Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

 

 

 

 

Д.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Э/зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Э-т холбогдох, эрүүгийн 2119000000100 дугаартай, 1 хавтас, 150 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Ганзамын гудамж, **-* тоотод оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999-09-27-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001-06-08-ны өдрийн 72 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 200.000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002-09-25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009-06-10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-12-01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн 02/хоёр/ жил 02/хоёр/ сар 11/арван нэг/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Э-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Э Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Найрамдлын гудамж, *-* тоотод 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Б-ийн гэрт нь түүний толгойн тус газарт заазуураар нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-т Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 11 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

 

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-07-29-ний өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн 11.6.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 2016-01-26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Анхан шатны шүүхээс намайг урьд 2009.06.10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3,6 жилийн хорих ялаар шийтгэж, энэ нь Эрүүгийн хуулийн 78.2-т зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй, мөн 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд уг ялгүй болох хугацаа нь хамрагдсан гэж үзжээ. 2021-07-02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заасан. Миний хувьд хоригдож байгаад өршөөлд хамрагдсан бус, ялгүй болох хугацаа өршөөлд хамрагдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль хэрэглэхэд эргэлзээтэй байдал байна гэж үзэж байгаа тул ашигтай байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар өршөөлд хамруулна уу” гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль хэрэглэхэд эргэлзээтэй байдал байна гэж үзэж байгаа тул яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасан. Анхан шатны шүүх Д.Э-ыг өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна гэж үзсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 2001, 2006, 2009, 2015 он эдгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэнэ гэсэн заалт байгаа үүнийг би ойлгохдоо хорих ял эдэлж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаасаа суллагдана гэж ойлгосон учраас одоо өршөөлд хамрагдах боломжтой гэж үзсэн. Өмнөх хуулиудаар өршөөлд хамруулж байсан бол дахин өршөөлд харагдах тухай хуулийн заалт байдаг. Тиймээс дахин өршөөлд хамрагдах боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Прокурор Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дах хэсэгт зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй байсан ба 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчиллын сонгууль болж байнгын ажиллагаа парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэл болж байгааг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан байна. Үүнд Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн бол Д.Э-ыг дахин өршөөлд хамруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шүүгдэгч Д.Э-ын холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

1/ Шүүгдэгч Д.Э Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн байх ба шийтгэх тогтоолд “...Д.Э-ыг 2009 онд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, 2011-04-28-ны өдөр суллагдсан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар  ялгүй болох хугацаа нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон нь түүнийг урьд ял шийтгэлгүй гэж үзнэ” гэж /1хх-39/ дүгнэсэн байна.

 

Шийтгэл тогтоолд дурдсан 2002 оны Эрүүгийн хууль нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан ба энэ хуулийн 78 дугаар зүйлд “Ялтай байдал” буюу мөн хуулийн 78.1 дэх хэсэгт “Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно” гэжээ. 

 

Гэхдээ энэ Эрүүгийн хууль одоо хүчингүй болсон бөгөөд 2017-07-01-ний өдрөөс одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд “Ялтай байдал” гэх ойлголт тусгагдаагүй болно.

 

Түүнчлэн 2021-07-02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэжээ.

 

Дээр дурдсан хуулиуд болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ялтан Д.Э Өршөөл үзүүлэх тухай 1991, 2000, 2006, 2009, 2015 оны хуулиар “хорих ялаас чөлөөлөгдсөн” нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Анхан шатны шүүхээс ялтны өмнө нь үйлдсэн гэмт хэргийн ялтай байдлын хугацааг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосныг үндэслэж, түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан “...хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэсэн заалтад үндэслэж, өршөөлд хамааруулаагүй нь үндэслэлгүй юм.     

 

2/ Ялтан Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-12-01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай захирамж /1хх-97/-аар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, түүнд эдлээгүй үлдсэн 02/хоёр/ жил 02 /хоёр/ сар 11/арван нэг/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байна.

 

Харин шүүгдэгч Д.Э дээрх 2 жил 02 сар 11 хоногийн хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу 2021-05-08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Найрамдлын гудамж, *-* тоотод иргэн Д.Б-ийн гэрт, түүний толгойн тус газарт заазуураар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0154 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-25/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хөнгөн гэмт хэрэг, энэ талаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх боловч шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Э хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэг оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэх” үндэслэлд хамаарч байна.

 

Гэхдээ шүүгдэгч Д.Э-ын тухайд тэрээр урьд Өршөөл үзүүлэх тухай хуулиудад заасны дагуу “хорих ялаас чөлөөлөгдөж” байгаагүй учир түүний 2021-05-08-ны өдрийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хөнгөн гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.     

 

Шүүгдэгчийн “2021-07-02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар өршөөлд хамруулна уу” гэсэн давж заалдах гомдлын тухайд энэ хуулийн 4 дүгээр зүйл нь “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх” тухай зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 4.1 дэх хэсэг нь “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж тодорхойлсон байх ба шүүгдэгч Д.Э-ын  тухайд  түүний үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хөнгөн гэмт хэрэгт үүнд хамааралгүй төдийгүй хэргийг шүүхээр шийдвэрлэх шатанд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байх учир түүний үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж байгаа тул  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарахгүй харин мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөлд хамаарах үндэслэлтэй болно.

 

Мөн шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн ““Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон учир түүнийг хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд  түүний эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх шаардлагагүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

                  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Э 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

                                                                                                           

                                                                                                  Н.БОЛОРМАА