Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/365

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н-ийн Б-д  холбогдох эрүүгийн 2538002980406 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт Н-ийн Б , 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын …………..-р багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ……………… дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Сонгинт” гэх газар зохих зөвшөөрөл эрхийн бичиг, баримтгүйгээр хууль бусаар 2.138м куб, хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 637,506 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Сонгинт” гэх газар зохих зөвшөөрөл эрхийн бичиг, баримтгүйгээр хууль бусаар 2.138м куб, хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 637,506 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 тал), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-12 тал), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-17 тал) иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мэдүүлэг (хх-ийн 23-24 тал), гэрч Н.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 27-28 тал), сэжигтэн Н.Б-ын мэдүүлэг (хх-ийн 31-32 тал), Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний шинжээчийн №ТХҮ-625-913080 дугаартай 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дүгнэлт (хх-ийн 77-80 тал), Эрчимт Идэр сум дундын ойн ангийн техникч Б.П-ын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40 тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. 

Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 637,506 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1,912,518  төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн 1,912,518 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Б-оос 1,912,518 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.

Энэхүү хэргийн тухайд 2.138м3 хэмжээтэй, 4 метр урттай 17 ширхэг шинэс төрлийн хэрэглээний мод нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Иймээс 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 17 ширхэг 2.138м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний модыг  хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х  овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н-ийн Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 600 (зургаан зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 2.138м3 хэмжээтэй шинэс төрлийн 17 ширхэг хэрэглээний модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Н.Б-оос байгаль экологид учруулсан хохирол болох 1,912,518 (нэг сая есөн зуун арван хоёр мянга таван зуун арван найм) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ