Гэрээ байгуулахад бол 14 хоногийн дараа дахин шинэчилсэн техникийн тодорхойлолт гаргахаар хурал дээр тохиролцсон” гэж, гэрч Г.Э “...тендерийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах хуралд оролцсон, бүгд харилцан тохиролцоод өөрчилсөн, өөрчлөлтийн дагуу бүх ажлыг хийсэн, захиалагч талаас ерөнхий инженер нь ажлыг хариуцаж хянаж байсан” гэж мэдүүлсэн болно.

 

7.7.Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.14.2, 28.14.3, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

8.Зохигч талууд хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 гэсэн баримтаар ажлын гүйцэтгэлийг “...төсөвт өртөг 75 000 000 төгрөг, барилга эхэлснээс хойших гүйцэтгэл 51 144 669 төгрөг, 68 хувь гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилт 23 855 331 төгрөг, хувь 32” гэж дүгнэж, хариуцагчаас Буянт-Ухаа хаягжилтын дундын гүйцэтгэлд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид 51 144 669 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, №1 тоот ажлын гүйцэтгэлийг хэн аль нь ажил хүлээлцсэн буюу дүгнэсэн баримт биш, дундын гүйцэтгэлийг олгосон баримт гэж тайлбарласан болно.

 

 8.1.Нэхэмжлэгч нь дундын гүйцэтгэлээр нийт 75 000 000 төгрөгнөөс 51 144 669 төгрөгийг олгосон, үлдэх санхүүжилт 23 855 331 төгрөгийг олгоогүй, энэ нь ажил дутуу хийгдсэн гэж хариуцагч тайлбарласан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-д “...дутуу гүйцэтгэсэн гэх ажилд 1.BUYANT-UKHAA үндсэн хаяг /англи хэл дээр/ 28 500 000, 14 250 000, 50 хувь, 2.БУЯНТ-УХАА үндсэн хаяг /монгол бичгээр/ 14 775 000, 7 387 500, 50 хувь, 8.Ган суурьтай сунадаг тусгаарлах хаалт /BUYANT-UKHAA AIRPORT/ бичигтэй 2 715 600, 1 357 800, 50 хувь, 9.Өрөөний хаяг /сольдог байх/ BUYANT-UKHAA AIRPORT 224 877, 0 хувь, 10.Мэдээллийн самбар 3ш  /BUYANT-UKHAA AIRPORT/ 449 514, 0 хувь, 11.Хулдаасан хэвлэл 3,64.м.кв /BUYANT-UKHAA AIRPORT/ 185 640, 0 хувь “ гэжээ.

Гэвч хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Хурлын тэмдэглэлд гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой төсөв, цаг үеийн байдлаас шалтгаалсан хүндрэл, асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрлэсэн асуудлыг хийж гүйцэтгэсэн болох нь ажлын гүйцэтгэл №1 болон Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг шинэчлэх ажлын өөрчлөлтийн төсвөөр тогтоогдож байна.

 

8.2.Иймд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг буюу санхүүжилтийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. Нэхэмжлэгч нь хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар болон Иргэний нисэхийн Үндэсний төв нараас үлдэгдэл санхүүжилт буюу ажлын хөлсийг шаардсан боловч 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх №ИНҮТ/ХО/НТШ/А-32/** тоот гэрээний захиалагч тал буюу ***************** үлдэгдэл санжүүлжилтийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нээлттэй тендерийн шалгаруулалтын захиалагчаар Иргэний нисэхийн Ерөнхий газар нийтэд зарлан мэдээллэсэн, дундын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгосон боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж зааснаар гэрээний нэг тал болох И ********** Г нь гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй юм.

8.3.Иймд хариуцагч И ********** Г-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилт буюу хөлс болох 23 855 331 төгрөгийг /75 000 000-51 144 669=23 855 331/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -нд олгож, нэхэмжлэгчийн хариуцагч И ********ТҮГ -т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн аваагүй, дутуу гүйцэтгэсэн тул алданги төлөх үүрэг үүсээгүй гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын гадна хаяг солих /Улаанбаатар/ ажлыг хийж гүйцэтгэх №ИНҮТ/ХО/НТШ/А-32/** тоот гэрээний тусгай нөхцлийн 10.21 болон ерөнхий нөхцлийн 10.21-д алданги төлөх талаар харилцан тохиролцсон байна.

Гэрээний тусгай нөхцөлд “ГЕН 10.21 Алданги. Захиалагчийн төлөх алдангийн хувь:алдангийн хувь:хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна”, гэрээний ерөнхий нөхцлийн “10.21 Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэжээ.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.

Иймд хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу ажлын үр дүнг хугацаандаа хүлээн авч, хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь алданги шаардсан нь үндэслэлтэй байх боловч шүүх алдангийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр буюу  2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 гэсэн баримтаар ажлын гүйцэтгэлийг дүгнэснээс хойш тооцох нь зүйтэй гэж үзэж, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх 55 хоногоор тооцон нийт 6 560 216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 939 820 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /23 855 331 х 0,5=119 276 х 55=6 560 216 төгрөг, 7 500 000-6 560 216=939 820/

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авч, санхүүжилтийг олгоогүйгээс зээл авч ажилтныг цалин хөлсийг тавьсан, зээлийн хүү төлж хохирол учирсан гэж тайлбарлаад хохиролд зээлийн хүү болох 9 250 501 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, зээл авсан гэж байгаа боловч уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал буюу хохиролд тооцогдохгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа санхүүжилтийг олгох, ажил хүлээн авах комисс томилох, ажлыг хүлээн авах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №2*************5 дугаартай Зээлийн гэрээг Х ББСБ ХХК-тай байгуулж, 40 000 000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банкны тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч уг зээлийг ажилчдын цалин тавихад буюу компанид зарцуулсан талаарх баримтгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлсөн гэх 9 250 501 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

11.Иймд хариуцагч И ********** Г-аас ажлын үлдэгдэл санхүүжилт буюу хөлс 23 855 331 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 6 560 216 төгрөг, нийт 30 415 547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 190 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /23 855 331+6 560 216=30 415 547, 40 605 832-30 415 547=10 190 285/

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 077 төгрөгийг /340 601+82 476=423 077/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ********** Газраас 310 027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч И ********** Г-с 30 415 547 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК -нд олгож, нэхэмжлэлээс 10 190 285 төгрөгийг болон хариуцагч И ********ТҮГ -т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ********** Газраас 310 027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -нд олгосугай.

                                                                                                   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                                 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН