| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/02126/И |
| Дугаар | 101/ШШ2023/02888 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/02888
2023 06 07 101/ШШ2023/02888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххх хаягт оршин суух, Сүхбаатарын Оын /РД: ххххххххх/,
Хариуцагч: хххххххххххххх тоот, аинтернэшнл ХХК-д /РД: хххххххххххх/ холбогдох
235,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.О миний бие 2021 оны 10 сарын 11-ний өдөр аинтернэшнл ХХК-тай ххххххххххх дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Дээрх орон сууц нь Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх апартмент С блокийн 2 өрөө, 51,13 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан, орон сууцны үнэд 101,748,700 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд заасан эргэн төлөлтийн хувиараас өмнө буюу 2022 оны 07 сарын 10-ны өдөр уг мөнгөө бүрэн төлсөн.
Гэтэл миний захиалсан байрны барилгын суурь ч тавигдаагүй, гүйцэтгэгч аинтернэшнл ХХК-ийн ажлын гүйцэтгэл 0 хувьтай байна.
Миний хувьд тус компанид байрны төлбөрт төлсөн 101,748,700 төгрөгийг 4 жил гаруй хугацаанд Солонгос улсад хүнд хөдөлмөр эрхэлж эрүүл мэндээрээ хохирол амсан байж төлж дуусгасан.Одоо би орон сууц ч үгүй, түрээсийн байранд амьдарч байна.
Хариуцагч аинтернэшнл ХХК-иас орон сууцны төлбөрт захиалгын гэрээний дагуу төлсөн 101,748,700 төгрөг, орон сууц захиалгын гэрээ байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон ба алданги 49,126,300 төгрөгийг нэхэмжилнэ.
Уг зах зээлийн, санхүүгийн нийтлэг жишгээр тооцоолоход уг мөнгийг би бусдад сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэн сарын 5,000,000 төгрөгийн нийт 85,000,000 төгрөгийн ашиг олох боломжоо алдсан.
Иймд хариуцагч аинтернэшнл ХХК-иас 101,748,700 төгрөг, алданги 49,126,300 төгрөг, эд хөрөнгийн алдагдал, хохирол 85,000,000 төгрөг, нийт 235,875,000 төгрөг болж байгаа бөгөөд 235,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч аинтернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
аинтернэшнл ХХК нь зөвхөн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Ингээд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18,7 га бүхий Ё хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа явуулахаар болсон.
Нэхэмжлэгч С.Отай 2021 оны 10 сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэж заасан.
2021 оноос манай компани гэр хорооллын айлуудын газар чөлөөлөх ажлыг хийн 622,800,000 төгрөгийн зардал гарсан ба өнөөдрийг хүртэл зардал гарсаар байна.
Мөн энэ хугацаанд манай улсад төдийгүй дэлхий дахинд ковид 19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газрын 19 удаагийн тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон.
Үүнээс үүдэн барилгын материалын эрэлт хэрэгцээ ихэсч нийлүүлэлт тасарч бараа материалын үнэ 2-3 дахин өссөн. Эдгээр нөхцөл байдлуудын улмаас барилга угсралтын ажил явагдах боломжгүйд хүрч 2022 оны 12 сарын 13-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын хүнд нөхцөл байдлын гэрчилгээг 2022 оын 11 сарын 01-ний өдөр авсан.
Манай компани С.Отай 2021 оны 10 сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцон байгуулсан ба энэхүү гэрээний 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцон алданги төлнө гэж заасан.
С.О алданги нэхэмжлэхдээ хуульд заасан 0,5 хувиар тооцсон нь үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч С.О нь алдангийг орон сууц захиалгын гэрээ байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс 520 хоногоор тооцсон байх ба гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцохоор хуульчилсан бөгөөд 2021 оны 10 сарын 11-ний өдөр нь гэрээгээр үүрэг хүлээж эхэлж буй хугацаа юм.
Орон сууц захиалгын гэрээний 4.2-т зааснаар 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс алданги тооцож эхлэх ба алданги төлөхийг зөвшөөрч байна.
Мөн С.О нь бусдад сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр мөнгөө зээлдүүлж сар бүр 5,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг орлоготой байх боломжоо алдан эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэжээ.
Иргэний хуулинд үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг зохицуулахдаа үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.
С.О ямар мөнгийг хэрхэн зээлдүүлж хүү авч, ашиг олох нь тодорхойгүй байх ба нийт 85,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд С.От 2021 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу төлсөн 101,748,700 төгрөгийг төлөх ба алданги төлнө. Үлдэх шаардлагыг нь зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,, 2021 оны 10 сарын 11-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, гэрээний дагуу төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гэрээний хавсралт,
Орон сууц захиалгын гэрээний төлбөр төлсөн баримтууд, С.Оын гадаад паспортын хуулбар, түрээсийн гэрээ, түрээслэгч Д.Эрдэнэ-Очирын иргэний үнэмлэхний хуулбар, Д.Эрдэнэ-Очирын орон сууц өвлөн авсан өвлөх эрхийн гэрчилгээ, түрээсийн байрны гэрэл зураг, түрээсийн төлбөр төлсөн баримт,
С.Оын захиалсан орон сууцны барилгын үйл явц 2023 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар ямар байгаа талаарх гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч аинтернэшнл ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14-р хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Е хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл /загвар зураг/ 2023 он,
2022 оны 07 сарын 21-ний өдрийн хххххххххх тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14-р хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Е хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл /барилгажилтыг төсөл/ 2023 он,
2022 оны 07 сарын 21-ний өдрийн хххххххххх тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч аинтернэшнл ХХК-д холбогдуулан 235,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Үндсэн төлбөр 101,748,700 төгрөг,
Алданги 49,126,300 төгрөг,
Хохирол, эд хөрөнгийн алдагдал 85,000,000 төгрөг, нийт 235,875,000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч тал 235,000,000 төгрөгийг нэхэмжилж тайлбараа гаргасан болно.
Захиалагч С.О нь гүйцэтгэгч аинтернэшнл ХХК-тай 2021 оны 10 сарын 11-ний өдөр АС2111011064/9 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч аинтернэшнл ХХК нь ххххххххххххххххх тоотын 51,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,
Захиалагч нь орон сууцны байрны 1 м.кв-ын үнэд 1,990,000 төгрөг, нийт 101,748,700 төгрөг төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр 30,000,000 төгрөг төлөхөөр, үлдэх 71,748,700 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр 12 сарын хугацаанд төлөхөөр талууд тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 5-11 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2021 оны 10 сарын 11-ний өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрийн гэрээний 2.1-т Захиалсан орон сууцны байрны 1 м.кв-ын үнэ 1,990,000 төгрөг байх ба нийт төлбөр нь 101,748,700 төгрөг байна,
2.2-т Дээрх төлбөрт орон сууцны заслын ажил багтсан болно. Үүнийг гэрээний хавсралт 1-т тусгав,
2.3-т Захиалагч тал гэрээний төлбөрийг хавсралт 2-т зааснаар хэсэгчлэн төлнө,
2.4-т Захиалагч тал урьдчилгаа төлбөрийг 2021 оны 10 сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг гүйцэтгэгч талд шиилжүүлэн өгнө,
2.5-д Захиалагч тал нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 71,748,700 төгрөгийг гэрээний хавсралт 2-т тусгасан төлбөрийн нөхцлийн сар бүрийн 30-ны өдөр 12 сарын хугацаанд төлнө гэж заажээ.
Нэхэмжлэгч буюу захиалагч С.О нь 2021 оны 10 сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг,
2021 оны 10 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг,
2021 оны 10 сарын 30-ны өдөр 5,979,058 төгрөг,
2021 оны 11 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг,
2021 оны 11 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг,
2021 оны 12 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг,
2021 оны 12 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 01 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 02 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг,
2022 оны 02 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 02 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 03 сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг,
2022 оны 04 сарын 03-ны өдөр 6,600,000 төгрөг,
2022 оны 05 сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг,
2022 оны 07 сарын 10-ны өдөр 6,169,700 төгрөг, нийт 101,748,700 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгч С.Оын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч аинтернэшнл ХХК энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 68-82 дугаар тал/
Захиалагч С.О нь гэрээгээр тохирсон 101,748,700 төгрөгийн төлбөрийг тохирсон хугацаа 2022.09.30-ны өдрөөс өмнө төлсөн байх ба тэрээр гэрээгээр тохирсоны дагуу орон сууц 2024 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан боловч ийнхүү хугацаандаа ашиглалтанд ороогүй тул гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч аинтернэшнл ХХК-д гаргасан талаар гүйцэтгэгч маргаагүй.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч гэрээгээр тохирсоны дагуу 2022 оны 04 дүгээр улиралд байрыг ашиглалтанд оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
2021 оны 10 сарын 11-ний өдрийн гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах үүрэгтэй байсан ба гүйцэтгэгч ийнхүү гэрээний хугацаа дууссанаас хойш 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос алданги тооцохоор байх бөгөөд хариуцагч аинтернэшнл ХХК нь захиалагч буюу нэхэмжлэгч С.От алданги төлөхийг зөвшөөрч тайлбар гаргасан болно.
101,748,700 төгрөг*0,01 хувь=10,175 төгрөг /1 хоног*
2023.04.01-2023.04.30
2023.05.01-2023.05.31
2023.06.01-2023.06.06-ны өдрийг дуустал нийт 67 хоног*10,175 төгрөг=681,725 төгрөгийг алдангийг хариуцагч аинтернэшнл ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага болно.
Алдангийг гэрээ байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс бус гэрээний хугацаа дууссан алданги нэхэмжлэх эрх үүссэн 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч С.О нь өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагааны хүрээнд тухайн мөнгийг сар бүр 5 хувийн хүүтэй бусдад зээлдүүлж, сарын 5,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийн орлого, ашигтай байх боломжоо алдан эд хөрөнгийн алдагдалд орсон гэх боловч тэрээр ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох, үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй тул түүнийг 85,000,000 төгрөгийн эд хөрөнгийн алдагдалд орсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрийн гэрээ ёсоор орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцсон байсан ба тэдний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон 2023 он 01 сард Монгол банкны харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 10,2 хувь байсан нь Монгол банкны www.mongolbank.mn сайтад байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Хариуцагч аинтернэшнл ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч С.От хохирол учирсан гэж үзэхээр байх тул эд хөрөнгийн алдагдал хохирлыг гэрээний хугацаа дууссан 2023 оны 01 сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон хариуцагч талаас 2,206,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгох үндэслэлтэй.
10,2 жилийн хүү/12 сар=0,85 хувь /сарын хүү/
101,748,700 төгрөг*0,85 хувь=864,864 төгрөг /1 сарын/
864,864 төгрөг/30 хоног=28,828.8 төгрөг /1 хоног/
2023 оны 01, 02 сар, 2023.03.20-ны өдөр хүртэл 864,864+864,864+576,576=2,306,304 төгрөг болно.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,
343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.
Хариуцагч аинтернэшнл ХХК-ийн гүйцэтгэх үүрэг 101,748,700+681,725+2,306,304 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч аинтернэшнл ХХК-иас 104,736,729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 130,263,271 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,
2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,
2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,
2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,
2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Дээр дурдсан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа захиалагч буюу нэхэмжлэгч С.Отай орон сууц захиалгын гэрээ байгуулсан 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс өмнөх үйл баримт тул хариуцагч аинтернэшнл ХХК-ийн 2022 оны 11 сарын 01-ний өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан талаар дүгнэх шаардлагагүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч аинтернэшнл ХХК-иас 104,736,729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 130,263,271 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,397,950 төгрөгөөс 1,332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.От олгож, хариуцагч аинтернэшнл ХХК-иас 681,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН