Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 0276

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Н.Энхболд

Шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуун, М.Ганзориг

Гэрч Ц.Батжанчив, Д.Наранбаатар, А.Акылбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201714000174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 07 сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-23-24 тоотод оришн суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овгийн Бэгзсүрэнгийн Хаянхярваа /ФМ:74070271/

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 01 сарын 20-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, зураач тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-22-06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Энхсайханы Эрдэнэсүх /ФМ: 80012037/ гэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 08 сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд болосролтой, компьютерийн програмист, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-4-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаазган овгийн Данзандагвын Анхбаяр /ФМ: 85081618/ гэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 07 сарын 25-ний өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн засварын хэсэгт ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 1-б-5 тоотод оршин суух, урьд 2007 оны 09 сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Дүүгүүр овгийн Ганболдын Болор-Эрдэнэ /ФМ: 84072511/ гэв.

 

Шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ажиллаж байхдаа 2016 оны 11 сарын 04-ний өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн HP 400 маркийн бутлуурын сольсон гуулийн втулкийг тайрч жижиглэн хулгайлж “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д 8.405.963 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Хаянхярваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 06 сард HP-400 бутлуур ашиглалтанд орсон. Ашиглалтанд орсноос хойш байнга доголдож засварт орж байсан. Тэгээд гуулин втулка нь шаталт үүсч дээд втулка нь унасан. 8 дугаар сард бид задалж үзэхэд цуурсан байсан. Тэгээд 8 сарын 16-нд зогсолтонд орж задалж уг втүлкийг салгаж авсан. Салгаж авч байх үед дарга нар ирж үзсэн. Втулка нимгэрээд язраад шатсан байсан. Ингэсэн втулкийг дахин ашиглах боломжгүй. Уг втулкийг засварын өрөөнд хийсэн. 11 сарын 4-нийг хүртэл засварын өрөөнд хадгалсан. Уг гуулин втулка 8.400.000 төгрөг хүрэхгүй. Бичиг баримтыг нь бүрдүүлээгүй авч гарсандаа гэмшиж байна. Дахин ашиглаж болохгүй гэдгийг хэн нэгэн хэлээгүй. Нүдээрээ харахад язарсан байсан болохоор ашиглах боломжгүй байдаг. Тухайн үед нэг найз маань эмнэлэгт хэвтсэн болохоор эргэх гэж үйлдвэрийн бүсээс авч гарсан. Удаан хугацаагаар хадгалсан онгойлгож үзэхгүй болохоор ашиглагдахгүй юм байна гэж бодсон. Энэ втулка нь бутлуурын нэг хэсэг нь юм. Бидний хувьд оногдох хохирлыг шүүхээс тогтоосон хугацаанд төлнө. Оногдох ялыг тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Э.Эрдэнэсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 12 сард ажилд орсон. 2016 оноос эхэлж бутлуурын бригадад Хаянхярваатай ажилласан. 9 сарын 16-нд конусан бутлуурын гуулинг цөн нь хэлбэрээ алдаж холхио үүсээд дээд боолтуудаа тасалж байсан. Үүнийг засахад оролцож байсан. Намайг ажилд орсноос хойш втулкийг сольж байгаагүй. Тэр сольсон нь анхны тохиолдол юм. Шинэ втулка тавиад хуучин втулкаа засварын өрөөнд аваачиж хийсэн. Ер нь Хаянхярваа ахын мэдүүлэгтэй адил. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 05 сард анх ажилд орж байсан. Энэ асуудал гарахаас өмнө манай бригад бутлуурын втулкад засвар хийж байсан. Энэ гуулин втулкийг солихгүй бусад эд ангиа эвдээд байсан. Хэд хэдэн удаа засварт явуулаад тэгээд солихоор шийдээд сольсон. Сольсон втулкийг мастер механикүүд дахин ашиглана гэсэн зүйл яриагүй. Дахин ашиглах боломжтой байсан бол засвар механикын завод руу явуулах байсан. Гэтэл аваагүй. Манай засварын өрөөнд байлгаад байсан. Тэр втулкийг нилээн сайн л засаж байж ашиглах байх. Тэрнээс тэр шатаж, харласан, цуурсан учраас хоёрдогч түүхий эдээр ашиглах байх. Энэ втулкыг дээд талын хэсэг нь жаахан нимгэрсэн харагдсан. Бид нарын зүгээс энэ зүгээр л хог байсан. Эрдэнэт үйлдвэрээс журмын дагуу гараагүй буруугаа ойлгож байна. Шүүх гэм буруутайд тооцсон учир гэмшиж байна. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 сарын 04-ний өдөр хувцас солих өрөөнөөс Эрдэнэсүх дуудсан. Энэ гуулинг 2 цүнхэнд хийчихсэн байсан. Тэгээд би нэгийг нь, нөгөөдхийг Анхбаяр, Эрдэнэсүх 2 ээлжлээд үүрээд явсан. 3-8 дугаар байрны тэнд зэс гууль авна гэсэн газарт очоод цагдаад баригдсан. Эмнэлэгт хэвтсэн манай цуг ажилладаг Анхааг эргэх гээд ярилцсан байсан. Миний хувьд гуулин втулка байгаа гэдгийг мэдэж байсан. Анхнаасаа авч гарсан нь үнэн. Хэргээ үнэн зөвөөр хэлж ирсэн. Хохирлоо сарын хугацаанд төлнө. Тэнсэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: HP-400 маркийн гуулин цөнг сольсон. Сольсон втулкийг засварын өрөөнд хадгалсан байдаг. Үүнийг дахин ашиглах боломжтой гэж үзсэн байдаг. Уг втулкийг энэ хүмүүс тайрч хэлбэр дүрсийг нь алдагдуулж гаргасан байдаг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр уг втулкийг дахин ашиглах боломжтой байсан нь нотлогддог. Эрдэнэт үйлдвэрт 8.405.963 төгрөгийн хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирол нэхэмжилсэн. Хохирол төлөгдөөгүй байгаа. Манай байгууллага худалдан авах ажиллагааны журмаар судалж байгаад эд хөрөнгийг худалдан авдаг. Ер нь зэс, гуулинг засвар механикийн заводод тушаах ёстой. Зэс, гууль өнгөт металлыг үйлдвэрийн бүсээс гаргахгүй байх ерөнхий захирлын тушаал байдаг. Втулкийг би өөрийн нүдээр харсан. 6 хэсэг болгосон байсан. Хагарч цуурсан зүйл харагдаагүй гэсэн мэдүүлэг, 

 

-Гэрч Д.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ засварын хэсэгт 2001 оноос хойш ажиллаж байна. Энэ втулка нь 2015 онд шинэ суурилагдсан шинэ тоног төхөөрөмж юм. Жилийн хугацаанд масло цацсан шалтгаанаар засварлагдаж байсан. Энэ втулка нь 2016 оны 09 сарын 16-нд аваарын байдлаар гацаад ажиллахгүй байна гэсэн мэдээ ирээд бригадаа оруулаад шалтгааныг нь торуулахад втулка гацсан байсан. Втулка нь харлаж цуурсан байсан. Иймд шинэ втулка тавьсан. Энэ сольж авсан втулкийг засаад сэлбэг болгох, аргагүйдсэн үед ашиглаж магадгүй гэсэн шалтгаанаар хадгалж байсан гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Батжанчивын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ бутлуурын гуулин цөн нь анх удаа эвдэрч байгаа. Энэ 2 өдөр ноцолдож байж втулкийг салгаж авсан. Втулка нь гол хэсгээрээ харалсан, дунд хавиараа цуурсан. Механик л намайг засварын өрөөнд аваачаад хийчих гэсэн. Засварлана гэсэн талаар сонсоогүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч А.Акелбекийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: HP-400 маркийн бутлуурыг ажилд оруулахад байсан. 2016 оны 09 сард втулкийг солих хүртэл ямар нэгэн зогсолт хийж байгаагүй, жижиг засвар хийж байсан. Втулкийг солих үед би амралттай байсан. Дараа нь дуудагдаж очиж үзэхэд втулка харлаж, зохих ёсны элэгдэлтэй харагдаж байсан. Энэ втулка нь хэвийн байлгах засвар зайг нь тааруулж байх үүрэгтэй. Одоо энэ хуваасан гуулин втулкийг харахад цуурсан зүйл харагдахгүй байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч О.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр би ажил үүрэг гүйцэтгээгүй гэртээ амарч байсан. Ингээд өдрийн 16 цаг 30 минутын үед манай гэрт хамт ажилладаг Батболд ирсэн. Бид хоёр тамхи авахаар 3 дугаар хорооллын 8 болон 9 дүгээр байрны дунд байдаг дэлгүүр орохоор явж байсан. Энэ үед үйлдвэрийн ажилчдын ажил тараад бууж байсан цагтай таарсан, би өмнө нь өөрөө үйлдвэрийн Гэрээт цагдаагийн тасагт ажиллаж байсан болохоор уг 3-8 дугаар байранд байрладаг түүхий эд авдаг цэгт ажилчид үйлдвэрийн дүүргээс хууль бусаар авч гарсан эд зүйлсээ өгдөг гэдгийг мэдэж байсан. Тэгтэл үйлдвэрийн ажилчид бололтой дөрвөн эрэгтэй бор шаргал өнгийн “Хьюндай Старекс” машинтай ирээд эд зүйл өгөх гэж байгаа бололтой нэг хүн буугаад орохоор нь очиж шалгахад уг машинд хойд талын суудалд дээр хоёр нь суугаад машины коридорт том цүнхэнд тайрч хавтгайлсан зэс бололтой эд зүйлийг хийчихсэн, мөн ар талын хэсэгт үүргэвчинд мөн адилхан зэс хийчихсэн байсан. Бичиг баримтыг нь шалгахад үйлдвэрийн ажилчид байсан. Мөн хулгайн эд зүйл гэж сэжиглэх үндэслэлтэй байсан тул үүргийн дагуу шалгуулахаар илтгэх хуудас бичиж Цагдаагийн газарт авчирч жижүүрт хүлээлгэн өгсөн юм. Тухай үед эдгээр хүмүүс мөнгө өгье, машинаа өгье гэж Батболд бид хоёрыг хууль бус үйлдэл хийлгүүлэхээр санал тавьж байсныг дурьдах нь зүйтэй байна гэсэн мэдүүлэг / 1хх 114 ху/,

 

-Гэрч Ж.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байсан НР-400 маркын бутлуур нь 2017 оны 09 сард бутлуур эргэхгүйгээр ажиллаж чадалгүй зогссон, зогссон шалтгааныг олж тогтоохын тулд бутлуурыг бүтэн хэмжээгээр задалсан юм. Бүтэн задлах явцад бутлуурын эксцентр /хэлтгий төвт гол/ халалтаас болж гуулин цөнгийн түгжээ нь хагараад эргэхгүй гацсан байсан. Иймд гацсан цөнг сугалж аваад шинэ цөн буцааж угсраад бутлуурын үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулсан юм. Тодорхой хэмжээгээр халалт явагдсан байсан учир цөнгийн гадаргууны зарим хэсэгт нь цэвэршилт нь алдагдсан байсан, зарим гадаргууд элэгдэл үүссэн байсан. Энэ ажлыг тодорхой хугацаанд засварлаж буцаан тавихын тулд Засвар механикын заводад засвар үйлчилгээ хийлгэхэд удах байсан тул нөөцөнд байсан ганц гуулин цөнг тавьж бутлуурыг хэвийн ажиллагаанд оруулах шийдвэрт хүрсэн. 2017 оны 09 сарын 16-наас 2016 оны 09 сарын 20-ны хугацаанд энэ ажил хийгдсэн бөгөөд сольж авсан хуучин цөн /втулка/-г буцааж сэргээн засварлаад ашиглахаар Засварын хэсгийн багаж засч янзалдаг байранд хадгалсан. Энд хадгалах шийдвэрийг би гаргаад засварын хэсгийн механик Эрдэнэтүшиг зэрэг хүмүүст үүрэг өгч хадгалуулсан юм. Энэ сольсон цөнг /втулка/ эргэж ашиглах боломжтой байсан тул хадгалах шийдвэр гаргасан, дахин ашиглах боломжгүй бол бид Засвар механикийн заводын хаягдал төмөрт тушаах журамтай байдаг. ...2015 оны 08 сараас анх бутлуурыг залгаснаас хойш ашиглагдаж байсан, тодорхой хугацаанд засвар үйлчилгээ явагдсан. Үүнийг би агрегатын журналд тусгасан байгаа, үүнийг Хуулийн хэлтэст хуулбарлаж өгсөн. Энэ гуулин цөнгөөс шалтгаалсан гэмтэл бол 2016 оны 09 сард задлахад гарсан анхны гэмтэл юм. Сүүлд гацаад зогссон тохиолдол нь анх удаа тохиолдсон, үйлдвэрийн хэмжээнд анхны удаа задалсан ажиллагаа байсан юм. Гуулин цөн хагарсан гээд байгаа нь хэлтгий төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Үүнийг нь бол сольж өөр газарт нь ухаад гаргачихдаг юм. Огт ашиглагдахгүй хагарсан асуудал байгаагүй гэсэн мэдүүлэг / 1хх 116 ху/,

 

-Гэрч Ж.Эрдэнэтүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Эрдэнэт үйлдвэр”  ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байсан НР-400 маркын бутлуур нь 2017 оны 09 сард эргэхгүйгээр ослын байдалтай зогсолтод орж, ажиллаж чадахгүй болсон. Ингээд бид шалтгааныг олж тогтоохоор бутлуурыг бүтэн хэмжээгээр задалсан юм. Бүтэн задлах явцад бутлуурын эксцентр /хэлтгий төвт гол/ халалтаас болж гуулин цөн зуураад гацсан байсан. Ерөнхийдөө ачааллаас шалтгаалж халалт үүсээд зогссон байсан. Иймд гацсан цөнг сугалж аваад шинэ цөн буцааж угсраад бутлуурын үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулсан юм. Цаг хугацаа нь хүлээгдээд байсан тул нөөцөнд байсан ганц ширхэг цөн /втулка/-г сольж тавиад бутлуурыг хурдан хугацаанд ашиглалтанд оруулсан юм. 2017 оны 09 сарын 16-наас 2016 оны 09 сарын 20-ны хугацаанд энэ ажил хийгдсэн бөгөөд сольж авсан хуучин цөн /втулка/-г буцааж сэргээн засварлаад ашиглахаар Засварын хэсгийн багаж засч янзалдаг байранд хадгалсан. Энд хадгалах үүргийг бригадын дарга Батжанчивд өгч хадаглуулсан юм. Хаягдал болсон бол Засвар механикийн заводын хаягдал төмөрт тушаах журамтай байдаг. 2015 оны намар анх бутлуурыг залгаснаас хойш ашиглагдаж байсан, энэ хугацаанд бутлуурт олон удаа засвар үйлчилгээ явагдсан. Конусын хуяг солих зэрэг ажиллагаа бол явагдаж байсан. Харин энэ гуулин цөнгөөс шалтгаалсан засвар нь энэ тохиолдолд буюу 2016 оны 09 сард л явагдсан юм. Үүнээс өмнө энэ гуулин цөнгөөс шалтгааж бутлуурын ажил зогсож байгаагүй. Гуулин цөн хагарсан гээд байгаа нь хэлтгий төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Өөрийнх нь үндсэн хэлбэр алдагдаагүй, халсанаас бага зэрэг өөрчлөлт орсон байсан. Үүнийг бол засварлах боломжтой юм. Огт ашиглагдахгүй хагарсан асуудал байгаагүй гэсэн мэдүүлэг / 1хх 120 ху/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1хх 17, 147 ху/

-Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /1хх 18-19, 148 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 20-23, 149, 150, 2хх 84, 85 ху/

-Эд зүйлийн үнэлгээ / 1хх 24, 70, 88, 152, 2 хх 76, 117-120 ху/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх 66 ху/

-Шүүгдэгч Б.Хаянхярвааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 205-215ху/

-Шүүгдэгч Э.Эрдэнэсүхийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 242-250 ху/

-Шүүгдэгч Д.Анхбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 23-32 ху/

-Шүүгдэгч Г.Болор-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 52-60 у/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1хх 185, 217 ху 2 хх 2 ху, 34 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Хаянхярваа,Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ажиллаж байхдаа 2016 оны 11 сарын 04-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн HP 400 маркийн бутлуурын сольсон гуулийн втулкийг тайрч жижиглэн хулгайлж “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д 8.405.963 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Хаянхярваагийн “...гуулин втулка нь шаталт үүсч дээд втулка нь унасан. 8 дугаар сард бид задалж үзэхэд цуурсан байсан. Тэгээд 8 сарын 16-нд зогсолтонд орж задалж уг втулкийг салгаж авсан. Салгаж авч байх үед дарга нар ирж үзсэн. Втулка нимгэрээд язраад шатсан байсан. Ингэсэн втулкийг дахин ашиглах боломжгүй. Уг втулкийг засварын өрөөнд хийсэн. 11 сарын 4-нийг хүртэл засварын өрөөнд хадгалсан. Бичиг баримтыг нь бүрдүүлээгүй авч гарсандаа гэмшиж байна” гэсэн, Э.Эрдэнэсүхийн “...9 сарын 16-нд конусан бутлуурын гуулинг цөн нь хэлбэрээ алдаж холхио үүсээд дээд боолтуудаа тасалж байсан. Үүнийг засахад оролцож байсан. Намайг ажилд орсноос хойш втулкийг сольж байгаагүй. Тэр сольсон нь анхны тохиолдол юм. Шинэ втулка тавиад хуучин втулкаа засварын өрөөнд аваачиж хийсэн. Ер нь Хаянхярваа ахын мэдүүлэгтэй адил. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна” гэсэн, Д.Анхбаярын “...Сольсон втулкийг мастер механикүүд дахин ашиглана гэсэн зүйл яриагүй. Дахин ашиглах боломжтой байсан бол засвар механикын завод руу явуулах байсан. Гэтэл аваагүй. Манай засварын өрөөнд байлгаад байсан. ...Бид нарын зүгээс энэ зүгээр л хог байсан. Эрдэнэт үйлдвэрээс журмын дагуу гараагүй буруугаа ойлгож байна” гэсэн, Г.Болор-Эрдэнийн “...2016 оны 11 сарын 04-ний өдөр хувцас солих өрөөнөөс Эрдэнэсүх дуудсан. Энэ гуулинг 2 цүнхэнд хийчихсэн байсан. Тэгээд би нэгийг нь, нөгөөдхийг Анхбаяр, Эрдэнэсүх 2 ээлжлээд үүрээд явсан. 3-8 дугаар байрны тэнд зэс гууль авна гэсэн газарт очоод цагдаад баригдсан. Анхнаасаа авч гарсан нь үнэн” гэсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Энхболдын өгсөн “...HP-400 маркийн гуулин цөнг сольсон. Сольсон втулкийг засварын өрөөнд хадгалсан байдаг. Үүнийг дахин ашиглах боломжтой гэж үзсэн байдаг. Уг втулкийг энэ хүмүүс тайрч хэлбэр дүрсийг нь алдагдуулж гаргасан байдаг” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Д.Наранбаатар, Ц.Батжанчив, А.Акелбек нарын өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч гэрч О.Мөнхсайхан /1 хх 114 ху/, Ж.Ганзориг /1 хх 116 ху/,  Ж.Эрдэнэтүшиг / 1 хх 120 ху/, нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуун “...тухайн гуулин втулка нь эдэлгээний явцад халалт өгч үндсэн физик шинж чанараа алдаж, дахин ашиглах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэрч нарын хувьд уг втулкийг яг ашиглана гэж хэлээгүй. Уг үйлдэлд нь шүүгдэгч нарт урьд нь захиргааны арга хэмжээ авсан байхад эрүүгийн хэрэг үүсгэж дахин давхардуулж ийм байдал үүсгэж болохгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзнэ” гэж, мөн өмгөөлөгч М.Ганзориг “...Энэ хэргийн хувьд хохирлын хэмжээний талаар ярих ёстой. Хохирлын талаар шинжээчийн дүгнэлтүүд ар араасаа гарсан. Үнэлгээний хувьд шинжээчийн тусгай мэдлэг биш, хохирогчийн өгсөн мэдээлэл дээр үндэслэж хийгдсэн. Миний гаргаж өгч байгаа баримтаар бол Алибаба компанийн үнийн саналаар үүнийг 58 кг гэж үзвэл 58-г 15 ам. Доллараар үржүүлэхэд 2.000.000 төгрөг болно. Хохирлын хэмжээг тогтоохдоо өөр өөр дүгнэлтүүд гарсан байдаг. Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгахад гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхөөр байна гэж харагдаж байна” гэж тус тус дүгнэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлтийг гаргаж байна.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан дээрхи хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Наранбаатарын “...Энэ втулка нь 2016 оны 09 сарын 16-нд аваарын байдлаар гацаад ажиллахгүй байна гэсэн мэдээ ирээд бригадаа оруулаад шалтгааныг нь торуулахад втулка гацсан байсан. Втулка нь харлаж цуурсан байсан. Иймд шинэ втулка тавьсан. Энэ сольж авсан втулкийг засаад сэлбэг болгох, аргагүйдсэн үед ашиглаж магадгүй гэсэн шалтгаанаар хадгалж байсан” гэсэн, А.Акелбекийн “...2016 оны 09 сард втулкийг солих хүртэл ямар нэгэн зогсолт хийж байгаагүй, жижиг засвар хийж байсан. Втулкийг солих үед би амралттай байсан. Дараа нь дуудагдаж очиж үзэхэд втулка харлаж, зохих ёсны элэгдэлтэй харагдаж байсан. Энэ втулка нь хэвийн байлгах засвар зайг нь тааруулж байх үүрэгтэй. Одоо энэ хуваасан гуулин втулкийг харахад цуурсан зүйл харагдахгүй байна” гэсэн, О.Мөнхсайханы “...би өмнө нь өөрөө үйлдвэрийн Гэрээт цагдаагийн тасагт ажиллаж байсан болохоор уг 3-8 дугаар байранд байрладаг түүхий эд авдаг цэгт ажилчид үйлдвэрийн дүүргээс хууль бусаар авч гарсан эд зүйлсээ өгдөг гэдгийг мэдэж байсан. Тэгтэл үйлдвэрийн ажилчид бололтой дөрвөн эрэгтэй бор шаргал өнгийн “Хьюндай Старекс” машинтай ирээд эд зүйл өгөх гэж байгаа бололтой нэг хүн буугаад орохоор нь очиж шалгахад уг машинд хойд талын суудалд дээр хоёр нь суугаад машины коридорт том цүнхэнд тайрч хавтгайлсан зэс бололтой эд зүйлийг хийчихсэн, мөн ар талын хэсэгт үүргэвчинд мөн адилхан зэс хийчихсэн байсан. Бичиг баримтыг нь шалгахад үйлдвэрийн ажилчид байсан. Мөн хулгайн эд зүйл гэж сэжиглэх үндэслэлтэй байсан тул үүргийн дагуу шалгуулахаар илтгэх хуудас бичиж Цагдаагийн газарт авчирч жижүүрт хүлээлгэн өгсөн юм. Тухай үед эдгээр хүмүүс мөнгө өгье, машинаа өгье гэж Батболд бид хоёрыг хууль бус үйлдэл хийлгүүлэхээр санал тавьж байсныг дурьдах нь зүйтэй байна” гэсэн / 1хх 114 ху/, Ж.Ганзоригийн “...Энэ гуулин цөнгөөс шалтгаалсан гэмтэл бол 2016 оны 09 сард задлахад гарсан анхны гэмтэл юм. Сүүлд гацаад зогссон тохиолдол нь анх удаа тохиолдсон, үйлдвэрийн хэмжээнд анхны удаа задалсан ажиллагаа байсан юм. Гуулин цөн хагарсан гээд байгаа нь хэлтгий төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Үүнийг нь бол сольж өөр газарт нь ухаад гаргачихдаг юм. Огт ашиглагдахгүй хагарсан асуудал байгаагүй” гэсэн / 1 хх 116 ху/,  Ж.Эрдэнэтүшигийн “... энэ гуулин цөнгөөс шалтгаалсан засвар нь энэ тохиолдолд буюу 2016 оны 09 сард л явагдсан юм. Үүнээс өмнө энэ гуулин цөнгөөс шалтгааж бутлуурын ажил зогсож байгаагүй. Гуулин цөн хагарсан гээд байгаа нь хэлтгий төвт голдоо суулгадаг түгжээ нь хагарсан байсан. Өөрийнх нь үндсэн хэлбэр алдагдаагүй, халсанаас бага зэрэг өөрчлөлт орсон байсан. Үүнийг бол засварлах боломжтой юм. Огт ашиглагдахгүй хагарсан асуудал байгаагүй” гэсэн / 1 хх 120 ху/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

            Хохирлын үнэлгээний хувьд 1 кг хаягдал гуулийн зах зээлийн үнэлгээг Найдвар-Од ХХК 175.200 төгрөг,  Бан Хас ХХК 189.735 төгрөгөөр , НР 400 маркийн гуулин цөнгийн үнэлгээг Бан Хас ХХК 8.305.482 төгрөг, Лэндс ХХК 8.038.295 төгрөг, Далайван Аудит ХХК 8.405.963 төгрөгөөр тус тус тооцож дүгнэлтээ гаргасан байна. Бан Хас ХХК нь НР 400 маркийн гуулин цөнгийн үнэлгээг тогтоохдоо Засгийн газрын 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 297 дугаар тогтоолоор хүчингүй болсон 2005 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн тооцож гаргасан байх ба Лэндс ХХК-ийн хувьд ямар журмыг үндэслэн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй байна. Харин Далайван-Аудит ХХК-ийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар элэгдэл хорогдлыг шулуун шугамын аргаар тооцож үнэлгээг тогтоосон байх бөгөөд Орхон аймгийн прокурорын газраас Далайван-Аудит ХХК-ийн үнэлгээгээр яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас хохирогчид 8.405.963 төгрөгийн хохирол учирсаныг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Хаянхярваагаас 2.101.490 төгрөг 75 мөнгө, Э.Эрдэнэсүхээс 2.101.490 төгрөг 75 мөнгө, Д.Анхбаяраас 2.101.490 төгрөг 75 мөнгө,, Г.Болор-Эрдэнээс 2.101.490 төгрөг 75 мөнгийг тус тус гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг болгож тасалсан гуулин втулка, хар өнгийн үүргэвч, улаан өнгийн үүргэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайжууд овгийн Бэгзсүрэнгийн Хаянхярваа, Боржигон овгийн Энхсайханы Эрдэнэсүх, Шаазган овгийн Данзандагвын Анхбаяр, Дүүгүүр овгийн Ганболдын Болор-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарыг тус бүрийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нар нь уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Хаянхярваагаас 2.101.490 төгрөг 75 мөнгө, Э.Эрдэнэсүхээс 2.101.490 төгрөг 75 мөнгө, Д.Анхбаяраас 2.101.490 төгрөг 75 мөнгө,, Г.Болор-Эрдэнээс 2.101.490 төгрөг 75 мөнгийг тус тус гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ нарын хохирлыг төлөх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг болгож тасалсан гуулин втулкийг, хар өнгийн үүргэвч, улаан өнгийн үүргэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.БАЙГАЛМАА