Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/01934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо оршин суух Х Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоот “М Д” ХХК

 

2,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Н, Э.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2,240,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “М Д” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан, уг гэрээгээр жолооч Х.Б нь “Н о” ХХК-ийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ бусдад хохирол учруулвал тухайн хохирлыг төлөхөөр тохиролцсон.

 

1.2. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Daewoo Novus маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан. Хохирлын үнэлгээг “А Б” ХХК-иар хийлгэсэн, тухайн үнэлгээний дагуу 2,240,000 төгрөгийг *улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид төлсөн. 

 

1.3. Дээрх ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 3 дуудлагын дараа очно, даатгалын компанитайгаа холбоо барьж, ослын зургаа баримтжуулаарай гэсэн, “М Д” ХХК-тай холбогдоход очих боломжгүй гэсэн. Тухайн үедээ ослын зургийг авч, “М Д” ХХК руу явуулсан боловч ослын газраас хөдөлсний дараа баримтжуулсан, цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзлэг хийлгээгүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Тухайн үед “М Д” ХХК-ийн шаардсан бүх баримтыг явуулсан боловч нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан байна. Иймд 2,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Даатгуулагч Х.Б нь мэдээллийн ажилтны өгсөн заавар зөвлөгөөний дагуу ослын гэрэл зургийн баталгаажуулалт хийгээгүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгвөл жолоочийн онооноос хасуулна гэдэг шалтгаанаар өгсөн дуудлагаа цуцлаж ослын үзлэг хийлгээгүй, ослын газраас хөдөлсний дараа баримтжуулалт хийсэн байсан. Иймд нэхэмжлэгчийн буруутай байдал тогтоогдоогүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, “Н о” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 022/03 дугаартай тодорхойлолт, “А Б” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1186 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 3, 32-41 дүгээр тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 9-12 дугаар тал/

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг гаргаж өсгөн байна. Үүнд: * улсын дугаартай приус-30 маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 34, 35 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр * улсын дугаартай Daewoo Novus маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, 2,240,000 төгрөгийн хохирол учруулсан. “М Д” ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу тус компанитай холбогдоход очих боломжгүй гэсэн тул ослын зургийг авч, “М Д” ХХК-д явуулсан. Тус компаниас шаардсан бүх баримтыг явууулсан боловч үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул 2,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Х.Б нь ослын гэрэл зургийн баталгаажуулалтыг зааврын дагуу хийгээгүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгвөл жолоочийн онооноос хасуулна гэдэг шалтгаанаар өгсөн дуудлагаа цуцлаж, ослын газрын үзлэгийг хийлгээгүй, мөн ослын газраас хөдөлсний дараа баримтжуулалт хийсэн байсан. Иймд зам тээврийн осолд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “М Д” ХХК болон Х.Б нарын хооронд “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр Х.Б нь “Н о” ХХК-ийн эзэмшлийн * улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ашиглаж байх хугацаанд даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг “М Д” ХХК төлөх, Х.Б нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээгээр даатгуулагч нь нэр заасан тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгагч нөхөн төлөх буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хууль зөрчсөний улмаас /өөрийн буруугаар/ гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан бол учирсан хохирлын хэмжээгээр /гэрээгээр тохирсон даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй/ даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй. Энэхүү шаардлагыг гаргахад даатгуулагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдсон, үүний улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирч даатгалын нөхөн төлбөр авах нөхцөл бүрдсэн байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *улсын дугаартай хюндэй портер /hyundei porter/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн автомашиныг засварлах зардал 2,240,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын г-д зааснаар тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй. Энэхүү үүргээс дараах тохиолдолд чөлөөлөгдөж болохыг мөн дүрмийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно” гэжээ. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно” гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч нь түүний гэм буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн жолоодож явсан гэх *улсын дугаартай автомашинд учирсан хохирлын талаар тухайн жолооч болон даатгагч “М Д” ХХК-тай маргаангүй тохиролцсон тохиолдолд зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө. Ийнхүү тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зам тээврийн осол болсон эсэх, энэ нь хэний буруутай холбоотой болохыг тогтоолгох ба нэхэмжлэгч буруутай бол даатгагч нь хохирогчид нөхөн төлбөр олгох эсвэл нэхэмжлэгч хохирлыг барагдуулж, даатгагчаас шаардах нөхцөл бүрдэнэ. Энэ талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө” мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно” гэж зохицуулсан байна. Үүнээс гадна Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Иймд даатгуулагч нь зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлын талаар даатгагчтай тохиролцож чадаагүй бол энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослын дүгнэлт гаргуулж гэм буруутай байдлаа тогтоолгох нь даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгоогүй гэж үзэх үндэслэл болж, даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхийн хамгаалалт болно. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хохирлын талаар гуравдагч этгээд болон даатгагч “М Д” ХХК-тай тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэм буруугийн асуудлыг тогтоолгоогүй байна. Иймд *улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол учирсан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийг нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь дээрх автомашинд учирсан хохиролд “А Б” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 2,240,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь өөрийн буруугаар зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, тухайн хохирлыг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй” гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэхүү үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осолд нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ үүрэг нь даатгагчийн даатгалын тохиолдлыг шалгах үүрэгт хамааралтай болно. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын бодит нөхцөл байдалтай танилцах, хохирлын хэмжээг тогтоох, хохирлын талаар хохирогч, даатгуулагчтай тохиролцож учирсан хохирлыг шуурхай барагдуулах ажиллагаатай холбоотой бөгөөд зам тээврийн осол гарсан эсэх, хэн буруутай болохыг тогтооход хамааралгүйг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Д” ХХК-д холбогдох 2,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,790 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА