Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/02565

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 101/ШШ2023/02565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.ХХК   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххаягт оршин суух, Д.Гт /РД: хххххх/ холбогдох

хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Гийн талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага: хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг гаргуулах, Д.Гээс 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл хууль бусаар 36 сарын хугацаанд амьдарсан хохирол, олох байсан орлого төлбөрт 22,186,800 төгрөг гаргуулах.

хххххххх тоот орон сууцанд 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар амьдарч байгаа тухайд:

Манай компани 2019 оны 10 сарын 16-ны өдөр хххххххх тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгүүлэн уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч Д.Г нь 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш 2023 оны 03 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд тус байрыг бүрэн эзэмшиж, ашиглаж, орон сууцны үр шимийг хүртэж байна.

Манай компани өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш удаа дараа тус байранд амьдарч байгаа хүмүүст байрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан.

Хариуцагч Д.Гийн зүгээс тус 23 тоот орон сууцыг худалдан авах саналыг 2020 оноос хойш удаа дараа мэйлээр, албан бичгээр ирүүлдэг байсан ба манай компанийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой талаар хариу өгч байсан ч хариуцагч Д.Гийн зүгээс тус байртай холбоотой ямар ч төлбөрийг манай компанид шилжүүлээгүй.

Улмаар Д.Гийн зүгээс 23 тоот орон сууцыг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон 96,588,015.12 төгрөгөөр худалдан авья гэсэн тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан. Д.Г гэрээ батлагдсан өдөр төлбөрийг шилжүүлнэ гэсэн.

Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээний 2.2-т гэрээ батлагдсан 2022 оны 05 сарын 19-ний өдөр манай компанийн данс руу 96,588,015.12 төгрөгийг бүрэн шилжүүлэх үүргийг Д.Г хүлээсэн.

Гэтэл тэрээр гэрээ байгуулсан өдрөөс хойш төлбөрийг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, 1 сар гаруй болсон тул манай компани гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрт нь хүн байхгүй албан бичиг хүлээн аваагүй тул гэрээ цуцлах талаараа утсаар мэдэгдэн Д.Гийн хххххххххх дугаарын гар утас руу 2022 оны 06 сарын 23-ны өдөр мессэж бичиж мэдэгдсэн.

хххххххххх тоот утасны дугаар Д.Гийн утасны дугаар мөн болох нь түүний нэхэмжлэл гардаж авсан баримтад тусгагдсан.

Хариуцагч Д.Г гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээнээс татгалзаж компанийн хууль ёсны өмч хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Д.Г манай компанитай 2022 оны 05 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээг сайн дураар байгуулснаараа манай компанийн өмчид хууль бусаар амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохоор байна.

Тодруулбал Д.Г маргаан бүхий 23 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд мөн байсан бол өөрийнхөө өмч хөрөнгийг төлбөр төлж худалдан авах гэрээ байгуулахгүй байсан.

Мөн Д.Гийн зүгээс 2023 оны 03 сарын 20-ны өдөр МСМS/07/22 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь маргаан бүхий 23 тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Бидний хооронд байгуулсан 2022 оны 05 сарын 19-ний өдрийн МСМS/07/22 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс манай компани татгалзсан тул талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх хуулийн үр дагавар үүссэн тул хариуцагч Д.Г нь манай компанитай байгуулсан ямар нэг гэрээ, хэлцлийн дагуу маргаан бүхий 23 тоот орон сууцыг эзэмшиж ашиглаагүй, өнөөдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна.

Д.Г нь манай компанийн өмчид хууль бусаар зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа тул маргаан бүхий 23 тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан болно.

Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг гаргуулах, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл хууль бусаар 36 сарын хугацаанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Манай компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн Б-4/54 тоот тушаалаар компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 101 байранд байрлах нитй 55 ширхэг орон сууцыг ажилчиддаа хөлслүүлэхээр болсон.

Улмаар компанийн ажилчин Батбаярын Очмаа 2019 оны 10 сарын 23-ны өдөр Д.Гийн амьдарч буй 61,63 м.кв 2 өрөө, 23 тоот орон сууцыг сард 616,300 төгрөгөөр хөлслөхөөр МСМS/40/19 тоот орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан.

Гэтэл хариуцагч Д.Г уг байранд амьдарч байсан тул иргэн Б.Очмаа тус байранд амьдрах боломжгүй болж гэрээ цуцлагдсан.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй, 495 дугаар зүйлийн 495.1Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд хуулийн энэ зохицуулалтын дагуу хариуцагч Д.Г орон сууцанд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа учраас түүний орон сууцыг эзэмшилдээ байлгасны төлбөрийг нэхэмжлэгчийн олох байсан орлого гэж үзэж МСМS/40/19 тоот орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үнийн дүнгээр тооцож 22,186,800 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг хариуцагч Д.Г төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.

Иймд Д.Г 23 тоот орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжиж ирсэн 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа тул орон сууцны түрээсийн төлбөр болох олох ёстой байсан орлого 22,186,800 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй.

Хариуцагч Д.Гийн 23 тоот орон сууцанд амьдарсан 3 жилийн хугацаанд уг орон сууцны дотоод засвар муудаж элэгдсэн ба манай компани тус орон сууцыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлсэний дараагаар зайлшгүй дотоод засварын ажил хийж байгууллагын хэрэгцээнд ашиглах тул засварын зардал 4,500,000 төгрөгийг хариуцагч Д.Г төлөх ёстой.

Дээрх хохирол 22,186,800 төгрөг болон орон сууцны засварын зардал 4,500,000 төгрөг нь хариуцагч Д.Г 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд манай компанийн өмч болох хххххххх тоот орон сууцанд хууль бусаар амьдарсантай холбоотой хуульд заасны дагуу төлөх ёстой хохирол төлбөр юм.

Тодруулбар хариуцагч Д.Гтэй 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсанаас үүсэн гарсан хохирол төлбөр биш юм.

Учир нь манай компани үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээнээс татгалзсан тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Иймд хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг гаргуулах, Д.Гээс 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл хууль бусаар 36 сарын хугацаанд амьдарсан хохирол, олох байсан орлого төлбөрт 22,186,800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган шүүхэд гаргасан болон 2022 оны 11 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р ХХК, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн компани, нөгөө талаас Д.Г гээд 3 талаас тохиролцон Р ХХК орон сууцаа өгч Д.Г газраа Б ХХК-д шилжүүлсэн. Б ХХК нь Р ХХК-д орон сууцны мөнгийг өгсөн.

Д.Г тухайн байранд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс амьдарч байгаа. Д.Гтэй орн сууц захиалгын гэрээ байгуулснаас хойш Р ХХК нь М ХХК-д 200 гаруй байр шилжүүлэхдээ тоогоо андуураад шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Г болон М ХХК нар нь Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 25-р хороо, 13374, Амартүвшин хотхон, 101-р байр, 23 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, 61,63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар 2022 оны 05 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Д.Г орон сууцны үнийг төлөх гэсэн боловч М ХХК нь орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд орон сууцны 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг зөрчиж 1 метр квадрат талбайг 2,500,000 төгрөгөөр үнэлж зарахаар болсноо мэдэгдэж энэхүү үнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөн гэрээг цуцлахаа мэдэгдэж байсан тул өдийг хүртэл орон сууцны үнийг төлөөгүй явж ирсэн.

Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд үнийг худалдагч дураар өөрчилж болно гэж заагаагүй бөгөөд худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж, үндэслэлгүйгээр гэрээг дангаар цуцлах оролдлого хийж байна гэж үзэж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2019 оны 10 сарын 16-ны өдөр хххххххх тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш удаа дараа тус байранд амьдарч байгаа хүмүүст байрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан.

Хариуцагч Д.Г уг 23 тоот орон сууцыг худалдан авах саналыг 2020 оноос хойш удаа дараа мэйлээр, албан бичгээр гаргасан ба тэрээр 23 тоот орон сууцыг 96,588,015.12 төгрөгөөр худалдан авья гэсэн тул түүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан.

Д.Г нь гэрээ батлагдсан өдөр төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй 1 сар орчим болсон тул гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн ч гэрт нь хүн байхгүй албан бичиг хүлээн аваагүй тул гэрээ цуцлах талаараа утсаар мэдэгдэн мөн Д.Гийн хххххххххх дугаарын гар утас руу 2022 оны 06 сарын 23-ны өдөр мессэж бичиж мэдэгдсэн.

Хариуцагч Д.Г нь манай компанитай 2022 оны 05 сарын 9-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээг сайн дураар байгуулснаараа манай компанийн өмчид хууль бусаар амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохоор байна.

Мөн МСМS/07/22 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь маргаан бүхий 23 тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Бидний хооронд байгуулсан 2022 оны 05 сарын 19-ний өдрийн МСМS/07/22 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс манай компани татгалзсан тул талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх хуулийн үр дагавар үүссэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 101-р байрны 23 тоот орон сууц нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,

Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн М ХХК-д хүргүүлсэн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 21/01 тоот, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 21/20 тоот албан бичгүүд, М ХХК-ийн Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д хүргүүлсэн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 4/007 тоот албан бичиг,

С ХХК болон М ХХК нарын хооронд 2019 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Д.Гийн иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгч талын Хур алтан өргөө ХХК-д хүргүүлсэн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 4/140 тоот хүсэлт болон Хур алтан өргөө ХХК-ийн нэхэмжлэгч талд хүргүүлсэн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 2/110 тоот хариу, Хур алтан өргөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 10 сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, М ХХК-ийн Б.Очмаатай 2019 оны 10 сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Б.Очмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Мягмарсүрэнгийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн Б-4154 тоот орон сууц түрээслэх үнэ тогтоох тухай тушаал,

2022 оны 06 сарын 20-ны өдрийн 4/48 тоот гэрээнээс татгалзах тухай албан бичиг, Д.Гийн хххххххххх дугаарын утсанд явуулсан мессэж зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Д.Г нь итгэмжлэл, Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-тай Д.Гийн 2013 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ,

ххххххххххххх тоот дахв 342 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч Д.Г мөн болох тухай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Р ХХК-ийг төлөөлөн орон сууц захиалгын гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Даваадуламд олгосон тухай Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2016 оны 09 сарын 20-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийн хавсралтууд-Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 101-р байрны орон сууцууд шилжүүлсэнтэй холбоотой,

Д.Гийн Р ХХК-тай 2016 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ,

2016 оны 08 сарын 26-ны өдрийн байдлаар 101-р байрны өмчлөгч Р ХХК бүртгэлтэй болон уг орон сууцанд үүрэг ногдуулаагүй тухай лавлагаа,

Д.Гт 2016 оны 09 сарын 20-ны өдөр 23 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн акт,

Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХХК-тай Д.Гийн 2022 оны 05 сарын 22-ны байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 2022-06 тоот хурлын тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч М ХХК-ийн тодруулсан шаардлагыг 2023 оны 04 сарын 10-ны өдөр гардан авсан боловч тайлбар гаргаагүй болно.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.

Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагууд, хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 04 сарын 04-ний өдөр гардуулан өгсөн боловч хариу тайлбараа гаргаагүй болно.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 11 сарын 30-ны өдрийн 28060 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам гудамж, 101-р байр, 23 тоот хаягт байршилтай, 61,63 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүртгэлтэй орон сууцны хувийн хэргийн хуулбарыг,

Үндэсний төв архиваас 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 11/2014 дугаар бүхий Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт-ыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Гт холбогдуулан хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Д.Г нь талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Р ХХК-ийн захиалгатай Амартүвшин орон сууцны цогцолбор барилгын А, В, Д, Е блокуудыг Р ХХК-ийн мэдэлд 2014 оны 10 сарын 10-ны өдрөөс ашиглалтанд /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух/ оруулахыг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 11/2014 тоот актаар зөвшөөрсөн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 192-196 дугаар тал/

 

ххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, 342 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигч Д.Г нь Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээг 2013 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан ба уг гэрээгээр Д.Г нь дээр дурдсан өөрийн эзэмшлийн газрыг хххххххххх 2 өрөө, 61,63 м.кв талбайтай орон сууцаар солихоор тохирчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 73-75 дугаар тал/

 

Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь 2016 оны 09 сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Б.Даваадуламд олгосон ба уг итгэмжлэлээр Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 101-р байрны хавсралтад заасан орон сууц, дулаан зогсоолуудын өмчлөх эрхийг аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ, арилжааны гэрээ, орон сууц захиалгын гэрээг Р ХХК-ийг төлөөлөн ... байгуулах эрхийг түүнд олгосон байна.

Итгэмжлэлийн хавсралт 1, 2-т шилжүүлэх орон сууц, авто зогсоолыг хавсралтаар тусгасан ба итгэмжлэлийн хавсралт 1-ийн 23-т 1-р орц, 23 тоот, 61,63 м.кв, 2 өрөө гэж тусгажээ.

 

Р ХХК-ийг төлөөлөн Б.Даваадулам, Д.Г нар 2016 оны 09 сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Р ХХК нь хххххххххх тоотын 61,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.Гт худалдахаар,

Д.Г нь гэрээ байгуулсан өдрөөс хойш жилийн дотор орон сууцны нийт үнэ 129,423,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 09 сарын 20-ны өдөр Д.Г нь орон сууцыг хүлээн авсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 76-84 дүгээр тал/

 

Р ХХК нь С ХХК-тай 2017 оны 02 сарын 03-ны өдөр орон сууц болон авто зогсоолын захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Р ХХК нь Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 101-р байр, /Амартүвшин хороолол/ хаягтай орон сууцанд байрлах нийт 13,700 м.кв талбай бүхий200 ширхэг орон сууц болон 40 ширхэг авто машины зогсоолыг өрөндөө тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Хавсралт 2-т заасан шилжүүлэх орон сууцны жагсаалтын 11-т хаалганы дугаар 23, 61,63 м.кв, 7 давхар, өрөөний тоо 2, үнэ ам доллар 52,385.50, төгрөг 130,963,750 төгрөг гэсэн байна.

С ХХК нь хххххххх тоот орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 03 сарын 25-ны өдөр бүртгэгджээ.

 

С ХХК нь 2019 оны 07 сарын 31-ний өдөр М ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамжинд байрлах, Амартүвшин орон сууцны хотхоны 101-р байрны 55 орон сууцыг 4,035,264,000 төгрөгөөр худалдсан ба худалдсан орон сууцны жагсаалтын 4-т 23 тоот, 61,63 м.кв, ... 1 м.кв үнэ 1,200,000 төгрөг, нийт үнэ 73,956,000 төгрөг гэжээ.

 

М ХХК нь хххххххх тоот орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 10 сарын 16-ны өдөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-5, 9-10, 57, 100-186 дугаар тал/

 

23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн М ХХК-д Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь 2021 оны 10 сарын 19-ний өдөр 21/01 тоот, 2021 оны 10 сарын 22-ны өдөр 21/20 тоот албан бичгүүдийг хүргүүлж байжээ.

 

2021.10.19-ний 21/01 тоот албан бичигт:

Амартүвшин хорооллын 4 орон сууц /23, 26, 43, 293/-тай холбоотой танайхаас ирүүлсэн саналтай танилцаж дараах хүсэлт гаргаж байна.

Дээрх 4 орон сууцнаас 23, 26, 293 тоот орон сууцнуудын үнийг 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгт тооцон ний 249,375,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 22-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулах, үлдсэн 43 тоот орон сууцны үнийг 1,567,224 төгрөгөөр тооцон 2021 оны 11 сарын 30-ны дотор төлөх хүсэлтийг гаргаж байна,

 

Мөн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 21/20 тоот албан бичигт С ХХК-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 265,499,000 төгрөгийг 2021 оны 10 сард багтаан Бүрд констракш ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн тохиолдолд тус барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөр Амартүвшин хорооллын 3 орон сууц 23, 26, 293 тоотуудын үнэ 249,75,000 төгрөгийг танай компанид нэн даруй төлж барагдуулах болно.

Үлдсэн 43 тоот орон сууцны үнийг 2021 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6, 8 дугаар тал/

 

М ХХК-ийн Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д 2022 оны 01 сарын 06-ны өдөр хүргүүлсэн 4/007 тоот мэдэгдэлд:

... 2019 оны 10 сард .... байруудын өмчлөгч болсон. Гэтэл дээрх байруудын 23 тоотод Д.Г ... гэх танай компанийн хамаарал бүхий иргэд 3 жилийн хугацаанд хууль бусаар оршин сууж манай компанийг хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Дээрхи 4 байрны төлбөрийн асуудлаар 3 талын хамтарсан уулзалт, албан бичиг, мэйл зэргээр удаа дараа ярилцаж тохиролцсон ч ... төлбөрийг манайх руу шилжүүлээгүй.

... Нэр бүхий иргэдийг шүүхийн журмаар албадан гаргаж байрыг чөлөөлүүлэх улмаар хохирол төлбөрийг танай компаниас нэхэмжлэх болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7 дугаар тал/

 

Худалдагч М ХХК нь худалдан авагч Д.Гтэй 2022 оны 05 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 13374, Нарны зам гудамж, 101-р байрны 23 тоотын 61,63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдахаар,

худалдан авагч Д.Г нь орон сууцны үнэд 96,588,015.12 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцон уг өдрөө нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 2.2-т гэрээ батлагдсан өдөр гэрээний төлбөрийг худалдагч талын Худалдаа хөгжлийн банкны 412063923 тоот дансанд шилжүүлнэ,

2.3-т Гэрээний төлбөрийг шилжүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлнэ,

3.3-т Энэхүү гэрээ нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Гийг 2022 оны 05 сарын 19-ний өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй 1 сар болсон тул уг гэрээнээс татгалзан, цуцалсан учир талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзэн, орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан хэмээн тайлбарлалаа.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэх ба гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ,

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч Д.Гт гэрээнээс татгалзах тухайгаа түүний хххххххххх дугаарын утсанд мессэж илгээн мэдэгдсэн гэж тайлбарлан энэ талаарх баримтаа ирүүлсэнийг хариуцагч тал эсэргүүцээгүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

493 дугаар зүйлийн 493.6Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ,

493.7Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй,

495 дугаар зүйлийн 495.1-т Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж тус заасан байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдагч М ХХК нь хариуцагч буюу худалдан авагч Д.Гтэй байгуулсан 2022 оны 05 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан нь уг гэрээний харилцааг дуусгавар болгож буй болохоос талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч Д.Гийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй ба хууль бусаар оршин суусантай холбоотой төлбөр гэх орон сууцны засварын зардалд нэхэмжилсэн 4,500,000 төгрөг, олох байсан орлогод нэхэмжилсэн 22,186,800 төгрөгийг тэрээр хариуцахгүй.

 

Хариуцагч Д.Г Р ХХК-иас хххххххх тоот орон сууцыг 2016 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч эзэмшин ашиглаж байх ба нэхэмжлэгч тал уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс тухайн орон сууцны төлбөртэй холбоотой асуудлаар Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК болон хариуцагч талтай харилцаж байсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүртэл хугацаанд хариуцагчийг уг орон сууцанд хууль бусаар оршин суусан гэж үзэхгүйг дурдлаа.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор худалдан авагч Д.Г 2022 оны 05 сарын 19-ний өдөр төлбөрийг төлөх, төлбөрийг шилжүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тохиролцсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.7, 495 дугаар зүйлийн 495.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай М ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Д.Гийн талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 16571 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн ба талуудын хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс шүүх хуралдааныг нийт 8 удаа хойшлуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн нарт 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 16 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 21 хоногийн өмнө мэдэгдсэн ба хэн аль нь ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, Бы гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.7, 495 дугаар зүйлийн 495.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хххххххх тоот орон сууцыг Д.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.Гээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай М ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Д.Гийн талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,034 төгрөгийг болон хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 4824 дугаар захирамжаар хариуцагч Д.Гийн банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 26,686,800 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН