Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын Г-т холбогдох эрүүгийн 2538000000338 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт М-ын Г , 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг ...... хотхоны ....... тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдснээр)

Шүүгдэгч М.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,06 промиль хувийн согтолттой байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт Тоёота приус-20 маркийн .............................ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,06 промиль хувийн согтолттой байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт Тоёота приус-20 маркийн ................ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: гэмт хэргийн талаарх гомдлыг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 5 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, (хх-ийн 9 дүгээр хуудас), шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг давхцах учраас мэдүүлэг өгөхгүй, харин асуусан асуултад хариулна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 26-31-дүгээр хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн” шийтгэх тогтоолын хуулбар, (хх-ийн 25-27 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 31 дүгээр хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000338 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,06 промиль хувийн согтолттой байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт Тоёота приус-20 маркийн ................ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч М.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд ба энэ нотлох баримтаар шүүгдэгч М.Г-ын үйлдэл идэвхитэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн нь гэм буруугийн хувьд санаатай хэлбэр юм. 

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан хүн  гэж согтуурсан, мансуурсан  үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Г  нь тухайн гэмт хэргийг үйлдэх  үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (3,06) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтанаас драгер багажаар шалган тогтоосон байна.

Мөн шүүгдэгч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Шүүгдэгч М.Г-ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч М.Г-ын гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба шүүгдэгч М.Г  нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.  

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдлаа. 

Иймд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёс, гэм буруугийн зарчим болоод шүүгдэгч нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-т Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 жил 7 сар 29 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч М.Г-т Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах ялаас эдлээгүй үлдсэн ялын  тооцоог  шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 239 хоног гэсэн байх бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд эрх хасах ял эдлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй тул түүнийг ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн ялын хэмжээг 2025 оны 10 дугаар  сарын 02-ны өдрөөр тооцон  239   хоног буюу   7  (долоо) сар  29  (хорин ес) хоногийг нэмж нэгтгэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 7 (долоон) сар, 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох болохыг анхааруулах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Г-т тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Гурав.Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2538000000338 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав. 

Шүүгдэгч М.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт М-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.Г-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-т Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 239 хоног буюу 7 сар 29 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 1 (нэг) жил, 7 сар (долоо) сар, 29 (хорин ес) хоногоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Г-т тайлбарлаж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 7 сар (долоо), сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн 2538000000338 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ