Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02171

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02171

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, Н******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Х.Х-д холбогдох,

Гэм хорын хохиролд 176.486.349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч  Х.Х-д холбогдуулан Гэм хорын хохиролд 176.486.349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б.М миний бие ******** ХХК-д 2012 оноос 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу осол болох өдрийг хүртэл үндсэн ажилтан болон ахлах мэргэжилтээр ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Х.Х нь болгоомжгүйгээр миний биед хүнд гэмтэл урчруулж зүүн нүд хараагүй болсон. Үүний дагуу ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан. Х.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардал болон бодит хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Миний бие 2021 оны 5 сард ХБНГУ-д нүдний болор солиулах хагалгаанд нийт гурван удаа орсон. Үүнээс нэг удаагийн төлбөрийг төлсөн. Үлдэгдэл хоёр удаагийн эмчилгээний зардлыг төлөөгүй бөгөөд 54.000.000 төгрөгийг өөрийн зүгээс зарцуулсан. Энэ хугацаанд миний бие ажил үүргээ 100 хувь гүйцэтгэж чадаагүйгээс авах ёстой байсан цалин хөлсөө бүрэн авч чадаагүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус заажээ. Иймд Б.М миний бие өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд дараах мөнгөн төлбөрийг хариуцагчаас шаардаж байна. Үүнд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 74.531.549 төгрөг, эмчилгээнд гарсан бодит зардал болох 64.000.000 төгрөг, зүүн нүд удаа дараагийн мэс заслын улмаас олон оёдол тавьж урагдалт ихтэй байгаа тул өмнөх байдал руу сэргээн засах хагалгааны зардалд 15.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, нийт 163.531.549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Санкт-Гетрауден эмнэлэгийн амбулаторын төлбөрт төлсөн 200 евро буюу нэхэмжлэл нэмэгдүүлэх өдрийн Монгол банкны (1 евро=3.276,5 төгрөг) албан ханш руу хөрвүүлж 655.300 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий гадаад хэл дээрх нотлох баримтыг Энх Лайт ХХК-иар орчуулахад гарсан орчуулагчийн зардал болох 1.285.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, ХБНГУ-д хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гаргасан мэргэжлийн орчуулагч, хэлмэрчийн 2021 оны 5 сараас 8 сарын төлбөр болох 2,975 евро буюу нэхэмжлэл нэмэгдүүлэх өдрийн Монгол банкны (1 евро = 3.276,5 төгрөг) албан ханш руу хөрвүүлж 9.747.587 төгрөг, нийт 21.687.887 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

2. Хариуцагч Х.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч гэм буруугийн асуудал дээр болон эмчилгээнд гарсан бодит зардал төлөх үүрэгтэй болох талаараа маргадаггүй. Х.Х-с 77.000.000 төгрөг буюу евроогоор 20.000 еврог төлсөн. Нэхэмжлэгчийн төрсөн эгч нь Б.Б гэх хүн Холбооны Герман Улсад амьдардаг, Монгол Улсад зохих эмчилгээ хийлгэхэд нь манай талаас 7.000.000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч 5 сард эгч дээрээ очиж аялсан. Тэгэхдээ Эмчилгээгээ хийлгэнэ, эгчээрээ эмчилгээ хийлгэх газраа судлуулна гэж хэлж байсан. Бонын их сургуултай гэрээ хийж эмчилгээ хийлгэхээр болж урьдчилсан байдлаар 17.000 евро гарах тооцолол гарсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 14-19 дугаар талд авагдсан баримтыг үндэслээд 17.000-19.000 евро болох юм байна. Энэ мөнгийг өгчих, ингээд санал гомдолгүй болно гээд 20.000 еврог төлсөн. Нэхэмжлэгч ажлаасаа цалинтай чөлөө аваад 2021 оны 5 сард Герман улс руу явсан, 2021 оны 4 сард 20.000 еврог өгсөн. Энэ мөнгийг өгсөн, авсан дээрээ маргадаггүй. 20.000 еврог нэхэмжлэгчийн эхнэр лүү шилжүүлж өгсөн. 2 дугаар хавтаст хэргийн сүүл хэсэгт Боннын их сургуулиас ирсэн баримтууд бүгд цахимаар ирдэг, хуулбар үнэн баримтууд ирснийг эх хувь баримт гэж үнэлэхэд хэцүү. Тэрийгээ орчуулаад нотариатаар батлуулсан байна. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05:30 цагийн эмчилгээний цаг авсан тогтоогдож байна. Гэхдээ эмнэлгийн зардалд 20.000 евро төлсөн гэх баримт байхгүй. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Герман Улс руу яваад 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үзлэгт орсон өдрөө 20.000 евро төлсөн гэх баримт нотолгоогүй зүйл ярьдаг. Хариуцагчийн хувьд гэм буруугаа ойлгоод энэ хүнтэй харилцан тохиролцоод Герман Улсын Боннын их сургуулиас нь асууж сургалж байгаад урьдчилсан гэрээ хийгээд уг гэрээндээ 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлөхгүй бол Герман Улсын Иргэний хуулиар торгуулна гэх заалтын дагуу тохироод анх 20.000 еврог өгсөн. Нэхэмжлэгчийг явахаас нь өмнө Боннын их сургууль руу шилжүүлээд, эмнэлэгт цаг авсан тул виз хүссэн бичиг хоёр дугаар хавтаст хэргийн хойно байсан. Урьдчилаад мөнгөө төлсөн, Боннын их сургуульд 2 удаагийн хагалгаанд нийт 16.000 еврог хүлээж авлаа гэсэн мөнгө төлсөн баримт биш, хуулбар үнэн баримт ирсэн. Урьдчилж төлсөн 17.000 евротой ойролцоо болж байна. Цаан нь 40.000 евро үлдэж байгаагаар эгчтэй хамт аялаж зугаалаад явсан гэж ойлгож байна. Тэр улсуудын автобус, вагоны тасалбар, хоолонд орсон мөнгөний баримт бүгд цахимаар ирээд Хуулбар үнэн дараад ирсэн байна. Зарим баримт эх хувиараа ирсэн. Бид эмчилгээнд хүрэлцэхүйц хэмжээний төлбөрийг өгсөн. Боннын их сургууль 16.000 евро хүлээж авлаа гэсэн бичиг хавсаргасан байгаа. Гэрээнд заасан мөнгө тушаасан, нэхэмжилж байгаа 16.000 евро, нүдний дусаалга, эм тариа өгчихсөн гэж үзэж байгаа. Илүү нэхэмжлээд байгаа хагалгааны төлбөр гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дутуу авсан цалинг сонин аргаар бодсон байна. 2020 оны бүтэн жилийн цалинг, 2021 оны цалинтай бүгдийг нь нэмээд хуваагаад гаргасан байна. Нэг сарын цалин 5.000.000 төгрөг гарлаа гэхэд 12 сараар үржүүлээд 60 хэдэн сая төгрөг гаргачихсан, нэхэмжлэлийн үнийн дүнтэй зөрүүтэй байна. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс сүүлд ирүүлсэн баримтаас харахад 2021 оны 8, 9 дүгээр сард 400.000 төгрөгийн цалин авсан. Мөн сүүлд ирүүлсэн баримтаас 8, 9 дүгээр сард цалингүй чөлөө авсан гэх тодорхойлолт ирсэн. Гэмтэл авахааас өмнөх 2020, 2021 оны цалин буурсан хасагдсан зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгч ахлах ажилтан байсан гэж яриад байна. ******** ХХК-иас шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаал сольсон баримтууд ирэхэд Ахлах ажилтан гэж тодорхойлолт ирээгүй. Ажил албан тушаал буураагүй байсан. Гэмтэл авах, гэмтэл авснаас хойших цалинд өөрчлөлт ороогүй. 4 сард гэмтэл аваад 7 дугаар сард явж эмчлүүлсэн гэсэн онгоцны билет, тасалбар байхгүй. Өөрөө яваад үзүүлж харуулаад явсан байж болно. Миний бодлоор 2020 оны 3, 4, 5 сарын цалин 12.300.000 төгрөг, 2021 оны 10, 11, 12 сарын цалин 17.100.000 төгрөг, нийт 6 сарын цалинг хуваагаад үзэхээр дундажаар 4.900.000 төгрөг гарч байна. 8, 9 дүгээр сард цалингүй чөлөө авсан гэх баримт байхгүй ч гэсэн цалингийн дундаж нь 5.000.000 төгрөг болж байна. Цалингүй чөлөөг юуг яаж үндэслэж, ямар шийдвэрээр чөлөө авсан талаарх баримт хэрэгт байхгүй. 67.122.396 төгрөгийн цалинг дутуу авсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар 2020, 2021 оны цалинг тус тусад нь нэмж, хасаад гаргасан байна. Тусдаа бодох аргачлалтай байдаг. Өмнөх шүүх хурал дээр сэргээн засах эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг гэж яригдаж байсан боловч тухайн шүүх хуралаас хойш 2 жил болсон. Энээс хойш Синдерелла эмнэлэгт эмчлүүлсэн зүйл байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс мөн үндэслэлгүй зүйл нэхэмжилсэн байна. 2021 оноос хойш энэ эмчилгээ, сувлал бусад эмчилгээ хийлгээгүй. Боннын их сургуульд бид нарын мөнгөөр 2 удаа хагалгаа хийлгэлээ гэхэд яг хагалгаа хийлгэсэнтэй холбоотой гэсэн баримт байхгүй, олон хотоор явсан баримт хэрэгт авагдсан, орчуулагч, хэлмэрч авсан байж болно. Гэхдээ албан ёсны баримт байхгүй. Хагалгаанд орохтой холбоотой орчуулагч орсон гэх баримт байхгүй байна. Өмнөх шүүх хурал дээр мөнгө төлсөн баримт гэж үзээд төлүүлэхээр шийдүүлж байсан 16.000 еврог 2 удаагийн хагалгаанд өглөө, цаана нь 4.000 еврог юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Өмгөөллийн хөлс тухайн хувь хүний асуудал, заавал өмгөөлөгч ав гэсэн хууль зүйн заалт байхгүй. Өөрөө шүүх хуралдаа оролцох болможтой байсан. Сэтгэл санааны хохирол нь ямар хуулийг үндэслээд байгаа юм. Сэтгэл санаанд ямар хохирол учирсан гэдгийг нотлох баримт байхгүй. Монголоос 20.000 еврог шилжүүлэхэд 69.000.000 төгрөг болсон. Уг мөнгийг өгчихсөн, уг мөнгийг зарцуулчихсан гэж үзэж байна. Эмчилгээнд гарсан зардлыг хасаад үнэнээр хасаад шийдвэр гаргаж өгнө үү. Эрүүгийн журмаар шалгуулахад 7.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 20.000 евро, нийт 82.000.000 төгрөгийг өгсөн. ******** ХХК-иас удаа дараа лавлагаа авахад 8, 9 дүгээр сард цалингүй чөлөө авсан. 5, 6, 7 сард Герман явсан, яг хэзээ ирсэн нь бас хэрэгт баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******** тоот ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Б.М-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Б.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Б.М-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Бонн их сургуулийн эмнэлгийн баримт /герман хэл дээрх хувь/, 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эмийн сангийн баримт, №65512 тоот Бест вестерн зочид буудлын баримт /герман хэл дээрх хувь/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Рингцентер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн таксины тасалбар, эмийн сангийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн таксины тасалбар, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Боннын их сургуулийн эмнэлгийн баримт /герман хэл дээрх хувь/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Боннын их сургуулийн эмнэлгийн баримт /герман хэл дээрх хувь/, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Браухотел Бонн зочид буудлын баримт, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Санкт-Гетраудэн эмнэлгийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зорчих тасалбар, 2021 оны 8 дугаар сарын 06-ны Зорчих тасалбар, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зорчих тасалбар, Angus black steakhouse-ийн баримт, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Рингцентер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Груэнбергер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Sudhouse рестораны баримт, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Даатгал гэсэн баримт, Фридрих эмийн сангийн баримт /орчуулга/, галт тэрэгний тасалбар, орчуулгын тооцоо, MDI LIMBACH-ийн Б.М-ийн эмнэлгийн баримт, Берлин Бранденбург Сана Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тооцооны төв, 10915110028 тоот Түрээсийн гэрээ /герман хэл дээрх хувь/, Энхлайт е-баримт, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Бонны их сургуулийн нүдний эмнэлгийн бичиг /герман хэл дээрх хувь/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет /герман хэл дээрх хувь/, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Онлайн билет /герман хэл дээрх хувь/, 2021 оны 5 дугаар сарын 18-ны, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет /герман хэл дээрх хувь/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Онлайн билет /герман хэл дээрх хувь/, ******** тоот Flixbus билетийн бүртгэлийн баримт, ******** тоот Билетийн бүртгэлийн баримт, ******** тоот Билетийн бүртгэлийн баримт /герман хэл дээрх хувь/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******** тоот Синдерелла клиник ХХК-ийн Эмнэлгийн дүгнэлт, Синдерелла мэс заслын эмнэлгийн е-баримт, хар зураг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Family optic е-баримт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Family optic-ийн баримт, 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б.М-ээс Д.З-д олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б.М-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монголын өмгөөлөгчдийн холбооны 151 дүгээр тасалбар, Д.З-ийн Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот албан бичиг, Б.М-ийн тайлбар, ******** тоот дансны хуулга, Б.М-ийн ******** дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, е-баримт, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Төрөл садангийн лавлагаа, Мөнгө зээлсэн тухай баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******** ХХК-ийн тодорхойлолт, Б.М-ийн нийгмийн даатгалын дэвтэр, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б.М-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сондра нүдний эмнэлгийн тодорхойлолт, Орчуулагчийн төлбөрийн баримт, Бонны их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт /англи хэл дээрх/, Бест Вестерн зочид буудал, Рингцентер эмийн сангийн баримт, Такси бонн, Вүйрфел функ таксины компаний баримт, Зорчих тасалбар, эмийн сангийн баримтууд, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдийн Даатгал гэх баримт, Фридрих эмийн сангийн баримт, Сана Эрүүл мэндийн төв Эмнэлэгийн тооцооны төв, 1091211028 тоот Түрээсийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Энхлайт гэсэн е-баримт, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Бонны их сургуулийн нүдний эмнэлэг, 2021оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Онлайн билет, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Бонны их сургуулийн төлбөрийн баримт /герман хэл дээрх хувь/, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Бонны их сургуулгийн үзлэгийн цаг баталгаажуулсан баримт /герман хэл дээрх хувь/, 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Бонны их сургуулиас хагалгааны зардал хүлээн авсан баримт, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б.М-ээс Г.Б-д олгосон итгэмжлэл, Б.М-ийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хуувь, хугацаа тогтоосон актны хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, орчуулгын хөлс 75.000 төгрөг төлсөн баримт, Боннын их сургуульд 6.500 евро төлсөн тухай төлбөрийн баримт, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус сургуулийн эмнэлэгт үзүүлсэн гэх баримт, мөн 6.500 болон 9.500 евро төлсөн тухай төлбөрийн баримт, Б.М-ээс Г.Б-д олгосон итгэмжлэл, Г.Б-д олгосон итгэмжлэлээс татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.З-г оролцуулах тухай хүсэлт, Б.М-ийн хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан тухай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Х.Х, О.О нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Х.Х-с О.О-д олгосон итгэмжлэл, Х.Х-ны Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Т.И, О.О нарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Эрүүгийн хэргийн төв архиваас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн ******** тоот Х.Х-д холбогдох хэргээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хохирогч Б.М-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ******** тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******** ХХК-иас Б.М-гийн ******** ХХК-д ямар албан тушаал эрхэлж байсан, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ямар албан тушаалд ажиллаж байгаа, өнөөдрийн ажил албан тушаалд ямар шалтгааны улмаас шилжин ажиллаж байгаа, өмнөх болон одоогийн ажил албан тушаалын цалингийн зөрүү болон өөрчлөлтийн талаарх тодорхойлолт, ******** ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******** тоот албан бичигийн хавсалтаар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.М-тэй ******** ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2018 оны 4 дүгэрэ сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг сунгасан баримтыг хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн******** дугаартай түр шилжүүлэх тухай, 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ******** дугаартай түр шилжүүлэн ажиллуулах тухай, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ******** дугаартай түр шилжүүлэн ажиллуулах тухай, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай ажилд томилох ажиллаас чөлөөх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оэы 10 дугаа сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******** тоот албан бичиг, ******** ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******** тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******** тоот захирлын тушаалын хуулбар, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******** тоот түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 169-ны өдрийн ******** тоот түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ******** тоот түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******** тоот ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Х.Х-ны гэм буруутай үйлдлийн улмаас хүнд хохирол учирч, нүдний хагалгаа, эмчилгээ хийлгэсэн болон эм авсан, такси, галт тэрэг, буудлын зардалд 64.651.366 төгрөг, дутуу авсан цалин хөлсөд 67.122.396 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардалд 13.680.000 төгрөг, орчуулагчийн хөлсөд 1.285.000 төгрөг, хэлмэрчийн зардалд 9.747.587 төгрөг, өмгөөллийн хөлсөд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 176.486.349 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.  

3. Хариуцагч Х.Х нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй боловч эмчилгээний зардалд 20.000 еврогоос гадна 7.000.000 төгрөг болон 5.000.000 төгрөг, нийт 82.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэмтлийн улмаас цалин хөлс буураагүй, сэтгэл санааны зөвлөгөө үйлчилгээ авсан талаарх баримтгүй, өмгөөлөгчийн хөлс нь хохиролд хамаарахгүй гэж үгүйсгэв.

 

4. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******** дүүргийн ******** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******** зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд Х.Х нь Б.М-тэй ярилцаж байхдаа болгоомжгүйгээр нуруу руу нь түлхэх явцад Б.М нь зурагтын тавиурын доод хэсгийг нүүр хэсгээрээ мөргөж, улмаар нүдний шил нь хагарч, шилний хэлтэрхий зүүн нүдийг нь гэмтээн хүнд хохирол учирсан болох нь ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар шийтгэх тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ******** дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй ба уг хуульд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулахаар шаардах эрхтэй.

 

5. Гэхдээ хохирлын хэмжээний хувьд хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болно.

 

Нэхэмжлэгч Нүдний хагалгаа, эмчилгээ хийлгэсэн болон эм авсан, такси, галт тэрэг, буудлын зардалд 64.651.366 төгрөг, дутуу авсан цалин хөлсөд 67.122.396 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардалд 13.680.000 төгрөг, орчуулагчийн хөлсөд 1.285.000 төгрөг, хэлмэрчийн зардалд 9.747.587 төгрөг, өмгөөллийн хөлсөд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 176.486.349 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1. Эмчилгээ болон замын зардалд зарцуулсан 64.651.366 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

-       Нэгдүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр талд авагдсан Боннын их сургуулийн эмнэлгийн үнийн санал гэх баримт,

-       42 дугаар талд авагдсан 2021.07.13-ны өдөр хагалгааны төлбөр 6.500 евро хүлээн авсан тухай Боннын их сургуулийн эмнэлгийн баримт,

-       44 дүгээр талд авагдсан 2021.06.24-ний өдрийн хагалгааны төлбөр 9.500 евро хүлээн авсан тухай Боннын их сургуулийн эмнэлгийн баримт,

-       68 дугаар талд авагдсан Даатгал гэх баримт болон Эмийн сан Фридрих гэсэн баримт,

-       73 дугаар талд авагдсан Орчуулагчийн тооцоо буюу орчуулагчид 2.975 евро төлсөн тухай баримт,

-       75 дугаар талд авагдсан доторын эмчид үзүүлж үйлчилгээ авсны төлбөрт 575,45 евро төлсөн тухай баримт,

-       77 дугаар талд авагдсан Берлин хотын Сана эрүүл мэндийн төвд 2021.07.28-ны өдөр үзүүлж, үйлчилгээ авсны төлбөрт 37,24 евро төлсөн гэх баримт,

-       80 дугаар талд авагдсан автомашин 700 еврогоор түрээсэлсэн тухай гэрээ,

-       84-85 дугаар талд авагдсан Боннын их сургуулийн нүдний эмнэлэгт 2021.07.23-ны өдөр үзүүлж, зөвлөлөө аваад гарсан тухай эмчийн үзлэгийн баримт,

-       165 дугаар талд авагдсан Боннын их сургуульд 9.500 евро төлсөн тухай төлбөрийн баримт,

-       172 дугаар талд авагдсан орчуулагч Д.Х-д 2.975 евро төлсөн тухай төлбөрийн баримтууд нь тус тус эх хувь бус, хуулбар хувь байх бөгөөд тухайн хуулбар хувийг орчуулж, мөн хэргийн 198-238 дугаар талд нотариатаар баталгаажуулан хэрэгт хавсаргажээ.

 

Мөн хэргийн 185 дугаар талд авагдсан 9.500 евро төлсөн гэх баримт нь гарын үсэг болон тамга байхгүй.

 

Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байх тул уг баримтуудыг шүүх үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

 

Хэргийн 26 дугаар талд авагдсан 18,45 евроны нүдний дусаалга авсан тухай баримт, 27-28 дугаар талд авагдсан зочид буудлын төлбөрт 300 евро төлсөн тухай баримт, 32 дугаар талд авагдсан 62 евроны нүдний дусаалга авсан тухай баримт, 33 дугаар талд авагдсан такси үйлчилгээний төлбөр 13,70 евро төлсөн тухай баримт, 35 дугаар талд авагдсан 61,21 евроны үнэ бүхий эм авсан тухай баримт, 37 дугаар талд авагдсан такси үйлчилгээнд 20,70 евро төлсөн тухай баримт, 39 дүгээр талд авагдсан такси үйлчилгээнд 13,30 евро төлсөн тухай баримт, 46-47 дугаар талд авагдсан зочид буудлын төлбөрт 157,50 евро төлсөн тухай баримт, 50 дугаар талд авагдсан галт тэрэгний 8,20 евроны үнэ бүхий тасалбар, 52 дугаар талд авагдсан 119,99 евро төлсөн тухай баримт, 54 дүгээр талд авагдсан галт тэрэгний 8,20 евроны үнэ бүхий тасалбар, 56 дугаар талд авагдсан галт тэрэгний 8,20 евроны үнэ бүхий тасалбар, 60 дугаар талд авагдсан 23,03 евроны гель авсан тухай баримт, 62 дугаар талд авагдсан 37,01 евроны үнэ бүхий эм авсан тухай баримт, 70 дугаар талд авагдсан цахим баримт буюу Көлн хотоос Берлин хот руу явах галт тэрэгний тасалбарын үнэ 48,96 евро төлсөн тухай /2 хүний зардал/, 87 дугаар талд авагдсан цахим баримт буюу Бонн хотоос Берлин хот руу галт тэргээр зорчсон тасалбарын үнэ 95,80 евро, 89 дүгээр талд авагдсан цахим баримт буюу Берлин хотоос Бонн хот руу иргэн Д.Х-ийн зорчсон 135,80 евроны үнэ бүхий тасалбар, 91 дүгээр талд авагдсан цахим баримт буюу Берлин хотоос Бонн хот руу Б.М-ийн 79,80 еврогоор зорчсон тасалбар, 93 дугаар талд авагдсан цахим баримт буюу Д.Х-ийн Берлин хотоос Көлн хот руу 137,70 еврогоор зорчсон тасалбар, 95 дугаар талд авагдсан цахим баримт буюу Б.М-ийн Көлн хотоос Берлин хот руу 203,70 еврогоор зорчсон тухай тасалбар, 97 дугаар талд авагдсан цахим баримт буюу Б.М-ийн Берлин хотоос Бонн хот хүртэл 61,80 еврогоор зорчсон тухай тасалбар, 103 дугаар талд авагдсан цахим баримт буюу Д.Х, Б.М нарын Көлн хотоос Берлин хүртэл 79,98 еврогоор зорчсон тухай галт тэрэгний тасалбар, 107 дугаар талд авагдсан цахим баримт буюу Д.Х, Б.М нарын Көлн хотоос Берлин хүртэл 68,96 еврогоор зорчсон тухай галт тэрэгний тасалбар, 174 дүгээр талд авагдсан Санкт-Гетрауден эмнэлэгт үзүүлж 200 евроны үйлчилгээ авсан тухай баримт, 187 дугаар талд авагдсан 18,45 евроны үнэ бүхий эм авсан тухай баримтыг тооцож үзэхэд 562 евро болов.

 

Харин Монгол Улсад авсан үйлчилгээ буюу 109 дүгээр талд авагдсан Синдрелла эмнэлгийн үйлчилгээний хөлс 50.000 төгрөг төлсөн тухай баримт, 111 дүгээр талд авагдсан Фамили оптикал ХХК-д 115.000 төгрөгийг үйлчилгээний хөлс төлсөн тухай баримтыг эмчилгээний зардалд тооцно.

 

Гэхдээ Герман Улсын Көлн хот нь газар зүйн байршлаараа Бонн хотын ойролцоо орших хот байх ба харин Франкфурт нь Бонн хотоос тодорхой хэмжээний зайтай оршдог ажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь орчуулагчийн хамтаар Франкфурт хот руу ямар зорилгоор явсан нь тогтоогдохгүй байгаа ба тухайн хотод эмнэлгийн ямар нэгэн тусламж үйлчилгээ авсан болохоо нотлоогүй байх тул хэргийн 99, 101, 105 дугаар талд авагдсан галт тэрэгний тасалбаруудыг хохирлын тооцоонд оруулаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч нь хоол идсэн гэх 2 ширхэг баримтыг ирүүлсэн байх ба үүнийг эмчилгээний зардалд тооцох боломжгүй тул хэргийн 1 дүгээр хавтасны 58, 64 дүгээр талд авагдсан баримтыг хохирлын тооцоонд оруулахгүй.

 

Энхлайт ХХК-иас орчуулга хийлгэж, үйлчилгээ авсны хөлс 580.000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр талд ирүүлсэн боловч тухайн баримт нь хуулбар, мөн уг хуулбар баримтаа нотариатаар баталгаажуулан хэргийн 225 дугаар талд ирүүлснийг мөн үнэлэх боломжгүй, учир нь эх хувь баримтыг хуулбарлан, түүний үнэн зөвийг гэрчилж баталгаажуулах хуульд заасан журам зөрчигдсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 20.000 еврогоос гадна 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.00 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 123 дугаар талд авагдсан хариуцагчийн дансны хуулгаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7.000.000 төгрөг тус тус хүлээн авсан буюу нийт 82.000.000 төгрөг хүлээн авсан талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн хэргийн нэгдүгээр хавтасны 149 дүгээр талд 77.000.000 төгрөг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэгч баталгаажуулан бичиж өгсөн тухай баримт авагдсан.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хохирлын тооцоонд оруулахаар тооцогдсон 562 евро болон 165.000 төгрөгийн хохирол нь хариуцагч Х.Х-ээс төлөгдсөн 20.000 евро болон 2021 оны 9 дүгээр сард төлөгдсөн 5.000.000 төгрөгт багтаж байгаа тул хариуцагчаас нэмж гаргуулах эмчилгээний зардал байхгүй байна.

 

Харин хэргийн 2 дугаар хавтасны 35-37, 81, 83, 85 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд 9.500, 6.500, 20.000 евро тус тус төлсөн гэх боловч хариуцагч Х.Х-ээс 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан 20.000 еврог нэхэмжлэгч хэзээ, хэрхэн, ямар ямар зардалд зарцуулсан болохоо баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, тухайн 20.000 еврог Боннын их сургуулийн дансанд байршуулсан талаар баримтад дурдсан байх боловч тухайн 20.000 еврогоор ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан нь тодорхойгүй, нөгөө талаар, 9.500 болон 6.500 евро нь тухайн 20.000 еврогоос тусдаа тооцогдсон зардал болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан Боннын их сургуулийн нүдний эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн баримтаар Б.М нь тус эмнэлэгт 3 удаа мэс ажилбарт орсон тухай дурдсан, харин төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарласан боловч төлбөрийг шилжүүлсэн гэх огноо нь зөрүүтэй, 4 сард эмчилгээний төлбөрийг шилжүүлсэн байхад дахин төлбөр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, мөн Боннын их сургуулийн эмнэлэгт мөнгө шилжүүлсэн гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй.

 

Түүнчлэн иргэн Б.Б 16.000 еврог Б.М-д түр хугацаагаар зээлсэн болно гэх тодорхойлолт /1 хав-160 хх/ нь хоёр талын үүрэг хүлээсэн тухай гэрээ, хэлцэл биш тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу нэхэмжлэгч нь бусдаас мөнгө зээлж, хохирол хүлээсэн гэдгийг нотлохгүй байна.

 

5.2. Орчуулагчийн хөлсөд төлсөн 1.285.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 156 дугаар талд авагдсан 105.000 төгрөг, 157 дугаар талд авагдсан 1.100.000 төгрөгийн баримт, 2 дугаар хавтасны 80 дугаар талд авагдсан 75.000 төгрөгийн Энх лайт ХХК-иас орчуулгын үйлчилгээ авсан тухай баримт нь шаарлага хангасан, эх хувь баримт ажээ.

 

Гэвч нийлбэр дүнгээрээ 1.280.000 төгрөг байх ба 5.1-д дурдсанаар хариуцагчийн төлсөн хохирлын төлбөрт тооцогдохоор байх тул хариуцагчаас нэмж гаргуулах шаардлагагүй байна.

 

5.3. Сэргээн засах эмчилгээний зардалд 13.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 108 дугаар талд Синдерелла клиник ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******** дүгээр Эмнэлгийн дүгнэлт-д сорви арилгах эмчилгээнд 4.560.000 төгрөгийн үнийн санал өгсөн тухай баримт, мөн 110 дугаар талд 4.790.000 төгрөгийн үнийн санал бүхий баримтууд тус тус авагдсан байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь тухайн эмчилгээг бодитоор хийлгээгүй байх ба ирээдүйд хийлгэх эмчилгээ үйлчилгээний төлбөрийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Тодруулбал, тус хуульд зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хариуцахаар заасан ба энэ нь ирээдүйд гарч болох зардлыг нэхэмжилж болох агуулга биш.

 

Нөгөө талаар, 4.790.000 төгрөгийн баримт нь баримтын шаардлага хангахгүй, хэн гэдэг эмч, хаана үзэж оношлогоо хийгээд уг дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн 13.680.000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

5.4. Хэлмэрчийн зардалд 9.747.587 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 73, 172 дугаар талд авагдсан Орчуулагчийн тооцоо, Орчуулагчийн төлбөрийн баримт буюу орчуулагчид 2.975 евро төлсөн тухай баримтын эх баримт нь хуулбар бөгөөд энэхүү нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтыг үндэслэн тухайн хэлмэрчийн зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Мөн уг хуулбар баримтын орчуулгыг нотариатаар баталгаажуулан хэргийн 220 дугаар талд хавсаргасныг мөн үнэлэхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн.

 

5.5. Өмгөөллийн хөлсөд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийн 1 дүгээр хавтасны 141-142 дугаар талд авагдсан баримтыг ирүүлжээ.

 

Энэхүү зардлыг зайлшгүй гарах зардалд тооцдоггүй ба аливаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад хандахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө, мэдээлэл авах эрх нь нээлттэй бөгөөд энэхүү эрхээ эдлэх эсэх нь тэдний хүсэл зоригийн асуудал юм.

 

Тэр дундаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авч, эд хөрөнгөөсөө тодорхой зардал гаргаж өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгчид учирсан хохирол биш бөгөөд энэхүү зардал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан хохирол гэдэгт хамаарахгүй.

 

Иймээс дээрх өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

 

5.6. Сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд

 

Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас сэтгэл санааны хямралд орж, энэ нь түүний амьдарлын хэвийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн, түүнчлэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх зэргээр үйлчилгээ авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ямар баримтыг үндэслэн өөрийн сэтгэл санаанд учирсан гэх хохирлыг 10.000.000 төгрөг хэмээн үнэлсэн нь мөн тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг төлбөрийг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.7. Дутуу авсан цалин хөлсөд 67.122.396 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

 

******** ХХК-д нэхэмжлэгч Б.М 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Тосолгооны инженерийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ анх байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Засвар үйлчилгээний супервайзор-оор ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

 

Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******** тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Засвар үйлчилгээний супервайзор Б.М-г тус хэлтсийн Төлөвлөгчөөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түр шилжүүлэн ажиллуулах, түүнд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл олгохыг дээрх хугацаанд зогсоож, ажлын газрын байршлыг ******** уурхайгаас Улаанбаатар оффис болгон өөрчилсөн /2 хавтас-105 тал/,

 

2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/3166 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Засвар үйлчилгээний супервайзор Б.М-г Гүний уурхайн үйл ажиллагаан хэлтсийн Босоо амны төлөвлөлтийн инженерээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл түр шилжүүлэн ажиллуулах, уг хугацаанд ажлын байрны байршлыг Улаанбаатар оффисоос ******** уурхайн талбар болгох, мөн хоол, унааны хөнгөлөлтийг түр зогсоож, уртын ээлжийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан ******** ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******** тоот албан бичигт ******** ХХК-ийн Гүний уурхайн Босоо амны үйл ажиллагаа болон ложистикийн хэлтсийн Босоо амны төлөвлөлтийн инженер Б.М нь Баяжуулах үйлдвэрийн Засвар үйлчилгээний хэлтсийн Ахлах ажилтанаар ажиллаж байсан бол 1. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл болон Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 30.944.435 төгрөг, 2. 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 90 хоногийн олговоргүй өвчний чөлөөтэй хугацаандаа ажилласан бол нийт 33.711.434 төгрөгийн цалин хөлс тус тус авах боломжтой байсан. Дээрх дүнг ямар нэгэн чөлөө, тасралтгүй бүтэн ажилласнаар тооцож гаргасан бөгөөд хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгасны дараах дүн болно гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болсон үйл явдлаас хойш нэхэмжлэгч Б.М-ийн ажил, албан тушаалын байдалд өөрчлөлт орж, тэрээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан бол хөдөлмөрийн хэвийн нөхцөлд шилжин ажиллах болсноор түүний өмнө авч байсан цалин, хөдөлмөрийн хөлсөд өөрчлөлт орсон нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байна.

 

Энэхүү нэхэмжлэгчийн ажлын байрны болон цалин хөлсний нөхцөл өөрчлөгдсөн үйл баримт нь хариуцагчийн учруулсан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Ингэхдээ Б.М-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Засвар үйлчилгээний супервайзороор ажиллаж байсан бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласны нэмэгдэл буюу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл болон Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 30.944.435 төгрөг авах байсан нь тогтоогдсон тул уг төлбөрийг гаргуулав.

 

Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2021 оны 8 болон 9 дүгээр сард цалин аваагүй, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.000 төгрөгөөр тооцон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож үзэхэд 2021 оны 5 дугаар сард 4.277.535 төгрөг, 2021 оны 6 дугаар сард 5.374.010 төгрөг, 2021 оны 7 дугаар сард 3.402.983 төгрөг, нийт 13.054.528 төгрөгийг 3 сард хуваахад 4.351.509,3 төгрөгийн сарын дундаж цалин, хөдөлмөрийн хөлс олгогдсон.

 

Энэхүү 4.351.509,3 төгрөгөөс 2021 оны 8 дугаар сард тооцогдсон 420.000 төгрөгийн цалинг хасвал 3.931.509,3 төгрөг ба үүнийг 8, 9 сараар тооцоход дутуу авсан цалин хөлсөд 7.863.018,6 төгрөг болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Х.Х-ээс гэм хорын хохирол буюу дутуу авсан цалин хөлс 7.863.018,6 төгрөг, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаанд авах ёстой байсан цалин хөлс 30.944.435 төгрөг, нийт 38.807.453,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137.678.895,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******** тоот тушаалаар нийт 10 иргэдийн төлөөлөгч сонгогдсон боловч тэдгээр төлөөлөгч нартай холбогдох утасны дугаар нь ашиглалтад байдаггүй, холбогдох боломжгүй, сонгогдсон төлөөлөгч нь Шүүх хуралдаанд ирэх боломжгүй хэмээн мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

Мөн шүүх хуралдааны үеэр энэхүү нөхцөл байдлыг талуудад мэдэгдэж, иргэдийн төлөөлөгчийг оролцуулах эсэхийг тодруулахад талууд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан, хэн аль нь хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн санал гаргаж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар тухайн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Х-ээс 38.807.453,6 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 351.987 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Х.Х-ээс гэм хорын хохиролд 38.807.453,6 /гучин найман сая найман зуун долоон мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137.678.895,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Х-ээс улсын тэмдэгтийн хураамж 351.987 /гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД Б.ГОНЧИГСУМЛАА

Д.ЭНХЦЭЦЭГ