Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1425

 

“О Ш”- ХХК, Л.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01351 дугаар шийдвэртэй, “О Ш” ХХК нь хариуцагч хариуцагч “Т”-ХХК-иас 113 312 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Л.Энхтүвшин нь тус компаниас нийт 63 375 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч “Түмэн сүйх” ХХК нь нэхэмжлэгч Л.Энхтүвшинтэй 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өөрийн эзэмшлийн газрын 000321712 дугаартай гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “О Ш”- ХХК нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани нь “Түмэн сүйх" ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, тус бүр нь 1 000 м.кв талбайтай, 4 ширхэг өвөл, зуны хүлэмж нийт 4 000 м.кв хэмжээтэй, халаалт усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлж барих, тус хүлэмжид өргөст хэмх тарих, даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцож 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хүлэмжийг нүүлгэх ажлыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор хийх, 2017 оны 5 дугаар саын 31-ний өдрөөс өргөст хэмхийг хувиарлах, ингэхдээ 51/49 хувиар ашгаа хуваахаар гэрээ байгуулж гарын үсэг зурсан.

Гэрээний дагуу нийт 113 312 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэрээгээр бол 4 000 м.кв хүлэмжийг бусдад барьцаалахыг хориглосон. Гэтэл уг хүлэмж болон газар талбай нь бүхэлдээ “Голомт банк” ХХК-д барьцаалагдсан байсан. Энэ асуудлаар шүүхэд дуудагдсан нөхцөл байдлаа бидэнд хэлэхгүй нууж, хууран мэхэлж дээрх санхүүжилтийг авсан. Хүлэмжийг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгээгүй, банктай байгуулсан гэрээнээс хамааран уг хөрөнгө бүхэлдээ битүүмжлэгдэн захиран зарцуулах боломжгүй болсон. Энэ талаар сүүлд мэдэхэд бид асуудлаа шийдвэрлэх гэж байна түр хүлээгээч гэж тайлбарлаж байсан ч мөн л цахилгаан болон бусад байгууллагатай байнгын асуудалтайгаас хамаарч хүлэмжид ногоо тариулах, ургац хураах ажлууд хангалттай явагдахгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан.

Ийнхүү харилцан ашигтай хамтран ажиллах үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тодорхой болсон тул гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Энэ хугацаанд нэг л удаа 4 605.2 кг өргөст хэмх нийлүүлсэн ба 1 кг нь 1 500 төгрөгөөр тооцож 6 907 800 төгрөг өгсөн, манайхаас өмнө нь 1 072 700 төгрөгийн өргөст хэмх борлуулж өгнө гэснийг хасаад 5 235 100 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гэрээ дүгнэсэн. Эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа саналыг нь сонсож, уулзалт хийж, утсаар ярьж байсан боловч ямар ч санал санаачилга гаргахгүй байсан.

Иймд “Т”-ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болох 113 312 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 4 640 000 төгрөгөөр багасгаж, 108 672 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь хариуцагчид дансаар шилжүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 560 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 000 000 төгрөг, 8 дугаар сарын 21-ний өдрийн 4 172 000 төгрөг, бэлнээр хүлээлгэн өгсөн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8 940 000 төгрөг, нийт 108 672 000 төгрөг болно гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Тооцооноос харахад хамтран ажиллах гэрээ нь 5 жилийн хугацаатай хийгдсэн. “О Ш”- ХХК-ийн зүгээс эхний ээлжид 100 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулах байсан атал 113 000 000 төгрөг нэхэмжилжээ. Гэрээнээс хэн аль нь татгалзах талаар 2018 оны10 дугаар сараас эхлэн албан бичиг хүргүүлэн мэдэгдсэн байдаг. Тэр үеэс хойш хамтран ажиллах ажил зогссон. Хамтран ажиллах гэрээний дагуу “О Ш”- ХХК-ийн зүгээс 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэж Я.Эрдэнэбаярын 5129002133 тоот дансанд 25 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 560 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Л.Энхтүвшингийн нэрээр 500 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлэмжийн үйл ажиллагааны зардал гэж 5 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 4 172 000 төгрөг цехийн засвар гэж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлэмж барьсан цалин гэж 3 000 000 төгрөг, нийт 59 732 000 төгрөг орсон. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Я.Оюунчимэгийн “Хаан банк” ХХК-ийн 5129002122 тоот дансанд 10 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг Я.Эрдэнэбаярт бэлнээр өгсөн. Ингээд бэлэн болон дансаар нийт 87 732 000 төгрөг өгсөн байна.

Хамтран ажиллах гэрээний дагуу энэ мөнгийг хариуцагч тал төлөх ёстой ч хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх ёстой, гэтэл олсон ашиг гэж байхгүй. Хүлэмжийг нэг газраас нөгөөд нүүлгээд барьсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгээд олсон үр ашгийг 51/49 хувиар хуваахаар гэрээнд заасан. Гэтэл бэлтгэх үйл ажиллагааны эдгээр мөнгө хариуцагчийн дансанд орсон, харин ашиг огт ороогүй. Ашгаас эргэн төлөлт хийгдэх байсан болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компанитай хамтран ажиллах гэрээ хийгээгүй бол хүлэмжийг барих, эдгээр төлбөрийг зарлагадах хэрэг байгаагүй. Ашиг аль аль нь олоогүй тул төлөх шаардлага байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Энхтүвшин нэхэмжлэл болон тайлбартаа: Л.Энхтүвшин нь “Түмэн сүйх” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаяртай компанийн хүлэмжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 32 500 000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулан “Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бус 4/16103 хаягт байрших 000321712 дугаар гэрчилгээтэй, 1 150 м.кв талбайтай газрыг барьцаалан гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан.

Зээлийн гэрээ байгуулахаас өмнө Л.Энхтүвшин нь “Т”-ХХК-ийн ажилтан Я.Оюунчимэгтэй зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба “Т”-ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж түүнд зээлүүлсэн 10 000 000 төгрөг дээр нэмж 25 000 000 төгрөг зээлүүлэхээр тохирч, 10 000 000 төгрөгийн хүүг хасч нийт 32 500 000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулахаар тохирсон. Энэхүү тохиролцооны дагуу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Т”-ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын данс руу 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Дээрх зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч тал төлбөрөө төлөөгүй. Удаа дараа зээлийн төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөр төлөхгүй хугацаа авч шалтгаан тайлбарладаг байсан. Иймд хариуцагч “Т”-ХХК-иас үндсэн зээл          32 500 000 төгрөг, хүү 9 750 000 төгрөг, алданги 21 125 000 төгрөг, нийт 63 375 000 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох газраар хангуулана гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Л.Энхтүвшингээс тус компани 32 500 000 төгрөг зээлсэн гэх гэрээний дагуу бодитоор мөнгө хүлээн аваагүй. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Л.Энхтүвшин, Я.Оюунчимэг нарын хооронд 202 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 0.5 хувийн алданги тооцохоор байгуулж Я.Оюунчимэгийн данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн. 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч бодит байдлаар мөнгө нь орж ирээгүй. Уг зээлийн гэрээг газар барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд нөхөж хийсэн. Л.Энхтүвшингээс Я.Оюунчимэгийн зээлийн гэрээний дагуу авсан 10 000 000 төгрөг нь хүлэмжийн ажлын эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдсан.

Иймээс манайх зээлсэн 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин 32 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Уг 32 500 000 төгрөгийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь дээрх 32 500 000 төгрөгийг “Т”-ХХК-д өгсөн гэж байгаа ч дансаар болон бэлнээр өгсөн нь нотлогдохгүй тул нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Л.Энхтүвшин нь Курт гэгч Голланд улсын иргэний орчуулагч гэж өөрийгөө танилцуулж, манайхтай хамтран ажиллахын тулд “О Ш”- ХХК-ийг бүртгүүлсэн. Уг компанийн нэрээр “Түмэн сүйх” ХХК-тай хамтран хүлэмжийн аж ахуй эрхэлж, хөрөнгө оруулалт хийе гэж удаа дараа санал тавьснаар бид хамтран ажиллахаар тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/001 тоот гэрээ байгуулсан юм. Хоорондын таарамжгүй харилцаа, итгэл алдсантай холбоотойгоор 2018 оноос хамтран ажиллах ажиллагаа зогссон. Энэ үед Л.Энхтүвшин бидний харилцаа, тодорхой хэмжээний банкны өр төлбөртэйг ашиглан хувиараа “Т”-ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Я.Оюунчимэг надтай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Гэхдээ энэ мөнгө хамтран ажиллах гэрээний дагуу хүлэмжийн ажиллагаанд зарцуулах мөнгө гэдгийг мэдэж байсан.

Гэтэл Я.Оюунчимэг надад зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа тавихыг шаардаж, улмаар “Т”-ХХК-ийн газрыг барьцаалахын тулд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн ба энэхүү гэрээний дагуу “Т”-ХХК-д 32 500 000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлээгүй болно. Иймд 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ нь Я.Оюунчимэгт зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд газар барьцаалах зорилгоор нөхөж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хууль зөрчиж хийсэн гэрээ. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Л.Энхтүвшин болон “Түмэн сүйх” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, “Түмэн сүйх” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, 4/16103 хаягт байрлах 000321712 дугаар гэрчилгээтэй, 1 150 м.кв талбайтай газрын гэрчилгээг нэхэмжлэгч Л.Энхтүвшингээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Л.Энхтүвшин болон “Т”-ХХК-ийн хооронд 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс 4/16103 хаягт байрлах 000321712 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд зээлийн гэрээнд заасан мөнгөн төлбөрийг зээлдэгч хүлээн авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т”-ХХК-иас 75 732 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “О Ш”- ХХК-д олгож, “О Ш”- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 940 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т”-ХХК-иас 46 312 500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Энхтүвшинд олгож, үлдэх 17 062 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Т”-ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун БҮ-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1 150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т”-ХХК-ийн нэхэмжлэгч Л.Энхтүвшинд холбогдуулан гаргасан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч “Т”-ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун БҮ-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1 150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “О Ш”- ХХК-ийн төлсөн 724 510 төгрөг, нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн төлсөн 545 025 төгрөг, хариуцагч “Т”-ХХК-ийн төлсөн 390 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээх, хариуцагч “Т”-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 536 610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О Ш”- ХХК-д, 459 712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхтүвшинд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “О Ш”- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 24 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, Л.Энхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлагаас 17 062 500 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрнө, Шүүх хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Итозмон” ХХК-иар дамжуулан хариуцагч талд 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нотлохоор тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, нягтлан бодогч Х.Баасанбатын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/24 дугаартай “Санхүүгийн тодорхойлолт” гэх баримтуудыг ирүүлсэн боловч тэдгээрийг үндэслэн “О Ш”- ХХК-ийн даалгавраар “Итозмон” ХХК нь “Түмэн сүйх” ХХК-д 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүйгээс гадна “О Ш”- ХХК нь шаардах эрхгүй байна. Харин “Итозмон” ХХК нь хариуцагчаас 24 000 000 төгрөгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй...” гэжээ. Тодруулбал, хэргийн 16 дугаар талд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэбаяртай хийсэн тооцоо нийлсэн баримтад тэрээр “Итозмон” ХХК-иас шилжүүлсэн 24 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүлэмж нүүлгэхэд ашигласнаа хүлээн тооцоо нийлсэн ба үүрэг хүлээснээ харилцан баталсан тул хангах үндэслэлтэй байсан.

“Итозмон” ХХК болон “О Ш”- ХХК-ийн хооронд байгуулсан урьдчилсан гэрээнд Монгол улсад байрлах уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн (УДХҮ) чиглэлийн төслүүдийн холбогдох эрхийг эзэмших, цаашлаад УДХҮ-ийн үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, удирдан зохион байгуулах замаар ашиг олно гэж заасан. “Итозмон” ХХК нь төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээнд заасны дагуу “О Ш”- ХХК-ийн даалгавраар “Түмэн сүйх” ХХК-д 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн Л.Энхтүвшин нь “Итозмон” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал юм. Иймээс дээрх 2 компани нь Л.Энхтүвшинтэй харилцан хамаарал бүхий компани гэдэг нь хэргийн материалаас харагдаж байхад шүүх баримтуудыг үнэлж дүгнээгүй буруу тайлбарлан нэхэмжилсэн мөнгөн дүнг бууруулсан гэж байна.

Шүүх “Итозмон” ХХК нь хариуцагчаас 24 000 000 төгрөгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж заасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг бүрэн нээсэн гэх үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үнийн дүнд Я.Оюунчимэгтэй 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 10 000 000 төгрөгийг нэмсэн гэж тайлбарлах боловч Я.Оюунчимэгийн зээлийн гэрээний үүргийг “Түмэн сүйх” ХХК шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин уг зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг “Түмэн сүйх” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын 5129002133 тоот “Хаан банк” ХХК-ийн дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул Л.Энхтүвшин нь зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 25 000 00 төгрөгт ногдох хүү, алдангийг шаардах эрхтэй гэжээ.

Л.Энхтүвшин нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Я.Оюунчимэг нь бэлнээр хүлээн авсан. Энэ мөнгийг Я.Оюунчимэгээр дамжуулан хүлээн авснаа Я.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурж үүрэг хүлээснээ баталсан байдаг. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ. Иймээс зээлийн гэрээний үнийн дүнг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн “Түмэн сүйх” ХХК болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хөрөнгө холилдож дансаар орсон байгаа нь хэрэгт авагдсан материалаас харагддаг. Иймд нэхэмжлэлээс 17 062 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн байх тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч нь хариуцагч хүлэмжийг “Голомт банк” ХХК-ийн барьцаанд тавьсантай холбоотойгоор гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн энэхүү дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч Л. Энхтүвшингийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 000 000 төгрөгийг зээлсэн гэх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр “Т”-ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Л.Энхтүвшин “Т”-ХХК-д дээрх гэрээгээр 32 000 000 төгрөгийн зээл огт өгөөгүй, уг гэрээг барьцаа хөрөнгөд хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ашиглах зориулалт бүхий хүлэмжийг барьцаалахын тулд хууль зөрчиж дүр үзүүлэн хийсэн гэрээ байтал шүүх зохигчдын хооронд хийсэн анхны хэлцэлд ач холбогдол өгөхгүй, зөвхөн цаасан дээр буусан гэрээг үндэслэн зээлийн төлбөрийг хүү, алдангийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Дээрх зээлийн гэрээний дагуу 32 000 000 төгрөгийг өгч, авалцаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр нотлогддог. Шүүх энэхүү зээлийн маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талын буюу зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэл болгосон. Түүнчлэн, шүүх энэхүү зээлийн маргааныг шийдвэрлэхдээ талуудын хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч талаас оруулсан хөрөнгө, зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн аль нь болохыг ялгаж салгахыг хүсэхгүй, нэхэмжлэгчид ашигтай байдлаар тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан зээл, түүний хүү, алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хуулийн дээрх заалтаар зээлдүүлэгч нь зээлийн хөрөнгө болох мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээл авсанд тооцох хуулийн шаардлага, хариуцагчийн тайлбарыг огт анхаарч үзэлгүй зээлийн төлбөрт хариуцагчаас 46 312 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Л. Энхтүвшингийн хамтран ажиллах гэрээ болон 10 000 000 төгрөгийг зээлсэн хөрөнгийн баталгаа болгож хариуцагчийн эзэмшлийн газрыг барьцаалах барьцааны гэрээг бүртгүүлэх шаардлагатай талаарх саналд тулгуурлан “Т”-ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч 32 000 000 төгрөгийг “Т”-ХХК бодит байдалд нэхэмжлэгч Л. Энхтүвшингээс аваагүй нь хөдөлбөргүй үнэн юм. Энэ талаар хариуцагч тал тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл байдлыг үнэн зөвөөр тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан мөнгө өгч, авалцсан баримтаас энэхүү нөхцөл байдал харагдана.

Нэхэмжлэгч Л. Энхтүвшин зөвхөн хариуцагч Я.Оюунчимэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн зээл олгосон. “Т”-ХХК, иргэн Я.Оюунчимэг нарын хооронд өөр ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа байхгүй атал шүүх талуудын хооронд өөр хэлцлийг үндэслэн дүр үзүүлж хийсэн хэлцэл буюу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 000 000 төгрөгийн бодит бус сүүлд нөхөж хийсэн гэрээг үндэслэн 46 312 500 төгрөгийг хариуцагч “Т”-ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүх 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага, түүний дагуу төлбөр тооцоогоо тодорхойлж чадахгүй, 2 нэхэмжлэлээ салгаж тайлбарлаж мэдэхгүй байхад тооцоог цэгцэл, тооцоогоо нийл, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болго, учраа ол гэх мэтээр нэхэмжлэгч талд боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлэсэн нь 46 300 000 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр гаргуулан шийдвэрлэхэд түлхэц болсон гэх хардлагыг төрүүлж байна. Мөн шүүх хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлээ хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, уг сөрөг нэхэмжлэлтэй холбогдох бүхий л баримтууд нь үндсэн нэхэмжлэлд цугларсан, хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлтэй холбоотой иргэн Я.Эрдэнэбаяр, Я.Оюунчимэг нарын банкны дансны хуулга, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг гаргаж өгсөнд ач холбогдол өгөхгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дах заалтыг хүчингүй болгож, Л.Энхтүвшингийн “Т”-ХХК-иас нэхэмжилсэн 32 000 000 төгрөгийн зээл, түүний хүү, алданги 63 375 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “О Ш”- ХХК нь хариуцагч “Т” ХХК-иас хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдуулан өөрийн оруулсан санхүүжилтийн 113 312 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа багасгаж 108 672 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Л.Энхтүвшин нь тухайн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 63 375 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч тал дээрх нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Л.Энхтүвшинд холбогдуулан “Түмэн сүйх” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч компанийн 000321712 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргасан байна.

 

Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2018/14574 дугаар Шүүгчийн захирамжаар /1хх47/ Л.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй “Т”-ХХК-д холбогдох хэрэг, “О Ш”- ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т”ХХК-д холбогдох иргэний хэргүүдийг тухайн хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт зааснаар нэгтгэн шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “О Ш”- ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчивт тус хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосноор шүүх түүнд эрх үүргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тайлбарласан байх боловч 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч уг итгэмжлэлээсээ татгалзжээ. /1хх 20, 28, 71, 196/

Нэхэмжлэгч нар нь иргэн С.Ууганбаярт өөрсдийн нэрийн өмнөөс шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэлээр олгосон /1хх196,197/ байна. Шүүх түүнд хэргийн оролцогчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулж, тайлбарласан гэх баримт байх  боловч уг баримтад шүүгч гарын үсэг зураагүй байна. /1хх 198/ Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг иргэний хэрэг үүсгэсэн шүүгч  хийсэн гэж үзэхгүй.

            Түүнчлэн хэргийн оролцогч талуудад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай таницуулснаас /2хх20/ хойш нэхэмжлэгч “О Ш”- ХХК-иас ирүүлсэн /2хх 34-48/ нотлох баримтуудтай танилцуулаагүй байна.

Мөн талуудад нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан 3 удаагийн баримт хэрэгт байгаа боловч уг хэрэг, маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн шүүгчийн гарын үсэг зурагдаагүй нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ажиллагааг хийгээгүй байна. /1хх29, 72, 199/ Өөрөөр хэлбэл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого ирсэн эсэх талаар шүүгч хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч нарт мэдүүлж танилцуулаагүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх залруулан өөрчлөх, улмаар талуудын хооронд үүссэн маргаан болон зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01351 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийн 277 950 төгрөг, нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн 243 262 төгрөг, хариуцагч “Т” ХХК-иас төлсөн нийт 777 660 төгрөг тус бүрийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

         ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

Т.ТУЯА