| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/00315/И |
| Дугаар | 102/ШШ2023/01725 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2023/01725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо * тоот “М Э ББСБ” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо * тоотод оршин суух М овогт Д С
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо * тоотод оршин суух Ш овогт А М
Зээлийн гэрээний үүрэгт 590,052,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х, хариуцагч А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Д.Сын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ЭББСБ” ХХК нь хариуцагч Д.С, А.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.С, А.М нар нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээгээр 100,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, мөн өдрийн 04 тоот гэрээгээр 160,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.
1.2. Дээрх гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба үндсэн гэрээний хугацаанд хариуцагч нарыг зээл, зээлийн хүүг төлөөгүй тул хариуцагч Д.Сын хүсэлтийг үндэслэн гэрээний хугацааг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан.
1.3. Гэрээний хугацааг сунгасан ч зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд хариуцагч Д.С нь банкнаас бизнес дэмжих зорилгоор өгч байгаа 3 хувийн хүүтэй зээл авахаар болсон, уг зээлийн барьцаанд нэхэмжлэгчтэй байгуулсан барьцааны гэрээний зүйл болох 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах шаардлагатай, тухайн зээлийг авмагц гэрээний үүргээ биелүүлнэ гэж тохирсоны дагуу барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгсөн. Тухайн зээлийг авсан боловч 03, 04 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1.4. Иймд 03 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 65,000,000 төгрөг, хүү 114,420,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,656,167 төгрөг нийт 198,077,000 төгрөг, 04 тоот гэрээний зээлийн төлбөр 160,000,000 төгрөг, хүү 218,400,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,885,333 төгрөг нийт 415,285,333 төгрөг нийт 613,362,333 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 612,870,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хүүгийн тооцоолол 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл бодогдсон байх тул анх нэхэмжлэл гаргахдаа тооцсон хугацаагаар бодож нэхэмжлэлээс 22,817,667 төгрөгийг хасаж, үлдсэн хэсгийг хариуцагч нараас шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч А.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг ашиглаагүй, харин хариуцагч Д.С бүхэлд нь үйл ажиллагаандаа зарцуулсан.
2.2. Зээлийг авахдаа Д.С нь 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах болсон тул зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцохыг зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь надад мэдэгдэлгүйгээр барьцааны хөрөнгийг чөлөөлсөн байна. Иймд зээл төлөгдөхгүй байх эрсдэлийг нэхэмжлэгч өөрөө үүсгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Д.С хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Голомт банкны цахим гүйлгээний баримт, Тээвэр хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “М ЭББСБ” ХХК-ийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Д.Саас “М ЭББСБ” ХХК-д гаргасан өргөдөл, А.Мын гаргасан өргөдөл, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03, 04 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, А.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, Д.Сын иргэний үнэмлэхний хуулбар, Төөрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Д.Саас “М ЭББСБ” ХХК-д гаргасан хүсэлтүүд, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Саас “М ЭББСБ” ХХК-д гаргасан хүсэлтүүд, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03, 04 дугаартай, зээл сунгалтын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.Саас “М ЭББСБ” ХХК-д гаргасан хүсэлт, “М ЭББСБ” ХХК-ийн иргэдийн зээлийн өргөдөл, Д.Сын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Д.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлдэгчийн карт /ХХ-8-45 дугаар тал/
5. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 03, 04 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 260,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 225,000,000 төгрөг, хүү 313,395,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,656,500 төгрөг нийт 590,052,333 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч А.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн зээлээс авч ашиглаагүй, хариуцагч Д.С бүхэлд нь үйл ажиллагаандаа зарцуулсан, нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг Д.Сын хүсэлтээр барьцаанаас чөлөөлж, зээл төлөгдөхгүй байх нөхцөлийг үүсгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн № 03 дугаартай зээлийн гэрээгээр бизнесийн зориулалтаар 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн № 04 дугаартай зээлийн гэрээгээр бизнесийн зориулалтаар 160,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр тус тус тохирсон байна. Энэхүү 2 гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Сын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо байршилтай 79.8м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо давхарт байршилтай 169.41м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч, барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /I-ХХ-ийн 8-9, 21 дүгээр тал/
Дээрх 2 зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь сар бүр хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг гэрээний хугацааны эцэст буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцсон байх ба энэ хугацаанд зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Хариуцагч Д.С нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаатай сунгах хүсэлт гаргасныг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Зээл сунгалтын гэрээ”-г байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэж тохирсон байх ба уг гэрээнд зээлдэгчийг төлөөлж Д.С гарын үсэг зурсан байна. /I-ХХ-ийн 31-36 дугаар тал/
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан. Иймд гэрээний талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг нөхөн сунгаж болох бөгөөд энэхүү тохиролцоо нь гэрээний талуудын чөлөөт байдалд нийцнэ. Харин 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Зээл сунгалтын гэрээ”-гээр гэрээний хугацааг нөхөн сунгах тохиролцоо зөвхөн зээлдүүлэгч болон зээлдэгч Д.С нарын хооронд хийгдэж, энэхүү сунгалтын талаар зээлдэгч А.Мт мэдэгдээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдов. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гэрээний хугацааг сунгасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч А.М, Д.С нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч А.Мын “зээлийг авч ашиглаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан эсэхээс үл хамааран зээлийг төлөх үүргийг хүлээнэ.
Зээлдэгч нар нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгахаар Д.Стай тохирох хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, гэрээний хугацаа 8 сараар хэтэрсэн буюу үндсэн гэрээний хугацаанаас илүү хугацаа өнгөрсөн, гэрээний харилцааг дуусгавар болгох талаар гэрээний 7.2-т тохиролцсон үндэслэл бий болсон байхад зээлдүүлэгч нь зээлдэгч А.Мт мэдэгдэлгүйгээр гэрээний хугацааг сунгахаар зээлдэгч Д.Стай тохиролцож, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Мын гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэв. Мөн Д.Сын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны хөрөнгийг чөлөөлөх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь барьцааны эрхийг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй болсон байна. Иймд хариуцагч А.Мын хүлээх үүргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг Д.Стай хамтран төлүүлэхээр тодорхойлов. Энэ хүртэл хугацаанд А.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ дангаар болон үндсэн зээлдэгчтэй хамтран биелүүлэх, ийнхүү биелүүлэхийг Д.Саас шаардах, гэрээний харилцааг дуусгавар болгох боломжтой атлаа хэрэгжүүлээгүй байх тул дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 35,000,000 төгрөг төлсөн байх ба үүнийг 100,000,000 төгрөгийн зээлийн хүүд 24,383,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,617,000 төгрөгийг хасаж тооцсон нь буруу бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулж 03 тоот гэрээний үндсэн зээл болох 100,000,000 төгрөгөөс хасаж, хүүгийн тооцооллыг дахин хийсэн байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, мөн зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлсөн 35,000,000 төгрөгийг 160,000,000 төгрөгийн үндсэн зээлээс хасаж, үлдсэн хэсгээс хүү тооцох нь хуульд нийцнэ.
Иймд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 421 хоногийн хугацаанд 100,000,000 төгрөгийн хүүд 48,443,835.61 төгрөг /12 сар х 3.5% : 365 хоног х 421 хоног х 100,000,000 :100%/, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 239 хоногт нэмэгдүүлсэн хүүд 5,500,273.97 төгрөг /12 х 3.5%х20% :365x 239 хоног х 100,000,000 : 100%/ нийт 53,944,109.58 төгрөг, дээрх хугацаанд 160,000,000 төгрөгийн хүүд 77,510,136.98 төгрөг /12 сар х 3.5% : 365 хоног х 421 хоног х 160,000,000 :100%/, нэмэгдүүлсэн хүүд 8,800,438.35 төгрөг /12 х 3.5%х20% :365x 239 хоног х 160,000,000 :100%/ нийт 86,310,575.33 төгрөг буюу 2 зээлийн нийт хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140,254,684.91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Д.Сын дангаар хүлээх үүргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл /нэхэмжлэл гаргах өдөр хүртэл/ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тодорхойлов.
Иймд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 651 хоногийн хугацаанд 100,000,000 төгрөгийн хүүд 74,909,589.04 төгрөг /12 сар х 3.5% : 365 хоног х 651 хоног х 100,000,000 :100%/, нэмэгдүүлсэн хүүд 14,981,917.8 төгрөг /12 х 3.5%х20% :365x 651 хоног х 100,000,000 : 100%/ нийт 89,891,506.84 төгрөг, дээрх хугацаанд 160,000,000 төгрөгийн хүүд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 189 хоногийн хугацаанд 34,796,712.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,959,342.46 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 19 хоногийн хугацаанд 150,000,000 төгрөгийн хүүд 3,279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 655,890.41 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 8 хоногт 145,000,000 төгрөгийн хүүд 1,334,794.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 266,958.9 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 12 хоногт 135,000,000 төгрөгийн хүүд 1,864,109.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 372,821.91 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 423 хоногт 125,000,000 төгрөгийн хүүд 60,842,465.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,168,493.15 төгрөг нийт 122,541,041.05 төгрөгийг хариуцагч Д.Саас гаргуулах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.С нь 03 тоот гэрээний үүрэгт 189,891,506.84 төгрөг, 04 тоот гэрээний үүрэгт 247,541,041.05 төгрөг нийт 437,432,547.89 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Нэмэгдүүлсэн хүүг тооцсон хугацааг нэхэмжлэгчийн тодорхойлсон буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсон, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаагаар тооцсон алдааг залруулж, нэхэмжлэлийн үнэ 612,870,000 төгрөгөөс 22,817,667 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг 590,052,333 төгрөгөөр тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ. Иймд хариуцагч Д.С нь тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Саас 437,432,547.89 төгрөг, хариуцагч А.М, Д.С нараас 140,254,684.91 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 12,365,100.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Саас 437,432,547.89 төгрөг, хариуцагч Д С, А М нараас 140,254,684.91 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ЭББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,365,100.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,222,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.С, А.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 859,223 төгрөг, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжид 2,345,113 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ЭББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА