| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0357/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/398 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Э.Б
Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ын Ц-д холбогдох эрүүгийн 2538000000391 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овгийн Х-ын Ц , 1973 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б ХХК-д захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Тариалан сумын .............. дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй , регистрийн ................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............. дүгээр баг ............. тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хөрөнгийн эрх түдгэлзүүлснийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар иргэн Э.Б-т худалдаж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би ямар нэгэн муу зүйл бодож хашаа, байшингаа зараагүй. Хашаа байшингийн бичиг баримт миний цүнхэнд явдаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч та давхар өртэй байгаа шүү гэж сануулж хэлж байгаагүй. Би Улаанбаатар хот орохоороо Номин холдинг трейдийн хуулийн зөвлөхтэй ярьж хэсэг хүлээж өгөхийг гуйсан байсан учраас битүүмжлэгдсэн гэж бодоогүй. Би данс битүүмжилсэн талаар л мэдэж байсан.
Тухайн үед би хөдөө явах болж нотариатаар гэрчилсэн хүнээс үл хөдлөхөө шилжүүлэхэд бид хоёр хоёулаа очих шаардлагатай юу гэхэд худалдан авагч нь очиход болно гэсэн тул би хүний унаанд дайгдаж яваад Э.Б үлдсэн юм.
Би хохирогчийг залилъя гэсэн санаа агуулаагүй. ...Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөө нийт 20,000,000 төгрөгөөр худалдахаар болж, уг мөнгөнөөс тогны мөнгө болон худалдах худалдан авах гэрээ хийхэд гарсан зардлыг хасахаар тохиролцсон. Иймд хохиролд Э.Б т 20,000,000 төгрөгийг төлнө ...” гэв.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллаас шаардаж буй 8,000,000 төгрөгийг нь төлүүлж хашаа байшинтайгаа үлдмээр байна. 8,000,000 төгрөг төлж чадахгүй байгаа хүн надад 19,670,000 төгрөг буцаан өгнө гэж байхгүй байх. ...Хашаа байшингаа авах боломжгүй гэдгийг мэдлээ. Иймд Х.Ц-аас 20,000,000 төгрөгийг гаргуулна.
Учир нь хашаа байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд уг мөнгөнөөс тухайн хашаа байшин дээр гарсан тогны мөнгийг мөн худалдах худалдан авах гэрээ байгуулахад гарсан зардлын мөнгийг тус тус хасаж, үлдэгдэл мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон тул хасаж, үлдэгдэл мөнгийг нь дансаар шилжүүлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000391 дугаартай хэргээс:
Иргэн Э.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Х.Ц гэх хүнээс 11-44-30 тоотод байрлалтай хашаа байшинг 20 сая төгрөгийг бэлэн төлж худалдаж авсан. Худалдаж авснаас хойш одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа. Шилжүүлж авъя гээд явахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад битүүмжлэгдсэн байсныг мэдсээр байж санаатайгаар залилан хийж бидэнд худалдсан...” гэх өргөдөл /хх-ийн 6 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын хохирогчоор өгсөн: “...9977.... дугаарыг өгөхөөр нь тухайн утасны дугаар луу ярьсан чинь Ц гэх нэртэй хүн утас аваад яаралтай хашаа байшин зарах гэсэн юм гэхээр нь ...................... тоот данс руу 12,670,000 төгрөг, ......................тоот данс руу 7,000,000 төгрөг хийгээд нотариат орж гэрээ хийгээд улсын бүртгэл шилжүүлж авах гэсэн чинь битүүмжлэгдсэн хашаа байшин байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Хохирогч Э.Б ын мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-ийн 17-20 тал/,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд /хх-ийн
23-25 дугаар тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20230327 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 27 дугаар тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20230327/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 28 дугаар тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3/64 дугаартай, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/178 дугаартай албан бичгүүдийн хуулбар /хх-ийн 29-30 тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.П-ын 2021 оны 08 дугаар сарын 20, 2021 оны 12 дугаар сарын 14, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус Х.Ц-аас авсан мэдүүлэг, тайлбар /хх-ийн 31-33 тал/,
Хаан банкны харилцагч Ц.М /............................/-гийн ......................, Б.Б /............................../-ийн ......................дугаартай данснуудын хуулга, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35-47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Ц-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
2.Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............. дүгээр баг ............. тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хөрөнгийн эрх түдгэлзүүлснийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар иргэн Э.Б-т 20,000,000 төнгрөгөөр худалдан хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Х.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэн Э.Б-ын бичгээр гаргасан өргөдөл, /хх-ийн 6 дугаар тал/, хохирогч Э.Б-ын мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-ийн 17-20 тал/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд /хх- ийн 23-25 тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20230327 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 27 дугаар тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвзр гүйцэтгэх газрын 20230327/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 28 тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 20-нь өдрийн 3/64 дугаартай, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны едрийн 1/178 дугаартай албан бичгүүдийн хуулбар /хх-ийн 29-30 тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.П-ын 2021 оны 08 дугаар сарын 20, 2021 оны 12 дугаар сарын 14, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус Х.Ц-аас авсан мэдүүлэг, тайлбар /хх-ийн 31-33 тал/, Хаан банкны харилцагч Ц.М /............................/-гийн ......................, Б.Б /:............................../-ийн ......................дугаартай данснуудын хуулга, тэдгээрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............. дүгээр баг ............. тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хөрөнгийн эрх түдгэлзүүлснийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Э.Б-т 20,000,000 төгрөгөөр худалдсан ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос шүүгдэгч Х.Ц-ийн хохирогч Э.Б-ын 20,000,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүх шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............. дүгээр баг ............. тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нийт 20,000,000 төгрөгөөр худалдан авах болж, уг мөнгөнөөс тогны мөнгө болон гэрээ хийхэд гарсан зардлыг хасахаар тохиролцсон тул хасаж, үлдэгдэл мөнгийг нь дансаар шилжүүлсэн. Иймд хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөө нийт 20,000,000 төгрөгөөр худалдахаар болж, уг мөнгөнөөс тогны мөнгө болон худалдах худалдан авах гэрээ хийхэд гарсан зардлыг хасахаар тохиролцсон. Иймд хохиролд Э.Б т 20,000,000 төгрөгийг төлнө...” гэх мэдүүлэг тус тус өгсөн.
Үүнээс үзвэл шүүгдэгч Х.Ц-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-т 20,000,000 төгрөгний хохирол учирсан байх ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирол нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.
Иймээс дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч Х.Ц-аас 20,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Б-т олгохоор шийдвэрлэв.
4.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүгдэгч Х.Ц-г “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Ц-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Аутизмтай хүүхэдтэй тул хорих ял эдлэх боломжгүй байдлыг харгалзан үзээч...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хөрөнгө орлогын байдал, ажил эрхлэлт зэргээс дүгнэхэд торгуулийн ял оногдуулах боломжгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Х.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
4.Бусад асуудал:
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.
Хэргийн шүүгдэгч Х.Ц нь шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг тус шүүх хуралдаанд гаргасан учир шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасанг тэмдэглэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овгийн Х-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ын Ц-г 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Х.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Х.Ц-аас 20,000,000 (хорин сая) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б т олгосугай.
5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ