Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02019

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б олбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт 40,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлсэн 100 сая төгрөгөөс төлөөгүй үлдсэн зөрүү 19,5 сая төгрөг, машин засуулсан 4,5 сая төгрөг, 42,8 сая төгрөгт ногдох алданги болон машины зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагч М.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би хариуцагч М.Бт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 4857 УББ улсын дугаартай, VOLKSWAGEN TRANSPORTER T6 маркын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 70,000,000 /далан сая/ төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь тус автомашины үнийг надад бүрэн төлөөгүй ба 27,200,000 /хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг дутуу төлсөн. Хариуцагч нь Надад одоо мөнгө байхгүй байна. Энэ мөнгийг нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаад өгөөч, би хугацаандаа төлөхгүй бол алданги төлье гэж гуйсны дагуу автомашины үлдэгдэл төлбөр болох 27,200,000 төгрөгийг хүүгүй, 1 жилийн хугацаатай, хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алдангийг хоног тутам надад төлөхөөр тохирч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч М.Б нь зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 27,200,000 төгрөг, алданги 13,600,000 төгрөг /1 хоногийн алданги 27,200,000*0,5=136,000 төгрөг, 2021 оны 11 сарын 02 өдрөөс 2022 оны 02 сарын 18 өдөр хүртэл 108 өдрийн алданги 136,000*108=14,668,000 төгрөг, үүнийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэх Иргэний хуулийн дагуу багасгаж тооцвол 27,200,000*50%=13,600,000 төгрөг болж байна/ Нийт 40,800,000 төгрөгийг миний бие хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд М.Баас Үндсэн зээл 27,200,000 төгрөг, алданги 13,600,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 40,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн М.Б миний бие нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Бтэй 100 сая төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буцааж төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлүүлсэн юм. Гэтэл Б.Б нь гэрээний хугацаа дууссанаас хойш шаардуулж байж 2017 оны 08 дугаар сарын 25-нд 10,0 сая төгрөг, 10 дугаар сарын 20-нд 5 сая, 11 дүгээр сарын 24-нд 6 сая, 12 дугаар сарын 28-нд 5 сая, 2018 оны 02 дугаар сарын 12-нд 1 сая, 3 дугаар сарын 1-нд 1 сая, 04 дүгээр сарын 2-нд 11,0 сая, 05 дугаар сарын 01-нд 500 мянга, 12 дугаар сарын 14-нд 800 мянган төгрөгийг буцаан авсан.

Б.Б нь 40,300,000 төгрөгийг цувруулан өгөөд үлдэгдэл 59,700,000 төгрөгийг өгөхгүй сураг чимээгүй алга болсон, холбоо тогтоох гээд ч чадаагүй. Миний бие нь бүтэн 2 жил хүлээгээд арга буюу ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд 41 сая төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги 20,500,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан юм. Ингэхдээ нэхэмжлэлд өөрийн авах ёстой 59,700,000 төгрөг Б.Бийн өгсөн 40,300,000 төгрөгийн мөнгөн дүнг андуурч хооронд нь сольж бичсэн байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б.Б нь надтай ирж уулзсан юм. Тухайн үед Б.Б нь сахарын өвчин туссан гээд шүд нь унаж их турсан байдалтай ирж уулзсан. Ингээд Хоёулаа тохирох уу, танд би ВолксВаген транспортер/volkeswagen transporter гэдэг машиныг өгье гэж хэлсэн юм. Миний хувьд өвчин туссан болохоор нь өрөвдөөд өөрийнх нь машинаа үнэлсэн 70 сая төгрөгөөс нэг ч төгрөг татаж ярилгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 40,800,000 төгрөгөө хасаад илүү гарсан 27,200,000 дээр нь 1 жилийн дараа төлөхөөр гэрээ байгуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан. Тухайн үед би гадаадаас хөрөнгө оруулах гэрээ хийсэн байсан болохоор өвчин зовлонд унасан юм байна, тус больё гээд алданги болох 20,500,000 төгрөгөө ч хасалгүй тооцож гэрээ хийсэн билээ. Мөн Б.Бээс авсан машин нь эвдэрхий байсан ба тухайн машин 283616 км гүйлттэй байсан учир 27 саяд бодож өглөгт шилжүүлж өгсөн. Мөн засуулахад 4,5 сая төгрөгийг өөрөөсөө гаргаж зассан. Өөрөө ч мэдэж байгаа, Б.Бд ийм хүнлэг чанар гаргаж байхад Батгэрэл нь 27,200,000 төгрөгийг алданги 13,600,000 төгрөг тооцож нийт 40,800,000 төгрөгийг надаас нэхэмжлэн шүүхэд хандсан байна. Уг нь энэ мөнгийг өгнө гэж төлөвлөж байсан боловч, ковидоос болоод хил хаалттай учир хөрөнгө оруулагчид маань орж ирж чадаагүй. Одоо ч гэсэн орж ирж чадаагүй байгаа Батгэрэлд мөнгө алга байна эд зүйл өгч барагдуулж болох уу гэж хэлэхэд, би алдангийн хамт 40,800,000 төгрөгөө зөвхөн бэлэн мөнгө хэлбэрээр авна гэж шүүхэд хандаж алданги нэхэж хүн чанаргүй зан гаргаж надад их хэмжээний хохирол учруулж байгаад гомдолтой байна. Б.Б нь өгөх ёстой мөнгөө бүрэн төлөөгүйгээс болж надад нийт 37,600,000 төгрөгийн бодит хохирол учруулж байна.

Үүнд: Батгэрэлийн 100 сая төгрөгөөс төлөөгүй үлдсэн зөрүү 19,500,000, Машин засуулсан 4,500,000 , Батгэрэлийн алдангийн нэхэмжлэл болох 13,600,000 гэх мэт. Ийм учир Б.Бтэй 2016 оны 06 сарын 28 өдөр хийсэн 100 сая төгрөгийн үлдэгдэл болох 42,800,000 төгрөгийг 2020 оны 11 сарын 02-нд хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл-ээс татгалзаж хүчингүй болгож, Б.Бээс авсан ВолксВаген транспортер/volkeswagen transporter/ авто машины зах зээлийн үнэлгээг гаргуулан шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие Ц.М нь Б.Бийн нэхэмжлэлтэй, М.Бт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. М.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Б.Б нь 2016-06-23 ны өдөр М.Бтай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Зээлсэн зээлээ заримыг нь дансаар, заримыг нь бэлнээр төлсөн боловч М.Б нь бэлнээр төлсөн мөнгийг төлөөгүй гэж намайг шүүхэд өгч аргагүй эрхэнд өөрийнхөө төлөх ёсгүй мөнгөө төлөхөөр болсон.

Тухайлбал, 2016-12-17 ны өдөр 6,000,000 төгрөг 2017-02-24 ны өдөр 2,000,000 төгрөг, 2017-03-04 ны өдөр 1,000,000 төгрөг, 2017-07-06 ны өдөр 1,000,000 төгрөг, 2017-08-28 ны өдөр 10,000,000 төгрөг, 2017-10-20 ны өдөр 5,000,000 төгрөг, 2017-11-24 ны өдөр 6,000,000 төгрөг, 2017-12-28 ны өдөр 5,000,000 төгрөг, 2018-02-12 ны өдөр 1,000,000 төгрөг, 2018-03-01 ны өдөр 1,000,000 төгрөг, 2018-04-02 ны өдөр 11,500,000 төгрөг, 2018-05-01 ны өдөр 500,000 төгрөг, 2018-05-24 ны өдөр 3,200,000 төгрөг, 2018-06-21 ны өдөр 2,500,000 төгрөг, 2018-08-25 ны өдөр 1,500,000 төгрөг тус тус төлж нийт 57,200,000 төгрөг төлсөн үлдэгдлийг нь бэлнээр төлсөн боловч төлөөгүй гэж намайг шүүхэд өгсний улмаас 42,800,000 төгрөгийн төлбөрт өөрийн өмчлөлийн Volkeswagen transporter T6 маркийн авто машиныг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд автомашины зөрүү төлбөрийг 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж өгөөч гэж Б.Б гуйсны үндсэн дээр би тээврийн хэрэгслээ зээлээр өгч 27,200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг төлөөгүй үлдсэн зөрүү төлбөр гэж байхгүй, автомашины зах зээлийн үнэлгээг гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй, М.Бын автомашины гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард автомашиныг авч явснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа машин чинь асуудалтай байна гэж байсан удаа байхгүй, мөн 27,000,000 төгрөгийг бол төлнө гэдэг гагцхүү алдангаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 2743 дугаартай Зээлийн гэрээ /Хх4-5/, 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /Хх6-7/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: 2020 оны 12 сарын 08-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх32/, 2016 оны 06 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ /Хх33/, 2020 оны 11 сарын 02-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /Хх35/, Хаан банкны дансны хуулга /Хх43-65/, Чат болон зураг /Хх70-71/, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/01-06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, хүсэлтийн хамт /хх72-73/, авто машины гэрчилгээ /хх74/, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд /хх75-76/-ийг баримтаар гаргасан.

  Шүүхийн журмаар: 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 29/6368 тоот Хаан банкны дансны хуулга /Хх95-102/, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 29/7374 тоот Хаан банкны дансны хуулга /Хх111-112/, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/12564 дугаар захирамжийн дагуу үзлэг хийх ажиллагааг явуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М.Бт худалдсан автомашины үлдэгдэл төлбөр болох 27,200,000 төгрөгийг хүүгүй, 1 жилийн хугацаатай, 0,5%-ийн алдангийг төлөхөөр тохирч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 27,200,000 төгрөг, алданги 13,600,000 төгрөг нийт 40,800,000 төгрөгийг М.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.  Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: нэхэмжлэгч Б.Б надад хэт үнэтэй авто машин зарсан учир машины зах зээлийн үнэлгээг гаргуулах, тухайн машины эвдрэлийг засуулсан зардал болох 4,5 сая төгрөг гаргуулах, өмнө нэхэмжлэгчид зээлсэн 100 сая төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 19,5 сая төгрөг болон 42,8 сая төгрөгт ногдох алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

4.  Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр М.Бтай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Төлөлт хийж явсаар нийт 57,200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 42,800,000 төгрөгийн төлбөрт өөрийн өмчлөлийн Volkeswagen transporter T6 маркийн авто машиныг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд автомашины зөрүү 27,200,000 төгрөгийн төлбөрт 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг төлөөгүй үлдсэн зөрүү төлбөр гэж байхгүй, автомашины зах зээлийн үнэлгээг гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй, М.Бын автомашины гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард автомашиныг авч явснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа машин чинь асуудалтай байна гэж байсан удаа байхгүй, мөн 27,000,000 төгрөгийг бол төлнө гэдэг гагцхүү алдангаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-             Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2743 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч М.Бт 27,200,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, гэрээг байгуулжээ.

-             Талууд худалдсан авто машин эвдрэлтэй байсан эсэх, түүний үнэлгээ өндөр байсан эсэх, мөн өмнөх өр төлбөрийн үлдэгдэл, алдангийн хэмжээн дээр маргаж байна.

-             Талууд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэл, худалдах худалдан авах гэрээг байгуулж, Volkeswagen transporter T6 маркийн авто машиныг 70,000,000 төгрөгөөр худалджээ. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч М.Б нь гэрээгээр хэлэлцэн тохирсон 70,000,000 төгрөгийг худалдагч тал буюу нэхэмжлэгч Б.Бд төлөх үүрэгтэй бөгөөд үнэлгээг нь талууд гэрээгээр нэгэнт тохирсон авто машины үнэлгээг сөрөг нэхэмжлэлээр гаргуулах боломжгүй юм. Иймээс хариуцагчийн гаргасан авто машины үнэлгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

-             Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Б.Бд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 100 сая төгрөгийг хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр тохиролцож, гэрээг байгуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

-             Талууд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл-ийг байгуулсан байх ба хэлцлээр талуудын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 653 тоот бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний 100,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 42,800,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлдүүлэгчид бэлнээр өгч, зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцсон агуулгаар хэлцэл хийжээ. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч М.Б нар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид зээлж, үүнээс төлөөгүй үлдсэн 42,800,000 төгрөгийн төлөлтөнд нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийн авто машиныг шилжүүлж, 42,800,000 төгрөгийн үүргийг дуусгавар болгосон нь тогтоогдож байх тул хариуцагч М.Б нь 42,800,000 төгрөгт ногдох алданги нэхэх эрхгүй байна. Иймээс 42,800,000 төгрөгт оногдох алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

-             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/03138 дугаартай захирамжаар хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Б.Бээс түүнд зээлдүүлсэн 100 сая төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 41 сая төгрөгийг 20,5 сая төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилж, тус нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтаар 100 сая төгрөгийн үлдэгдэл 42,800,000 төгрөгт тооцож авто машиныг худалдсан болох нь тогтоогдсон, энэ өр төлбөрийн үүргийг дуусгавар болгож талууд хэлцэл хийсэн байх тул өр зээлийн үлдэгдэл 19,5 сая төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

-             Хэрэгт авагдсан баримт болох фото зургаар машины эд ангийг задалсан байдалтай, засварын ажил хийгдэж байгаа зураг авагдсан байх бөгөөд зурагт буй авто машиныг талуудын худалдсан авто машин мөн эсэх талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно. Иймд маргааны зүйл болох талуудын хооронд худалдсан авто машинд засвар хийж байгаа нь хариуцагчийн тайлбар болон тус фото зургаар тогтоогдож байна гэж үзэх нь зүйтэй. Хариуцагчийн фэйсбүүк чатад шүүхээс үзлэг хийж, бэхжүүлсэн болно. Хариуцагч нь тухайн авто машинд засвар хийхэд гарсан зардалд 4,5 сая төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн зардлыг гаргасан гэх тайлбараа дэмжих ямар нэгэн баримтыг хэрэгт ирүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6.   Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээний дагуу хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсан эсэхэд маргаагүй.

 

7.   Зээлийн гэрээний 3.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б.Б нь алданги шаардах эрхтэй байна. Талууд зээлийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан тул 2021 оны 11 дүгээр сарын 02-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээнд заасан зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ хэрэгжүүлэлгүй, гэрээний хугацаа дууссан дээрх хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 108 хоногоор төлөлт хийх хугацааг хэтрүүлжээ.

 

8.   Хариуцагч М.Бын нийт төлөх алдангийг тооцвол 27,200,000*0,5%*108 хоног=14,688,000 төгрөгийн тооцоо гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн төлөх төлбөр 27,200,000 төгрөгийн 50 хувиар бодож 13,600,000 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

 

9.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Худалдсан авто машиныг хэвийн ажиллагаатай эсэхийг шалгаж, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тухайн үед ковид халдварын тархалтаас сэргийлж, улс даяар хөдөлгөөн хязгаарласан байсан учир хангалттай хэмжээнд шалгах боломжгүй, хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэх боломжтой. Мөн шүүхээс хариуцагч М.Бын фэйсбүүк чатад үзлэг хийсэн баримтаар авто машинд ямар нэгэн асуудал үүсч, энэ талаараа харилцан ярьсан тухай баримт авагдсан, мөн нэхэмжлэгч Б.Бд хариуцагч нь зээлдүүлсэн өр төлбөрийг алдангийн хамт шүүхээр нэхэмжилж байсан нэхэмжлэлээсээ татгалзсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 13,600,000 төгрөгийг 50 хувиар бууруулж, 6,800,000 төгрөгийг хангаж, үлдэх 6,800,000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 27,200,000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 6,800,000 төгрөг нийт 34,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

11.  Сөрөг нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

12.  7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 361,950 төгрөг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 371,950 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, хариуцагчийн төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 34,000,000 төгрөгийг хангаж, М.Баас 34,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгуулж, үлдэх 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 327,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ