| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/242 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Б,
Шүүгдэгч: О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт О-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000225 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Машин угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл .......... нарын хамт Увс аймгийн ...... сумын ........... оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн дундын анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 202/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн, Ч овогт О-ийн Б- /регистрийн дугаар: ........./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 30-аас 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Увс аймгийн ...... сумын 12 дугаар багийн нутагт байрлах ...... нэртэй баарны гадна хохирогч Н.Г-ын ам руу гараараа нэг удаа цохьсоны улмаас 22 дугаар шүдний цөгц хүзүүвч хэсгээр ташуу хугарал, доод уруулын зүүн хэсгийн салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 30-аас 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө Увс аймгийн ...... сумын 12 дугаар багийн нутагт байрлах ...... нэртэй баарны гадна хохирогч Н.Г-ын ам руу гараараа нэг удаа цохисон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 03-07 дахь тал),
Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О.Б-ын согтуурал шалгах ажиллагааг бэхжүүлсэн “амьсгал дахь спиртийн агууламж 1.57 промиль” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байтал манай найз Б хуримын зураг авалтад оролцоод өг гэхээр нь очсон. Тэнд нийт 9 хүн байсан. Бид нар орой 20 цаг хүртэл хуримын зураг авалт хийгээд тэндээсээ Б эхнэртэйгээ бид нарыг хоолонд оруулна гээд ...... сумын 7 дугаар багт байрлах .......нэртэй караокед орж хоол идээд 2 шил архи бид нар хувааж уусан. Тэндээсээ гараад бааранд оръё гэж ярилцаад ...... сумын ...дугаар багт байх ...... нэртэй бааранд 23 цагийн орчим бид нар орсон. Тэгээд тэр бааранд бид нар 1 шил архи хувааж уугаад бүжиглэж байгаад би нэлээн согтоод сандал дээр хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл манай найз нар байгаагүй. Тэгэхээр нь найз нараа хайгаад баарны үүдэнд гартал зүс таних залуу байсан. Тэгэхээр нь тэр залууг хөөе юу байна дүү гэсэн чинь тэр залуу би чиний дүү байснаа санахгүй байна гээд бид хоёр маргалдаж байтал хажуунаас Б- гэх зүс таних залуу над руу хандаад намайг дагаад яв гэхээр нь Б-ын урд талд нь гараад явж байгаад эргээд хартал намайг гараараа нэг удаа миний зүүн талын дээд шүдний орчим цохиход миний шүд хугараад унах шиг болсон. Миний амнаас цус гарсан. Тэгээд унасан шүдээ хайхад олдоогүй тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Намайг Б- зодож байхад бид хоёрын хажууханд Б- гэх ах байсан. ...Б- гэх залуутай маргалдаж байтал намайг дагуулж яваад холхон очиж байгаад санаандгүй байтал миний шүдийг цохиж хугалсан юм. Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Болор цахиур гэх шүдний хувийн эмнэлэгт очиж шүдний зураг авхуулсан. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлэг дээр рентген зураг авхуулж, Батзориг гэх эрүү нүүрний эмчид үзүүлсэн болно. Түүнээс өөрөөр эмнэлгийн байгуулгаар гэмтэл авсны улмаас явж үзүүлж, үйлчилгээ аваагүй юм. ...Б- надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн тул одоо надад ямар нэгэн хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал),
Гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г- над руу 2025 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчим байх утсаар залгаад сэрээд баарны гадна гарч ирээд тамхи татаад хүнтэй ярьж байтал Б- гэх зүс таних залуу дуудаад цааш дагаад явтал нь зодоод миний нэг шүдийг хугалчихлаа гэж ярьсан юм. Г- бааран дотор архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан юм. Г- бид нартай хуримын зураг авалтан дээр зураг авхуулж байхад үүдэн шүд нь бүрэн байсан. Шүдэнд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй юм. Харин маргааш нь уулзахад зүүн талын дээд талын үүдэн 1 шүд нь хугарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчим байх баарнаас гараад үүдэн дээр нь тамхи татаад зогсож байтал нэрийг нь сайн мэдэхгүй, сүүлд Б- хэлэхдээ Г- гэдэг гэсэн нэг залуу баарнаас гарч ирээд нэг залуутай маргалдаад нөгөө залууг нь би салгаад явуулсан. Тэгтэл манай найзтай бас маргалдах гээд байхаар нь би салгаад Г- гэх залууг яв гэсэн. Тэгээд нөгөө Г- согтуу машин барих гээд байхаар нь Б- бид хоёр болиулаад машинаас буулгаад Г- бид хоёр тамхи татаад зогсож байтал Б- цаанаас ирээд ууж байсан пиво тавьчхаад нөгөө Г- гэх залуу нааш ир гэхэд нөгөө залуу хамт явж байгаад эргээд хартал Б- нөгөө Г- гэх залуугийн ам хэсэг рүү гараараа нэг л удаа цохиход нөгөө залуугийн амнаас цус гарсан. Тэр залуу хэлэхдээ үүдэн дээд талын нэг шүд уначихлаа гээд хайгаад байсан. Тухайн үед Б-, Г- бид гурав л байсан. Тэгж байтал Г- гэх залуу цагдаад дуудлага өгч байсан. ...Б- Г-ыг найзтай нь маргалдлаа гэх шалтгаанаар цохисон байх гэж бодож байна. Тэр хоёрын хооронд ямар нэгэн яриа бололгүй Б- Г-ыг шууд гараараа ам хэсэг рүү нэг удаа зодсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б-ыг танина, миний төрсөн ахын хүүхэд. Б- айлын 2 дахь хүүхэд бөгөөд эхээс 4-лээ юм. Б-ын аав нь О- гэх хүн 2024 онд өвчний улмаас нас барсан. Харин ээжийг нь Б гэдэг бөгөөд аймгийн Боловсролын газарт мэргэжилтнээр ажилладаг. Б- нь дээрээ 1 ахтай ба ахыг нь Б гэдэг Улаанбаатар хотод Цэргийн ангид ажилладаг. Дүү нар нь 10-н жилийн сурагч. Б-ын өрхийн орлогын хувьд ээж нь төрийн байгууллагад ажилладаг сард 2,000,000 төгрөгийн цалинтай, ах нь Улаанбаатар хотод Цэргийн ангид ажилладаг сард 3,000,000 төгрөгийн цалинтай, Б- өөрөө аймгийн төвд авто угаалгын газарт ажилладаг сард 1,500,000 төгрөгийн цалинтай. Б- эхнэр аваагүй, тусдаа гараагүй гэртээ байдаг ба цэргийн алба хаагаагүй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б-ыг танина. Би 2024 онд ...... сумын 7 дугаар багийн нутагт байрлах машин угаалын газрыг худалдаж авсан. 2024 оны 12 дугаар сард Б- гэх залуу манай угаалгын газарт ажилд орсон. Түүнээс хойш 10 сар орчим манай угаалгын газарт ажиллаж байгаа. Манайх ажилчиддаа хийснээр нь буюу өдөрт 50,000 төгрөгийн цалин, 1 сар тасралтгүй ажиллахад 1,500,000 төгрөгийн цалинтай. Б- нь 2025 оны 08 дугаар сарын сүүлээр хүн зодоод цагдаад шалгагдаж байгаа, зодуулсан хүн нь эмчилгээнд 2,000,000 төгрөг нэхсэн гэж хэлэхэд нь би цалингаас нь урьдчилгаа болгож 2,000,000 төгрөг Б-д өгсөн ба тэр мөнгөө нөгөө хохи рогчдоо өгсөн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Хохирогч Н.Г-ын Амбулаториор эмчлүүлсний карт (хавтаст хэргийн 33-36 дахь тал),
Шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай найзтай маргалдсанд миний уур хүрээд явж очоод хамт дагаад яв гэхэд нөгөө Г- миний урд гараад явж байгаад эргээд харахаар нь Г-ын ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход Г-ын үүдэн дээд шүд унасан ба амнаас нь цус гарч байх шиг байсан. Би Г-ын эмчилгээнд 2,000,000 төгрөг өгсөн. Тэгээд уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.С-ын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 345 дугаартай “Н.Г-ын биед 22 дугаар шүдний цөгц хүзүүвч хэсгээр ташуу хугарал, доод уруулын зүүн хэсгийн салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 22 дугаар шүдний цөгц хүзүүвч хэсгээр ташуу хугарал, доод уруулын зүүн хэсгийн салстад язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Н.Г-ын биед үүссэн 22 дугаар шүдний булгаралт гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)-ээр хохирогч Н.Г-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Б- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Г-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд “Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Болор цахиур гэх шүдний хувийн эмнэлэгт очиж шүдний зураг авхуулсан. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлэг дээр рентген зураг авхуулж, Батзориг гэх эрүү нүүрний эмчид үзүүлсэн болно. О.Б- надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн тул одоо надад ямар нэгэн хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 13-17 дахь тал), мөн хохирогч Н.Г-ын “...О.Б- миний биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан баэ миний биед учирсан хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Б- нь урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 71, 74-76 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Д.Э-ын өгсөн: “О.Б- миний төрсөн ахын хүүхэд, айлын 2 дахь хүүхэд бөгөөд эхээс 4-лээ юм. Б-ын аав нь О- гэх хүн 2024 онд өвчний улмаас нас барсан. Харин ээжийг нь Б гэдэг бөгөөд аймгийн Боловсролын газарт мэргэжилтнээр ажилладаг. Б- нь дээрээ 1 ахтай ба ахыг нь Б гэдэг Улаанбаатар хотод Цэргийн ангид ажилладаг. Дүү нар нь 10-н жилийн сурагч. Б-ын өрхийн орлогын хувьд ээж нь төрийн байгууллагад ажилладаг сард 2,000,000 төгрөгийн цалинтай, ах нь Улаанбаатар хотод Цэргийн ангид ажилладаг сард 3,000,000 төгрөгийн цалинтай, Б- өөрөө аймгийн төвд авто угаалгын газарт ажилладаг сард 1,500,000 төгрөгийн цалинтай. Б- эхнэр аваагүй, тусдаа гараагүй гэртээ байдаг ба цэргийн алба хаагаагүй хүүхэд юм. О.Б- нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилдаа сайн, илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Гэрч Б.Т-ий өгсөн: “Би Б-тай харьцаад 1 жил орчим болж байна. Б- нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилдаа сайн илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй юм. Манай машин угаалгын газар ажиллаж байхдаа ажил дээрээ янз бүрийн зан ааш, асуудал гаргаж байгаагүй, хамт ажиллаж байгаа хүүхдүүдтэйгээ эвтэй ажилладаг залуу юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)-үүд тус тус авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ