Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгч: З.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт З-гийн Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000181 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....... хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын ... дүгээр багийн ..... оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Х овогт З-гийн Э- (регистрийн дугаар:...........);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Э- нь 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ........ сумын .... дүгээр багийн нутагт “.....” гэх газарт байх гэртээ хохирогч Б.Н-тай архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед зүүн талын 8-р хавирганы хугарал, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Э- нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны Увс аймгийн ........ сумын .....р багийн нутаг дэвсгэр байрлах “......” нэртэй газарт зайдгайд байх гэртээ хохирогч Б.Н-тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед зүүн талын 8-р хавирганы хуграл, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг гаргав.

2. Шүүгдэгч З.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн 2535000000181 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал);

3. Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дэх тал); 

4. Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал);

5. Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал);

6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал);

7. Хохирогч Б.Н- эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа, уг төлбөрийг шүүгдэгч З.Э- төлсөн баримт (хавтаст хэргийн 63, 66-67 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Э- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч З.Э- нь 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ..... сумын .... дүгээр багийн нутагт “........” гэх газарт байх гэртээ хохирогч Б.Н-тай архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодсон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал);

-Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дэх тал); 

-Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байтал 12 цагийн үед найз З.Э- над руу утсаар яриад завтай байвал хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс ганцаараа гараад З.Э-ийн амьдардаг гэрт очсон. Тухайн үед З.Э- нь гэрт ганцаараа байсан ба 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уусан суусан. Тэгээд бид хоёр З.Э-ийн гэрт бууз боогоод 2,5 литрийн 2 сав пиво хоёулаа ууж суусан. Тэгээд пивоо ууж дуусчихаад дахин пиво авахаар хоёулаа хамт З.Э-ийн гэрээс гараад хорооллын эхэнд байх дэлгүүр лүү очиж бид хоёр нэг нэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад хариу З.Э-ийн гэрт ирээд ууж байгаад би нэлээн согтоод одоо боллоо, гэртээ харина гээд бостол З.Э- намайг явуулахгүй гээд түүнээс болж уурлаад намайг бостол миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Би тэр цохилтоос манараад түр зуур ухаан балартсан байсан. Тэгээд би төрсөн дүү Б.Ү-ыг дуудсан. Миний зүүн нүд рүү З.Э- цохисныг санаж байгаа, түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа. Зодуулсны маргааш миний зүүн хавирга хөндүүрлэж өвдсөн, зүүн далны хэсгээр өвчин орсон байсан. З.Э- намайг өшиглөсөн байх, мөн миний хамарнаас цус гарсан байсан гэж манай дүү хэлсэн. З.Э- бид хоёроос өөр хүн байгаагүй. З.Э- нь намайг зодож, миний биед гэмтэл учруулсан. Бид хоёр нилээн согтуу байсан. Би З.Э-ийн гэрт очихдоо ямар нэгэн гэмтэл шархгүй, эрүүл байсан. Одоо миний бие хэвийн байна. З.Э- нь надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн. Надад З.Э-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал);

-Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Э- намайг зодлоо гэж хэлсэн. З.Э- гэх айлд очиход гэртээ ганцаараа суусан. Юу болсон талаар асуухад ахтай чинь маргалдаад ахыг чинь зодчихлоо гэж надад хэлсэн. Өчигдөр бид хоёр айлын хашаа бариад орой 23 цагийн үед салахад манай ахын биед ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй. Өнөөдөр л З.Э- гэх залуугаар зодуулснаас болж бие нь гэмтсэн байна. Б.Н-, З.Э- нараас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Манай ах хэлэхдээ З.Э- намайг хөл, гараараа зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал);

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай: “Б.Н-ын биед зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал);

-Хохирогч Б.Н- эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа, уг төлбөрийг шүүгдэгч З.Э- төлсөн баримт (хавтаст хэргийн 63, 66-67 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч З.Э- нь хохирогч Б.Н-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед “Зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч З.Э- нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Э- хохирогч Б.Н-ыг “явуулахгүй” гэх шалтгаанаар гар болон хөлөөрөө цохиж, зодсон үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан “Зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, далны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч З.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч хэн алин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

Хохирогч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд “Одоо миний бие хэвийн байна. З.Э- нь надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн. Надад З.Э-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хохирол байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт, (хавтаст хэргийн 15-17, 36 дахь тал), мөн шүүгдэгч З.Э- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 115,550 төгрөг нөхөн төлсөн баримт (хавтаст хэргийн 63, 66-67 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч З.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарлалтыг Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрт тогтоох саналтай байна” гэх  дүгнэлтийг гаргав.

3. Шүүгдэгч З.Э- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүсэлт, мэдүүлэг гаргаагүй болно.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч З.Э- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 150,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

-Шүүгдэгч З.Э- нь ... онд төрсөн, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн ........ сумын ... дүгээр багийн задгайд түр оршин суух хаягтай, ам бүл 5, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 50-52, 68-71 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч З.Э-ийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 42-43 дэх талд авагдсан гэрч болох түүний төрсөн дүү З.З-ийн: “Миний төрсөн ах З.Э- нь ... онд Увс аймгийн ........ суманд төрсөн ба айлын 2 дахь хүүхэд юм. Манай ах 4 хүүхэдтэй эхнэр нь 2024 оны 08 дугаар сард нас барсан бөгөөд өрх толгойлсон аав юм. Манай ахын хамгийн том хүү 10 настай сургуулийн сурагч, дунд хүү 8 настай сургуулийн сурагч, дунд хүү 5 настай цэцэрлэгт хүмүүждэг, бага охин 1 нас 6 сартай юм. Манай ах одоогоор мах үйлдвэрт туслахаар ажиллаж байгаа. Манай ах Увс аймгийн ........ сумын .... багийн нутаг .......... 4 хүүхдийн хамт оршин суудаг. З.Э- нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй юм. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг байсан гэтэл манай ахын эхнэр 2024 онд нас бараад түүнээс хойш ах сэтгэл санаагаар унаж архи уугаад зан ааш нь эвдрээд ийм асуудалд ороод байна” гэх мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

- Шүүгдэгч З.Э- нь урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг  эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Э-т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 53, 56, 59-61 дэхь тал);

5. Иймд шүүгдэгч З.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогч хохирол төлбөргүй гэх мэдүүлэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчвөл ялтны эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч З.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт З-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-т 2 (хоёр) сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан З.Э-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч З.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                              

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ