| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0349/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/369 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/369
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э-ийн Б-д холбогдох эрүүгийн 2438004280454 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш ургийн овгийн Э-ийн Б , 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “Хөвсгөл мах маркетад” ХХК-д малын эмч ажилтай, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......багийн ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт иргэн Б.Г-г зодож биед зүүн эрүү ясны хугарал, зүүн талын ухархайн доод болон дотор ханийн хугарал, хамар ясны хугарал, цээжний зүүн талд 6-р хавирганы хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, цээж, нуруунд цус хуралт дух, зүүн чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт иргэн Б.Г-г зодож биед зүүн эрүү ясны хугарал, зүүн талын ухархайн доод болон дотор ханийн хугарал, хамар ясны хугарал, цээжний зүүн талд 6-р хавирганы хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, цээж, нуруунд цус хуралт дух, зүүн чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх 14-15, 20-21 тал/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 16-18 тал/,
-Хохирогч Б.Г-ийн мессежний зураг 2 ширхэг баримт /хх 24-25 тал/,
-Гэрч Н.О-ийн мэдүүлэг /хх 56-57 тал/,
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №551 дугаартай дүгнэлт /хх 43-45 тал/,
-Яллагдагч Э.Б-ы мэдүүлэг /хх 71-72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Тус хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан /хх-ийн 115-р тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.
Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 90,542 төгрөгийг шүүгдэгч Э.Б аас нэхэмжилж байх ба нэхэмжлэл гаргах тухай баримт (хх-ийн 113-р хуудас)-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б аас 90,542 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш ургийн овгийн Э-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Б ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б аас 90,542 (ерэн мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн 2438004280454 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ