Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

хохирогч: Т.Нурзат,

шүүгдэгч: Н.Тилеухан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, ирүүлсэн Ханкелди овогт Нажкейн Тилеуханд холбогдох эрүүгийн 2017 2602 1073 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, казах, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, МАН-ын удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, ам бүл 4, эхнэр, 4-6 насны 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2А-33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар БК85112575, Ханкелди овогт Нажкейн Тилеухан.

 

Шүүгдэгч Н.Тилеухан нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2А байрны 33 тоот гэртээ эхнэр Т.Нурзатыг догшин авирлан зодож, Т.Нурзатын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Тилеухан мэдүүлэхдээ:

Бид 2 охинтой. Эхнэр маань 2 охинд минь муу үлгэр дуурайл битгий үзүүлээсэй гэсэндээ түүнийг хааяа архи уухаар нь загнадаг юм. Манай эхнэр ажилд ороод 2 жил болж байгаа ба сургууль дээр зохигдож байгаа арга хэмжээнд оролцдог. 2 охины нас бага тул тэднийг ээж нь харах шаардлагатай тул харин амралтанд яваагүй байх. Нэг удаа намайг ажлаасаа тараад гэртээ иртэл Т.Нурзатын ажлын 4 багш архи уугаад халсан байдалтай байсан. Тэр ажлынхаа хүмүүсийн дэргэд надад янз бүрийн юм яриад байхаар нь би гараад явсан.

Энэ хэрэг гарсан өдөр би Улсын их хурлын гишүүн Султанбектэй Энканто тауны саунд суучихаад гэртээ эргэж ирсэн. Дараа нь би нутгийнхантайгаа нэг шил архи уугаад гэртээ орж ирэхэд хоол, цайгүй байхаар нь эхнэртээ “цай чана” гэж хэлсэн. Тэр үед бид хоёр үг зөрөлдөөд би эхнэрээ алгадсан нь үнэн. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Нурзат мэдүүлэхдээ:

Манай нөхөр надад байнга гар хүрдэг байгаагүй ч архи уусан үедээ зоддог.   Би нөхрийнхөө ээжид энэ талаар хэлэхэд түүнийг утсаар загнаж байсан. Би архи уудаггүй. Тэр хэрэг гарсан өдөр манай ажлын нэг багш гуравдугаар улирлын амралтаар Япон улс руу явж ирээд нэг виски авчирсныг бид нар хувааж уугаад дараа нь би гэртээ дагуулж ирээд нэг вино уусан юм. Би нөхрийнхөө үгнээс зөрдөггүй. Би сургуулиас зохиогдсон ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй. Ажил, гэр, хүүхдийн цэцэрлэгээр л ордог. Манай нөхөр дахин надад гар хүрэхгүй гэж амласан. Би түүнд би итгэж байна. Бид нар хоорондоо сайн ярилцсан. Одоо надад одоо гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Ш.Авирмэд мэдүүлэхдээ:

Би Т.Нурзаттай 2015 оноос хойш 20 дугаар сургуульд хамт ажиллаж байгаа, дотно найзууд. Т.Нурзат ажил дээрээ нөхөртөө зодуулчихсан хэд хэдэн удаа ирж байсан. Тэр  эхлээд бид нараас нуугаад хэлдэггүй байсан. Өнгөрсөн жил нөхөртөө зодуулсан гээд нуруу, гуя нь хөхөрсөн байсныг надад харуулж байсан. Т.Нурзат нөхөр нь согтуу ирэхээрээ зоддог, эрүүлдээ бол зоддоггүй гэж ярьж байсан. Мөн 2017 оны 4 дүгээр сард Т.Нурзат өглөө нүд нь хөхөрсөн, ер нь бүх биеэрээ хөхрөлттэй ирээд бид нарт үзүүлээд уйлж байсан. Миний мэдэхээр Т.Нурзат ажил дээрээ гурван удаа нөхөртөө зодуулчихсан гээд нүүр ам нь хөхөрсөн ирж байсан. Нурзат сургуулиас зохиож байгаа нийтийн арга хэмжээнд оролцдоггүй. Учир нь нөхөр нь их хартай. Нөхөр нь угаасаа ямар ч арга хэмжээнд оруулдаггүй. 2017 оны 4 дүгээр сарын 10-дын үеэр Болормаа, Намжилсүрэн, Урнаа бид хэд Нурзатын гэрт очиж тоглонгоо, ганц хоёр вино уусан. Тэр үед бид нарыг гэрт нь байж байхад нөхөр нь ирж, бид нарт нэг шил архи авч өгсөн. Бид нар тэр орой 22:00 цагийн үед тэднийхээс явцгаасан. Бид нарыг явсны дараа нөхөр нь тэр шөнө согтуу орж ирээд Нурзатыг унтуулаагүй шөнөжингөө зодсон гэж бид нарт ярьж байсан. Нурзат амиа хорлочих юмсан ингэж зодуулж амьдарч байхаар гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-М.Намжилсүрэн мэдүүлэхдээ:

Би Нурзаттай 2016 оны 9 дүгээр сараас хамт ажиллаж эхэлсэн. Намар
намайг анх ажилдаа орж байхад манай ажлынхан Нурзатыг их хартай нөхөртэй гэж
ярьж байсан. Харин 2016 оны 12 дугаар сард Нурзатын хацар нь хөхөрцсн ажил дээр ирж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад тухайн үедээ надад нэг их юм ярихгүй байсан. Тэгж байгаад сүүлд нөхөртөө зодуулсан гэдгээ хэлж байсан. Нурзат бид нарт тэр үедээ шөнө нөхөр нь согтуу ирээд бөөлжсөн тэгээд нуруун дээр нь дартал олигтойхон дарахгүй яасан юм гээд зодсон тухай ярьж байсан. Бас тэрнээс хойш 2017 оны 4 дүгээр сард нөхөртөө зодуулчихсан гээд нуруу, гуя, нүд нь хөхөрсөн байдалтай ирж байсан. Нурзатын нөхөр нь шөнө согтуу ирэхээрээ
Нурзатыг унтуулдаггүй зодоод байдаг гэсэн. Энэ талаар Нурзат бид нарт ярьдаг. Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний үеэр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ард байдаг Нурзатын гэрт нь найз Авирмэд, Болормаа, Урнаа нарын хамт очсон. Тэр өдөр бид нар гэрт нь ганц хоёр вино уугаад байж байтал нөхөр нь гаднаас ирээд бас архи авч өгсөн. Тэр орой бид нар нэг их сүртэй ууж идээгүй ба 22:00 цагийн үед гэрээс нь явцгаасан. Нурзат надад их шударга юм шиг санагддаг. Нурзат их тэвчээртэй, элдэв янзын аашгүй хүн байгаа юм. Миний мэдэхээр Нурзат нөхөртөө зодуулчихсан байдалтай ажил дээр 2, 3 удаа ирж байсан гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5460 тоот дүгнэлтэд:

1, 2. Нурзатын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь 2017.04.22-ны өдөр үүссэн шинэ гэмтэл ба баруун нүдний доод зовхи, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл болно.

5, 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Н.Тилеухан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Тилеухан нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2А байрны 33 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.Нурзатыг зодож, бие махбодид нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Нурзат, гэрч Ш.Авирмэд, М.Намжилсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5460 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тилеуханы гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар ял оногдуулах үндэстэй байна.

Н.Тилеуханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч Т.Нурзат нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.