Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2019/00763/И |
Дугаар | 210/МА2019/01349 |
Огноо | 2019-07-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2019/01349
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01043 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
100 096 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь 2018.06.27-нд М ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018.07.04-өөс 2018.11.08-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эко хороолол хотхонд гэрээний дагуу 5-н ширхэг хаусны барилга барьж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 30 гаруй инженер техникийн болон мэргэжлийн ажилчид ажилласан. Хариуцагчийн материал таталт нь удааширснаас болж 3 сар буюу 90 хоногийн хугацаа хэтэрч ажилчдын хоол унд, цалин, хөдөлмөр хамгааллын зардал гэх мэтээр хохирсон. 2018 оны 11.08-нд дээврийн материал, сантехник цахилгааны материалууд ирээгүй тул ажлаа зогсоосон. Хариуцагчид материал ирээгүйгээс үлдсэн ажил хийгдээгүй гэдгийг мэдэгдэж байсан. Нийт санхүүжилтээс 14 500 000 төгрөгийг үлдээсэн. Мөн гэрээгээр 1 хаус нь 100 м.кв гэж тохирсон байсан. Гэтэл батлагдсан зураг байхгүй талбай инженерын өдөр бүр гаргаж өгч байсан зургаар уг барилгыг барихад барилгын ашигтай буюу зарах талбай нь 106 м.кв, барилгын ажил гүйцэтгэх талбай нь уг зургаар 1 хаус нь 131.8 м.кв болсон. Иймд 16 ажилтны хоолны зардал 11 520 000 төгрөг, цалин 64 800 000 төгрөг, хөдөлмөр хамгааллын зардалд 600 000 төг, ажилчдын амьдрах гэрийн түрээсийн зардал 1 500 000 төгрөг, ажлын м.кв зөрүүг гэрээний ажлын үнэлгээгээр тооцоход /1 хаус 31.8 м.кв х 5=597 м.кв/ 21 675 500 төг, нийт 100 096 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Г” ХХК-тай таван хаус барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Ажилчдын цалин 11 520 000 төгрөг гэж үзэж байгаа бол эдгээр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулах ёстой. Өөрсдийн ажилчид биш бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээгээг ажиллуулсан. Нэхэмжлэгч нь хоолны мөнгийг тухайн ажилчдынхаа өдрийн хийж гүйцэтгэсэн төлбөрөөс нь хасах, өдөрт хоолыг зарах хэлбэрээр олгож байсан учраас хоолны хохирол учраагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг 2 талаас гэрээнд тусган, санхүүжилтийн 2 хувийг авахаар тусгасан байгаа учраас үүнийг шаардах эрхгүй. Г ХХК нь ажилчдыг байрлуулах үүргийг хүлээсэн учир түрээсийн төлбөр нэхэх үндэслэлгүй. 100 м/кв-аас зөрүү гарсан тухайд амины орон сууцыг заавал батлагдсан зураг бусад холбогдох баталгаатай нэгжээр хийж гүйцэтгэх ёстой гэсэн байдаг. 1-рт энэ бол хувийн компани, 2-рт Барилгын тухай хуульд албан ёсны зураг хэрэглэхгүйгээр барьж болох заалттай. Нэхэмжлэгчид 100 м.кв ашигтай талбайтай амины орон сууц барих тухай хэлж байсан. Үүнийг мэдэж байсны үндсэн дээр гэрээ байгуулсан. Үүнийгээ батлахаар МУ-ын зөвлөх инженерийн дүгнэлтийг хийлгэсэн байдаг. Энэ бол албан ёсны компани биш бөгөөд албан ёсны дүгнэлт ч биш. Албан ёсны баталгаат хэмжилт хийдэг байгууллагаас ийм дүгнэлт гаргах боломжтой байдаг гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас бүгд 27 055 500/хорин долоон сая тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдсэн 73 040 500/далан гурван сая дөчин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 658 430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 293 227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 100 096 000 төгрөгөөс 73 040 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт 100 096 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 85-86/
Нэхэмжлэгч 100 096 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар задалж тайлбарлажээ. Үүнд:
Барилгын ажилчдын:
Талууд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Г” ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эко хороолол хотхонд 2 давхар, 100 м.кв талбай бүхий 5 ширхэг амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, хариуцагч “М” ХХК нь нийт хөлс 72 255 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. Энэ талаар талууд маргаагүй. /хх-20-22/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул мөн хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн гарсан, ажил гүйцэтгэгч түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээнд Эко хороолол хотхонд тус бүр нь 100 м.кв талбай бүхий, 2 давхар, 5 ширхэг амины орон сууцыг хариуцагчийн материалаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь нийт хөлс 72 255 000төгрөгийг 3 хувааж хэсэгчилж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдож байна. Зохигчдын хоорондын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд мөн маргахгүй байна. Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь барилгыг барьж хүлээлгэн өгөөгүй ба ажлыг бүрэн гүйцэтгээгүй шалтгаанаа “хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж барилгын материалыг хугацаандаа нийлүүлээгүй буруутай үйлдлээс болсон” гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн дээрхи тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, талууд энэ талаар маргахгүй байна.
Мөн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгч нь барилгын талбайд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан талаар ч зохигчид маргаагүй. /хх-1, 89/
Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд нийт 57 700 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаа хэтэрч ажиллахад гарсан зардалд буюу гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардаж байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор хэрэгт цалин олгосон болон хөдөлмөрийн гэрээ гэх баримтууд гарган өгчээ.
Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг тодорхойлох тул дээрх хугацаанд ажилтанд цалин хөлс олгосон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой гэж үзэх, хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол гэдгийг эргэлзээгүй нотлох боломжгүй юм. Түүнчлэн хэргийн 49 дүгээр талд авагдсан баримт нь цаг хугацааны хувьд хэзээ үйлдсэн нь тодорхойгүй шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэж үнэлэх боломжгүй баримт байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллуулах гэрээгээр нэмж ажилтан авч ажиллуулсан, болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, хөлсөөр ажиллуулах гэрээ, ажлын хувцас нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх тул 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны гэрийн түрээсийн төлбөр, хөдөлмөр хамгааллын зардал, ажилтны ажлын хөлс, хоолны төлбөрт нийт 5 380 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлтэй байна. /хх 27-32, 33-36, 39-42/
Гэрээгээр нэхэмжлэгч нь нэг бүр нь 100 метр квадрат амины орон сууц барих үүрэг хүлээсэн боловч 131,8 метр квадрат амины орон сууц барьсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болох боловч хариуцагч тайлбар, баримт гаргаагүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд нэхэмжлэгчийн илүү гүйцэтгэсэн ажилд хариуцагчаас 22 500 090 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах, шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас бүгд 27 055 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 040 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД