| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0346/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/388 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Н.А, М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн А, М-ийн С нарт холбогдох эрүүгийн 2538002700374 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О ургийн овогт Н-ийн А , 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, өвөө, ээж дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …… дугаар багт …… дугаар гудамж ……. тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих зрхийг хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ………………………. дугаартай.
Монгол улсын иргэн, Ш ургийн овогт М-ийн С , 2004 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ……… дүгээр багт ………. дүгээр гудамж …………. тоотод оршин суух хаягтай, улсаас азсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ………………….. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч М.С , Н.А нар нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг .......................... дүгээр байр ............. дугаар орцны .............. тоотод хохирогч Г.М-ын “Ай фоне 13 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М-той оройны 21-22 цагийн үед уулзсан байдаг. Тэгээд М хонох газаргүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би андаа мань нь гэртээ харьж хононо. Хонох газар байхгүй гээд гар утсаараа чат ороод байж байтал С луу чат бичсэн чинь гэртээ ганцаараа байна гэхээр нь бид хоёр очиж хонохоор болоод шөнийн 12 цаг болж байхад М бид хоёр очсон. М тухайн үед нэлээн согтсон байсан. С ганцаараа байсан бөгөөд М-ыг авч нөгөө талын өрөөнд нь орж унтуулаад би С-тай хамт юм ярьж сууж байгаад тэндээ хоносон.
Өглөө болсон чинь М гар утас алга болчихлоо гээд утсаа хайгаад байсан. Тэгсэн чинь би нээх юм бодолгүй чи архи уугаад явж байхдаа хаячихсан юм биш үү гэж хэлсэн. Өө тэгсэн юм байхдаа гээд л өнгөрсөн. Тэгээд С-ын гэрээс бид хоёр М-ын гэрлүү явсан. Тэр С тэр үед яахаараа гар утас чинь алга болдог юм, юу яриад байгаа юм гэж М-од хандаж хэлсэн байдаг. Тэгээд М яаж гэрлүүгээ орно гэхээр нь би миний утсыг аваад хэд хоног гар утастай болтлоо бариул барь гэж хэлсэн чинь яах юм бэ гэж хэлээд бид хоёр салаад яваад гэртээ харьсан. Гэртээ байж байгаад С-тай уулзахаар голын эргийн байр луу нь яваад очсон. Тэгсэн чинь С М-ыг нэг эзэнгүй байрлуу орж шээхдээ унагаачихсан юм шиг байна. Гар утас нь энэ байна гээд М-ын гар утсыг гаргаад ирсэн. Тэгээд гар утсыг харсан чинь кодгүй байсан бөгөөд ID-тай байхаар нь Т ахынх руу очоод Т ах бид хоёр М-ын гар утсыг явж зарахаар болсон. Т ах бид хоёр захын АНУ-ийн 2 давхарт байх нэг хүнд 750.000 төгрөгөөр зараад Т ахын данс руу мөнгийг нь шилжүүлж аваад Т ах, С бид гурав мөнгөө дэлгүүр нтр ороод л дуусгасан. Бас гадуур гарч шоудсан байдаг. Ийм л зүйл болсон. ...хохирол төлсөн. Гэм буруу дээрээ маргахгүй, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 57-58 тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...би 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А , М бид гурав манайд пиво ууж хоносон. Харин маргааш өглөө М-ын утас олдохгүй байна гээд А , М хоёр хайгаад гэрээс гараад явсан. Харин манай гэрт бие засах нойлын өрөө эвдэрчихсэн байсан бөгөөд манай гэрийн яг урд талд байрлах байрны 1 давхарт ашиглахгүй балгас руу ороод шээх гэсэн чинь М ын утас байсан. Тэгээд л би чимээгүй, хэлэлгүй М-ын гар утсыг А-ийг дуудаад бид хоёр ярьж байгаад л зарахаар болсон. Зарахдаа Т ах, А хоёр авч яваад 750,000 төгрөгөөр зарсан байсан. Т ахад бол хулгайн утас гэж хэлээгүй. Маргааш нь ээжтэй очоод гар утсыг нь авах гэсэн чинь нөгөө хүн өөр хүнд зарчихсан гэж хэлсэн. ...Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй, гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, (хх-ийн 71-72 тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
Насанд хүрээгүй хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах ……………… байрны цаад талын байрны цаанаасаа 2 дахь орцны нэг давхарт таньдаг ах гэрт очиж хоносон. Тэднийд би таньдаг ах А-тай хамт очиж хоносон. Тэгээд өглөө сэрсэн чинь миний утас байхгүй байсан. С, А хоёр бол надтай унтаж байсан. Тэгээд би утас байхгүй байна гэсэн чинь хамт хайлцаад байсан бөгөөд олдохгүй байсан. С бас миний утас байхгүй байна гэсэн зүйл ярьж байсан. Ингээд утсаа олоогүй тэднийхээс гарч ирсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 8 тал),
Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хүү М 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад хоносон айлдаа утсаа алдсан гэж хэлсэн. Тухайн айлд А, С гэх хүмүүс цуг байсан гэсэн. Тэгээд М пиво уугаад тасарсан болохоор миний утас хаана яаж алга болсныг мэдэхгүй байна гэхээр нь би уурлаж цагдаад өгье гэсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 11-12 тал/),
Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...би 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой 15-17 цагийн хооронд байх хоёр залуу ирээд гар утас авах уу гээд ай фоне 13 про загварын утас үзүүлсэн. Тэгээд авахаар болж тухайн хоёр залуугийн нэг нь кодыг нь гаргаж бүх зүйлийг устгаж өгөөд надад 750,000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг нь Хаан банкны ................... тоот Ө-ийн Т нэртэй дансаар шилжүүлсэн. Тухайн утас зарсан хоёр залууг харвал танина. Өчигдөр утас авсны дараа нэг залуу ирээд утас үзэж байгаад тухайн худалдаж авсан Ай фоне 13 про загварын утсыг миний алдсан утас байна гэж хэлсэн. Би тухайн залууд наад утсыг би 750,000 төгрөгөөр худалдаж авсан кодыг нь тухайн зарсан хүн тайлж өгсөн гэдгийг хэлсэн чинь гараад явсан. ...би өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой утас хайж явсан хүнд 850,000 төгрөгөөр зарсан. Надаас утас худалдаж авсан хүний данс надад байгаа...” гэх мэдүүлэг, (хх-ийн 15-16 тал),
Гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед манай гэрийн гадаа С , А нар ирсэн. Надад тэр хоёр ахаа энэ гар утсыг зараад өг бид хоёрт данс байхгүй таны дансаар мөнгөө авна гэсэн. Мөн надад утас зарж өгвөл 200,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би тэр хоёроос тодруулж хэний утас вэ хулгайн гар утас биш биздээ гэхэд манай дүүгийн гар утас асуудалгүй гэсэн. Тэгээд тухайн Ай фоне 13 про маркийн гар утсыг би авч манай гэрт С үлдэж би А-ийн хамтаар зах орж “Ану” дэлгүүрийн хоёр давхарт нэг ахад 750,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 19-20 тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 3 тал),
Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн: “...Ай фоне 13 про гар утсыг 1,100,000 төгрөг...” гэх дүгнэлт, (хх-ийн 25-29 тал),
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 79-92-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Хоёр.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А , М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч М.С , Н.А нар нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг .......................... дүгээр байр ............. дугаар орцны .............. тоотод хохирогч Г.М-ын “Ай фоне 13 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.А, М.С нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-725-912517 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Н.А , М.С нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг .......................... дүгээр байр ............. дугаар орцны .............. тоотод хохирогч Г.М-ын “Ай фоне 13 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.А , М.С нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А , М.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүй, ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Н.А, М.С нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Н.А , М.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.М-д 1,100,000 төгрөгийн хохирол учирсан ба “хохирол болох 1,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн тайлбар хэрэгт авагдсан (хх-ийн 116 тал) байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А , М.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Н.А нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар шийтгүүлж, ялаа эдэлж дуусаагүй байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул уг шийтгэх тогтоолоос үлдсэн 2 сар 28 хоногийг ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч М.С нь “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин дээрх хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсныг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, цээрлүүлэхэд оршдог.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байдал, шүүгдэгч нарын нас зэргээс үзэхэд тэднийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.А нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих зрхийг хязгаарлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгджээ.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж дуусахаасаа өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэл 2 (хоёр) сар 28 (хорин найм) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт ялыг 12 (арван хоёр) сар 28 (хорин найм) хоног буюу 1 (нэг) жил 28 (хорин найм) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.А-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 12 (арван хоёр) сар 28 (хорин найм) хоног буюу 1 (нэг) жил 28 (хорин найм) хоногийн хугацаагаар, шүүгдэгч М.С-т Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 8 (найм) сарын хугацаагаар тус тус хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Мөн хэргийн шүүгдэгч Н.А , М.С нар нь шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг тус шүүх хуралдаанд гаргасан учир шүүгдэгч нарыг “өөрөө, өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасанг тэмдэглэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөнгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О ургийн овогт Н-ийн А , Ш ургийн овогт М-ийн С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн А-ийг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэл 2 (хоёр) сар 28 (хорин найм) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт ялыг 12 (арван хоёр) сар 28 (хорин найм) хоног буюу 1 (нэг) жил 28 (хорин найм) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, М.С нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тэдний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.А ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 12 (арван хоёр) сар 28 (хорин найм) хоног буюу 1 жил 28 (хорин найм) хоногийн хугацаагаар, шүүгдэгч М.С ыг 8 (найм) сарын хугацаагаар, тус тус зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.А , М.С нарт тайлбарлаж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөнгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А , М.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ