Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Б.Буянбат,

Шүүгдэгч Б.Отгонбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201726020053 дугаартай хэргийг 2017 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Капитал банкны төв салбарын захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 52 дугаар байр 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатар /РД:ТЖ90061713/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хойд автозамын уулзварын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Буянбатыг “араас нь сигналдлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж бие махбодид нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаатар  мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18.00 цагийн үед ажлаа тараад явж байтал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны өмнө явж байтал ард байгаа машин гэрлээ анивчуулаад сигналдаад байсан. Бид хоёр гайхаад яасан юм бол гэж байтал хажуу талаар орж ирээд хашгираад байхаар нь дүүгээсээ танидаг юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгтэл тэр машин урдуур шахаад ороод ирсэн. Тэгэхээр нь бууж очоод яасан юм бол гээд очиход өөдөөс яаж яваад байна гээд хэл амаар доромжилсон. Урд чинь машин байж яаж явах юм гэхэд чамтай юм ярихгүй гээд өөдөөс цохихоор нь чи зүгээр байгаараа гээд алгадаад явсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явахад араас ирээд утсаар зураг аваад машин өшиглөөд байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянбат мэдүүлэхдээ: “2016.12.08-ны өдөр ажлаа тараад явж байсан. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны хажуу талаар явж байхад Отгонбаатарын сууж явсан машин урдуур дайраад ороод ирэхээр нь би хажуу талаар нь шахаж орж ирээд яагаад дайраад байгаа юм бэ гэхэд энэ залуу бууж ирээд яасан гэхээр нь яаж яваад байгаа юм гэхэд яриа байна уу гэхээр би юу ярьдаг юм гээд түлхэхэд хамар луу цохьсон. Тэгээд цус гараад манарсан ба энэ хүмүүс яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэв.

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Буянбат мэдүүлэхдээ: “....2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Баруун 4 замын автобусны буудлын урд талд байрлах төв зам дээр өөрийн 28-81 УНҮ улсын дугаартай ногоон саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай ажилаа тараад гэрлүүгээ харих гээд зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан чинь 39-87 СЭА улсын дугаартай тоёота коралла маркийн улаан өнгийн автомашин миний урдуур дайраад эгнээнд орох лээр нь би сигналдаад урагшаа чигээрэй явсан. Тэгээд гэрлэн дохион дээр ирээд эгнээндээ зогсож байсан чинь хажууд нөгөө 39-87 СЭА дугаарын машин миний баруун гар талд харалдаа ирж зогсоод тухайн машины жолоочийн хажууд сууж явсан хүн тус машинаас бууж ирсэнээ над дээр хүрч ирсэнээ цонхоо буулга гээд тохихлээр нь би цонхоо онгойлгосон чинь яриа байна уу гэхлээр нь би юу ярьдаг юм гэсэн нөгөө хүн миний хамарлуу үгийн зөрөөгүй 2 удаа гараараа цохиод авсан. Тэр үед хамарнаас цус гарсан чинь нөгөө намайг цохисон хүн нөгөө СЭА 39-87 машиндаа буцаж суугаад явахаар нь би араас нь яваад гүйцээгүй алдчихсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх 7, 47 хуудас/

 

            Гэрч А.Төгөлдөр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед нагац ах Отгонбаатар ахыгаа БГД-ийн 4 хороо 10 дугаар хороололд гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан чинь баруун дөрвөн замын уулзвар дээр туслах зам руу иргэх гээд зогсож байсан чинь араас нэг Тоёота Приус ирээд сигнаалдаад байхаар нь тоохгүй яваад өгсөн чинь араас нөгөө Тоёота Приус 20 машинтай жолооч хажуугаар шахаж орж ирээд хэл амаар доромжлоод яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би угаасаа уулзвар эргээд туслах зам руу орсон байсан шүү дээ гэсэн чинь юу гэсэн үг юм тэр чинь ямар хамаатай юм гэсэн чинь манай ах Отгонбаатар машинаас буугаад юу гэнээ ахын дүү гэсэн чинь нөгөө залуу цонхоороо гараа гаргаад манай ахыг цохиж авсан чинь манай ах Отгонбаатар уурлаад зөрүүлж цохиод бид хоёр хөдлөөд явсан чинь араас нөгөө залуу дагаад Төмөр замын дээд сургуулийн уулзвар дээр ирээд утсаа барин машинаасаа бууж ирээд бичлэг хийгээд байх шиг байхаар нь хөдлөөд явсан чинь араас миний 39-87 СЭА улсын дугаартай автомашины араас өшиглөхөөр нь замын уулзварт орчихсон болохоор тэр чигтээ хөдлөөд явсан. ...Отгонбаатар ах Тоёота Приус маркийн автомашины жолоочийг гараараа нүүрэн тус газар нэг удаа цохьсон...”гэжээ. /хх 20 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16589 дугаартай дүгнэлтэд: 1. Буянбатын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж дүгнэжээ. /хх 9 хуудас/,

 

                        Шүүгдэгч Б.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26,27,31 хуудас/,

            Хохирогч Б.Буянбатын хохирлын 300,000 төгрөг авсан, гомдолгүй гэх бичиг /хх 39/,

            Ажлын газрын тодорхойлолт /хх 49/, Дипломын хуулбар /хх 50-51/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

            Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮЭ соёлын төв ордны хойт талын автомашины зам дээр хохирогч Б.Буянбат нь “урдуур дайрч орлоо” гэх шалтгаанаар шүүгдэгч Б.Отгонбаатарын сууж явсан машины араас гэрлээрээ дохих, дуут дохио өгөх зэргээр замын хөдөлгөөнд соёлгүй оролцож шүүгдэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгслийг шахаж зогсоон улмаар хэрүүл маргаан үүсгэж шүүгдэгчийг гараараа түлхсэнээс маргаан үүссэн байна.

            Өөрөөр хэлбэл хохирогчийн дээрх үл ойлгохдох байдлын улмаас шүүгдэгч Б.Отгонбаатар нь хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсныг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хойд автозамын уулзварын орчимд иргэн Б.Буянбаттай маргалдан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Буянбат /хх 7,47/, гэрч А.Төгөлдөр /хх 20/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16589 дугаартай дүгнэлт /хх 9/, Шүүгдэгч Б.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26, 27, 31/, хохирогч Б.Буянбатын хохирлын 300,000 төгрөг авсан, гомдолгүй гэх бичиг /хх 39/, ажлын газрын тодорхойлолт /хх 49/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Б.Отгонбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Отгонбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянбат “шүүгдэгч Б.Отгонбаатартай сайн дураараа эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилган хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.                 

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Хүрэн морьт овогт Баярсайханы Отгонбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Буянбатад 300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Отгонбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ