| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01076/И |
| Дугаар | 101/ШШ2023/02410 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/02410
2023 05 15 101/ШШ2023/02410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, А.Хын /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххххххххххх тоот хаягт оршин суух, З. Ст /РД: ............../ холбогдох
7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасандорж,
Хариуцагч З.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Х нь З.Стай 2020 оны 06 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тоёота приус маркийн 00000 улсын дугаартай авто машиныг 7,000,000 төгрөгөөр худалдан авсан.
Тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал 2022 оны 08 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярьж тухайн машиныг Нарны хүү сарны охин ХХК-ийн өрөнд битүүмжилсэн гэдгийг мэдсэн.
Үүнээс хойш хугацаанд шийдвэр гүйцэтгэх газраас дахиж яриагүй.
Авто машин А.Хын эзэмшил, ашиглалтанд байгаа ба эрхийн зөрчилтэй авто машин худалдсан тул хариуцагч З.Саас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2017 оны 09 сард Т.Хонгорзул гэж хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан 00000 улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 9,000,000 төгрөгөөр худалдан авсан. Т.Хонгорзул нь Д.О гэж хүнээс авто машиныг захиран зарцуулах итгэмжлэл авсан байсан.
А.Хтай 2020 оны 06 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг авто машиныг 7,500,000 төгрөгөөр худалдсан. Авто машины торгууль 500,000 орчим төгрөг байсныг А.Х төлсөн. Б.Дгэдэг нь миний гэр бүлийн хүн.
Тухайн үед авто машинд ямар нэгэн хориг тавигдаагүй байсан ба би өөрийн нэр дээр машинаа шилжүүлэн авсан. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор авто машинд хориг тавьсан байх бөгөөд миний бие уг авто машиныг 2017 оны 09 сард худалдан аваад 2020 оны 06 сард бусдад худалдсан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч А.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасандорж нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, машины үнэд 7,020,000 төгрөг төлсөн баримт,
2020 оны 06 сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 4-179/10720 тоот эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч З.С нь жолооны үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2023 оны 03 сарын 16-ны өдрийн 6955 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс 00000 улсын дугаартай, тоёота приус маркийн авто машины хувийн хэргийн хуулбарыг,
2023 оны 04 сарын 17-ны өдрийн 9753 дугаар захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас:
-Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 00000 улсын дугаартай, тоёота приус маркийн, арлын 0000000000000 дугаар бүхий тээврийн хэрэгслийн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч З.Ст холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч З.Стай 2020 оны 06 сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан 0000000000000 арлын дугаартай, тоёота приус маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 11 сарын 15-ны өдөр импортлогдсон, суудлын зориулалттай, 00000 гаалийн мэдүүлгийн 02-2141007-19-IO7333R дугаар бүхий авто машиныг 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг гэрээ байгуулсан 2020 оны 06 сарын 04-ний өдөр төлөхөөр харилцан тохирчээ.
Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4-5, 26-28 дугаар тал/
Нэхэмжлэгч буюу худалдан авагч А.Х гэрээ байгуулсан 2020 оны 06 сарын 04-ний өдөр хариуцагч буюу худалдагч З.Ст авто машины үнэд 7,020,000 төгрөгийг шилжүүлсэн нь А.Хын Хаан банк дахь 55555555555555555 тоот дансны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч З.Сыг эрхийн зөрчилтэй хөрөнгө зарсан, 2022 оны 08 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн авто машиныг Нарны хүү сарны охин ХХК-ийн бусдад төлөх төлбөрт хураасан гэж мэдэгдсэн хэмээн тайлбарлалаа.
00000 улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Х эзэмшиж байгаа талаараа тайлбарласан болохыг дурдлаа.
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Батбаяр, Д.Г, Д.От нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авчээ.
Тус шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 145 дугаар магадлалаар Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ З.Сын 2020 оны 06 сарын 04-ний өдөр А.Хт худалдан, уг өдрөө өмчлөх эрх нь шилжсэн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор тодорхой хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн хамтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн, шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Батбаяр нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалган шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн хуралдааны 238 тоот тогтоолоор Д.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
/ХХ-ийн 43-234 дүгээр тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 05 сарын 23-ны өдөр 4-179/10720 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн ба уг албан бичигт:
... Төлбөр төлөгч Д.Г, Д.О, Д.Батбаяр нарын хохиролд тооцуулан, хувь тэнцүүлэн олгох дараах ......... 00000 улсын дугаартай, 0000000000000 дугаартай, тоёота приус маркийн .... тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү гэжээ.
/ХХ-ийн 6, 242 дугаар тал/
Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 347 тоот лавлагаанд:
00000 улсын дугаартай тоёота приус маркийн авто машин нь 2015 оны 11 сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл Нарантуяагийн Түвшинтөгсийн,
2017 оны 08 сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл Нарны хүү сарны охин ХХК-ийн,
2017 оны 08 сарын 31-ний өдрөөс 2017 оны 09 сарын 11-ний өдөр хүртэл Д.Оийн,
2017 оны 09 сарын 11-ний өдрөөс 2020 оны 06 сарын 04-ний өдрийн хүртэл Зулын Сын,
2020 оны 06 сарын 04-ний өдрөөс Ангирагсүрэнгийн Хын өмчлөлд бүртгэгдсэн болох нь уг авто машины хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна.
/ХХ-ийн 20-28 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж заажээ.
Талуудыг 2020 оны 06 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 00000 улсын дугаар бүхий авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш буюу 2021 оны 10 сарын 01-ний өдрийн шийдвэрээр уг авто машиныг тодорхой хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн хамтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь З.Сыг эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан гэж үзэхээргүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Хын хариуцагч З.Ст холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарддлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Х нь 2020 оны 06 сарын 04-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан 00000 улсын дугаартай, тоёота приус маркийн авто машины захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх асуудлаар хүсэлт, өргөдөл, нэхэмжлэлийг холбогдох албан тушаалтан, байгуулага, шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч З.Ст холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай А.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН