Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/01752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо өөрийн байр “К Б” ХХК  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дугаар хороо тоот оршин суух Ш овогт Ж Г  

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо   тоот оршин суух Ч овогт Б Х

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9,451,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

Хариуцагч Ж.Гт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Б.Х, Ж.Г нарт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б.Х, Ж.Г нар нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээгээр 9,600,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр өөрчилж 36 сар буюу 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар тохирч, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулсан.  

 

1.2. Дээрх хугацаанд хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрөөс 1,690,259.59 төгрөг, хүүд 4,386,815.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26,335.57 төгрөг нийт 6,103,410.35 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж байгаагүй байна. Иймд 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,909,740 төгрөг, хуримтлагдсан хүү 1,462,531 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,934 төгрөг нийт 9,451,205 төгрөгийн төлөх үүрэгтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Х нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч банкнаас цалингийн зээл авсан бөгөөд энэ үед Их дэлгүүр дэх Мобикомын салбарт ажиллаж байсан, зээл авснаас хойш Их дэлгүүр шатаж ажилгүй болсны улмаас зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр банкны оператортай ярьж, онлайнаар зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт явуулсан ба 2021 оны 6 дугаар сард төрчихөөд хойшлуулсан хугацаа болж байгаа байх, 6 сая гаруй төгрөг төлсөн учраас дуусах дөхөж байгаа гэж бодсон боловч үндсэн зээлээс хасагдаагүй байсан. Зээлд 6 сая гаруй төгрөг төлсөн, одоо 9 сая төгрөг төлөх боломжгүй гэжээ. 

 

3. Хариуцагч Ж.Г хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “К Б” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Хгийн гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн анкет, зээл  хамтран хүсэгч, батлан даагчийн анкет, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 3004-2020/03 дугаартайцалингийн зээлийн  гэрээ, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3004-2020/03 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 3004-2020/03-1 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүний тооцоолол /ХХ-6-20 дугаар тал/

 

5. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 9,600,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 7,909,740 төгрөг, үндсэн үндсэн хүү 1,462,531 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,934 төгрөг нийт 9,451,205 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

3. Хариуцагч Б.Х нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлээс 6,0 сая гаруй төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс хасагдаагүй байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр №3004-2020/03 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нар нь өрхийн хэрэгцээний зориулалтаар 9,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 22,80 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийг цалингийн орлого болон гэрийн тавилгаар хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /I-ХХ-ийн 19 дүгээр тал/

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрөөс хэсэгчлэн сар бүр хүүгийн хамт төлөхөөр тохиролцож, энэ журмаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийг төлсөн байх ба 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр зөвхөн хүү төлөх, үндсэн зээлийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх, гэрээний хугацааг 36 сар буюу 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болгохоор тохирчээ. Дээрх хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 1,690,259.59 төгрөг, хүүд 4,386,815.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26,335.57 төгрөг төлсөн байна. Эдгээр төлбөрийг төлөхдөө гэрээгээр тогтоосон хэмжээ, хуваарийг зөрчиж гүйцэтгэсэн байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. 

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоногт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох үндэслэлтэй.   

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдлээс зээлийн төлбөр төлөх дараагийн хугацаа хүртэл нэхэмжлэгч хүү тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг төлөхөөр тохирсон хугацаанд үндсэн төлбөрийг бүрэн төлөөгүй бол үндсэн зээлийн үлдэгдэлд хүү тооцогдоно. Жишээлбэл: Зээлийн гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 127,324.63 төгрөг, хүүд 84,764.47 төгрөг нийт 212,089.10 төгрөг төлөхөөс төлбөр төлөөгүй байх ба өмнөх үлдэгдэл 555.43 төгрөгийг хүүгээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцсон нь гэрээ болон хуульд нийцсэн байна. Энэ мэтчилэн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хариуцагч нарын төлсөн төлбөрөөс эхлээд хүүг хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт тооцох ба зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусах хүртэл хугацаанд үлдэгдлээс хүү тооцох байдлаар зээл, хүүгийн тооцоолол хийгдэнэ. Харин зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссаны дараа төлсөн нийт төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох талаар Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй бөгөөд зээлийн хүүг буруу тооцоолоогүй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Х, Ж.Г нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид ба уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Б.Хгийн нэр дээр зээлийн данс нээж, уг дансаар зээлийг олгосон байна. Хамтран зээлдэгч Б.Хд зээлийг олгосон тул уг мөнгөн хөрөнгийг Ж.Г нь ашигласан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлэх үүрэг бүхий этгээд болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ. Иймд хариуцагч Ж.Г нь тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 7,909,740 төгрөг, хүү 1,462,531 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,934 төгрөг нийт 9,451,205 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Х, Ж Г нараас 9,451,205 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,170 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Х, Ж.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 166,170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА