Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/01751

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо тоотод оршин суух Д С

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо өөрийн байр “Д Ц С” ТӨХК

 

2,476,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “Д Ц С” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу хамтын гэрээгээр олгосон тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутган авч хохирол учруулсан гэжээ. 

 

2. Хариуцагч “Д Ц С” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Д.Ст хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд ногдох тэтгэмжид 24,768,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хуульд заасан тэтгэмж биш учраас хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутгаж, татварын байгууллагад шилжүүлсэн.

 

2.2. Дээрх шаардлагыг гаргах хуульд заасан 3 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс “Д Ц С” ТӨХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаал, түүний хавсралт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-Ийн 5-8 дугаар тал/

4. Хариуцагчаас “Д Ц С” ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  “Д Ц С” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч Д.С нь 2,476,800 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохирол учруулсан” гэж тодорхойлсон байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмжээс суутгасан нь хуульд заасан тэтгэмж биш бөгөөд хуульд зааснаар суутгасан, мөн 3 жил өнгөрсөн учраас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх  заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халагдсаны тэтгэмжид 33,569,652 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.  

 

Энэхүү шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Ст олгох 33,569,652 төгрөгийн тэтгэмжээс 31,092,852 төгрөгийг олгосон байх бөгөөд үүнээс эрчим хүчний салбарт ажилласан жилд ногдох 24,768,000 төгрөгийн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,476,800 төгрөгийг суутгаж олгосон болох нь тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу “Д Ц С” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгожээ. Энэ талаар зохигч маргаагүй байна. 

 

Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр” ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Өөрөөр хэлбэл дээрх тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул түүнийг хуулиар тогтоосон тэтгэмж гэж үзнэ. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан байна. 

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна. Уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, ...үеэс үүснэ”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэжээ. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба энэ хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн “тэтгэвэртээ гарсан олон хүмүүс шүүхэд хандаж буцаан авч байгаа, та аваач гэсний дагуу нэхэмжлэл гаргасан” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд хууль мэдэхгүйгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн татгалзал үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Ц С” ТӨХК-д холбогдох 2,476,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА