Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01915

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо өөрийн байранд байрлах Э М Д Е Г

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 24 дүгээр хороо тоотод оршин суух Тийн О

 

Гэм хорын хохиролд 4,784,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.М, хариуцагч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

Иргэдийн төлөөлөгч Т.О-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн ба өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, мөн зохигчийн хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э М Д Е Г нь хариуцагч Т.От холбогдуулан гэм хорын хохиролд 4,784,150 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Хариуцагч Т.О нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт автомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган, явган зорчигч Ж.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан.

 

1.2. Хохирогч Ж.Ц нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 4,784,150 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын санд 4,784,150 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч Т.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:

 

2.1.  Хохирогч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн анхаарал болгоомжгүйн улмаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, гарц тэмдэглэгээгүй газар, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед тээврийн хэрэгсэл зорчих зориулалт бүхий зам дээр хэвтэж өөрийн эрүүл мэндэд хохирол учрах эрсдлийг бий болгосон. Иймд Ж.Цгийн эрүүл мэндэд зөвхөн жолоочийн буруутай үйлдлийн улмаас хохирол учраагүй.

 

2.2. Хэдийгээр зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан боловч хэргийн газрыг орхилгүй, эмнэлгийн байгууллагад хандсан, эмчилгээний болон бусад зардалд 1,497,282 төгрөг төлсөн бөгөөд гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн.

 

2.3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 230 дугаар зүйлийн 230.3-д гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн гэм буруу, гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан байгааг шүүх анхаарч, хохирлыг хэмжээг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/5001 дугаартай албан тоот, мөн өдрийн 01/5000 дугаартай итгэмжлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ж.Цгийн нүүрний болон мөчдийн рентген, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яарлтай тусламжийн тасгийн тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 31-4/4366 дугаартай албан тоот, Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 14/46 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн мэдээлэл,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5-18 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: Үүнд: Голомт банкны мемориалын баримт, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч Ж.Цгоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрч С.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрч С.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22/06 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02 дугаартай мөрдөгчийн магадлагаа,  2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Т.Оаас Баянхонгор аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2876 дугаартай эвлэрлийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаартай яллах дүгнэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Хас банкны дансны хуулга /ХХ-ийн 30-53, 66-70, 74, 76-77  дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эрүүгийн 2214001100228 дугаартай хэргээс баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 85-124 дугаар тал/

 

6. Шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл соргог судлалын үндэсний төвөөс Ж.Цд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зардлын талаарх баримтууд /ХХ-ийн 138-142 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган зорчигч Ж.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Хохирогчийн эмчилгээ, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 4,784,150 төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардсан. 

 

3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, түүний эмчилгээний болон бусад зардалд 1,497,282 төгрөг төлсөн, ямар нэг хохирол, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, хохирлын хэмжээг тодорхойлоход хохирогчийн гэм бурууг харгалзан үзнэ үү гэжээ.   

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч Т.О нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 25 минутын орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyota * /тоёота / маркийн *улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Цг мөргөж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгүүлсэн болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/* дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдов. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ж.Цг мөргөж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон, энэ үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд хохирогч Ж.Цгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд мөн гэж үзнэ.

 

Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас Ж.Ц нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас 52,744.2 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжаас 214,000 төгрөгийн, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнээс 3,219,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байх ба үүнээс 3,002,894.2 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлж, 482,850 төгрөгийг хувь хүн буюу Ж.Ц төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Ж.Цгийн авсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.13, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10 дахь хэсэгт заасан тусламж, үйлчилгээнд хамаарагдаж байх ба энэхүү үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагч хамтран хариуцна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагч хамтран хариуцан төлнө” гэж зохицуулсан. Ийнхүү хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас Ж.Цгийн эмчилгээ, үйлчилгээнд 3,002,894.2 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.    

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас даатгуулагч буюу Ж.Цгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд болох Т.Оаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан “төлбөр” нь гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цд учирсан хохирол биш, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад эмнэлгийн байгууллагаас гарсан зардал бөгөөд уг зардлын тодорхой хувь нь нэхэмжлэгчээс буюу эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөгддөг болно. Иймд хариуцагчийн “хохирогч Ж.Цгийн эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн, тухайн зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, хохирогч нь ямар нэг санал, гомдолгүй болохоо илэрхийлсэн, иймд гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн гэм бурууг харгалзана” гэсэн тайлбар үндэслэлгүй. Харин хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал нь Ж.Ц, Т.О нарын хооронд үүссэн хохирлын хэмжээг тодорхойлохтой холбоотой маргаанд хамааралтай байж болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, эмчлэхтэй холбоотой эмнэлгийн байгууллагаас гарсан зардлыг тодорхойлоход хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарахад хохирогчийн гэм буруугийн хэмжээнээс хамаарч эмнэлгийн байгууллагаас гарах зардал тодорхойлогдохгүй бөгөөд аливаа эмнэлгийн байгууллага нь үзүүлэх ёстой эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.  

 

Дээрх зардалд нэхэмжлэгч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан эмчилгээнд 2,736,150 төгрөг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс авсан тусламж, үйлчилгээнд 2,048,000 төгрөг нийт 4,784,150 төгрөг шаардсан боловч тус эмнэлгүүдээс ирсэн баримтуудаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээний зардалд 52,744.2 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээнд 214,000 төгрөг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээний зардалд 2,736,150 төгрөгийг нэхэмжлэгч нөхөн төлөхөөр байна. Иймд нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарсан зардалд 2,048,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн үйлчилгээний зардал 214,000 төгрөгийг нэхэмжлээгүй тул тухайн эмнэлгүүдээс гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн 2,788,894.20 /2,726,150 + 52,744.2/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2,788,894.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1,995,255.80 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.       

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2,788,894.20 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод төлөх үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тийн Оаас 2,788,894.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,995,255.80 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 91,496 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 59,572 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА

 

                                       ШҮҮГЧИД                                                   Б.АЗБАЯР

 

                                                                                                        Ч.МӨНХЦЭЦЭГ